| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1734/Э |
| Дугаар | 1765 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар Б.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01565 2520 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Д, 1998 оны дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 2, эцгийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42 дугаар гудамжны 62 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд иргэн Б.Амгаланбаатарын нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед ундаа, ус зардаг газрын Мөнхзул эгчтэй зогсож байтал Д гэдэг хүн шууд ардаас ирж хоолой боосон. Тэгэхээр нь би “яагаад байгаа гөлөг вэ” гэсэн чинь “ямар пээдгэр пизда вэ” гээд дахиад нилээд хэдэн удаа цохиж, элэг рүү 2-3 удаа өшиглөж, тонгойлгож байгаад өвдөглөсөн. Тэгээд миний дээд талын үүдэн 3 шүд цаашаа чихэгдээд орчихсон...миний шүд рүү гараараа 2-3 удаа цохисон, дахиад нүүр рүү 1 удаа өвдөглөж элэг рүү 2-3 удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх 20/,
Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Амгаланбаатарын биед гэмтэл учруулсан. Гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиж нэг удаа хөлөөрөө цээжинд нь өшиглөж гэмтэл учруулсан. Би Б.Амгаланбаатараас уучлалт гуйж эвлэрсэн. Мөн хохирол болох 200.000 төгрөг өгч барагдуулсан бөгөөд Б.Амгаланбаатарт одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 60/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2759 тоот дүгнэлтэд:
1. Б.Амгаланбаатарын биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйл, дээд уруулд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт. /хх-ийн 32/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд иргэн Б.Амгаланбаатарын нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Амгаланбаатарын: “...”би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед ундаа, ус зардаг газрын Мөнхзул эгчтэй зогсож байтал Д гэдэг хүн шууд ардаас ирж хоолой боосон. Тэгэхээр нь би “яагаад байгаа гөлөг вэ” гэсэн чинь “ямар пээдгэр пизда вэ” гээд дахиад нилээд хэдэн удаа цохиж, элэг рүү 2-3 удаа өшиглөж, тонгойлгож байгаад өвдөглөсөн. Тэгээд миний дээд талын үүдэн 3 шүд цаашаа чихэгдээд орчихсон...миний шүд рүү гараараа 2-3 удаа цохисон, дахиад нүүр рүү 1 удаа өвдөглөж элэг рүү 2-3 удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Амгаланбаатар нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.Дд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Д-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР