| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2019/0099/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.З-т холбогдох эрүүгийн 1922002670119 тоот хэргийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Тайжуу овгийн Ж-ийн З
Шүүгдэгч Ж.З нь 2019 оны 9 сарын 30-наас 10 сарын 1-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Дашгэмпиллэн хийдийн урд талд иргэн Ц.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
2. Шүүгдэгч Ж.З яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’2019 оны 9 сарын 30-ны өдрийн орой 23 цагийн үед би аймгийн Гандан хийдийн баруун талын байранд байдаг Х гэдэг найзындаа байж байгаад тэр найзынхаасаа гарч найзтайгаа байрных нь гадаа тамхи татаад зогсож байхад надтай найзладаг А нэг автомашинтай найзуудтайгаа ирчихээд буцаад тэр ирсэн автомашинтайгаа хөдлөөд явсан. Би тэр найзынхаа байранд байсан өөр нэг нэрийг нь мэдэхгүй эмэгтэй найзыг нь аймгийн нутгийн удирдлагын ордны ард байдаг гэрт нь тэр найзыг нь хүргэж өгчихөөд би хойшоо гараад засмал замаар зүүн тийш алхаж байтал замд түрүүнд нь А-тай хамт явж байсан машин явж байхаар нь тэр машиныг гар өргөж зогсоосон чинь А тэр машин дотор сууж байсан. Тэгээд би тэр машинд нь суугаад цуг А-ийн гэрийнх нь гадаа хүргүүлсэн. Тэгээд А-тай гэрийнх нь гадаа юм ярьж байгаад А-ийн байрны гаднаас зүүн тийш яваад гандангийн урд талд очоод юм ярьж суусан. Тэгээд юм ярьж байгаад А бид хоёр маргалдсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. А миний өөдөөс уурлаад хашхираад байхаар нь би эрүүнээс нь гараараа цааш түлхсэн. Тэгтэл А арагшаа дагзаараа хашаа мөргөсөн. А-ийн толгойн ар хэсэг нь өөрийнх нь зүүж явсан үсний хавчааранд давхар цохигдоод ар дагз нь хавдсан. Би А-ийн толгойн ар хэсгийг барьж үзсэн, тэгтэл А намайг хацранд нэг удаа алгадсан. Би зөрүүлээд А-ийн зүүн хацранд гараараа алгадсан. А чанга, чанга хашхираад байж байтал хажуугаар эрэгтэй, эмэгтэй 2 хүн явсан. А цагдаа дуудаадах гэж тэр хоёр хүнд хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр хүнд хандаж ‘’бид хоёр хоорондоо учраа олоод гэртээ орох гэж байна’’ гэж хэлээд баруун тийш 3-4 алхамын зайтай явтал А зогсож байснаа муухай хашхираад байхаар нь би чимээгүй байгаач гэж хэлсэн. Дараа нь А гандангийн зүүн урд буланд очоод газар суучихаад босохгүй байсан. Тэгэхээр нь араас нь өргөөд босгоход эргээд газар суучихаад байсан. Тэгж байтал цагдаа ирсэн. Миний өөдөөс муухай хашхираад ирэхээр нь цаашаа түлхсэн. Бусдаар бол зодож нүдэх гэж түлхээгүй. Би эрүүл байсан. А жаахан халамцуу байсан. Бид хоёрт гэр бүлийн харилцаа, хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Би А-ийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний энэ үйлдсэн хэргийн шинж байдлыг харгалзан бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна’’ гэх мэдүүлэг /хх-60-62/
3. Хохирогч Ц.А-ийн: ‘’...2019 оны 9 сарын 30-ны орой 19 цагийн үед би ажлынхаа нэг хүн, өөр нэг танилын хамт 2 цаг караокед орж пиво уусан. Намайг тэр караокед байхад надтай сүүлийн нэг жилийн хугацаанд дотно харилцаатай байгаа З миний гар утас руу залгаад намайг хаана байна, уулзая гээд байсан. Би сүүлийн үед тэр залуутай уулзахаа больё гэж бодоод зайгаа барих бодлого барьж байсан. Тэгээд би тэр өдрөө З-ын гар утсны дуудлагыг авалгүй дугаарыг нь блоклосон. Ингээд 21 цагийн үед караокенаас гараад дэлгүүрээс пиво аваад нэг танилынхаа машин дотор уусан. Тэгээд машинд пиво ууж дуусаад хамт байсан О гэдэг хүүхэн Отого Лонужны арын байрны гадна тавьсан машинаа унаад манай гэр лүү түрүүлээд хөдлөөд явсан. Тэгээд манай байрны гадаа хоёр машинтай очиход тэр үед миний сууж байсан машины жолооч буугаад О-тай уулзаад чамайг Залуус хороололд байдаг гэрт чинь бөөнөөрөө хүргэж өгнө гэж ярилцсан гэж хэлсэн. Энэ бүх үйл явдлыг З машины гаднаас сонсоод байж байсан юм шиг байна лээ. Тэгээд бид нар хоёр машинтай Залуус хороолол руу яваад нэг машинаа тавьчихаад нэг нэгийгээ гэр гэрт нь хүргэнэ гээд явж байтал Залуус хорооллын зүүн талын уулзвар дээр З зогсож байсан. Би З-ыг манай найз байна гэж хэлээд машиндаа суулгаад би Золбаярын хамт гэрийнхээ гадаа хүргүүлээд буусан. Тэгээд машинаас буунгуутаа З намайг дагуулаад манай байрны үүднээс зүүн тийш яваад аймгийн гандан хийдийн өмнө очиж бид хоёр юм ярьж зогссон. Нэлээд удаан юм ярьсаны дараа би гэртээ оръё гэсэн чинь З намайг гэрт оруулахгүй гэж хориод миний гар утсыг булааж авчихаад өгөхгүй байхаар нь би З-т хандаж би гэртээ ормоор байна гэж уурлаж бид хоёрын хооронд маргаан эхэлсэн. Би гэртээ орох гэсэн чинь З намайг хашаа руу хүчтэй түлхсэн. Тэр үед би ар дагзаараа хашааг мөргөсөн. Тэгтэл З нэг гараараа миний эрүүнд гарын хуруугаа шигтгэж багалзуурдаж гараараа алгадсан. Тэр үед хажуугаар танихгүй эрэгтэй, эмэгтэй сургуулийн ахлах ангийн бололтой хоёр хүүхэд явж байсан. Тэр хоёр хүүхдэд хандаж эгчдээ туслаарай, цагдаа дуудаад өгөөч, туслаарай гэж хашхирсан. Би өөрөө цагдаад дуудлага өгөөгүй. Тэгээд 01 цагийн үед цагдаа нар ирээд З-ыг, намайг, дуудлага өгсөн хоёр хүүхдийн хамтаар цагдаа дээр ирсэн. Тэр хоёр хүүхдийн нэг нь цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Тухайн үед З эрүүл, би жаахан пиво уусан байсан. Би бүх юмаа нэгд нэгэнгүй сайн мэдэж байгаа. З бид хоёрт ямар нэгэн гэр бүлийн харилцаа байхгүй. Миний толгой тэр үедээ нэлээд их өвдсөн. Би бариач дээр нэг удаа очиж толгойгоо бариулсан. Би З-аас ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүй. Би Улаанбаатар хотод очиж тархины бичлэг хийлгэмээр байна. Надад өөр гомдол санал байхгүй....’’ гэх мэдүүлэг /хх-18-19/
4. Насанд хүрээгүй гэрч Ө.Д-ийн: ‘’...2019 оны 9 сарын 30-ны орой би найз Э-ийн хамтаар сургуулийнхаа гадаа юм ярьж сууж байгаад Э-г зүүн цагаан дэлгүүрийн ард байдаг гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан чинь аймгийн гандан хийдийн урд талд эрэгтэй, эмэгтэй хүмүүс маргалдаж байгаа бололтой хашхиралдаад байсан. Э бид хоёр баруунаас зүүн зүгт явсаар байгаад гандан хийдийн урд талд ирсэн чинь нэг эмэгтэй хүн эгчдээ туслаарай, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Э бид хоёр зүүн зүгт явж байгаад Гандан хийдийн хашааны зүүн талд явган хүний замын хажууд очоод цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсөн газраасаа тэр хоёр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хараад байж байтал Э тэр ах энэ эгчийг алгадчихлаа шдээ гэж хэлж байсан. Тэр хоёр хүн гандан хийдийн урд талд маргалдаж байснаа зүүн талд нь очсон. Эмэгтэй нь газар хоёр хөлөө жийгээд өвдгөө хагас нугалаад суучихсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг /хх-22/
5. Насанд хүрээгүй гэрч У.Э-ийн: ‘’...2019 оны 9 сарын 30-ны орой найз Д-ийн хамт юм ярьж сууж байгаад цаг орой болоод Д намайг гэрт хүргэж өгөх гээд зүүн зүгт явж байсан. Тэгтэл аймгийн гандан хийдийн урд талын том хаалганы харалдаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргалдаад байгаа бололтой байсан. Тэр хоёр хүний эрэгтэй хүн нь эхлээд тэр харанхуйд чи ер нь надад хайртай юм уу, үгүй юм уу гэж хэлээд байсан. Эмэгтэй хариуд нь үг дуугарахгүй байсан. Тэгтэл тэр эрэгтэй нь чи ер нь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр эмэгтэйг түлхээд газар унагаасан. Тэгсэнээ тэр эрэгтэй хараал хэлээд зүхээд байсан. Тэр үйл явдал гэрэлгүй харанхуй хэсэгт болж байсан. Бид хоёр айгаад их удаан явсан. Ингэж явсаар байгаад тэр хоёр хүний хажуугаар өнгөрөх гэсэн чинь тэр эмэгтэй Д бид хоёр дээр ирээд цагдаа дуудаарай, миний дүү гэж хэлсэн. Д бид хоёр хажуугаар нь өнгөрөх гэтэл тэр эгч та хоёр байж бай, миний толгой хагарсан, та хоёр явчих юм бол би энэ хүний гарт үхнэ гэж хэлээд та хоёр иргэний үүргээ биелүүл гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй Д бид хоёрт хандаж наад эмэгтэй чинь согтуу, худлаа ярьж байгаа юм гэж хэлсэн. Тэр эмэгтэй уйлаад цагдаа дуудаарай гэж хэлэхэд нөгөө эрэгтэй нөгөө эгчийн гараас татаад байсан. Д тэр эрэгтэйд хандаж ах хүү одоо болих юм биш үү гэж хэлтэл тэр эрэгтэй эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм шүү гээд заналхийлж хуруугаа чичилж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаад дуудлага өгчихөөд тэр хоёр хүнийг ажиглаад зогсож байтал тэр эгч байн байн цагдаа дуудаарай, амь авраарай, энэ намайг алах гээд байна гэж хашхирч байсан. Тэгж байгаад тэр эмэгтэй зүүн хойд зүг рүү зугтаасан чинь эрэгтэй нь араас нь хөөж байгаад гандан хийдийн зүүн урд буланд барьж аваад хацранд нь гараараа алгадаж байгаа харагдсан. ...Дараа нь нэг гараараа байсан уу, хоёр гараараа байсан уу хашаа руу шахаад хоолойг нь боож байгаа харагдсан. Тэгтэл тэр эгч доошоо газар сөхрөөд суучихсан. Тэгээд би Д-д хандаж тэр эгчийг боогоод газар унагаачихлаа гэж хэлтэл Д надад цүнхээ өгчихөөд тэр эрэгтэй рүү гүйсэн. Яг тэр үед цагдаагийн машин ирсэн....’’ гэх мэдүүлэг /хх-23/
6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 3-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.Ц.А-ийн биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, эрүү нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 3.Дээрх гэмтлүүд нь тус бүртээ хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-25-27/
7.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.З нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг ‘’Дашгэмпиллэн’’ хийдийн урд талд иргэн Ц.А-г зодсон, үүний улмаас хохирогч Ц.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.З-ын хохирогч Ц.А-г зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирогч Ц.А нь шүүхэд ‘’энэ хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү’’ гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг Ж.З хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ц.А шаардах эрхтэй бөгөөд өөрт учирсан хохирлын талаархи баримтыг ирүүлээгүй байна.
Иймд хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тайжуу овгийн Ж-ийн З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайжуу овгийн Ж-ийн З-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.З-аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ