Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/01387

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2026/05454 дугаар шийдвэртэй,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 38,193,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь Баянзүрх дүүргийн*******дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******* захын арын замд Тоёота Приус маркийн ******* УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, мөн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1236 дугаар шийтгэх тогтоолоор тогтоож, түүнд хуулийн хариуцлага оногдуулсан.

...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдөөгүй үлдсэн хохирол, хэрэг хянан шийдвэрлэсэн хугацаанаас хойших хугацаанд эрүүл мэндийн байдалтай холбоотой гарсан гэм хорын хохирлыг Иргэний журмаар гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин түүнтэй адилтгах орлогод:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******г ******* СӨХ-д ажилладаг болохыг тогтоож, 09, 10, 11 сарын буюу 3 сарын цалин болох 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хугацаанаас хойш эмчилгээнд байсан 2024 оны 12 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин буюу олох ёстой байсан орлогыг сарын 500,000 төгрөгөөр тооцож, 7,500,0000 төгрөг,

2. Нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсөнд:

******* нь эмнэлэгт Ариутгал, халдваргүйтгэлийн тасагт ариутгагчаар сарын 1,681,650 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас тэрээр хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөрөө хэвийн эрхлэх боломжгүй байснаас 2024 оны 09, 10, 11, 12 сар, 2025 оны 1 сард ажлаа хийж чадаагүй тул хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин болох 8,408,250 төгрөг /1,681,650 төгрөг х 5 сар/, 

3. Эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилуулсны зардалд:

Нэхэмжлэгч *******г ослын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаанд түүний ээж асарч сувилсан, тэрээр ХХК-д ажилладаг. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаасаа цалингүй чөлөө авч охиныхоо эмчилгээнд анхаарч, түүнийг асарч сувилж, хоол цайг нь дөхүүлж өгч байсан.

нь " ХХК-д сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан бөгөөд *******г асарч сувилах хугацааны буюу 2024 оны 09 сараас 2025 оны 01 сар хүртэлх хугацаанд цалин аваагүй тул түүний 5 сарын хугацааны цалин болох 6,000,000 төгрөг,

Мөн нэхэмжлэгч *******г түүний эмээ нь эмнэлэгт хэвтэх хугацаанд асарч сувилж байсан. Тэрээр өөрийн ажилладаг Төв аймаг дахь "" ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ач охин *******гоог асарч, сувилахаар цалингүй чөлөө авсан.

гийн нэг сарын дундаж цалин хөлс нь 1,400,000 төгрөг болохыг "" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/77 дугаар албан тоотоор тодорхойлсон.

Иймд, *******г асарч, сувилуулсны зардалд 2024 оны 09, 10, 11, 12 сар, 2025 оны 01 сарын цалин буюу нийт 5 сарын 7,000,000 /1,400,000*5/ төгрөг,

4. Эрүүл мэндэд учруулсан хохирлоос үүдэн зайлшгүй гарах зардал:

Нэхэмжлэгч *******, ******* нар өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэн зайлшгүй эмнэлэгт хэвтэх, эм тариа авах зэрэг зардалд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарны 03-ны өдөр хүртэлх хугацаанд 2,578,660 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 1,664,140 төгрөг, нийт 4,242,800 төгрөгийн зардал гаргасан.

5. Нэхэмжлэгч нар Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч өөс өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцуулсан.

Өмгөөлөгчтэй байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хавсралтаар талууд гэрээний дагуу хөлс төлбөрт 5,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба өмгөөллийн хөлс төлсөн дансны хуулгыг хавсаргасан бөгөөд энэ зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай болсноос учирсан хохирол юм.

6. Мөн дээрх зардалтай холбоотойгоор шүүхэд гаргаж өгөх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхийн тулд, тодруулбал эм тариа худалдан авсан баримт, эрүүл мэндийн дэвтэр, эмнэлгийн үзлэгийн баримтуудыг хуулбарлахад 42,000 төгрөгийн зардал бодитоор гарсныг нэхэмжилсэн.

Иймд, хариуцагч *******аас гэм хор учруулсны хохиролд 38,193,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Эрүүгийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ *******гийн ******* СӨХ-оос олох байсан орлогыг сарын 500,000 төгрөгөөр, т ажиллаж олох ёстой байсан орлогыг сарын 650,000 төгрөгөөр тооцож байсан энэ хэмжээгээр тооцоход татгалзах зүйлгүй.

Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны цалин 7,500,000 төгрөг, эмнэлэгт ажиллаж олох ёстой байсан орлогыг 650,000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацааны 3,250,000 төгрөг, эм тариа эмчилгээний зардал болох 4,242,800 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг, нийт 15,034,800 төгрөгийг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч ******* нь эмнэлэгт Ариутгал, халдваргүйтгэлийн тасагт ариутгагчаар ажиллаж байхдаа сарын 1,681,650 төгрөгийн цалинтай байсан нь эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэх явцад зөрүүтэй байснаас гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримтаас харахад тэрээр цалингаа бүтэн авч байсан байна. Үүнээс харахад нийгмийн даатгал бүтэн төлөгдсөн байх тул нэг сарын цалинг 1,681,250 төгрөгөөр тооцож 8,408,250 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 650,000 төгрөгөөр тооцож 3,250,000 төгрөгийг зөвшөөрсөн тул үлдэх 5,158,250 төгрөгийг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч *******г ослын улмаас эмнэлэгт хэвтэх хугацаанд түүний ээж нь асарч сувилсан гэж 5 сарын цалин 6,000,000 төгрөг, *******г эмээ нь асарч сувилсан гэж 5 сарын цалин 7,000,000 төгрөг тус тус нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь, дурдсан хугацаанд эдгээр хүмүүс ийм хэмжээний цалин хөлс олох боломжтой байсан гэх баримт хэрэгт байхгүйгээс гадна нэхэмжлэгч нарыг зайлшгүй асарч сувилах шаардлагатай байсны улмаас тэднийг энэ хүмүүс асарсан гэдгийг нотолсон баримт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй. Өмгөөллийн хөлсийг гэм хорын хохиролд оруулж тооцуулж болохгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрөхгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 21,741,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,452,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,335 төгрөгийг улсын орлогоос улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 266,655 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 708841 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч *******г 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоож, тухайн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх тэтгэмжийг өмнөх хугацааны цалин хөлсний нөхөн олгосонд тооцон хасалт хийж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 3,452,009 төгрөгийн дүнгээс 2024 оны 09, 10, 11,12 дугаар саруудад хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид олгогдсон гэж үзэн хассан 2,760,000 /690,000*4/ төгрөгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нарт учирсан гэмтэл, тэдгээрийн эмчилгээний явц, биеийн байдлаас шалтгаалан тодорхой хугацаанд бусдын асаргаа, сувилгаа шаардлагатай байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан эмнэлгийн баримтуудаар тогтоогдож байхад шүүх уг нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлээгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлд гэм хор учруулсны улмаас хохирогчид учирсан бодит зардал, зайлшгүй гарсан асаргаа сувилгааны зардлыг гэм хор учруулсан этгээд хариуцахаар хуульчилсан. Асаргаа сувилгааг зөвхөн эмнэлгийн байгууллагын тусгай дүгнэлтээр нотлохгүй бөгөөд тухайн гэмтлийн шинж байдал, эмчилгээний хугацаа, хохирогчийн биеийн байдлыг харгалзан тогтоох боломжтой.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт бусдын асаргаа зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлгүйгээр зөвхөн эмч, эмнэлгийн байгууллагын тусгайлан гаргасан дүгнэлт хэрэгт байхгүй гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд, гийн 6,000,000 төгрөг, гийн 7,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийн асаргаа сувилгааны зардлыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих нэмэлт өөрчлөлт оруулан, шүүхээс хэрэгсэхгүй болгосон 16,452,000 төгрөгийн шаардлагаас 14,760,00 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******гийн 2024 оны 09, 10, 11, 12 дугаар сарын цалин хөлсний талаар тусгайлан зааж, улмаар 650,000 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн. Мөн Нийгмийн даатгалын газраас авсан баримтуудаар осол болсноос хойших цаг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан үйл баримт тогтоогддог ба нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоож, нэхэмжлэгч нь 690,000 төгрөг авч байсан баримт байдаг. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан 690,000 төгрөгийг тогтоосон баримт байхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

*******, ******* нарыг 2 ээж нь тухайн цаг хугацаанд асарч байсан гэдэг. Гэтэл эдгээр хүмүүс үнэхээр нэхэмжлэгч нарыг асарсантай холбоотой ямар нэгэн баримт хэрэгт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрсдийн ажиллаж байсан компаниас тодорхойлолт авсан байдаг болохоос цалин хөлс аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан гэх зэрэг баримт байхгүй. Мөн халамжийн байгууллагаас асарч байгаатай холбоотой тодорхойлолтыг гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч уг баримт хэрэгт байхгүй учир үүнийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 38,193,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 15,034,800 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 23,158,250 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч тооцооллын алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн*******дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* захын арын замд Тоёота приус маркийн ******* УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэж, 12 дугаар зүйлийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.5-д Зогсохгүй явах хориотой хөдөлгөөний зохицуулгагүй үед Зогс-шугам тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч нарыг мөргөж, *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, мөн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж,

 

3.2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1236 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч *******ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж, /1.х.х-ийн 9-26/

 

3.3 Хохирогч нарын эмчилгээ болон бусад зардалд 8,235,143 төгрөг, мөн *******гийн ******* сууц өмчлөгчдийн холбооны цалин хөлс 1,500,000 төгрөг /2024 оны 09, 10, 11 сар/, нийт 9,735,143 төгрөгийг тус тус нэхэмжилснээс *******ын төлсөн 9,726,000 төгрөгийг хасаад түүнээс зөрүү 9,143 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснээс гадна сэтгэцэд учирсан хохиролд *******д 30,353,400 төгрөг, *******д 15,173,400 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдаагүй бөгөөд үүнээс хойш хугацааны эмчилгээний зайлшгүй зардал, дутуу авсан цалин хөлс болон бусад хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

 

Үүнээс хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарын эмчилгээний зардал 4,242,800 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг, мөн нэхэмжлэгч *******гийн ******* сууц өмчлөгчдийн холбооноос аваагүй цалин хөлс 7,500,000 төгрөг /2024 оны 12 дугаар сараас 2026 оны 04 сар хүртэл/, эмнэлгээс дутуу авсан цалин хөлсний зөрүү 3,250,000 төгрөг, нийт 15,034,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин нэхэмжлэгч нарыг асарч сувилсан гэх тэдгээрийн төрсөн болон хадам ээж , нарын авах ёстой байсан цалин хөлс, түүнчлэн нэхэмжлэгчийн 2024 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын авах байсан цалингаас тэтгэмж 690,000 төгрөгийг хассан нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд учирсан баруун эгэмний хугарал, мултрал, баруун 1, 2, 3, 4, 5, 6 зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирган олон шугамаарх хугарал, хоёр уушгины эдийн няцрал, цээжний хоёр талын хөндий дэх хий, шингэн хуралдалт, дэлүүний эдийн няцрал /дэлүү авах мэс ажилбарын дараах байдал/, хэвлийн хөндий дэх шингэн хугаралт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, баруун түнхний үений мултрал, баруун дунд чөмөгний толгой, сүүжний тогооны сэлтэрсэн хугарал, умдаг, суудал ясны хоёр талын зөрүүтэй хугарал, аарцгийн зөөлөн эдийн няцрал, давсагны урд, ар ханын няцрал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун тохой, сарвуунд зулгаралт гэмтэл учирсны үр дагавар нь ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр (35-100 хувь) тогтонги алдагдуулах тул нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримт болох Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар 50 хувиар тогтоож, тэрээр уг хугацаанаас хойш сар бүр 690,000 төгрөгийн хөдөлмөр чадвар алдалтын тэтгэвэр авдаг байна. /1.х.х-ийн 186, 192/

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн 2024 оны 09, 10, 11, 12 дугаар сард авах ёстой байсан цалин хөлс /нэг сарын 1,681,650 төгрөг/-өөс түүний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш сар бүр авч байгаа тэтгэмж 690,000 төгрөгийг хасаж зөрүү 3,966,600 төгрөг /1,681,650 690,000 = 991,650 х 4 = 3,966,600/-ийг гаргахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иймд, нэхэмжлэгч *******гийн 2024 оны 09, 10, 11, 12 дугаар сарын цалин хөлсөнд 6,726,600 төгрөг /1,681,650 х 4/, 2025 оны цалин хөлс, тэтгэмжийн зөрүү 991,650 төгрөг /1,681,650 - 690,000/, нийт 7,718,250 төгрөг /6,726,600 + 991,650/-ийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

5. Харин нэхэмжлэгч нарыг асарч, сувилах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн байхад гийн цалин хөлс 6,000,000 төгрөг, гийн цалин хөлс 7,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй. Учир нь,

 

Нэхэмжлэгч нарт асаргаа, сувилгаа зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн болох нь тэдгээрт учирсан гэмтэл, д олгосон өвчтөн асрамжлах эмнэлгийн магадлагаа, нэхэмжлэгч *******д учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл асаргаанд байсан талаарх эмнэлгийн магадлагаа, гийн ажлын газрын тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /1.х.х-ийн 48, 54, 64-65/

 

Гэвч хэргийн баримтаар *******, ******* нарыг зам тээврийн ослын хохирогчоор тогтоосон, мөн , нараас өөрсдийн дутуу авсан цалин хөлс нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгч нарт олгоогүй байх тул нэхэмжлэгч нарыг эдгээр хүмүүсийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй.

 

Иймээс , нар *******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******, ******* нарыг асран сувилахтай холбоотойгоор ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс авах ёстой байсан цалин хөлс /олох ёстой орлого/-өө аваагүй гэсэн үндэслэлээр хохирол нэхэмжлэх эрхтэй эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардах эрхэд хамааралгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянах эрх хэмжээний хүрээнд залруулна.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 4,242,800 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг, ******* сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн цалин 7,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч талаас гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гээд 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-д Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно гээд, 44.1.2-т энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232,000 төгрөг төлсөн байх тул үүнийг буцаан олгоно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2026/05454 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...510 дугаар зүйлийн 510 гэснийг хасаж, ...21,741,05 гэснийг 24,503,050 гэж, ...16,452,000 гэснийг 13,690,000 гэж,

 

2 дахь заалтад ...266,655 гэснийг 280,465 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш*******хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,*******хоног өнгөрснөөс хойш*******хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Б.МАНДАЛБАЯР