Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2026/00028

 

И.Б******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч И.Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.С*******, В.А******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,070,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгч И.Б******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Б*******, хариуцагч В.А******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй И.Б******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч И.Б******* нь хариуцагч Ц.С*******, В.А******* нарт холбогдуулан “Б******* дүүргийн ** дүгээр хороонд зам дагуу байрлах 26м квадрат п******* түрээсэлсэн түрээс 3,000,000 төгрөг, замын зардал 150,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “бид байр түрээсэлнэ гэж тохироогүй, И.Б******* намайг үнэгүй түр сууж бай гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Тэгээд би сууж ногоо зарах санаатай 3 хоног суусан боловч маш хүйтэн, хүн суухын аргагүй байсан тул ханиад хүрч Зүүнхараа явж эмнэлэгт хэвтсэн. Тэгэхээр 3 хоног суусан, ирж очсон зардлыг нь бодож 500,000 төгрөг өгч болно” гэжээ.

4.Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан бага үнийн дүнтэй нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан.

Өөрөөр хэлбэл Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах” тухай хуульд тухайлан заасан нэхэмжлэлд нэхэмжлэгч И.Б******* гаргасан нэхэмжлэл хамаарч байна.

-Мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-д “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ” гэж заасан байхад дээрх ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 8 сарын дараа гардуулан, эрх үүргийг тусгайлсан журмаар тайлбарласан,

-Мөн хуулийн 757-д дугаар зүйлийн 757.-д “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж зааснаар уг хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн нь тодорхойгүй атлаа шүүхийн шийдвэрт ердийн журмаар хянан хэлэлцэх хуулийн зохицуулалтуудыг удирдлага болгон баримталсан,

-Мөн хуулийн 759.2-д “Энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана” гэж заасан атал уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, шийдвэр нь ердийн журмын бүтэцтэй гарсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр өөр журмыг хольж шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа байна.

5.Анхан шатны шүүх тусгайлсан болон ердийн журмыг хольж хэрэглэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Цаашид анхан шатны шүүх нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан болон ердийн журмаар шийдвэрлэх эсэх талаар зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай байгааг анхааруулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 67,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.        

 

 

                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.ДАВААРЕНЧИН 

 

                                                   ШҮҮГЧИД                         Г.МЯГМАРСҮРЭН

 

                                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ