| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10005/И |
| Дугаар | 210/МА2026/01386 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/01386
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* *******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие ******* *******-д 2017 оны 03 дугаар сард Орон сууц ашиглалтын хэлтсийн гэрээт ажилтнаар ажилд орж үүний дараа 2019 оноос Санхүү бүртгэлийн хэлтсийн түрээсийн асуудал хариуцсан мэргэжилтэн, түрээсийн орлогын тайлан хариуцсан мэргэжилтэн, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс Хөрөнгийн удирдлагын газрын түрээсийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон 8 жил 4 cap ажилласан. Гэтэл намайг тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б-76 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэн МУ-ын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах хянан шалгагчийн 2025 оны 02/01 дугаар албан шаардлага ирүүлсэн гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Би, уг тушаалыг хуульд нийцээгүй гэж 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар харилцан тохиролцоогүй учир дуусгавар болгох тухай хуралдааны шийдвэр 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гарсан.
Иймд Төрийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б-76 дугаартай тушаал *******гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус тушаал болохыг тогтоолгож хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж баталгаажуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...2024 оны 12 дугаар сард Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хяналт шалгалтаар тус байгууллагын хүний нөөцийн томилгоотой холбоотой асуудлыг шалгасан бөгөөд уг шалгалтын үр дүнд зарим албан хаагч, түүний дотор нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй гэж дүгнэж, уг зөрчлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх тухай заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ******* *******-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч уг албан шаардлагыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон.
... Тус албан шаардлагад зөрчлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор арилгахыг шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 23.1-д заасан хариуцлага тооцохыг анхааруулсан байна. Иймд, уг албан шаардлага нь зөвлөмжийн шинжтэй бус, тодорхой хугацаа болон эрх зүйн үр дагавартай, заавал биелүүлэх захиргааны акт болно. Хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод тогтоосон мэргэжлийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэж, уг зөрчлийг арилгах үүрэг өгсөн бөгөөд уг зөрчлийг хөдөлмөрийн харилцааг хэвээр үргэлжлүүлэх замаар арилгах бодит боломж байгаагүй. Учир нь, ажлын байрны тодорхойлолтыг бодит чиг үүрэгт нийцүүлэн засварласны дараа нэхэмжлэгч шинэ мэргэжлийн шаардлагад нийцэх боломжгүй болсон бөгөөд байгууллагын батлагдсан бүтэц, орон тоонд дүйцэх өөр сул орон тоо байгаагүй болно. Иймээс эрх бүхий байгууллагын заавал биелүүлэх албан шаардлагын улмаас хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан нөхцөл бүрдсэн болно.
...Эрх бүхий байгууллагын заавал биелүүлэх албан шаардлагыг биелүүлэхээс өөр бодит сонголт ажил олгогчид үлдээгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан үндэслэл бүрдсэн болох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б-76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Иймээс миний магистрын мэргэжил ч бас албан тушаалд тавигдах тусгай шаардлага-ын мэргэжлийн шаардлагыг хангаж чадна гэж үзэж байна. Түүнчлэн 2023 онд Засгийн газрын шүүр ажиллагаагаар ямар нэгэн зөрчил гараагүй билээ.
1. Эрх бүхий байгууллага шаардсан нөхцөлийг буруу хэрэглэсэн:
Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх ойлголт нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах эрх бүхий байгууллагаас гаргасан, заавал биелэгдэх шинжтэй шийдвэрийг ойлгоно.
Гэтэл энэ хэрэгт хамаарах Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллагын ахлах хянан шалгагчийн албан шаардлага нь хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх гэж ерөнхий байдлаар заасан бөгөөд ажилтныг ажлаас чөлөөлөхийг шууд шаардсан агуулга агуулаагүй байна. Албан шаардлагад ажилтныг ажлаас чөлөөлөх тухай заалт агуулагдаагүй тул түүнийг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд буруу. Иймд уг албан шаардлага нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүх эсрэгээр дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.
2. Пропорциональ байдлын шаардлагыг зөрчсөнд дүгнэлт хийгээгүй:
Ажил олгогч нь зөрчлийг арилгахдаа хамгийн бага хохиролтой арга сонгох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс өмнө сургалт олгох, өөр албан тушаалд шилжүүлэх, ажлын байрны тодорхойлолтыг нийцүүлэх зэрэг зөөлөн арга хэмжээ авах боломж байсан. Мөн албан шаардлага ирснээс хойш 6 cap гаруй хугацааны дараа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь тухайн арга хэмжээ зайлшгүй биш байсныг харуулж байна. Энэ нь ажил олгогчийн авсан арга хэмжээ пропорциональ байдлын шаардлагад нийцээгүй болохыг илтгэнэ. Иймд ажил олгогчийн авсан арга хэмжээ нь пропорциональ байдлын шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь шийдвэрт нөлөөлсөн.
3. Нотлох баримтыг буруу үнэлсэн:
...шүүх зөвхөн албан шаардлага ирсэн үйл баримтыг тогтоосон атлаа түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан нөхцөлд хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т 2019 оны томилгоог 2022 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэсэн нь цаг хугацааны хувьд үл нийцэх, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
Ажилтныг томилсон үеийн нөхцөл байдлыг хожим батлагдсан шаардлагаар үнэлж, түүнийг буруутган тооцсон нь нотлох баримтыг буруу үнэлсэнд тооцогдоно.
Тодруулбал нэхэмжлэгч *******г 2019-2025 онд 6 жил ажиллах хугацаанд хамаарах 4 ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчаас гаргаж өгсөн. Эдгээр тодорхойлолтын алинд ч нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан баримт байхгүй байхад шүүх энэ нөхцөлийг нэхэмжлэгчид сөрөг байдлаар үнэлсэн нь үндэслэлгүй юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...экологийн инженер мэргэжилтэй хүнийг Санхүү эдийн засгийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах нь өөрөө Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын шалгалтаар тогтоосон зөрчлийг арилгаагүйд тооцогдох бөгөөд албан шаардлагын хэрэгжилтийг хангаагүй үр дагаварт хүргэх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д эрх бүхий байгууллагаас ажилтныг нэр заан ажлаас чөлөөлөхийг шаардсан байхыг шаардаагүй. Харин эрх бүхий байгууллагын заавал биелүүлэх шаардлагын улмаас хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн эсэхийг үнэлэхээр зохицуулсан. Албан шаардлага ирснээс хойш 6 сарын дараа тушаал гарсан нь ажил олгогч асуудалд яаран хандаагүй, ажилтанд хамгийн ашигтай хувилбарыг хайж, хууль ёсны процессыг чанд баримталсныг гэрчилнэ. Манай байгууллага нь дотооддоо ажлын хэсэг байгуулж, нэхэмжлэгч *******г өөр ажлын байранд шилжүүлэх боломжийг судалсан боловч түүний боловсрол, мэргэжил болон тухайн үеийн байгууллагын бүтэц, орон тоонд нийцэх сул орон тоо тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. ...Иймд, эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр, заавал биелүүлэх албан шаардлагын улмаас хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон бодит нөхцөл үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь өөрийгөө бусад ажилтантай тухайлбал *******тэй харьцуулсан боловч тухайн ажилтнуудын эрхэлж байсан албан тушаал, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн шаардлага, хөдөлмөрийн эрх зүйн нөхцөл байдал нь харилцан адилгүй байсан. Гомдолд дурдагдсан ******* нь хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүний боловсрол, мэргэжил нь өөр нөхцөл байдалд хамаарч байгаа буюу магистрын диплом болон хүний нөөцийн менежмент чиглэлээр төгссөн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар ажлын байрны шаардлагатай холбоотой зөрчил тогтоогдсон бусад ажилтнууд чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийг онцгойлон ялгаварласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тэгш байдлын зарчим нь ижил нөхцөл байдалтай этгээдүүдийн өөрөөр хандсан тохиолдолд яригдах бөгөөд нэхэмжлэгч болон гомдолд дурдсан бусад ажилтнуудын боловсрол, мэргэжил, ажлын байрны шаардлага болон эрх зүйн нөхцөл байдал харилцан адилгүй байсан. Нэхэмжлэгч нь экологийн инженер үйлдвэрлэлийн техникийн их сургуулийн үйлдвэрийн менежмент чиглэл мөн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Мөн нягтлан бодох бүртгэлийн 1 жилийн сургалтад хамрагдсан байсан нь ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй байна гэх тодорхойлолт гарах үндэслэл болсон.
...Нэхэмжлэгч өмнө нь томилогдон, олон жил ажилласан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх хууль ёсны баталгаа үүснэ гэж үзэх боломжгүй. Учир нь, эрх бүхий байгууллага болох Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчлийг арилгах заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлсэн нөхцөлд ажил олгогч тухайн шаардлагыг хэрэгжүүлэх хууль ёсны үүрэгтэй байсан. Иймд, өмнө нь ажиллаж байсан нөхцөл байдал нь хүчин төгөлдөр албан шаардлагыг хэрэгжүүлэх үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Хариуцагч байгууллагын гаргасан шийдвэр нь захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчим болон нийтийн ашиг сонирхлыг дээдлэх зарчид бүрэн нийцсэн учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь анх 2017 онд хариуцагч ******* *******-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, иргэдтэй харилцах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад, /х.х-ийн 36-37/
3.2. Орон сууц ашиглалт хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхад нь түүнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр, /х.х-ийн 38/
3.3. Мөн Санхүү бүртгэлийн хэлтэст түрээсийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар түрээсийн орлогын тайлан хариуцсан мэргэжилтнээр, /х.х-ийн 45/
3.4. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар түрээсийн мэргэжилтнээр /х.х-ийн 46/
3.5. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар мөн түрээсийн мэргэжилтнээр, /х.х-ийн 54/
3.6. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түрээсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхад нь түүнийг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б-76 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, ******* *******-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй нь тогтоогдож, Монгол Улсын Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах нягтлан шалгагчийн 2025 оны 02/01 дугаар албан шаардлага ирүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 4, 65-67/
Зохигч, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон нэхэмжлэгч нь 2017 оноос хойш 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч байгууллагад ажиллаж байсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангасан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан гэж заасан.
Тодруулбал, эрх бүхий этгээд гэдэгт ажил олгогч байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаанд шууд хамааралтай этгээдээс гадна нийтийн эрх ашгийн үүднээс шаардлага тавих эрх хэмжээтэй этгээд байж болох ба эрх бүхий байгууллага шаардсан гэдэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад ажил олгогчийн зүгээс үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.
5. Хэрэгт авагдсан баримт болох Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах шалгагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/01 дугаартай албан шаардлагад ...тус байгууллагын дараах албан хаагчид нь ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжил, мэргэшил, туршлага хэсгүүдийг хангахгүй байна. Үүнд: ...түрээсийн асуудал хариуцсан мэргэжилтэн ******* нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх, ...хангахгүй байгаа нь *******-ийн гүйцэтгэх захирлын баталсан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/11 дугаар тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн байна. Иймд, ...ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангахгүй байгаа 6 албан хаагчдын асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх... гэжээ. /х.х-ийн 68-70/
Дээрхээс үзвэл Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хариуцагч ******* *******-д ирүүлсэн албан шаардлагад ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байгаа 6 албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах чиглэл, заавар өгөөгүй, харин тухайн зөрчлийг арилгаж, хуульд нийцүүлэх арга хэмжээг авахыг үүрэг болгосон агуулгатай байна.
Иймээс хариуцагчийн ...эрх бүхий байгууллага шаардсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
6. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******г ажил мэргэжил, мэргэшлийн хувьд анхнаасаа тэнцэхгүй буюу шаардлага хангаагүй байсан, мөн сонгон шалгаруулалтад оролцоогүй учир ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар тус тус Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журмыг баталсан бол Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг баталжээ. /х.х-ийн 68, 80-84/
Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-д 2017 оноос эхлэн иргэдтэй харилцах ажилтан болон орон сууц ашиглалт хариуцсан гэрээт ажилтан, мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, түрээсийн орлогын тайлан хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад маргаан бүхий ажил, албан тушаалд 2020 оноос эхлэн ажиллаж байхад нь түүнийг хожим баталсан сонгон шалгаруулалтын журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Тодруулбал, ажилтныг тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, улмаар тухайн ажил, албан тушаалд томилох эсэхийг гагцхүү ажил олгогч хэрэгжүүлэх бөгөөд тийнхүү сонгон шалгаруулалт зохих ёсоор явуулаагүйн үүрэг хариуцлагыг зөвхөн ажилтан хүлээх нь шударга биш.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заажээ.
7.1. Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийг 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрийн экологийн инженер мэргэжлээр төгсөж, техникийн ухааны бакалавр зэрэг, /х.х-ийн 86/
7.2. Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийг 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр төгсөж, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг, /х.х-ийн 86/
7.3. Мөн 2024 онд Удирдлагын нягтлан бодогчдын институтийг Мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэг олгох мэргэжлийн хичээлийн кредит цаг дүүргэж Мэргэшсэн мэргэжлийн нягтлан бодогч GPB Mongolia батламж тус тус авсан байна. /х.х-ийн 78/
8. Мөн тэрээр хариуцагч байгууллагад 2017 оноос хойш тасралтгүй ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаанд түүний ажлын байрны тодорхойлолтод:
8.1. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр томилогдон ажиллаж байх үед тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад бакалавр болон түүнээс дээш боловсролтой, инженер мэргэжилтэй байх, /х.х-ийн 39-41/
8.2. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар түрээсийн орлогын тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх үед тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад үйлдвэрлэлийн менежмент магистрын зэрэгтэй, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй байх, /х.х-ийн 47-49/
8.3. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар мөн түрээсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх үед тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад бакалавр болон түүнээс дээш боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч, бизнесийн удирдлага мэргэжилтэй байхаар заасан. /х.х-ийн 55-58/
8.4. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу түрээсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/11 тоот тушаалаар түрээсийн мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг бакалавр болон түүнээс дээш боловсролтой, Эдийн засаг /0311/, Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/, Менежмент ба удирдахуй /0413/ мэргэжилтэй болгож өөрчилснөөр талуудын хооронд маргаан үүсэх нөхцөл бүрдсэн байна. /х.х-ийн 59-62/
Хэдийгээр ажил олгогч нь ажлын байранд тавих шаардлагыг тодорхойлох эрхтэй боловч хожим өөрчилсөн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуурыг нэхэмжлэгч /ажилтан/-ийг хангаагүй гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь учир дутагдалтай болжээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******г тус байгууллагад 2017 оноос хойш ажилласан, үүнээс маргаан бүхий түрээсийн мэргэжилтний ажил, албан тушаалд 2020 оноос хойш ажиллаж туршлагажсан /ажлын чиг үүргээ сайн мэддэг/, мөн бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалсан, нягтлан бодогч мэргэжлээр суралцсан, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзаж тухайн ажлын байранд шинээр тавьж буй шаардлагыг хангаж байгаа эсэх, хэрэв хангахгүй байгаа тохиолдолд хуульд заасан боломжит хугацаа олгох ёстой байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг тухайн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байх явцад ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн бол ажил олгогчийн зүгээс боломжит арга хэмжээ /энэ талаар ажилтанд анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох/-г авах үүрэгтэй бөгөөд хэргийн баримтаар хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдоогүй.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан хариуцагч ******* *******-ийн түрээсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг шаардах эрхтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн тогтмол авч байсан цалингаас тооцоход 154,161 төгрөг /3,124,686 + 3,340,580 + 3,245,012 = 9,710,278 : 3 = 3,236,759 : 21/ болох бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс энэхүү магадлал гарах 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажлын 226 өдрийн дундаж дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34,833,606 төгрөг /154,161 х 226/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг үнийн дүнгээс зохих шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгана.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03179 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ******* *******-ийн түрээсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* *******-аас 34,833,606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 332,118 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР