Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1739

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар Д.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04916 2463 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Б, 1971 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, Дундговь аймгийн Хулд сумын “Хулд” жоншны уурхайд ажилладаг, ам бүл 4, Эхнэр хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4 дүгээр байр, 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Бүрэнцогт /Burenchaogetu/-той бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” нэртэй хятад хоолны газрын үүдэнд иргэн Э.Боллдтой маргалдаж, улмаар цохих, зууралдах, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Болд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Лян Хө” ресторанаас гараад үүдэнд нь найз Мөнхгэрэлтэй тамхи татах асуудлаас болж цүнхийг нь булаацалдаад байж байхад ”Лян Хө” ресторанаас үл таних 2 эрэгтэй хүн гарч ирээд саарал цамцтай, өндөр биетэй залуу нь шууд хүрч ирээд миний шанаа хэсэг рүү гараараа цохьсон. Тэр үед уг залуутай зууралдаж аваад шат руу унасан. Шат руу унаад босож ирэх гэтэл үл таних 2 залуу хоёулаа нийлж байгаад миний толгой, цээж хэсэг рүү дэвсэж, өшиглөсөн. Намайг зодоод байхаар нь би босоод машин зам руу зугтаасан. Тэгсэн чинь миний араас хөөж ирээд намайг барьж аваад дахин хоёулаа нийлж зодсон. Хамгийн сүүлд зүгээр зогсож байхад хар цамцтай, намхан биетэй нь намайг цохиж газар унагаагаад, дахиад миний хөл, цээж хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Энэ үед цагдаа нар ирээд юу болсон талаар тодруулаад байж байхад өндөр саарал цамцтай анх намайг цохиж авсан залуу дахин миний нүүр, гэдэс рүү цохиж өшиглөсөн. Миний толгой битүү хавдартай байна. Бас нуруу, цээж хөндүүртэй амьсгалж чадахгүй байна. Баруун хөлийн шилбэ хэсэг халцарсан байна..." гэх мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Н.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би найз Болдтой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Лян Хө” нэртэй Хятад хоолны газар орж үйлчлүүлсэн. Орж үйлчлүүлчихээд гараад бид 2 уг хоолны газрын үүдэнд тамхи татах, татахгүй асуудлаас болж хоорондоо жаахан маргалдаад, миний цүнхийг бид 2 зууралдаад байж байхад уг хоолны газар үл таних 2 согтуу, эрэгтэй хүн гарч ирээд “Энд юу болоод байна” гэж хэлээд саарал цамцтай, өндөр биетэй залуу нь Болдын шанаа руу нь цохиод авсан. Болд уг хүнтэй барьцалдаж аваад нэг нэгнийгээ түлхэлцэж, заамдаж явж байгаад шат руу хальтраад хоёулаа унасан. Тэгээд газар унасан хойно нь 2 дахь буюу хар цамцтай залуу нь гүйж очоод Болдыг хоёулаа нийлж байгаад газар толгойгоор нь савж унагаасан. Тэгсэн Болд газар нэг хэсэг хэвтэж байгаад босож ирээд “Би Хятад хүмүүст дээрэлхүүлэхгүй” гээд орилоод босоод ирсэн. Босож ирээд машин зам руу гүйсэн. Гүйхдээ “Туслаарай, Монгол хүнийг Хятадууд зодоод байна” гэж орилоод гүйсэн. Би араас нь гүйж очих гээд байж байхад араас нь нөгөө саарал цамцтай хүн Болд дээр очоод дахиж өшиглөж аваад газар хэвтүүлээд дээрээс нь цохиод байсан. Ингээд дээр доороо орсон. Тэр үед хар хувцастай хүн “Наадахыг чинь алаад хаячихъя” гэж хэлээд гүйгээд ирэхээр нь би “Тэгж болохгүй, наад хүн чинь эмчийн хяналтанд байгаа” гэж хэлээд гуйсан чинь хар цамцтай залуу Болд дээр очоогүй...” гэх мэдүүлэг /хх 23/,

Гэрч Ж.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үл таних эрэгтэй хүн болон Бадамаа, Бүрэн нар хоорондоо маргалдаж, ноцолдож байсан. Яг хэн хэн, хаана цохьсон эсэхийг бол хараагүй. 103 ирэх хооронд үл таних эрэгтэй болон Бадамаа, Бүрэн нар хоорондоо цохилцож, ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Ш.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дуудлагын дагуу яваад очиход үл таних эмэгтэй шатны уруу унасан, бөөлжсөн байдалтай байж байсан. Тэр шатны уруу унасан эмэгтэйн хажууд Өвөрмонгол залуу зогсож байсан. Бас цээж нүцгэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2 нүдний цөцгий нь улайсан, нэг залуу орилж чарлаад, хүнд зодуулсан байдалтай байж байсан. Ингээд болсон асуудлын талаар хэн хэнээс нь асуугаад зогсож байхад Өвөрмонгол залуу нь цээж нүцгэн залуугийн зүүн нүд орчим гараараа нэг удаа цохьсон. Цээж нүцгэн залуу нь газар унаад босохгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх 30/,

Гэрч Б.Баатарцэнд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2 Монгол залуу хоорондоо нэг нэгнийгээ цохиж аваад, зууралдаад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа ирээд байж байхад саарал цамцтай залуутай хамт байж байсан Хятад залуу Монгол залуугийн нүүр хэсэг рүү маш хүчтэй цохьсон. Эргээд харахад Монгол залуу газар унасан, цагдаа нар Хятад залууг “Яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 31-32/,

Гэрч С.Сулушаш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг Монгол залуу Хятад хүнтэй хамь явж байсан. Монгол залуу болон Хятад залуу хоёр хоёулаа цохьсон. Би уг хүмүүс цохиж байхыг харсан. Хятад залуу цагдаа нар ирсэн байхад Монгол залууг цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Болдыг барьж аваад нэг удаа шанаан тус газар нь цохитол хойшоо уначихсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл уучихсан байсан учир зарим зүйлээ сайн санахгүй байна. Болдыг 4-5 удаа цохьсон. Би шанаан тус газар нь нэг удаа цохьсон. Газар уначихсан байж байх үед бөгсөн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 55-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10216 тоот дүгнэлтэд: 

1. Э.Болдын биед зүүн талын 7 дугаар хавирганы хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн талын чулуулаг, баруун тохой, цээж, баруун шуу, бугуй, баруун мөрөнд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, уруулын салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1307 тоот дүгнэлтэд: 

1. Э.Болдын биед зүүн талын 7 дугаар хавирганы хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн талын чулуулаг, баруун тохой, цээж, баруун шуу, бугуй, баруун мөрөнд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, уруулын салстад цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад “зүүн чихний дэлбэн, зүүн талын чулуулаг, баруун тохой, цээж, баруун шуу, бугуй, баруун мөрөнд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, уруулын салстад цус хуралт” гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 44-45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Бүрэнцогт /Burenchaogetu/-той бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” нэртэй хятад хоолны газрын үүдэнд иргэн Э.Боллдтой маргалдаж, улмаар цохих, зууралдах, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Болдын: “...”Лян Хө” ресторанаас гараад үүдэнд нь найз Мөнхгэрэлтэй тамхи татах асуудлаас болж цүнхийг нь булаацалдаад байж байхад ”Лян Хө” ресторанаас үл таних 2 эрэгтэй хүн гарч ирээд саарал цамцтай, өндөр биетэй залуу нь шууд хүрч ирээд миний шанаа хэсэг рүү гараараа цохьсон. Тэр үед уг залуутай зууралдаж аваад шат руу унасан. Шат руу унаад босож ирэх гэтэл үл таних 2 залуу хоёулаа нийлж байгаад миний толгой, цээж хэсэг рүү дэвсэж, өшиглөсөн. " гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Мөнхгэрэлийн: “...би найз Болдтой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Лян Хө” нэртэй Хятад хоолны газар орж үйлчлүүлсэн. Орж үйлчлүүлчихээд гараад бид 2 уг хоолны газрын үүдэнд тамхи татах, татахгүй асуудлаас болж хоорондоо жаахан маргалдаад, миний цүнхийг бид 2 зууралдаад байж байхад уг хоолны газар үл таних 2 согтуу, эрэгтэй хүн гарч ирээд “Энд юу болоод байна” гэж хэлээд саарал цамцтай, өндөр биетэй залуу нь Болдын шанаа руу нь цохиод авсан. Болд уг хүнтэй барьцалдаж аваад нэг нэгнийгээ түлхэлцэж, заамдаж явж байгаад шат руу хальтраад хоёулаа унасан. Тэгээд газар унасан хойно нь 2 дахь буюу хар цамцтай залуу нь гүйж очоод Болдыг хоёулаа нийлж байгаад газар толгойгоор нь савж унагаасан....” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  буюу бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Болд нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Бид хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР