Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/01385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2026/10485 дугаар шийдвэртэй,

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 698,054.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 698,054.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь ...******* нь ******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 182,000 төгрөгийг зээлсэн... 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж 981 хоног хугацаа хэтрүүлсэн... манай компани ******* ХХК-тай факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, шаардах эрхийг шилжүүлж авсан тул хариуцагчаас гэрээний үүрэгт 698,054.69 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн бол,

 

2.2. Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* нь ******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулж, нэг удаа олгох зээлийн хүү сарын 9 хувь, алданги 1 хоногийн 0.026 хувь байхаар тохиролцож, уг гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 181,998 төгрөгийг зээлсэн. /х.х-ийн 9-10/

 

3.2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-тай зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийг шилжүүлэн авчээ. /х.х-ийн 13-20/

 

4. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т факторингийн үйлчилгээ гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг хэлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно гээд 7.1.2-т факторингийн үйлчилгээ гэж тус тус заасан.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь факторингийн үйлчилгээ эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр авсан байна. /х.х-ийн 7/

 

5. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, 123.2Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж тус тус заажээ.

 

Энэхүү магадлалын 3.2-т дурдсанаар ******* ББСБ ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч *******тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн эрх нээх гэрээ багтсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

6. Хэргийн баримтаар эрх шилжүүлэгч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байх тул уг компани болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж зааснаар барьцаалан зээлдүүлэх этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ. /х.х-ийн 80/

 

Тодруулбал, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******с шаардах эрхийг зөвхөн ******* ХХК-д байсан хэмжээгээр шилжүүлж авсан гэж үзнэ.

 

Иймээс нэхэмжлэгчийн шаардах эрхэд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үйлчлэхгүй тул тус компани хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг үндэслэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

7. Талуудын байгуулсан зээлийн эрх нээх гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д Зээлийн гэрээний хугацаа 48 сар буюу 2021.11.02-ноос 2025.11.02 хүртэл байх бөгөөд 1 удаагийн зээлийн хугацаа нь 30 хоног байна. Зээлдэгч нэг удаагийн авсан зээлийг тухайн сарын үндсэн хүү, алданги, нэмэлт шимтгэлийг төлснөөр зөвхөн 1 удаа 30 хоногоор сунгаж болно. Хэрэв тухайн сарын үндсэн хүү, алданги, нэмэлт шимтгэлийн аль нэгийг төлөөгүй тохиолдолд зээлийн хугацаа сунгагдахгүй. гэж заажээ.

 

Анхан шатны шүүх дээрх тохиролцоог зээлийн гэрээний хугацаа 30 хоног бөгөөд зөвхөн нэг удаа 30 хоногоор сунгахаар тохиролцсон гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасантай нийцсэн байна.

Тодруулбал, зээлийн гэрээний хугацаа 48 сар буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байна гэдэг нь хариуцагч нь уг хугацаанд хэдэн ч удаа зээл авах эрх олгосон хугацааг тодорхойлсон болохоос зээлийн гэрээний хугацаа /мөнгөн хөрөнгийг ашиглах хугацаа/ биш юм.

 

8. Мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-т Зээлийн үүргээ гүйцэтгээгүй байгаа явдал нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, алданги, бусад авлагыг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан.

 

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд /******* ХХК/-ээс олгосон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тийнхүү биелүүлэх хүртэлх хугацаанд хүү тооцох эрхгүй бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлж авсны дараа зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байх тул хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах үндэслэлгүй.

 

Иймд, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон зээлийн гэрээнд заасан 60 хоног /30 + 30/-ийн хугацааны хүү шаардах эрхтэй.

 

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 181,998 төгрөгийг 30 хоногийн 9 хувийн хүүтэй зээлж, улмаар зээлийн гэрээний хугацааг 30 хоногоор сунгасан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 181,998 төгрөг, 60 хоногийн хүү 32,340 төгрөг, зээлийн гэрээний хугацаа сунгасан шимтгэл 3,640 төгрөг /181,998 х 2%/, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 2,000 төгрөг, нийт 219,978 төгрөг төлөх ёстойгоос 40,648 төгрөг төлсөн тул үүнийг хариуцагчийн төлөх үүргээс хасвал тэрээр 179,330 төгрөг /219,978 - 40,648/-ийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагч *******гаас 200,380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэнд хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр хохирол шаардсан байхад шийдвэрийн тогтоох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан, мөн нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй заалт болох мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг тус тус баримталсан байгаа нь хууль хэрэглээний хувь оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянах эрх хэмжээний хүрээнд зөвтгөнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 197/ШШ2026/010318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1, 286 дугаар зүйлийн 286.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,580.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Б.МАНДАЛБАЯР