| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2302002920057 |
| Дугаар | ХШТ/2025/55 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар ХШТ/2025/55
С.З, Т.Э, С.Б, Л.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1143 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ДШМ/137 дугаар магадлалтай, С.З, Т.Э, С.Б, Л.А нарт холбогдох 2302002920057 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С.З, 1974 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ****/,
2. Т.Э, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын орлогч захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ****/,
3. С.Б, 1968 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ****/,
4. Л.А, 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, хилийн албаны эрх зүйч мэргэжилтэй, *** захирагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн ***сумын *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ****/.
Шүүгдэгч С.З нь *** ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглох”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдлэх”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан хаагчийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4 “Үйлдвэрийн газар нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэг “Хээл хахууль авах, авлигад автах, танил тал харах, шан харамж шаардах, хүнд суртал гаргах зэргээр үйлдвэрийн ажилтны нэр хүнд ёс зүйд харшлах үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, хахууль өгөгч Т.Э-ийн ашиг сонирхлын төлөө буюу “***” ХХК-ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулж өгөх буюу өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Э-той уулзаж 9,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “***” ХХК-ийн ажилтан буюу өөрийн үеэл А.М-ийн ХААН банкны *** тоот дансаар дамжуулан Т.Э-оос 26,000,000 төгрөг буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Т.Э нь “***” ХХК-ийг Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор *** мэргэжилтэн С.З-оор гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхээр түүний албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 9,000,000 төгрөгийг бэлнээр, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр гармын орчим “***” ХХК-ийн ажилтан А.М-ийн ХААН банкны *** тоот дансаар дамжуулан С.З-д 26,000,000 төгрөгийг буюу нийт 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
Мөн “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б-д давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн “...Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай 72-91 АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай 75-90 АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай 68-74 АР, *** АР чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх...” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор Л.А-ийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн утасны Telegramm-ыг ашиглан холбогдож, түүний жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь *** дугаарын дансыг авч, С.Б-д тухайн дансанд 1,000,000 төгрөг хийх талаар мэдэгдэж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Б-аас иргэн Д.Д-ийн Төрийн банк дахь *** дугаарын дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А-д 1,000,000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн,
шүүгдэгч С.Б нь “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн нагац дүү Т.Э-оор дамжуулан Л.А-ийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн ХААН банк дахь *** дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим Л.А-ийн жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь *** тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,
шүүгдэгч Л.А нь нийтийн албан тушаалтнаар буюу *** ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж,
улмаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай албан тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-д заасны дагуу “***” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Т.Э-оор дамжуулан тус компанийн гүйцэтгэх захирал С.Б-аас өөрийн жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь *** дугаарын дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим 1,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.З-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр,
шүүгдэгч Т.Э-г өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн З дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх’’-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 35,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,
шүүгдэгч С.Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,
шүүгдэгч Л.А-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,
Т.Э-д холбогдуулсан үйлдлүүдээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн “...Л.А-д хахууль өгөхөд хамтран дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон...” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,
Л.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б, Л.А нарыг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн заалтуудаас Л.А, С.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтын Т.Э-д холбогдох хэсгийг “...шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын Т.Э-д холбогдох хэсгийг “...шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 сар /арван сар/-ын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Т.Э нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаар тоолсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Г.Өлзийхишиг, Б.Галхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Прокурор Э.Номин-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Магадлалд Л.А, С.Б, Т.Э нарын үйлдэлд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэх ажиллагаанууд байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэж, дээрх байдлаар Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болон бодит байдал дахь үйл баримтын хооронд бий болсон нотлох баримтын үнэлгээнд үүссэн эргэлзээнд хэрэглэдэг “in dubio pro reo” зарчмыг хэрэглэн шүүгдэгч Л.А, С.Б, Т.Э нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах байдлыг ашигтайгаар шийдвэрлэлээ” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал ойлгомжгүй хэргийг илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Гэрч Д.Д-ийн мэдүүлэг, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/579 дугаартай тушаал, Д.Д-ийн эзэмшлийн Төрийн банкны *** дугаартай дансны хуулга, “***” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Т.Э-ийн гар утаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Э-ийн гаргасан тайлбар зэрэг баримтуудаар *** ажиллаж байхдаа Л.А нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай албан тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журам”-д заасны дагуу “***" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлүүдийг хилээр нэвтрүүлэх зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Т.Э-оор дамжуулан тус компанийн гүйцэтгэх захирал С.Б-аас өөрийн жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь *** дугаарын дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хахууль авсан болох нь хөтөлбөргүй тогтоогддог.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаас аль баримт нь харилцан зөрүүтэй болохыг дүгнээгүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр зөвхөн “in dubio pro reo” зарчмыг баримтлан С.Б, Т.Э, Л.А нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Авлигын гэмт хэргийн шинж нь гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдаг онцлогтой бөгөөд албан тушаалтнууд нь алагчлал, ялгаварлал гаргаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ижил тэгш, шударгаар шалгуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эсхүл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах процессыг алдагдуулж, С.Б-д давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар албан үүрэгтэй нь холбогдуулан ***-аар ажиллаж Л.А-д 1,000,000 төгрөг өгсөн болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Т.Э хэлсэн, гэмт хэрэг нотлогдсон байхад гэмт хэргийн шинжгүй дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд нотлогдсон хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчинтэй болсноор хууль хэрэглээний буруу практик жишиг тогтох нөхцөл байдал үүсэх боломжтой тул шийдвэрийг хүчингүй болгуулах нь хууль хэрэглээний зөв жишиг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэжээ.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Т.Э, С.З, Л.А, С.Б нарыг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Т.Э, С.З нарын хувьд, С.З нь 35,000,000 төгрөгийн хахуулийг Т.Э-ийн ашиг сонирхлын төлөө авсан гэх үйл баримтыг тогтоосон хоёр шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Өөрөөр хэлбэл, энэ талаар гаргасан хоёр шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна. Харин шүүгдэгч Л.А-ийн үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн тул дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Л.А нь *** ажиллаж байх үедээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Т.Э-оор дамжуулан “***” ХХК-ийн захирал С.Б-аас өөрийн жолооч Д.Д-ийн төрийн банкны дансаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль авсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна.
Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Конвенцоор төрийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа аливаа үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтан өөртөө болон бусад этгээд, байгууллагад давуу байдал олгохыг хориглосон. Энэ агуулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгөхийг хориглож, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Л.А нь хийх ёсгүй үйлдэл хийсэн, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн болохыг шууд нотлох баримт байхгүй. Харин С.Б-аас жолооч Д.Д-ийн данс руу шилжүүлсэн мөнгөний баримт, гар утсанд үзлэг хийхэд олдсон мессеж, чатууд, тээврийн хэрэгслүүд хилээр нэвтэрсэн болохыг тогтоосон хилийн лавлагаа зэрэгт үндэслэж шүүгдэгч Л.А нь өөрийн албаны чиг үүрэгтэй холбогдуулан С.Б-аас Т.Э-оор дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хуульд зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Л.А-д хахууль өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Иймээс өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой асуудлын тухай тайлбар хэлье.
Шүүгдэгч С.З-д хахууль өгсөн гэх үйл баримтыг прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж хахууль авсан үйлдлийг дүгнэсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх асуудлын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрийн үйл баримт яригддаг. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс нийтийн албан тушаалтнаас бусад этгээдэд холбогдох хэсгийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэх шинжийг тусгасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон баримт буюу 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсан Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 290 дугаар тодорхойлолтод “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар С.З нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй” гэж тусгагдсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийг журамласан. Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хяналтын журмаар гомдол гаргаагүй. Гэвч хяналтын шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцлийн хүрээнд хянан хэлэлцэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийж, дээрх асуудлын хүрээнд хууль зүйн жишиг тогтох шаардлагатай гэж үзэж байна.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор нийтийн албан тушаалтнаас бусад этгээд буюу Авлигын эсрэг хууль болон бусад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөггүй этгээдийг тусад нь авч үздэг болсон. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдлийг Эрүүгийн хуулиас хасаж, хүчингүй болгосон. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинэ зүйлчлэл нэмсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид өмнөх хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан. Шүүхийн шийдвэр нь дээрх хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна гэж үзэж байна. Иймд хяналтын шатны шүүх дээрх асуудалд хууль хэрэглээний жишиг тогтоохуйц дүгнэлт хийж өгнө үү.
Өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримтын талаар буюу шүүгдэгч С.З-д хахууль өгсөн гэх үйл баримтын талаар анхан болон давж заалдах шүүхийн шатанд маргаагүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Л.А, С.Б нарын үйлдэлтэй холбоотой асуудлыг үнэн зөвөөр тогтоолгох, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлснийхээ төлөө хорих ял шийтгүүлсэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй учир гомдол гаргаж, холбогдох баримтыг гомдолдоо хавсаргасан. Хяналтын шатны шүүх Т.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзвэл торгох ял оногдуулж өгнө үү. Т.Э нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 186 хоног цагдан хоригдсон бөгөөд үүнийг торгох ялд дүйцүүлбэл 2,790,000 төгрөг болно” гэв.
Шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх Л.А-г цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурор “Л.А-г С.Б-д давуу байдал олгосон гэж үзэж байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй” гэж тайлбарлаж байна. Харин Т.Э-ийн хувьд, тэрээр анхан шатны шүүхээс хорих ял шийтгэгдсэнийхээ дараа давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л баримтуудыг шинжлэн судалсан боловч Л.А-г Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 24 дүгээр тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг зөв хэрэглэх асуудлыг тайлбарласан. Тус тайлбарын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Б.Галхүү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Л.А нь хилийн цэргийн ангийн албан хаагч бөгөөд “***” ХХК-ийн тээврийн хэрэгсэл хилийн боомтоор Хятад улсын хил рүү нэвтрэхэд түүний албаны чиг үүрэг ямар холбоогоор давуу байдал олгох үндэслэлтэй болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Яллах талын баримтаар талуудын хоорондын телеграмм чатаар харилцсан зурвасыг харьцуулж хэрэгт хавсаргасан. Гэтэл энэ чатыг хэзээ бичсэн болохыг нотолсон баримт байхгүй. Давж заалдах шатны шүүх уг асуудлыг тодруулахад прокурорын зүгээс хариулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, улсын яллагч болон анхан шатны шүүх олон сарын зөрүүтэй чат, үйл явдал хоёрыг нэг цаг хугацаанд болсон мэтээр үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн шүүгдэгч Т.Э-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь яллах үндэслэл болохгүй. Тэгэхээр бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын үйлдэлд шалтгаант холбоо, ашиг сонирхлын огтлолцол байхгүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч С.З-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан, шүүгдэгч Т.Э-г өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, шүүгдэгч С.Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, шүүгдэгч Л.А-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял, Л.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Г.Өлзийхишиг, Б.Галхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хэргийг хянаад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Э-д холбогдуулсан үйлдлүүдээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн “...Л.А-д хахууль өгөхөд хамтран дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон...” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Л.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б, Л.А нарыг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалтыг оруулж, Л.А, С.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтын Т.Э-д холбогдох хэсгийг “...шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын Т.Э-д холбогдох хэсгийг “...шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Т.Э нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаар тоолсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э нь шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулан улсын орлого болгохоор заасан 35,000,000 төгрөгийг Төрийн сан банкны 100900005406 дугаартай “БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ барьцаа” нэртэй дансанд байршуулсныг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.
3.Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.
4.Хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бичсэн мессежийг бэхжүүлж үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зураг, банкны орлогын хуулга зэрэг нотлох баримтуудаар шилжүүлсэн мөнгөний хэмжээ, түүний зорилго, шүүгдэгч С.З “***” ХХК-ийг нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах талаар бусадтай ярилцсан зэргийг бусад нотлох баримтуудтай харьцуулан магадлах аргаар шинжлэн судалж, тэдгээрийн нотлогдохуйц байдлын талаар тодорхой тусгасан байна.
Энэ нь шүүгдэгч С.З-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын төлөө өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 35,000,000 төгрөгийг Т.Э-оос хахууль авсан, шүүгдэгч Т.Э-г нүүрс тээвэрлэх бөмбөлөг тээвэрт оруулах гэсэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор С.З-д 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
5.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэдэггүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх С.З, Т.Э нарын хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр хэргийг зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль үйлчлэх цаг хугацаа, буцаан хэрэглэх үндэслэл, журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэн шүүгдэгч С.Б, Л.А нарт холбогдуулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Т.Э-ийн С.Б-тай хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцож дэмжлэг үзүүлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлд хамаарч, хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болжээ.
Нэгдсэн Үндэстний байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлогдох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэж тусгагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээтэй байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Харин тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзэхүйц үндэслэлд хамаарахгүй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.
Авлигын гэмт хэрэг тэр дундаа хахууль өгөх, авах нь нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр бөгөөд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, хахууль өгөгчид ашигтайгаар шийдвэр гаргаж, олон нийтийн сэтгэл зүйд төрд үл итгэх нөхцөлийг бий болгодог үр дагавартай байдаг.
НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох, ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө болон өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах, Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцын 8 дугаар зүйлийн 1-ийн a-д төрийн албан хаагчид шууд буюу зуучлагчаар дамжуулан өөрийн албан үүргээ биелүүлэх явцад ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэнтэй холбогдуулан тухайн албан хаагчид, хувь этгээд эсхүл хуулийн этгээдэд зориулан ямар нэгэн хууль бус хөрөнгө амлах, санал болгох эсхүл өгөх үйлдлүүдийг оролцогч улс бүр гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "авлига" гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгохоор заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд шууд болон бусаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцдог.
Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн эдгээр хуульчилсан шинжүүд НҮБ-ын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцуудын үзэл санаатай шууд уялдана.
8.Авлигын хэрэг нь далд, харилцан ашиг сонирхолд тулгуурласан, бичиг баримтгүй, гэрчгүй үйлдэгддэг онцгой шинжтэй гэмт хэрэг юм.
Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 28 дугаар зүйлд “гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тусгасан байна.
Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Тодруулбал, хэн нэг этгээд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн байх нь ухамсарт үйлдэлтэй хамааралтай болох нь энгийн логик бөгөөд үйлдэл ба үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо буюу объектив хамаарлыг нотолж буй баримтын хүрээ, хязгаарын хэмжээнд дүгнэгдэх ёстой асуудал юм.
9.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.А хахууль авсан, шүүгдэгч С.Б хахууль өгсөн, шүүгдэгч Т.Э хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцож дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийн объектив нөхцөл байдалд тулгуурлан шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлээгүй алдааг гаргасан, мөн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй гэж байр сууриа илэрхийлсэн тайлбарт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3-т төрийн албан тушаалын ангилал, төрлийг тус тус тодорхойлсон бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар улсын хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, ажилтан төрийн тусгай албан тушаалтанд хамаарахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Л.А нь Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/579 дүгээр тушаалаар ***-ээр томилсон байх бөгөөд түүнийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан” гэж үзнэ. /2 дахь хавтаст хэргийн 150 дахь тал/
*** албанд түр томилогдсон шүүгдэгч Л.А нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар Монгол Улсын хил хамгаалалтыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, удирдамж, тушаал, захирамжийн дагуу зохион байгуулж, хилийн заставыг тасралтгүй удирдлагаар хангах, хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг хууль зүйн дагуу шийдвэрлэх, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. /2 дахь хавтаст хэргийн 157-166 дахь тал/
10.Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар батлагдсан Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх журмын 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны дараа үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ”, 3.8-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн, хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн хучлага, бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчлан шалгалт явуулна”, 3.12.3-т “Автомашиныг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ жолоочийн хил нэвтрэх эрхийн баримт бичиг, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний үндсэн мэдээллийг тулгах ба бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бол итгэмжлэлийг шалгана”, 7.6-д “Хил нэвтрэх эрхийн баримт бичгийн зөрчлийг хилийн шалган нэвтрүүлэх заставын дарга, орлогч /ахлах шалгагч/ шийдвэрлэнэ”, 8.6-д “Таслан сэргийлэх болон эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан хүний асуудлыг шалган нэвтрүүлэх заставын дарга, орлогч шийдвэрлэнэ”, 14.3-т “Улсын хил нэвтэрч буй автомашины баримт бичгийн зөрчлийг хилийн шалган нэвтрүүлэх заставын орлогч шийдвэрлэнэ” гэж хил хамгаалах байгууллагын ажилтны үйл ажиллагаандаа мөрдөх эрх, үүргийг тусгайлан зохицуулжээ. /3 дахь хавтаст хэргийн 193-209 дэх тал/
Гэрч М.У-ийн “...Би тухайн үед баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан ба зорчигч, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгаж зөрчилгүй тохиолдолд штамба дарж баталгаажуулдаг ба хэрвээ ямар нэгэн зөрчил гарсан бол энэ талаар ахлах, даргад мэдэгдэж, зорчигч, тээврийн хэрэгслийг саатуулна. ...зөрчил илрүүлсэн тохиолдолд ахлах, даргад мэдэгдэж шийдвэрлүүлдэг. Миний хувьд зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй ба зөрчил шалган шийдвэрлэх эрх ээлжийн дарга, боомтын дарга нарт байдаг...”, гэрч М.Б-ын “...зөрчил илрүүлсэн тохиолдолд ахлах, даргад танилцуулна. Тэгээд ахлах, даргын шийдвэрээр арга хэмжээ авах ба тэд зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар программд оруулдаг...”, гэрч С.-ийн “...Миний хувьд зорчигч, тээврийн хэрэгслийн бичиг баримт зөрчилгүй, улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг нь зөрчилгүй бол хилээр нэвтрүүлдэг. ...“ ***” ХХК-ийн зүгээс ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэх талаар санахгүй байна. Маш олон компаниуд байдаг...” гэж мэдүүлсэн байна.
Эдгээр мэдүүлэг болон дээр дурдсан хууль, журамд заасны дагуу *** албанд түр томилогдсон шүүгдэгч Л.А захирах ангийн бие бүрэлдэхүүнийг шууд захирах хүрээнд ангийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, хууль, дэг журмыг сахиулах, мэргэжлийн удирдлагаар хангах, алба хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, жолоочийн хил нэвтрэх эрхийн баримт бичиг, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний үндсэн мэдээлэл болон хил нэвтрэх эрхийн баримт бичигт гарсан зөрчил зэргийг шийдвэрлэх эрхтэй болох нь нотлогджээ. /4 дэх хавтаст хэргийн 7-8, 10-11, 13-14 дэх тал/
11.Шүүгдэгч нар хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө зээлсэн, найз, санахгүй байна гэж маргаж буй хэдий ч мөрдөн шалгах, шүүхийн шатанд шүүгдэгч Т.Э, С.Б нар нь төрөл садан, харин шүүгдэгч Л.А-г 2022 оны дунд үеэс ажил хэргийн шугамаар таних болсон талаарх тэдний мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй байна.
Банкны 1,000,000 төгрөгийг түлш гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт, түүнчлэн шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл Т.Э, С.Б нар Л.А-тай төрөл садан, найз нөхдийн холбоогүй, мөнгийг зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцэлгүйгээр хэн алиндаа зээлэхэд итгэхүйц дотно буюу харилцан бие бие рүүгээ чиглэсэн гэж тодорхойлохуйц харилцаатай, ашиг сонирхлын хувьд нөхцөлдсөн, холбогдсон байдал тогтоогдохгүй байна.
12.Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон юм.
Гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс дээш этгээд гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэгдэх шатанд санаа зорилго, сэдэлт, үйлдлээрээ нэгдэж гэмт хэргийн объектив талыг бүрдүүлснийг ойлгоно.
Албан тушаалтанд шууд зүй бус давуу талыг шууд амлах, өгсөн байх албагүй бөгөөд хахууль авагч, өгөгчийн хооронд хууль бус амлалт, зөвшилцөл бий болсноор гэмт үйлдэл илэрнэ. Харин албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэн, эсхүл тухайн хугацаанд болон ирээдүйд хийх үйлдэл хамаардаг.
13. Хэрэгт “***” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23/22 дугаартай “***” гэх албан бичгийн хуулбар, хавсралт, пүүний баримт, банкны дансны хуулганы хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Т.Э-ийн гар утаст үзлэг хийсэн “...“***” ХХК-ийн тээврийн хэрэгслийн мэдээлэл *** ӨМЕ, *** АР, *** АР, *** ӨМЕ, *** АР, *** АР, *** ӨМЕ, *** АР, *** АР, *** ӨМЕ, *** АР, *** АР, ... хэр удахаар байна. ...уучлаарай одоо гарлаа. ...ок...” гэж хоорондоо харьцсан зурвасыг зураг хэлбэрээр хадгалсан, мөн 2022.12.13-ны өдөр 17:10 цагт *** дугаар данснаас *** дугаартай Д.Д-д гэх нэртэй данс руу түлш гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөг шилжүүлж, шилжүүлгийн баримтыг мөн screenshot хийх байдлаар бэхжүүлж зургийг *** гэж хадгалсан хүн рүү telegram ашиглан явуулсан байна...” гэсэн тэмдэглэл авагдсан байна.
Нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/5949 дугаартай "... Шивээхүрэн боомтоор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хил нэвтэрсэн лавлагааг хүргүүлэв” гэх албан тоот, түүний хавсралтаар Т.Э-ийн гар утсан дахь зурвасыг зураг хэлбэрээр хадгалсан баримт зэргээр “***” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүл улсын хилийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нэвтэрсэн нь тогтоогджээ.
14.Шүүгдэгч Л.А нь нийтийн албан тушаалтнаар буюу *** ажиллаж байхдаа хууль, журамд заасны дагуу “Дөлгөөн цэнд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай, Shaanxi маркийн *** ӨМЕ улсын дугаартай *** АР, *** АР чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрүүлэх зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Т.Э-оор дамжуулан тус компанийн гүйцэтгэх захирал С.Б-аас өөрийн жолооч Д.Д-ийн Төрийн банк дахь *** дугаарын дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчим 1,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан, Т.Э нь “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нагац ах С.Б-д давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх...” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр буюу давуу байдал бий болгох зорилгоор Хилийн 0166 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Л.А-ийн албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн утасны Telegramm-ыг ашиглан холбогдож, түүний жолооч Д.Д-ийн дансны дугаарыг авч, С.Б-д тухайн дансанд 1,000,000 төгрөг хийх талаар мэдэгдэж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Б-аас иргэн Д.Д-ийн дансаар дамжуулан Л.А-д 1,000,000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн, шүүгдэгч С.Б нь хахууль өгсөн хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд сэргээн тогтоож, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч С.Б-ы гэмт үйлдэл нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн нь шүүгдэгч Л.А-ийн бүрэн эрх, үүрэг болон шийдвэр гаргалттай шууд холбоотой байхаас гадна, тэрээр уг үйлдлийн үр дагаврыг ухамсарласан, хахууль өгснөөр тодорхой үр ашиг хүлээж байсан, давуу байдал бий болгох гэсэн санаа зорилгыг агуулж байснаар илрэн нотлогдож байна.
Түүнчлэн, шүүгдэгч Т.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн гэмт үйлдэлдээ маргахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
15.Энэ хүрээнд анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч С.З, Т.Э, С.Б, Л.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхаас гадна оногдуулсан ялын хэмжээ нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон гэж дүгнэлээ.
16.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэсэн прокурорын эсэргүүцлийг хангахаар тогтов.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э-оос 35,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хэдий ч тэрээр уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан тул улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ДШМ/137 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2.Шүүгдэгч Т.Э нь 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг Төрийн сан банкны 100900005406 дугаартай “БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ барьцаа” нэртэй дансанд байршуулсныг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР