Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00362

 

П.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02542 дугаар шийдвэр,    

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2389 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: П.Э

          Хариуцагч:  У холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-01-07-ны өдрөөс УБТЗ ХНН-ийн Зорчигч үйлчилгээний төвийн Тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017-04-07-ны өдөр Б-I-101 тоот дугаартай УБТЗ-ын даргын тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нэрийдлээр П.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллах хугацаандаа  ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж  байгаагүй. УБТЗ-ын даргын А-71 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулахдаа Зорчигч үйлчилгээний төвийг Зорчигч тээврийн алба болгон өөрчилсөн. Ингэхдээ П.Эын эрхэлж байсан тээш худалдааны байцаагчийн албан тушаал нь худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагч болж өөрчлөгдсөн, уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолт нь П.Эын эрхэлж байсан ажилтай нэг чиг үүрэгтэй байсан.  Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.426.900 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч өмнө нь Тээш худалдааны төвийн худалдааны асуудал хариуцсан байцаагч байсан. Замын даргын 2016-01-06-ны А-05 тоот Бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай тушаалаар Зорчигч үйлчилгээний албыг татан буулгаж, шинээр бие даасан баланстай Зорчигч үйлчилгээний төв болгон өөрчлөн зохион байгуулсан. Уг байгууллагын харьяанд Тасалбарын төв, Зорчигч үйлчилгээний буудал, Улаанбаатар дахь вагон депо, Зэхэлт бэлтгэлийн контор, Тээш худалдааны төв, Нийтийн хоолны төв зэрэг 6 бие даасан баланстай байгууллагыг оруулсан. Зорчигч үйлчилгээний төвийн харьяанд Тээш худалдааны төв болон Нийтийн хоолны төв шилжсэнээр тэдгээр байгууллагын харьяа худалдаа, үйлчилгээ эрхэлдэг төв орон нутгийн харьяа бүх сүлжээ дэлгүүрүүд, талх нарийн боовны цех, вокзалын ресторанууд, вагон ресторан, буфет, ажилчдын цайны газрууд харьяалагдах болсон. Үүнтэй холбоотойгоор Зорчигч үйлчилгээний төвд Тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн орон тоог шинээр бий болгож, Замын даргын 2016-01-27-ны өдрийн Б-1-19 тоот тушаалаар П.Эыг Зорчигч үйлчилгээний төвд Тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчаар томилсон. Худалдааны төвийг Худалдаа үйлчилгээний алба болгон бие даасан баланстайгаар өөрчлөн байгуулсантай холбоотойгоор П.Эын Тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу хасагдсан. Орон тоо хасагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, Замын даргын 2017 оны А-71 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бөгөөд Замын дарга нь УБТЗ-ын бүтэц зохион байгуулалтыг батлах эрх бүхий ерөнхий хорооноос олгогдсон эрх хэмжээний дагуу буюу 2009 оны 4 тоот протоколоор орон тоо батлах, салбар нэгжийг байгуулах, татан буулгах эрх хэмжээг замын даргад олгосон байдаг. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалын үндэслэлд дээрх ерөнхий хорооны хурлын тэмдэглэлийг үндэслэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Зорчигч үйлчилгээний төв нь 26 орон тоотой байсан бол зохион байгуулалтын өөрчлөлтөөр Зорчигч тээврийн алба нь 23 орон тоотой болж өөрчлөгдсөн, бөөнөөр халаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй. П.Эад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу түүнд 2017-03 -07-ны өдөр мэдэгдэл гардуулж, 2017-4-4-ний өдрийн Б-1-101 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, П.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017-04- 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02542 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Эыг УБТЗ ХНН-ийн тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УБТЗ ХНН-ээс 7 279 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 147 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар П.Эыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч УБТЗ ХНН-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 131 426 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2389 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02542 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эыг “УБТЗ” ХНН-ийн тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 7 426 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Эад олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж тус тус дугаарлан, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “131 426” гэснийг “133 780” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалын хянавал хэсэгт: “Хуулийн этгээдийн үйл ажиллагаа ... эрх, үүрэг нь бусдад залгамжлагдан шилжихгүйгээр дуусгавар болохыг татан буулгах гэж Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зохицуулагджээ. Татан буугдах нь хуулийн этгээд болох аж ахуйн нэгж байгууллага эсхүл аж ахуйн нэгж байгууллагын зохион байгуулалтын тодорхой нэг хэсэг нэгж, салбар татан буугддаг байна.” гэжээ. Иргэний хуулийн 32 дугаар зүйл нь зөвхөн хуулийн этгээдийг татан буулгах тухай ойлголтод хамаарах атал шүүх санаачлагаар байгууллагын зохион байгуулалтын нэгж, салбар татан буугдахад мөн хамаарна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т: “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. УБТЗ ХНН-ийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, 2017-02- 24-ний А-71 дугаартай тушаалаар УБТЗ-ын нэг нэгж болох Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, өөртөө 6 бие даасан санхүүгийн тайлан баланстай нэгжийг харьяалуулан үйл ажиллагаа явуулж байсан, худалдаа, үйлчилгээ, тээш, тасалбар түгээх үйл ажиллагаа болон зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байсан бие даасан баланстай аж ахуйн нэгжийг татан буулгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа бүтцийн өөрчлөлт хийсэн А-71 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар огт маргаагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээгүй гэж маргаагүй, өөрчлөлт болсныг няцаадаггүй атлаа өөрийнх нь ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон болохыг няцаагаагүй, нотлоогүй атлаа тээш худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Үүнийг нь шүүх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна гэж дүгнээд, өөрөөр хэлбэл, тухайн ажлын байр байхгүй болсон байна гэж дүгнэчхээд өөрийн дүгнэлтээс зөрүүтэйгээр байхгүй ажлын байран дээр эгүүлэн тогтоосон шийдвэр гаргаж буй нь нотлох баримтыг бүх талаас нь үнэн зөв үнэлээгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. Хэрэгт авагдсан УБТЗ-ын даргын А-71 тоот тушаал, А-95 тоот тушаал, Зорчигч тээврийн албаны орон тоо гэсэн баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Зорчигч үйлчилгээний төв татан буугдсан болох нь, шинээр Зорчигч тээврийн алба байгуулагдсан болох нь, мөн шинээр байгуулагдсан албанд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажлын байр, орон тоо, ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон нь тус тус тогтоогддог. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, УБТЗ-ын тэс өөр чиг үүрэг бүхий худалдаа үйлчилгээний байгууллага болох Худалдаа үйлчилгээний албанд байгаа худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажлын байрыг нэхэмжлэгчийн ажлын байрны үндсэн чиг үүрэгтэй адил байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ ямар ямар чиг үүрэг нь адил байгааг тодорхойлоогүй байгаа нь үндэслэлгүй болохыг нь харуулж байна. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын үйл ажиллагааны 2,3,4, 5, 6,7,8,9,11,13,15-д заасныг үзвэл нэхэмжлэгч нь олон улс болон орон нутгийн галт тэргэнд, ресторан, вагон ресторан, буфет, талх, нарийн боовны цех, ажилчдын цайны газруудын хоол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологид стандарт, эрүүл ахуй, ариун цэврийн хяналт шалгалтыг хийдэг, тээш түгээлт, олголт, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байсан нь тогтоогддог. /хх-28/ Харин худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд /ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын үйл ажиллагааны харьяа төвүүдийн дэлгүүрүүдэд хяналт шалгалт, тооллого хийх, албаны хэмжээнд сургалт төлөвлөх, нэгдсэн зохион байгуулалтаар хангах, үйлчилгээний стандарт мөрдүүлэх болон хөдөлмөр хамгааллын 3-р шатны үзлэг хийх зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс ямар мэргэжилтэй талаар асуугаад химич, физикч мэргэжилтэй гэж хариулахад нийтийн хоолны мэргэжилтэй юм байна гэж илт гуйвуулан дүгнэж буй зэргээр нотлогддог. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, П.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         П.Э 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  У холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг шаардсан байна.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

         Анхан шатны шүүх П.Эыг “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, олговорт 7.279.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, П.Эыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

          Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагчаас гаргуулах олговрын  хэмжээг 7.426.900 төгрөг болгон, П.Эыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгасан заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.

         П.Э 2017 оны 04 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “...ажилд эгүүлэн тогтоолгох...”-г хүссэн /хх 1/ бөгөөд шүүх хуралдаан дээр /хх 145,ар тал/ “...худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох...” гэж шаардлагын талаар тайлбар өгсөн байхад шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тодорхойлсон /хх 148/ байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсгийн “...нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...” гэснийг зөрчсөн байна. Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй байх тул нэхэмжлэгчийн өмнөөс тайлбар гаргахгүй, нэхэмжлэгчийн эрхийг эдлэхгүй.  

          Шүүх өмгөөлөгчийн тайлбараар нэхэмжлэлийг тодорхойлж, П.Э өмнө нь эрхэлж байсан буюу “тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагч”-н ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “...нэхэмжлэгч... нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй ...” гэснийг зөрчжээ. 

         Шүүх нэхэмжлэлд зааснаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөнд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.3 дахь хэсэгт нийцээгүй байна. 

         П.Э “...худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагч”-н эсхүл өмнө нь эрхэлж байсан  “зорчигч үйлчилгээний төвийн тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагч”-н ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан эсэхийг тодруулсны эцэст  хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ. 

        2. Хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгасан гэх боловч шүүхэд гаргасан тайлбартаа “...бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн...ажлын байр хасагдсан...” гэж өөр өөр үндэслэл заасан /хх 10,18-19,35/ тул энэ талаар шүүх дүгнэлт хийсэн байх шаардлагатай байна. 

        Учир нь, П.Эын хуучин ажил нь “зорчигч үйлчилгээний төвийн тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагч...” байхад шүүх түүнийг “тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагч”-н ажилд эгүүлэн тогтоосон нь шүүхийн шийдвэр тодорхой бус болсон гэж үзэх нөхцөл юм. 

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Шүүх П.Эын шаардлагыг тодруулсны эцэст Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02542 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2389 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 133.780 төгрөгийг  У захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ