| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1633/Э |
| Дугаар | 1755 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
иргэдийн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-т холбогдох эрүүгийн 1906 05182 2128 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Д, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ”Таван дорж” ХХК-д хамгаалагч ажилтай гэх, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар хэсэг гудамж 10 дугаар байр 3-10 тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 512 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 287 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж бүгд 3 жилийн хорих ялаар шийтгэж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өршөөлийн хуулийн 2 дугаар зүйлд заасныг эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан,
Шүүгдэгч О.Д нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ганцын задгай” тоотод хохирогч Д.Батбаатарын толгойн тус газарт алхыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.
Хохирогч Д.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Шөнийн 4 цагийн үед Оюунтүлхүүр намайг сэрээгээд “Д гадаа ирээд гэрийн хаалга нүдээд байна” гээд хаалга онгойлгоход Д нь “та нар яасан жаргалтай байгаа юм бэ, би эхнэртээ дээрэлхүүлээд байж байдаг, би бага охиноо авна” гээд Оюунтүлхүүр “одоо өгөхгүй” гээд “эрүүл болоод ирээ” гэж хэлсэн. Оюунтүлхүүр, Д хоёр руу очсон чинь гэрийн зүүн талд байсан канистартай усан дээр байсан модон иштэй алхыг аваад миний толгойн баруун дээд хэсэгт 4-5 удаа цохьсон, мөн зүүн талын бүсэлхий хэсэгт алхаар цохьсон. Намайг багалзуурдаж аваад цохиод байсан бөгөөд зарим цохилтыг нь гараараа хаасан. Миний гавлын яс цуурсан гэж хэлж байсан. Дээрх гэмтлийг Д гэгч надад учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/;
Гэрч И.Оюунтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнө миний салсан нөхөр болох О.Д нь 04 цагийн үед миний гар утас руу залгасан. Удалгүй манай гэрийн гадаа машинтайгаа ирээд хашааны хаалга нүдээд байсан би гараад очиход “чи утсаа авахгүй хэн бэ, янхан” гэх мэтээр намайг доромжлоод байсан, тэгээд бага охин болох Оюун-Эрдэнийг авна гээд байсан. “Чи маргааш ир” гэхэд “үгүй, би хүүхдээ авна,...би наад лалрыг чинь алаад шоронд явна” гээд гэрийн үүдэнд зогсоод байсан манай гэрийн үүдэнд байсан модон иштэй төмөр алх аваад манай нөхөр рүү дайрсан, би болиоч хүн аллаа гээд араас нь татахад манай нөхрийн толгой руу 5-6 удаа цохьсон. ...Сүх аваад дахиад цохих гээд байсан, би том охин Оюундэлгэртэй хамт сүхийг нь гараас нь салгаж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/;
Насанд хүрээгүй гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэрийн хаалга хүн нүдээд байсан. “Гэрийн гадаа гарч ирэхгүй бол гэртэй чинь шатаана шүү” гэж миний төрсөн аав Д орилох шиг болсон. ...хойд аав Батбаатар тэр 2 руу очсон чинь аав Д “чи илүү шүү” гэж хэлээд гэрийн зүүн талд байсан усны саван дээр байсан модон иштэй алхыг аваад шууд толгой руу зодож эхэлсэн. Батбаатарын толгойноос их цус гараад гэрээс гарчихсан. Аав Д хойд аав Батбаатарын толгой руу 4-5 удаа алхаар цохьсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/;
Яллагдагч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би нэлээн согтчихоод Оюунтүлхүүртэй уулзаж охин Оюун-Эрдэнийг авах санаатай гэр рүү нь орох гэхэд гэрийнх нь хаалга түгжээтэй байсан, тэгэхээр нь би хаалгыг нь нүдсээр байгаад онгойлгож орсон. Батбаатар надад хандан “Миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд надтай зууралдаж эхэлсэн бөгөөд хамт гэрийн дотор хэсэгт зүүн урд хэсэгт газар унасан, би усны саван дээрээс нэг юм аваад Батбаатарын толгой руу нэгээс хоёр удаа цохисон. Би гартаа юу барьснаа харсан чинь жижиг модон иштэй алх барьчихсан байсан. Батбаатарын биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Уучлалт гуйж хохирлоо барагдуулахаар ярилцсан байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр тал/;
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10199 дүгээр:
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1229 дүгээр:
иргэн Д.Батбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дүгээр тал/, шүүгдэгч О.Дын цахим үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хорооны тодорхойлолт, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61-69, 80 дугаар тал/, зөрчил гаргасан баримт /хх-ийн 74-79 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-84 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Д нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ганцын задгай” тоотод хохирогч Д.Батбаатарын толгойн тус газарт алхаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Шөнийн 4 цагийн үед Оюунтүлхүүр намайг сэрээгээд “Д гадаа ирээд гэрийн хаалга нүдээд байна” гээд хаалга онгойлгоход Д нь “та нар яасан жаргалтай байгаа юм бэ” би эхнэртээ дээрэлхүүлээд байж байдаг, би бага охиноо авна” гээд Оюунтүлхүүр “одоо өгөхгүй” гээд “эрүүл болоод ирээ” гэж хэлсэн. Оюунтүлхүүр, Д хоёр руу очсон чинь гэрийн зүүн талд байсан канистартай усан дээр байсан модон иштэй алхыг аваад миний толгойн баруун дээд хэсэгт 4-5 удаа цохьсон, мөн зүүн талын бүсэлхий хэсэгт алхаар цохьсон. Намайг багалзуурдаж аваад цохиод байсан бөгөөд зарим цохилтыг нь гараараа хаасан. Миний гавлын яс цуурсан гэж хэлж байсан. Дээрх гэмтлийг Д гэгч надад учруулсан..." гэх /хх 20-23/,
Мөн гэрч И.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнө миний салсан нөхөр болох О.Д нь 04 цагийн үед миний гар утас руу залгасан. Удалгүй манай гэрийн гадаа машинтайгаа ирээд хашааны хаалга нүдээд байсан би гараад очиход “чи утсаа авахгүй хэн бэ, янхан” гэх мэтээр намайг доромжлоод байсан, тэгээд “бага охин болох Оюун-Эрдэнийг авна” гээд байсан. “Чи маргааш ир” гэхэд үгүй, би хүүхдээ авна, би наад лалрыг чинь алаад шоронд явна” гээд гэрийн үүдэнд зогсоод байсан манай гэрийн үүдэнд байсан модон иштэй төмөр алх аваад манай нөхөр рүү дайрсан” би болиоч хүн аллаа гээд араас нь татахад манай нөхрийн толгой руу 5-6 удаа цохьсон...Сүх аваад дахиад цохих гээд байсан би том охин Оюундэлгэртэй хамт сүхийг нь гараас нь салгаж авсан..." гэх /хх 24-25/;
Насанд хүрээгүй гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...гэрийн хаалга хүн нүдээд байсан. “Гэрийн гадаа гарч ирэхгүй бол гэртэй чинь шатаана шүү” гэж миний төрсөн аав Д орилох шиг болсон, ...хойд аав Батбаатар тэр 2 руу очсон чинь аав Д чи илүү шүү гэж хэлээд гэрийн зүүн талд байсан усны саван дээр байсан модон иштэй алхыг аваад шууд толгой руу зодож эхэлсэн. Батбаатарын толгойноос их цус гараад гэрээс гарчихсан. Аав Д хойд аав Батбаатарын толгой руу 4-5 удаа алхаар цохьсон..." гэх /хх 27-28/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10199 дүгээр дүгнэлт /хх 34/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1229 дүгээр дүгнэлт /хх 38-40/, иргэн Д.Батбаатарын цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тэмдэглэл /хх 5/, эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-19 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Д-ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батбаатар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 374.743 төгрөгийн хохирол учирсан талаар баримт гаргаж өгсөн, хавтаст хэргийн материалтай танилцаад “Надад гомдол санал байхгүй” гэжээ. Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би шүүх хуралдаанд оролцохгүй, миний гомдол санал барагдсан, нэхэмжлэх зүйлгүй” гэж тайлбар өгч “Эмчилгээний төлбөр болох 400.000 авсан. Би гомдолгүй” гэсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.
Хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар /хх-ийн 88-89 дүгээр тал/ хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 374.743 төгрөгийг зарцуулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.Д нь хохирогчид гэм хорын хохиролд 400.000 төгрөг төлсөн, хохирогч шүүхэд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч О.Д-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчийн салсан эхнэрийн гэрт очин нөхөр болох Д.Батбаатартай маргалдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг модон иштэй алхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Д-ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар О.Д-т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Д-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон иштэй алхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Д-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Т.ШИНЭБАЯР