Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/01384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/02744 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ТБАГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Намайг ******* төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн. ******* төвийг татан буулгаж, ******* *******тэй нэгтгэсэн тул хариуцагчийг өөрчилж, ******* нэгдсэн эмнэлгийг хариуцагчаар оролцуулах болсон. Иймд, ******* төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******* *******т өмнө нь эрхэлж байсан хүний нөөцийн мэргэжилтний ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******аас хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дүрэмд зааснаар байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, шинээр томилогдсон захирал нарыг ажлын байранд нэвтрүүлдэггүй, ажил хүлээлцэх ажиллагаанд саад учруулж байсан тул цагдаагийн байгууллагын ажилтнуудын байлцуулан ажил хүлээлцсэн. ******* төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгахад бичиг баримтыг гаргаж өгөхгүй, Нийслэлийн эрүүл мэндийн газраас шалгалтаар ирсэн улсын байцаагчийн шаардсан бичиг баримтыг гаргаж өгөөгүй зэрэг ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Одоо ******* төв нь ******* *******тэй нэгтгэгдсэн, тухайн эмнэлэгт хүний нөөцийн мэргэжилтний сул орон тоо байхгүй. ******* төв нь ******* *******тээ нэгтгэгдэхэд шилжиж ирсэн бичиг баримтад ******* төвийн дотоод журам байгаагүй, мөн *******ийн хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******т холбогдуулан ******* төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Нэхэмжлэлийн шаардлага бол ажилдаа эгүүлэн орох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, бичилт хийлгэх тухай байсан. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тушаалд хөдөлмөрийн дотоод журам дурдаж ажлаас чөлөөлсөнтэй холбоотой хариуцагч тал маргалдаагүйг анхан шатны шүүх дүгнэлт хэсэгтээ дурдаагүй болно. Ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн нь ойлгомжгүй юм. Хөдөлмөрийн дотоод журам холбогдох нотлох баримтыг хариуцагч байгууллага анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүйд гомдолтой байна. Ажлаас чөлөөлж байгаа тушаал нь хөнгөмсгөөр найдсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүйгээр ажлаас чөлөөлсөн тушаал байна.

Гэрч *******, нарыг гэрчээр оролцуулах тухай шүүгчийн захирамж гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсанд гомдолтой байна. Гэрч ******* нь *******ын ажлыг хүлээлцүүлж өгөхөд миний хүний нөөцийн мэргэжилтэн байх ямар саад учруулсан нь ойлгомжгүй юм. Шүүх хуралдаан завсарлаж шүүгч шийдвэр гаргахдаа гэрч оролцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалд дурдсан хуулийн заалтыг үгүйсгэж чадаагүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн цуглуулж, үнэлэн дүгнэсний үндсэн дээр хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. ******* нь тухайн үед элэг судлалын төвийн хүний нөөцийн албаны дарга байсан. Хүний нөөцийн албаны дарга нь шинээр томилогдсон захиралд холбогдох бичиг баримт, байгууллагын дүрэм журам болон хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж, шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй байсан боловч тухайн бичиг баримтыг гаргаж өгөөгүй. ******* т элэг судлалын төвийн бүх бичиг баримт эд хогшил шилжиж ирсэн байдаг. Уг бичиг баримууд дунд хүний нөөцтэй холбоотой зарим шаардлагатай ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам байхгүй байсан. ******* ямар зөрчил гаргасан нь түүний болон өмнөх захирал нарын хооронд байгуулсан гэрээнд тодорхой тусгагдсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэсэн заалтыг биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй бөгөөд үүнийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТБАГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь анх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа , төвийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тушаалаар эмийн цехэд ургамал бэлтгэгчээр ажилд томилогдож, /1.х.х-ийн 5/

 

3.2. Улмаар Нийслэлийн төвийн захирлын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхад нь түүнийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /1.х.х-ийн 6, 157/

 

3.3. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25/77 дугаартай тогтоолоор ******* төвийн үйл ажиллагааг зогсоож, тус байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг *******т нэгтгэн өөрчлөн байгуулахаар шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 54/

 

4. Анхан шатны шүүх хариуцагч ******* төв нь татан буугдсан, нэхэмжлэгч ******* нь уг байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн татан буугдсан байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан ******* ТБАГ-ыг хариуцагчаар оролцуулах тухай эрх зүйн акт гаргаагүй боловч тус байгууллагад холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцлах бөгөөд эдгээр нөхцөлийг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцно гээд 5.1.8-д Байгууллагын үйл ажиллагаанд саад болох, хохирол, алдагдалд хүргэх үйлдэл, эс үйлдэл гэж, /1.х.х-ийн 49/

 

мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ******* төвийн дүрмийн 2 дугаар заалтад Төвийн үүрэг гээд 2.1-д Төв нь уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан элэгний архаг үрэвсэлтэй өвчтөнийг хэвтүүлж эмчлэх ба бусад дагалдах өвчнийг хавсран төгс эмчлэх гэж,

 

түүнчлэн 4 дүгээр зүйлд Төвийн захирлын эрх, үүрэг гээд 4.2-т Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна гэж тус тус заажээ. /1.х.х-ийн 112-113/

 

6. Хэргийн баримтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/179 тоот тушаалаар ******* төвийн гүйцэтгэх захирал ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар *******ыг томилсон байна. /1.х.х-ийн 44, 82/

 

Гэтэл нэхэмжлэгч ******* нь дээрх тушаалыг эсэргүүцэж, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал *******ыг ажил хүлээлцэхээр ******* төвд очиход нь дотогш нэвтрүүлэхгүй үйлдэл гаргасан, улмаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

6.1. ******* Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн дэслэгч гийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд ...дуудлага мэдээлэл өгсөн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ү.тай утсаар холбогдоход манайх дуудлага өгөөгүй, шалгуулахгүй, мэдүүлэг тайлбар өгөхгүй, эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй, мөн н. гэх хүнтэй уулзахад өглөө 9 цагт дуудлага мэдээлэл өгсөн, цагдаа нар ирээд шалгаад явсан, одоо ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй, шаардлагатай бол бид ахиад дуудлага өгнө гэж эмнэлгийн байранд, өрөө рүү /цонх хагарсан хаалга эвдсэн/ өрөөнд нэвтрүүлээгүй болохыг тэмдэглэлд тусгаж үзлэгийг дуусгав... гэжээ. /1.х.х-ийн 184-186/

 

Дээрх баримтаас үзвэл ******* төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ү. нь цагдаагийн байгууллагад ... эмнэлгийн захирлын өрөөний хаалга эвдэж, хэрүүл маргаан үүсгээд байна... гэх дуудлага өгч, улмаар тухайн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас үзлэг хийхээр очиход тэрээр ...дуудлага өгөөгүй, шалгуулахгүй, мэдүүлэг тайлбар өгөхгүй... гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд цагдаагийн дэслэгч нь дуудлагын дагуу нэхэмжлэгч *******тай уулзахад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, эмнэлгийн байранд нэвтрүүлээгүй байна.

 

6.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга бөгөөд ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагч *******ын ...ажил хүлээлцүүлэхээр очиход *******, н. н. нар түүнийг эсэргүүцэж дотогш нэвтрүүлдэггүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж хаалгыг хүчээр онгойлгоод орсон боловч маргааш нь хаалганы цоожийг сольчихдог байсан... гэх мэдүүлэг, /2.х.х-ийн 64 дэх талын ард тал, 65, 82, 83/

 

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ******* төвийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гийн ...10 орчим хүн үүдэнд эсэргүүцдэг байсан тул өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан, тухайн хүмүүсийн дотор н.Тунгаа гэдэг хүн байсан... гэсэн мэдүүлгээс тус тус үзвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч байгууллагад гүйцэтгэх захирлаар томилогдож очсон *******аас гадна мөн г тухайн байгууллага руу нэвтрүүлэхгүй, эсэргүүцэж байсан болох нь тогтоогдож байна. /2.х.х-ийн 65 дахь талын ард тал/

 

6.3. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* нь Эрүүл мэндийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга гэдгийг би мэдэж байсан... гэх гэснээс үзвэл түүний ...2 захиралтай учир яахаа мэдээгүй, захирлыг чинь халчихсан л гээд байдаг болохоос тушаалтай нь би танилцаагүй... тайлбар үндэслэлгүй. Учир нь,

 

******* төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/179 тоот тушаалыг хууль зөрчсөн эсэх талаар гагцхүү эрх ашиг нь зөрчигдсөн этгээд гомдол гаргах эрхтэй болохоос, уг тушаалд хамааралгүй байгууллагын аливаа ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх ёстой.

 

Тийнхүү нэхэмжлэгч ******* нь нь шинээр томилогдсон гүйцэтгэх захирал /, *******/ нарыг хариуцагч байгууллага руу нэвтрүүлээгүй үйлдэл удаа дараа гаргасан, мөн холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэж, 7.1.8-д захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимд тус тус нийцээгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь төрийн албан хаагч болохын хувьд ард түмэнд үйлчлэх чиг үүргийн хүрээнд хууль дээдлэх, төвийг сахих, аливаа сонирхлын зөрчлөөс ангид байх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс хөдөлмөрийн сахилгыг баримтлах ёстой.

 

7. Нэхэмжлэгчийн дээрх үйлдлийн улмаас ******* төвийн захирлын тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүрэг хязгаарлагдсанаар уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан элэгний архаг үрэвсэлтэй өвчтөнийг хэвтүүлж эмчлэх ба бусад дагалдах өвчнийг хавсран төгс эмчлэх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

******* төв нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд үйл ажиллагаа нь тасралтгүй хэвийн явагдах ёстой тул үүнд эмч, ажилтан болон удирдлагуудын эрх ашиг гэхээс илүүтэй эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хууль ёсны ашиг сонирхол нэн тэргүүнд байна.

 

Иймд, нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтны гаргасан тушаалыг эсэргүүцэж, шинээр томилогдсон гүйцэтгэх захирлыг байгууллага руу нэвтрүүлэхгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8-д Байгууллагын үйл ажиллагаанд саад болох, хохирол, алдагдалд хүргэх үйлдэл, эс үйлдэл гэж заасанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан... гэж чухам ямар зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй байх боловч энэ нь түүний гаргасан бөгөөд баримтаар нотлогдсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

8. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан завсарлаж шүүгч шийдвэр гаргахдаа гэрч оролцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/01998 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга *******, ******* төвийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулжээ. /2.х.х-ийн 37/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар гэрч оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй.

 

Энэ талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1-д ...хэргийн оролцогч шинээр нотлох баримт шаардлагатай талаар тайлбар гаргаж байгаа тохиолдолд шүүх хүсэлт гаргаж буй эсэхийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл хүсэлт гаргасантай адилтгаж үзэх эрхтэй. Энэ ажиллагаа нь шүүхийн чиглүүлэх үүрэгтэй холбоотой бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимтай харшлахгүй... гэжээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааны талаар ******* хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянах эрх хэмжээний хүрээнд зөвтгөж холбогдох хуулийн зохицуулалтын баримталсан өөрчлөлт оруулна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гээд 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-д Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно гээд, 44.1.2-т энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх тул үүнийг буцаан олгоно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01509 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...80 дугаар зүйлийн 80.1.4 гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Б.МАНДАЛБАЯР