Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 1922002540111  тоот  хэргийг 2019 оны 11 сарын 4-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Дамба овгийн Т-ийн А

 

Шүүгдэгч Т.А  нь 2019 оны 9 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Э-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Шүүгдэгч Т.А  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 9 сарын 28-ны өдөр Дэлгэрхангай сумын төвд нөхөр Х-ийн хамт ирсэн. Тэгээд сумын төвийн зүүн урд лагерт байдаг Г-ын хашаанд очиход Э , Э , Г нар байсан. Бид нар 2 том пиво, 1 шил архи ууж байх үеэр Т , Ш  нар ирсэн.  Бид нар тэгээд Г-ын хашаанаас Х , Э , Э  нар гараад манай сумын төвийн хашаа болох Номгоны 5-1 тоотод байх хашаанд очиж үргэлжлүүлэн архи пиво уугаад сууж байгаад Ш, Г  нар яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Х, Э нар байшинд тасраад унтаад өгсөн. Би Э-ын хамтаар явган дэлгүүр орж 2 шил архи, 2 пиво аваад гэрт Б гэх залуугаар хүргүүлж ирсэн. Э  бид хоёрыг хашаанд ороод очтол Э  сэрчихсэн байшингийн үүдэнд хэвтчихсэн, Х  байшин дотор унтаж байсан. Тэгтэл Э өөдөөс загнаад агсан тавиад байхаар нь би Э-г үсдэж дараад зүүн гараараа газар байсан цементний хэлтэрхийг аваад нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Би тухайн үед уур хүрээд, бас согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд Э  больцгоо гэж хэлээд Э-г машинд суулгаад аваад явсан. Тухайн үед харанхуй бүрэнхий болчихсон байсан учир нүүр хэсгээс цус гарсан, зүсэгдсэн талаар мэдээгүй. Би Э-ийн 2 нүдний гол хэсэг рүү чулуугаар цохьсон’’ гэх мэдүүлэг  /хх-41-42/

3. Хохирогч Д.Э-ийн: ‘’...2019 оны 9 сарын 28-ны өдөр манай нөхөр Э-ын ах сумын төвд байдаг Г гэх айлд байж байтал А  нөхөр Х-ийн хамтаар ирсэн. Араас нь Т, Ш  гэх хүмүүс ирцгээсэн. Гэтэл А, Х нар буцаж гараад эргэж орж ирэхдээ архи, пиво аваад ирсэн. Бид нар Г  ахын хашаанд авчирсан архи, пивыг хувааж уусан. Би тухайн үед их согтуу байсан. ....Архи, пиво ууж байгаад унтачихсан байсан. Гэтэл гэнэт намайг нэг хүн өшиглөөд байхаар нь сэрээд хартал А өөрийн нөхөр Х-тэй хардах маягийн зүйл хэлээд байх шиг байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй, гадаа харуй бүрий болсон байсан. Би А-д хандан чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл намайг үсдэж байшингаас чирч гаргаад газраас блокны хагархай аваад миний нүүрэнд 2-3 удаа цохисон. Тухайн үед миний ухаан балартаад явчихсан байхад нэг эрэгтэй хүний дуу гараад болиоч чи яаж байгаа юм бэ гэж хэлэх шиг болоод салгаад авсан. Би ухаан ортол манай нөхөр Э намайг гэртээ харъя гэж хэлээд Б-ын машинд суулгаад өөрөө жолоодоод сумын төвд байдаг гэртээ очсон. Гэтэл миний бие өвдөөд дух хэсэгнээс их цус гараад байсан учир сумын Эрүүл мэндийн төвд очиж үзүүлж оёдол тавиулсан....’’ гэх мэдүүлэг /хх-11-12/

4. Гэрч Л.Т-ын:  ‘’...Би 2019 оны 9 сарын 28-ны өдөр сумын төвд байх Г гэх айлд 09 цаг өнгөрч байхад очсон. Намайг очиход Г  ах, Э, Э-ын эхнэр болон  Х, А  нар хашаанд архи, пиво уугаад сууж байсан. ...Би жаахан сууж байгаад гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг  /хх-17/

5. Гэрч Г.Б-ын: ‘’...2019 оны 9 сарын 28-ны өдрийн үдээс хойш 18 цагийн орчимд сумын төвд  өөрийн машинтай явж байтал Э, А-ын хамтаар явж байгаад миний машинд суугаад сумын баруун хойд үзүүрт байх гэртээ очсон. Тэгээд Х-ийн хашааны баруун хойд үзүүрт байх модон байшинд ортол Х, Э-ын эхнэр гээд нэг хүүхэн хоёр согтуу унтаж байсан. Гэтэл А  байшинд орж очоод чи яагаад манай нөхөртэй хамт унтаж байдаг юм бэ гээд өшиглөж байсан. Э-ын эхнэр гэх хүүхэн чи яагаад байгаа юм бэ гээд  сэртэл А үсдэж аваад явчихсан. Би байшинд сууж байхад хашаан дотор хашгаралдаад байсан. Гэтэл хашааны гадаа байсан миний машиныг хүн унаад яваад өгсөн. Би машин унаад явсан хүнийг хүлээж сууж байгаад унтаад өгсөн байсан..’’ гэх мэдүүлэг /хх-18/

6. Гэрч Д.Д-ийн: ‘’...2019 оны 9 сарын 28-ны орой 21 цаг 30 минутанд Эрүүл мэндийн төвд мотоциклиос унасан хүн ирлээ гэх дуудлага ирсэн. Би ажил дээр очиж өвчтөнд үзлэг явуулахад биеийн ерөхий байдал дунд ухаан саруул, орчиндоо харьцаатай, арьс салст чийглэг байсан. Зүрхний авиа тод жигд артерийн даралт 140:110, 130:100, зүрхний цохилтын тоо 1 минутанд 116 удаа цохилно, уушиг 2 талдаа цулцангийн амьсгалтай, амьсгал 1 минутад 21 удаа, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, шээс гарц хэвийн, ил хавангүй, пастьернацки 2 /нэмэх/, хэсэг газрын үзлэгээр баруун нүд хавдаж хөхөрсөн, цус хурсан байсан. Нүдний доод баруун доод буланд бага зэргийн цусан хураа үүссэн, 2 нүдний голд хамарны нармай хэсэгт босоо чиглэлтэй 2 см-ийн урттай өөхөн давхарга ил гарсан зүсэгдсэн шархтай байсан. Д.Э-д хэсгийн мэдээ алдуулалт хийж цэвэрлэгээ явуулж 2 оёдол тавьсан. Мөн даралт буулгах тайвшруулах нифи диппин, вальдол хэлэн доор нь тавьсан. Д.Э эхлээд мотоциклиос унаж бэртсэн гэж хэлж байснаа сүүлдээ хүнд зодуулсан гэж ярьсан.... ’’ гэх мэдүүлэг /хх-19/

7. Гэрч М.Х-ийн: ‘’...Би эхнэр А-ын хамтаар өглөө 08 цаг болж байх үед Г-ын сумын төвд байх гэрт нь очсон. Г-ийн хашаанд Г, Т, Э, Э, А, Ш  бид нар 2 шил архи уугаад тасраад унтачихсан. Тэгээд өдрийн 13 цагийн орчимд сумын төвд байх хашаандаа очоод байж байтал Т , Ш , Э , Э  нар архи, пиво хоёр уугаад мөн тасраад унтачихсан юм. Гэтэл 2019 оны 9 сарын 29-ний өглөө сэрэхэд манай эхнэр А надад  хандаж би Э-тай маргалдаад нүүр лүү нь цохьчихсон чинь орой эмнэлэг дээр оёдол тавиулсан. Хоёулаа Э-ын гэрт очиж Э-ийн биеийг асууя гэж хэлсэн...’’ гэх мэдүүлэг /хх-20/

8.Гэрч Д.Э-ын: ‘’Би тухайн өглөө өөрийн төрсөн ах Г гэх айлын хашаанд Ш, Х, Г, Э, А, Т нарын хамтаар 3 шил архи уусан. ....Тэгээд Г-ын хашаанаас Х-ийн гэр лүү  бид нар очсон. Тэнд архи, пиво хамт уусан. ...Гэтэл гэнэт А-ыг манай эхнэрийг гуя хэсэг рүү нь өшиглөөд бос гээд босгосон. Тухайн үед согтуугаасаа болоод өөрийн нөхөртэйгээ хардаад байх шиг байсан. Тэгтэл А, Э нар гэрээс гарч явснаа байшингийн зүүн талд муудалцаад хашгаралдаад байхаар нь гараад очтол А Э-г үсдээд дарчихсан гартаа чулуу шиг зүйл барьж байсан. Би Э-г салгаад үсийг нь арагш нь сөхөхөд нүүр хэсэг нь тэр чигтээ цус болчихсон байдалтай байсан. Би эхнэрээ аваад Б-ын машиныг хэлж аваад гэртээ харьсан чинь Э-ийн 2 нүд нь тагларчихсан, 2 нүдний голд хамар хэсэгт зүсэгдээд цус гойжоод байсан. Гэрт очоод удаагүй Э-ийн толгой эргээд амьсгаа нь давхцаад байна гээд эмнэлэгт хүргэсэн...’’ гэх мэдүүлэг /хх-24-25/

9. Их эмч Д.Д-ийн тодорхойлолт /хх-26/

10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 1-ний өдрийн 240 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.Д.Э-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт,  хамрын нуруунд шарх, баруун нүдний алимны салст, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, 6.Д.Э-ийн биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчний мурийлт, хамрын нурууны шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, баруун нүдний алимны цус хуралт, баруун зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна’’ гэжээ /хх-28-29/

11. Шинжээч эмч Д.Д-ийн: ‘’Д.Э-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчний мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний алимны цус хуралт, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Д.Э-ийн биед үүссэн баруун нүдний алимны цус хуралт, зовхины цус хуралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн зүүн зовхины цус хуралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн нүдний алимны цус хуралт тогтоогдоогүй. Дээрх баруун нүдний алимны цус хуралт, баруун зүүн зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд бүрдэл байдлаараа гэмлийн хөнгөн зэрэг, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.’’ гэх мэдүүлэг /хх-34-35/

12.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Т.А нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Э-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь чулуугаар цохисон, үүний улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А-ын хохирогч Д.Э-г зодсон үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Т.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

   Шүүгдэгч Т.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Т.А  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 59, 60, 65-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дамба овгийн Т-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамба овгийн Т-ийн А-д 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.А  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ