Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/335

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М холбогдох эрүүгийн 1938007150390 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт хохирогч Б.Дмаргалдаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт хохирогч Б.Дмаргалдаж түүнийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007150390 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Д гэх залуу миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай маргалдаад барилцаж авсан. Барилцаж  авсан байхдаа биедээ авч явсан цавуу түрхэж байсан тонгоргон хутгыг гаргаж ирээд түүний хөл рүү хоёр удаа хатгаад нэг удаа өшиглөсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз Мөнхчулуун, Алтанбагана бид гурав 22 цагийн үед ус авахаар приус-30 маркийн автомашинаа жолоодоод явж байгаад голын эрэг дээр тамхи татаад байж байхад мотоцикльтой 2 залуу ирээд Мөнхчулуун, Алтанбагана нартай уулзаж байгаад мотоцикль жолоодож явсан намхан нуруутай монгол дээл өмссөн түрүүтэй гуталтай залуу зүүн талын түрүүнээс 30 орчим см урттай хутга гаргаад ирэхээр нь тэр залуугаас уучлаарай гээд очтол миний баруун талын гуянд 2 удаа хутгалаад авахаар нь би зугтаагаад голын эрэг рүү гүйх гэж байгаад очиход тэр залуу миний толгой хэсэг рүү өшиглөөд байсан...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р хуудас/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гурван залуу дээр Д.М бид хоёр очсон чинь өндөр нуруутай залуу согтуудаа явж зайл гэж хэлэхээр нь хөдлөөд эргэхэд ахиж мотоциклийн урдуур ирээд намайг Б.Д гэдэг надтай хэнч харьцдаггүй юм гэж хэлэхэд Д.М намайг Д.М гэж хэлсэн чинь тэр залуу Д.Мийн зүүн талын шанаа руу цохиод бид хоёр мотоцикльтойгоо унасан. Тэгээд Д.М явган баруун зүг рүү зугтаагаад явахад араас нь нөгөө өндөр залуу дагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Ж.А-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхчулуун, Б.Д бид гурав 22 цагийн үед ус авахаар Улаанчулуутын голын гармын баруун талд байрлах худаг руу Б.Дын 11-31 УБА улсын дугаартай приус-30 машинаар гудамжаар ороод голын эрэг тулаад зогсоод машинаас буугаад тамхи татаад зогсож байж байхад мотоцикль жолоодсон сундалдаатай 2 залуу хажуугаар 2-3 удаа эргэлдэж байгаад ирээд Сайн уу ахын дүү нар цэрэгт явах гээд байна уу гээд томрох өнгө аястай ярьсан. Тэр ярьсан залуу миний зүс таних Д.М байсан бөгөөд Б.Д уулзья гээд мотоциклиос Д.М буугаад Б.Д тэр 2 хойд зүг рүү гол өгсөөд явсан юм. Тэгээд 3-5 минутын дараа Б.Д намайг хутгаар шаачихлаа гээд Б.Д гүйгээд ирэхээр нь намайг харахад Мөөл хочтой Д.М зүүн гартаа 20-30 см урттай өргөндүү хутга барьчихсан алхаад ирэхээр нь бид 3 зугтаад хэсэг гүйж байгаад 100 метр холдоод буцаад харахад Д.М Б.Дын дээрээс хутгалж байгаа харагдахаар нь айгаад Б.Дын гэр лүү гүйгээд гэрт нь очоод эцэг, эх нарт нь хэлээд байж байхад Мөнхчлуун, Б.Д нар машинтайгаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

Гэрч Б.М-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тамхи татаад зогсож байж байхад мотоцикль жолоодсон сундалдаатай 2 залуу хажуугаар 2 удаа эргэлдэж байгаад ирээд Сайн уу ахын дүү нар цэрэгт явах гээд байна уу гээд томрох өнгө аястай ярьсан. Тэгээд мотоцикль жолоодож явсан залуу мотоциклиос буугаад Б.Дтай муудалцаад хойд зүг рүү гол өгсөөд явсан...5 орчим минутын дараа мотоцикль жолоодож явсан залуу гутлын түрүүнээсээ 20 гаран см урттай хуга гаргаж ирээд Б.Дын баруун гуя тус газар хутгалахаар нь юу болов гээд Алтанбагана бид хоёр гүйгээд очиход нөгөө мотоцикль жолоодож явсан залуу хутга зүүн гартаа барьчихсан ална та нарыг гээд орилоод ирэхээр нь Алтанбагана бид 2 гол уруудаж зугтаж байгаад буцаад харахад нөгөө мотоцикль жолоодож явсан залуу Б.Дын газар унагаачихсан дээрээс нь зодож байхаар нь айж зогсож байхад нөгөө мотоцикльтой ирсэн 2 хүн буцаад сундалдаад хойд зүг рүү мотоцикль жолоодоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаартай:

       1. Б.Дын биед баруун өгзөг, баруун гуянд зүсэгдсэн шарх, зүүн хацар, баруун шуу, зүүн өгзөг, зүүн өвдгөнд цус хуралт, дух, баруун шуу, зүүн шуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      3. Б.Дын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 57-58, 60-85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007150390 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт хохирогч Б.Дмаргалдаж түүнийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Дын /хх-ийн 21-24-р хуудас/, гэрч Л.Х-ын /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Ж.А-ы /хх-ийн 31-33-р хуудас/, гэрч Б.М-ны /хх-ийн 34-37-р хуудас/  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 13-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М нь урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан, 2019 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 58, 60-85-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938007150390 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 16 см урттай, төмөр металл хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах зүйтэй байна.

Эрүүгийн 1938007150390 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938007150390 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16 см урттай, төмөр металл хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

     5. Эрүүгийн 1938007150390 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР