| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 313/2026/00488/И |
| Дугаар | 203/МА2026/00017 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 203/МА2026/00017
2026 оны 06 сарын 10 өдөр Дугаар 203/МА2026/00017 Даланзадгад сум
******* ХК-ийн
нэхэмжлэлтэй Даланзадгадын дулаан хангамжийн
газар ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын
04-ний өдрийн 313/ШШ2026/00877 дугаар шийдвэртэй ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ОНӨААТҮГ-т холбогдох
Эд хөрөнгөд гэм хор учруулсны төлбөрт 2,082,007.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны төлбөрт 2,082,007.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал нь гэм хор учруулсан этгээдийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээс нь болж гэм хор учирсан болохыг нотлох шаардлагатай. Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар гэм хорын хохирлыг даатгагч нь даатгуулагчийн өмнө төлснөөр шаардах эрх шилжих бөгөөд ******* ХК-иас ******* ХХК-д шилжүүлсэн мөнгөн дүн болон хариуцагч байгууллагаас нэхэмжилж буй мөнгөн дүн зөрүүтэйн зэрэгцээ юуны хохирлыг гэдгийг тодорхойлоогүй байна.
Кабель утас гэмтээсэн гэж үзэж байгаа бол эхлээд Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу нийтийн эзэмшлийн газарт байрлуулсан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг эвдсэн, эсхүл гэмтээсэн эсэхийг харилцаа холбооны улсын байцаагчаар хянуулж, Даланзадгадын дулаан хангамжийн газрын ажилтнуудын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон гэдгийг зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулж тогтоосны дараа гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. Хэрэгт тийм нотлох баримтгүй, кабель утас гэмтээснээс ямар гэм хор учирсан нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас 2,082,007.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,262 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас 48,262 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нь Иргэний хуулийг буруугаар тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт, шийдвэрлэсэн байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгоно уу гэх давж заалдах гомдол гаргасан байна.
******* ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад суманд байршилтай шилэн кабелийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* ОНӨААТҮГ-ийн ажилтнууд шинээр бохир усны шугам хийх, газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа тасалж тус тохиолдлын гэмтлийн улмаас даатгуулагчид 2,082,007.49 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, гэмтэл сааталтай холбоотой хохирлын тооцооллын хүснэгтэн баримт (хавтаст хэргийн 17 дахь тал) болон баримтад хавсаргасан гэрэл зураг (хавтаст хэргийн 18-20 дахь тал), ХААН банк ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 22 дахь тал), Даланзадгад дулаан хангамжийн газар ОНӨААТҮГ-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 129 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна.
******* ХХК болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2322273942 тоот Хөрөнгийн даатгалын гэрээний 3.5, 6.2.1-д зааснаар шилэн кабель утсыг тасалж гэмтээсэн гуравдагч этгээд болох ******* ОНӨААТҮГ-ын ажилтнуудын үйлдлээс учирсан гэм хор даатгалын эрсдэлд хамаарч байна.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.
Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө. гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь буруутай этгээд болох хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас нөхөн төлбөрт олгогдсон 2,082,007.49 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэмтэл сааталтай холбоотой хохирлын тооцооллын хүснэгтэн баримтанд ...Гэмтэл дээр авсан арга хэмжээ: 2023 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20:05-д цагт NOC TRX хэсгээс ярьж UMG_Dalanzadgad_MTC-UMG_Dalanzadgad_NisehBag сайтын хооронд хяналтгүй болсон талаар мэдэгдсэн. Шилэн кабелийн трассын дагуу шалгаж үзэхэд Даланзадгад сумын Дулаан хангамжийн орон нутгийн өмчит компани нь шинээр бохир усны шугам хийж газар шорооны ажил гүйцэтгэж байгаад Нисэх хорооллын 4 гудманд Нетком сувагчлалын хамт шилэн кабелийг тасалсан байна. Неткомын хоёр худгийн хооронд шинээр120 м кабель татаж оруулга оруулан 2 муфть хийж залган 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 23:30-д сүлжээг сэргээж NOC дамжуулахын инженер ярьж шилэн кабелийн дамжуулахын түвшинг шалгуулахад хэвийн болсон байна. Гэмтсэн хөрөнгийн шууд материалын тооцооны хүснэгтэд шилэн кабель 24 кор 363,440.4 төгрөг, муфть 48 кор 1,067,311.26 төгрөг, шилэн кабелийн залгааны машины электрод зарцуулалтын төлбөр /залгааны тоогоор/ 533,655.63 төгрөг, гэмтэл саатал сэргээн засварлахтай холбоотой ажлын хөлс, тээврийн зардал 117,600.2 төгрөг, нийт 2,082,007.49 төгрөг (хавтаст хэргийн 17 дахь тал) гэсэн нотлох баримт авагдсан байх тул нотлох баримтгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасны дагуу хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас 2,082,007.49 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 313/ШШ2026/00877 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА