| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2025/00236/И |
| Дугаар | 208/МА2026/00029 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 208/МА2026/00029
| 2026 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 208/МА2026/00029 |
Л.Н******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 150/ШШ2026/00084 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.Н******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн зөрүү 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” тухай
Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
“...Худалдан авах ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтнээр 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр томилогдсон бөгөөд улмаар тус хэлтсийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр томилогдсон. Энэхүү Худалдан авах ажиллагааны хэлтсийн дээрх 2 орон тооны чиг үүрэгт хамаарах ажлыг зэрэг гүйцэтгэн ачаалал ихтэй ажиллаж боловч би өөрийн хариуцсан ажлаа цаг хугацаанд нь хариуцлагатай, шударгаар гүйцэтгэж ирсэн Тус компанид ажилласан 6 сарын хугацаанд намайг Гүйцэтгэх захирлын тушаалаар Ахлах мэргэжилтний орон тоонд туршилтаар болон жинхлэн, хэлтсийн даргын орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон боловч аль аль ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээгүйг далимдуулан хууль ёсны хамгаалалтгүй, тогтворгүй нөхцөлд оруулж. ...Гэтэл хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо ахлах мэргэжилтний ажил үүргээс чөлөөлөөгүй давхар хөдөлмөр эрхлүүлж байсан.
Гүйцэтгэх захирлын 20** оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1-д “хэлтсийн даргын түр орон тоонд сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл хугацаанд буюу 20**оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэх ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ХААХ-ийн Ахлах мэргэжилтэн Л.Н******* г томилсугай”, гэсэн бол Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1-д “тус компанийн ХААХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Н******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул талууд хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэсэн байна. Энэхүү тушаалаар хэлтсийн даргын үүрэг орлон гүйцэтгэгчээр томилогдсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан, Ахлах мэргэжилтний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй.
Ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж өгсөн тухайн үед миний бие өөрийн хүсэлтээр бичиж өгсөн хэдий ч уг өргөдөл нь сэтгэл санааны дарамтад орж, айдастай нөхцөлд үйлдэгдсэн, сайн дурын, жинхэнэ хүсэл биш байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д ...зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох үндэслэл гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д, 43.2.4-д, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд тус тус зөрчиж намайг сэтгэл санаа, эрүүл мэндийн хэвийн бус нөхцөлд оруулсны улмаас өргөдөл бичиж өгөхөд хүргэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26 1, 24 дүгээр зүйлийн 24 1, 25.1-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 154.3-д, Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийн 3.4-д заасан. Комиссын хурлын тэмдэглэлийг баталгаажуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 шийдвэрлэгдсэн, эсвэл 154.5-д маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дүгээр зүйлийн 154.4-д хөдөлмөрийн эрхийн маргаан дуусгавар болохыг заасан. Л.Н******* миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч Л.Н******* тай ажил олгогчийн зүгээс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахаар Хүний нөөцийн хэлтсийн ажилтан гэрээний төслийг өөрийн биеэр өгсөн боловч “танилцаад хэлнэ, түр хүлээж бай” гэх шалтгаан хэлээд гарын үсэг зурж хүний нөөцийн ажилтанд хүлээлгэн өгөөгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулагдаагүй байсан ч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх зохицуулалттай бөгөөд Л.Н******* нь ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байх үедээ цалин хөлстэй холбоотой аливаа маргаан үүсгэж байгаагүй болно.
Мөн Хөдөлмөрийн гэрээний 1 стандарт төслийг гүйцэтгэх захирлын тушаалаар баталдаг бөгөөд тухайн гэрээний нөхцөлүүд өөрчлөгддөггүй болно. ... Дээрх тохиолдлын хувьд ажлаас халагдсан бус ажилтны өөрийн ажлаас гарах тухай хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн учир ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. ... Нэхэмжлэгч Л.Н******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан, ажил олгогч нь уг хүсэлтийг хүлээн авч хөдөлмөрийн гэрээг хууль ёсны дагуу дуусгавар болгосон. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн хуулийн заасны дагуу цалингаа авч байсан бөгөөд давхардуулан цалин нэхэмжлэх нь үндэслэлгүй. Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлэх үүргээ гүйцэтгэсэн боловч ажилтны зүгээс гэрээнд гарын үсэг зурж өгөлгүй татгалзсан хэдий боловч ажилласан хугацааны цалин хөлс, олгогдож, хуулийн дагуу суутгах татвар, шимтгэл хуульд заасан хувь хэмжээгээр суутгагдаж, төлөгдсөн. Иймд нэхэмжлэгч Л.Н*******гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 150/ШШ2026/00084 дугаартай шийдвэрээр:
Нэхэмжлэгч Л.Н******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* Шохой” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан, ...давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.Н******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрч байгаа хэсэг нь намайг ахлах мэргэжилтний ажил албан тушаалд томилсон. ... ахлах мэргэжилтнээр хууль бусаар халсан байна гэж шийдвэрлэсэн мөртлөө ажилгүйдлийн нөхөн олговрыг олгохгүйгээр шийдвэрлэсэн нь миний хувьд ойлгомжгүй байдал үүсгээд байна. Шүүхийн шийдвэрт нотлох баримт хангалтгүй гэсэн. Миний хувьд ажилгүйдлийн нөхөн олговрыг тооцоход шаардлагатай нотлох баримтуудыг хангалттайгаар бүрдүүлж өгсөн. Ажиллаж байх хугацааны цалингийн тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн тэтгэмжийг тогтоолгохдоо өмнө нь ажиллаж байсан 3 сарын цалингийн дунджаар тооцдог. ...Дахин баримт шаардлагатай гэвэл ажил олгогчоос гарах шаардлагатай баримтууд дутуу байсан юм болов уу. Үүнийг надад хамааруулж шийдвэрлэсэнд нь гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ... “******* *******” ХХК-ийн тушаалуудыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулахыг даалгах, миний ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, давхар ажил эрхэлж байсан хэлтсийн даргын цалинг гаргуулахыг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр ахлах мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр дээр өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс маргалдах зүйл байхгүй. Анхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэхэд шийдвэрлээгүй. Хамгийн гол нь нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын талаар анхан шатны шүүх ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...Өнөөдрийн байдлаар манай үйлчлүүлэгч 248 хоног цалингүй байсан. 4,000,000 төгрөгөөр тооцоход 47,387,825 төгрөгийн цалинг нөхөн олговроор олгоно гэж тооцсон. Үүнийг шийдэж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 2 дахь хэсэгт хэд хэдэн ажил гүйцэтгэх талаар зохицуулсан боловч хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй учир энэ нь ойлгомжгүй байдаг. Цалин хөлс 4,000,000 төгрөгөөр тооцож явсан нь харагддаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...******* ******* ХХК-ны Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шийдвэр гаргасанд манай зүгээс шүүх бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.
Тодруулбал нэхэмжлэгч Л.Н******* гийн өөрийн биеэр гаргасан хүсэлт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 дэх заалт, 79.1.дэх хэсгийг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн дугаартай тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Н******* г ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуулийн дагуу дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Л.Н******* тай ажил олгогчийн зүгээс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар Хүний нөөцийн хэлтсийн ажилтан гэрээний төслийг өөрийн биеэр өгсөн боловч “танилцаад хэлнэ, түр хүлээж бай” гэх шалтгаан хэлээд гарын үсэг зурж хүний нөөцийн мэргэжилтэнд өгөөгүй байна. Мөн Л.Н******* нь 2025 оны 05 дугаар сарын 06- ны өдөр “******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б өгсөн хүсэлтдээ Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын тур орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаагаа тодотгож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байгаагаа тодорхой дурдсан байгаа нь манай зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тоот дугаартай тушаал хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Л.Н******* өөрийн хүсэл зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулах хүсэлт гаргаж, өргөдлөө өгсөн хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон...” гэж тайлбар гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг бодитой дүгнэн хэлэлцээгүй. ... Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 150/ШШ2026/00084 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тус тус гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй нэхэмжлэгч Л.Н******* гийн гомдолтой “******* *******” ХХК-нд холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.
3.Анхан шатны шүүхээс гомдол гаргагч Л.Н******* нь “******* Шохой” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж байсныг “******* Шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Л.Н******* г ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар Л.Н******* г хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас нь чөлөөлсөн, харин тус хэлтсийн ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлөөгүй гэж дүгнэн ахлах мэргэжилтний ажилд эргүүлэн томилсон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Хэдийгээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй боловч анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Л.Н******* нь “******* *******” ХХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдлыг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн зөрүү 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай таван шаардлага бүхий гомдол гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
5.Хэргийн үйл баримтын талаар:
Гомдол гаргагч Л.Н******* нь “******* *******” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар Худалдан авах ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаад мөн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тоот тушаалаар дээрх хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр сул орон тоонд сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэлх хугацаанд томилсон байна.
Түүнчлэн тус компанийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалаар Л.Н******* гийн ахлах мэргэжилтнээр ажиллах туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг 2 сараар сунгаж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн ахлах мэргэжилтний ажилд жинхлэн томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг Хүний нөөцийн хэлтсийн даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс “....нэхэмжлэгч Л.Н******* г Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3 болон бусад холбогдох хуулийн заалт дүрмийг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон, уг санаачилгыг ажилтан гаргасан буюу ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тушаалаар зөвхөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн, харин ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
7.Мөн “...нэхэмжлэгч Л.Н******* гийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтэд “....хөдөлмөрлөх эрхээр хангагдаж ажиллах боломжгүй байгаа тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа” гэх тухайгаа илэрхийлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож өгөх хүсэлт гаргасныг зөвхөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, тус компанийн тушаал нь ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн агуулгагүй гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:
78.1.1.талууд харилцан тохиролцсон....
78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж,
79 дүгээр зүйлийн 79.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Л.Н******* гаас “...Миний бие тус компани хүний эрхийн мэдрэмжгүй, зохион байгуулалтгүй, замбараагүй, шударга бус захиргааны удирдлагын улмаас үүрэгт ажлаа хэвийн шуурхай зохион байгуулж ажиллахад хүндрэлтэй, хөдөлмөрлөх эрхээр хангагдаж ажиллах боломжгүй байгаа тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Иймд миний хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулж өгч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож өгнө үү” гэж гаргасан хүсэлтэд давж заалдах шатны шүүхээс дараах эрх зүйн дүгнэлтийг өгөв.
Нэхэмжлэгч Л.Н******* нь тус компани Худалдан авах ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр жинхлэн ажиллах байх хугацаандаа тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан боловч компаний захиргааны удирдлагын багтай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу ажилтны санаачилгаар цуцлах санаачилгыг гаргасан гэж дүгнэв.
8.Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...Л.Н******* өөрийн хүсэл зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаж, өргөдлөө өгсөн хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байхад энэ байдлыг бүрэн дүүрэн хэлэлцэж шийдвэрлээгүй....” гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасан ажил олгогчийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг, 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцохоор заасан хуулийн зохицуулалтуудыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын огноо дугаарлалт зөрснийг техникийн шинжтэй алдаа гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож өгөх тухай хүсэлтээ удирдлагын багийн шахалт дарамтанд орж гаргасан гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч энэ байдал нотлогдоогүй, тухайн өдрийн удирдлагын багийн хооронд үл ойлголцол үүсэж гүйцэтгэх захирлын зүгээс түүнийг загнаж, хашхичсан гэх боловч түүнийг ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргахаас өөр боломжгүй нөхцөл байдалд оруулсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурьдав.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогчоос нэхэмжлэгч Л.Н*******г дарамталсан, удирдах албан тушаалтны зүй бус байдал үүсгэсэн гэх үйл баримт нотлогдоогүй тул ажил олгогчийн шийдвэр нь зөвхөн даргын үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлсөн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* буюу А/333 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзсэн.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн зөрүү 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах хууль зүйн боломжгүй болно.
Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийгээгүй болохыг дурьдаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх шаардлагуудаас татгалзаагүй байхад татгалзсан талаар шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй болохыг дурьдав.
9.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдол гаргагч Л.Н******* гийн хариуцагч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн зөрүү 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 150/ШШ2026/00084 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ““******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 20** оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн зөрүү 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ