Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 1922002460110  тоот  хэргийг 2019 оны 11 сарын 4-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Тайжуу овгийн Н-ийн Э

 

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 9 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Халуун усны хойно иргэн Б.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 9 сарын 17-ны өдөр Ц  утсаар над руу чат бичээд “би Дундговь аймагт ирсэн байна дугаараа өгөөч” гэсэн, тэгээд над руу утсаар “уулзъя” гээд залгасан. Би “Хайртай аян” зохион байгуулагдаж байна, одоо завгүй байна орой ажил тараад завтай болоод уулзъя гэж хэлсэн. Орой 21 цаг өнгөрч байхад би Б.Ц-ийн утас руу нь залгаад хаана байна гэхэд Мандалын 3-1 тоотод байна, хүрээд ир гэсэн. Тэгээд би машинтайгаа очиж Б.Ц-г авч талбай орж тоглолт үзье гээд аймгийн захиргааны ард очиж зогссон. Тэгсэн Б.Ц  намайг аав болсон юм чинь найз нь юм авч өгье гэхээр нь би яах юм бэ надад архи байгаа гээд 1 литрийн Эден архи гаргаж ирж ууж байгаад талаас доогуур болгоод байж байтал манай ажлынхан ирээд тэр архийг ууж дуусгаад гадаа сууцгааж, яах юм гээд ярилцаж байгаад манай ажлын Д.Н-ийн гэрт очъё гээд хөдөлсөн. Тэгтэл Б.Ц замаараа Ялгуун дэлгүүр ороод “найздаа юм авч өгье” гээд Абсолют нэртэй архи аваад гарч ирээд бид хоёр Д.Н-ийн гэрт очсон. Манай ажлынхан Б.Ц-тай танилцаж, бүгдээрээ тойрч сууж юм ярилцангаа, архи ууцгаасан. Тэгээд байж байтал манай ажлын Х.П , Б.Ц  хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад маргалдах өнгө аястай болсон. Тэгсэн Б.Ц  Х.П-г хэл амаар доромжилсон чинь Х.П  “чи муу юу юм бэ” гээд босоод ирсэн. Тэгэхэд нь Г.М  Х.П-г татаж авсан. Тэгэхээр нь би Б.Ц-д хандаж “ Чи эмэгтэй хүнийг яасан муухай хэлдэг юм гэсэн чинь Б.Ц  “энэ хүүхэн чиний юу юм бэ?” гэсэн би хариуд нь “ хамт ажилладаг хүн” гээд бид хоёр хоорондоо барилцаж аваад би баруун гараараа Б.Ц-ийн эрүү рүү нэг удаа цохисон. Тэгэхэд Б.Ц  учиргүй орилоод “аллаа” гээд гарч зугтах гэж байхад нь би араас нь барьсан байсан тул Б.Ц  доошоо хараад унасан. Тэгэхээр нь би нуруун дээр нь сууж байгаад толгойн ар дагз руу нь 3 удаа цохисон. Тэгэхэд Г.М  намайг татаж аваад, Д.Н  Б.Ц-г гэрээсээ гаргаж явуулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол, төлбөрийн 700000 төгрөгийг төлж барагдуулна гэж Б.Ц-тай ярьж тохиролцоод эвлэрсэн. 500000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үлдсэн 200000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулна гэв.

2. Хохирогч Б.Ц-ийн: ‘’...2019 оны 9 сарын 17-ны орой 19 цагийн үед манай найз Э Мандалын 4-1 тоотод ирж намайг авсан. Тэгээд бид хоёр аймгийн Засаг даргын тамгын газрын хойно Э-ний ............ ДУА улсын дугаартай машин дотор  1 шил Эден нэртэй архи уугаад байж байтал Э-тэй хамт ажилладаг 3 эмэгтэй, 1 эрэгтэй ирээд нэмж архи, пиво уусан. Тэгээд Э-тэй хамт ажилладаг Н-ийн гэрт нь очиж архи пиво уусан. Юм яриад сууж байтал Э утсаар гадаа ярьж байгаад орж ирээд намайг унагааж байгаад толгойны ар руу хэд хэдэн удаа цохисон. Э-тэй хамт ажилладаг залуу Э-ийг татаж авахаар нь би гарч зугтаасан. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй....’’ гэх мэдүүлэг /хх-11-12/

3. Гэрч Д.Н-ийн:  ‘’...2019 оны 9 сарын 17-ны өдөр хамт ажилладаг П , М , Э бид хэд орой хамт Хурд хамтлагийн тоглолтыг үзнэ гэж тохиролцсон байсан. Тэгээд би 21 цагийн үед Э рүү залгаад хаана байна гэхэд ажлын ард зогсож байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би П , М  хоёртой хамт очиход .............  ДУА дугаартай хар өнгийн Ланд-200 маркийн машинд дотор Э, найз нь гээд Ц гэх хүнтэй хоёулаа юм яриад сууж байсан. Бид хэд бөөнөөрөө машинаас гарч пиво уугаад байж байтал Хурд хамтлагийн тоглолт дууссан. Тэгээд бид нар бөөнөөрөө манайд очсон. Тэгсэн Ц гэх хүн 1 шил Абсолют нэртэй архи аваад манайд ирээд байж байтал хамт явсан П-г Ц элдвээр хэлсэн. Тэгсэн Э чи эмэгтэй хүнийг муухайгаар хэллээ гээд Ц руу дайрсан. ...Э Ц-г доош нь харуулаад дээрээс нь гараараа цохиж байсан, М  Э-ийг татаж авахад Ц  гараад зугтаасан...” гэх мэдүүлэг  /хх-15-16/

4. Гэрч Х.П-ийн: ‘’...2019 оны 9 сарын 17-ны орой М  нь Н , М , Б  бид нарыг талбай дээр Хурд хамтлагийн тоглолт үзэж байхад утсаар ярьж дуудаж уулзаад Э рүү ярихад аймгийн Засаг даргын Тамгын газрын ард машиндаа байна гэхээр нь очтол Э найз Ц-тай хамт байсан. ...Тэгээд бид хэд Н-ийн гэрт очсон. Тэгээд юм яриад сууж байтал Э-ний найз Ц намайг хэл амаар доромжилохоор нь Э очоод заамдаад авсан. Э-ийг Ц бас заамдаад чи юун сүртэй юм гэж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж байгаад Ц доошоо хараад ойчсон чинь Э нуруун дээр нь өвдөглөж суугаад толгойн ар руу нь 2-3 удаа цохисон, М  Э-ийг татахад Ц  гэрээс гараад зугтаасан...’’ гэх мэдүүлэг /хх-17/

5. Гэрч Г.М-ийн: ‘’...Бид хэд юм ярьж сууж байгаад гадаа сэрүүхэн байхаар нь Н-нийнд очсон. Тэнд сууж байтал Ц  П-г хэл амаар доромжилсон, тэгсэн П  Ц руу дайрахаар нь би П эгчийг татаж өрөөнд оруулаад гараад иртэл Ц  доошоо хараад ойччихсон Э нуруун дээр нь гараад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би Э-ийг татаж автал Ц  гараад явсан.... ’’ гэх мэдүүлэг /хх-18/

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 сарын 19-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.Б.Ц-ийн биед зүүн чих, зүүн хацарт зулгаралт, дух, зовхи, дагз, хүзүү, баруун шуунд цус хуралт, зовхи, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй’’ гэжээ /хх-22-24/

7.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Н.Э нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, халуун усны ард архидан согтуурсан үедээ  иргэн Б.Ц-ийн толгойн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э хохирогч Б.Ц-г зодсон үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч Н.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 500000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хохирогч нь хохирлын талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч Н.Э хохирогчид 500000 төгрөг төлсөн, нэмж 200000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд хохирогчид төлөхөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлж байна.

           

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь хохирогчид 500000 төгрөг төлсөн бөгөөд нэмж 200000 төгрөгийг хохирогчид төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайжуу овгийн Н-ийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайжуу овгийн Н-ийн Э-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн бөгөөд нэмж 200000 төгрөгийг хохирогчид 7 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ