Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1922002800123  тоот  хэргийг 2019 оны 11 сарын 6-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Ловон овгийн Б-ны Э

 

Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 10 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд иргэн Ж.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, 250000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна  гэв.

2. Шүүгдэгч Б.Э  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ’’Би 2019 оны 10 сарын 16-ны өдөр Говь-Угтаал сумын төвд өөрийн танил Б.Л болон хэсэг таньдаг хүмүүстэйгээ 18 цагийн үед тааралдаад  Б.Л  бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн болон 0.75 лиртийн архи тус бүр нэг шилийг аваад сумын төвөөс зайдуухан гарч ууцгаасан. Тэгээд бид авсан архиа удалгүй ууж дуусгаад эргээд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ‘’НИК’’ шатахуун түгээх станцын дэлгэд ирэхэд надтай хамт архи уусан хүмүүс бүгд явцгаагаад Б.Л  бид хоёр Б.Л-ын машинд суугаад үлдсэн. Тэгээд Б.Л  бид хоёр сууж байтал манай сумын иргэн Ж.М мотоцикль унаад ганцаараа хүрч ирээд Б.Л  бид хоёрт хандаж, за дүү нар юу байцгаана, хаагуур явав гээд томроод байхаар нь би дургүй хүрээд машинаас буугаад Ж.М-ын толгойд нь гараараа нэг удаа цохиод, мөн хөлд нь хавирахад Ж.М газар унасан. Тэгээд газар унасан байхад нь Ж.М-ын нүүрэнд нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед Ж.М-ын биед надаас өөр хүн халдаагүй. Тэгэхэд бидний хажууд Б.Л машинд сууж байсан ба машинаас бууж ирээд намайг Ж.М-оос салгаж холдуулсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу, Ж.М бас согтуу байсан. Бид нарын хооронд өр авлагын болон өс хонзонгийн шинжтэй асуудал огт байхгүй’’ гэх мэдүүлэг /хх-37-38/

3. Хохирогч Ж.М-ын: ‘’...Би 2019 оны 10 сарын 16-ны өдөр Говь-Угтаал сумын 1 дүгээр баг Номгоны хүрэн дэл гэх газар байх гэрээсээ Говь-Угтаал сумын төвд байх гэртээ охиноо буулгачихаад явж байгаад ‘’Ник’’ шатахуун түгээх станцын дэргэд Д.М, А.У нартай тааралдаад хамт машинд нь суугаад хогийн цэг явсан. Хогийн цэг дээр очоод М, У бид нар нэг том пиво уусан. 18 цаг өнгөрч байхад шатахуун түгээх станцын ойролцоо орхисон мотоцикль дээрээ очиж бууж үлдсэн. М, У хоёр харихаар явсан. Тэгээд шатахуун түгээх станцын хажуу талд Л, Э нартай тааралдсан. Тэр хоёр цагаан өнгийн Бонго-3 маркийн машинтай зогсож байсан. Л, Э нартай мэнд мэдэхэд  Э надад хандаж үг хэлээр том том зүйл яриад томроод байсан. Тэгэхээр нь би Э-д ахархаад чи юу яриад байгаа юм бэ гэж уурлангуй хэлсэн чинь Э  машинаас бууж ирээд намайг тонгорсон юм уу, цохисон юм уу, мэдэхгүй би газарт унасан байсан. Намайг газар унасан байхад миний толгой, нүүрэнд 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би энийгээ аваачээ гэж хашхирахад Л  машинаасаа бууж ирээд Э-ыг хориод надаас холдуулсан. Өөр зүйл болоогүй. Би босоод мотоциклио унаад гэртээ харьсан. Тухайн үед Э-аас өөр хүн миний биед халдаагүй. Би ганц том савтай пиво хүмүүстэй уусан, гайгүй, Э  согтуу байсан....’’ гэх мэдүүлэг /хх-6-7/

4. Гэрч Б.Л-ын:  ‘’...Би 2019 оны 10 сарын 16-ны өдөр Говь-Угтаал сумын төвд өөрийн танил хүмүүстэйгээ 18 цагийн үед тааралдаад Э  бид хоёр хүнсний дэлгүүр орж би нэг шил 0.75 литрийн архи, Э  мөн нэг шил архи аваад бид нар бөөндөө сумын төвөөс урагш зайдуухан гарч ууцгаасан. Тэгээд эргээд сумын төвд ‘’Ник’’ шатахуун түгээх станцын дэргэд ирэхэд надтай хамт байсан хүмүүс машинаас буугаад Э  бид хоёр миний машинд суугаад үлдсэн. Тэгж байтал манай сумын иргэн М хүрч ирээд Э бид хоёртой мэндэлсэн. Тэгтэл яг юу гэж хэлээд хэрэлдсэнийг мэдэхгүй, Э, М нар машины гадна муудалцаад эхэлсэн. Тэгээд би машинд сууж байхад Э-ыг аваарай гэж хашхирахаар нь би машинаас буугаад очиход М газар унасан, хажууд нь Э-ыг байхаар нь би салгаж холдуулсан. Тухайн үед Э, М нар согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байсан...” гэх мэдүүлэг  /хх-12-13/

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.Ж.М-ын биед зүүн хөмсөгт шарх, дух, хамар, дээд уруулд зулгаралт, баруун зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ж.М-ын урьд өмнө нь гэмтэл бэртэл авсан болон архаг хууч өвчний талаар эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул хариулах боломжгүй’’ гэжээ /хх-16-17/

6. Хохирогч Ж.М-оос ирүүлсэн хохирлын ‘’шатахууны төлбөрийн 10500 төгрөг, 40000 төгрөг, 94420 төгрөг, нийт 144920 төгрөгийн’’ баримтыг ирүүлжээ. /хх-32-34/

7.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Э нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд иргэн Ж.М-той маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь халдсан, үүний улмаас хохирогч Ж.М-ын эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э-ны хохирогч Ж.М-ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

         Хохирогч Ж.М-оос шатахууны төлбөрийн нийт 144920 төгрөгийн баримт хэргийн 32-34-рт ирүүлсэн ба хохирогч шатахууны болон бариачийн төлбөр нийт 250000 төгрөгийг нэхэмжилсэн /хх-43/ байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Э хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ж.М шаардах эрхтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  нь хохирогчоос нэхэмжилсэн 250000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Э-аас хохирол 250000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-д олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-ны үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын санлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ловон овгийн Б-ны Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ловон овгийн Б-ны Э-д 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-аас хохирол 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дундговь аймгийн Говь-Угтаал суманд оршин суудаг, Ерлөг овгийн Ж-ны М-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.Э  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулан өгсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ