Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/337

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Батмөнх, 

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-т холбогдох эрүүгийн 1938007640429 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б.

Шүүгдэгч Э.Б- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30- нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р багийн ... тоотод хохирогч Б.Н-ийн нуруун тус газар архины шилээр цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод оршин суух Д.Э-ийн гэрт очиж архидан, улмаар хохирогч Б.Н-той маргалдаж, түүний нуруун тус газарт архины шилээр цохиж, “нуруунд шарх, зүүн сарвуунд зулгаралт бүхий” хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
  • Хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би ...Мөрөн суманд халамцуу архи уучихсан байдалтай ирсэн. Тэгээд орой 17 цагийн үед найз Э.Б-той зах дээр уулзаж хамтдаа захаас хүнс цуглуулчихаад тэндээсээ хамаатны эгч Дунгармаагийн гэрт очиж эхнэрээ үлдээчихээд Э.Б-той хамт “Буманз” нэртэй бүжгийн газарт очсон. Бүжгэнд орж байхдаа найз Э.Б-той хамт 2 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уусан. “Буманз” бүжгийн газарт байхдаа таньдаг эгч Чимгээтэй таарсан. Тэгээд бүжгийн газар хаасны дараа Чимгээ эгчийн нөхөр Бямбаа ахтай уулзахаар тэдний гэр рүү Чимгээ эгч, Э.Б-, Чимгээ эгчийн дүү Отгоогийн хамтаар явсан. Бямбаа ахын гэрт хэрхэн яаж очсоноо санахгүй байна. Очоод юу болсныг ч санахгүй байна. Нэг ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн, эмч намайг “сэрээрэй” гэж хэлж байсан. Би эмчээс яасан юу болов гэж асуухад “ар гэрийнхэнтэй чинь холбогдох дугаар байна уу, мөн юу болсон талаар надаас асууж” лавлаж байсан. Тэгээд би эмнэлэг дээр байхдаа Чимгээ эгчийн дүү Отгоотой утсаар яриад юу болсон талаар асуухад “Э.Б- та хоёр зодолдсон, чиний бие гайгүй юу, санаа зовж хонолоо, би цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгч байгаад ирлээ” гэж хэлж байсан. Миний хувьд найз Э.Б-той зодолдсоноо огт санахгүй байна. Би энэ асуудал гарснаас хойш аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Миний биеийн байдал сайн байгаа, өвдөж зовиурлах зүйл алга байна. ...Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэрт Б.Н- /Цэхмээ/ хамт ирсэн найзтайгаа архи уугаад сууж байхдаа бие биенийхээ хацар руу тоглож байгаа болов уу гэмээр алгадаад байсан. Тэгж байгаад гэнэт бие биетэйгээ барилцаад авсан. Барилцаж авсан байхад Б.Н-ийн найз нь гэх залуу бүтэн шилтэй архийг аваад Б.Н-ийн мөр орчим руу хүчтэй цохьсон. Тэгэхэд архины шил нь хагараад бутраад уначихсан. Тэгснээ хоёулаа ноцолдоод орон дээр уначихсан. Би тухайн үед энэ хоёрыг салгаад холдуулахад Б.Н- босч ирэнгүүтээ найзынхаа нүүр рүү гараараа цохиж байсан. Би тэр үед ганцаараа байсан учраас Б.Н-ийн найзыг дагуулаад гэрээс гарсан. Гадаа гараад байж байхад араас Б.Н- гарч ирээд дахиад найзтайгаа барилцаад авсан. Тэр үед Б.Н-ийн найз нь салаад зугтаад явчихсан юм. ...Гэрт болсон зүйлийг надаас өөр мэдэх хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 589 дугаартай: “1. Б.Н-ийн биед нуруунд шарх, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Б.Н-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Б.Н-той 17 цагийн үед зах дээр уулзсан. Тухайн үед найз Б.Н- маань эхнэр Хажидмаатайгаа хамт явж байсан ба бид гурав хамтдаа зах орж хүнс цуглуулчихаад тэндээс Б.Н-ийн хамаатан болох Дунгармаа эгчийн гэрт очсон. Дунгармаа эгчийн гэрт Б.Н-ийн эхнэрийг үлдээчихээд Б.Н- бид хоёр бүжгэнд орохоор явсан. Б.Н- бид хоёр “Буманз” нэртэй газарт очоод бүжгийн газар руу орохынхоо өмнө 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уусан. Тэгээд бүжгийн газарт нэлээн хэсэг бүжиглэж байгаад дахиж 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч хоёулаа хувааж уусан. Архийг уучихаад буцаад бүжгийн газар руу ороод байж байхад хаах цаг болсон. Бүжгийн газраас гараад Б.Н-ийн танил Чимгээ эгчийн гэр рүү явсан. Чимгээ гэх эгч нэг охин дүүтэйгээ хамтдаа явж байсан. Бид нар Чимгээ эгчийн гэр рүү явах замдаа нэг шил архи авсан. Тэгээд Чимгээ эгчийн гэрт очоод авч очсон архиа уусан. Уг архийг ууж байгаад нилээн муудсан байсан. Нэг ухаан ороход найз Б.Н-той маргалдаад дээрээ доороо орчихсон зодолдож байсан. Бид хоёрыг зодолдож байхад Чимгээ эгч салгаж байсан шиг санагдаж байна. Би Б.Н-оос салаад гадаа гарсан. Намайг гадаа гарсан байхад Б.Н- араас гарч ирээд дахиж надтай барилцаж авсан. Тэгээд би түүнээс салаад Б.Н-ийн ээж Цогцолмаагийн гэрт очиж хоносон. Тухайн үед ийм л зүйл болсон. ...Би ямар ч байсан найз Б.Н-той зодолдоод ноцолдож байснаа санаж байсан. Харин архины шилээр цохьсон үгүйгээ мэдэхгүй байна. Чимгээ эгч намайг цохихыг харж байсан бол цохьсон байх гэж бодож байна. ...Би найз Б.Н-оос уучлалт гуйж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн Засаг даргын: “Тус сумын иргэн Эрдэнэхүү овогтой Э.Б- / / нь хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-53 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгчийн ухамсар, бие барих чадвар, хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Э.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод оршин суух Д.Э-ийн гэрт очиж архидан, улмаар хохирогч Б.Н-той маргалдаж, түүний нуруун тус газарт архины шилээр цохиж, “нуруунд шарх, зүүн сарвуунд зулгаралт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг төгсгөж үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Н-той “Э.Б- би Б.Н-ийн эмчилгээний зардлыг төлсөн. Б.Н- би эмчилгээний зардлаа төлүүлсэн. Бид хоёр бие биенээ ойлголцож эвлэрлсэн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 54/-г байгуулсан, шүүх хуралдаанд шүүгдэгч нь “тэр үед 160.000 төгрөг хохирогчид өгсөн” гэж байх тул энэ гэмт хэргийн хор уршиг нь 160.000 төгрөг байна. Иймд шүүгдэгч Э.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Э.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ