Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Ж.Э.Э.С" ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, "Ж.Э.Э.С" ХХК-ийн гомдолтой, У.Т.О.Х.Г-ын хяналт шалгалтын улсын байцаагч Т.З, Н.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4, 7.3, 7.3.4-д заасныг баримтлан “У.Т.О.Х.Г-ын хяналт шалгалтын улсын байцаагч Т.З, Н.А нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгох “Ж.Э.Э.С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Ингэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж, тайлбарласан.

2 дахь хэсэгт: 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,137.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуултын орлогод тооцоогүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй,

4 дэх хэсэгт: 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй,

6 дахь хэсэгт: “Ж.А” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй.

2 дахь хэсэгт дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тайланд тусгаагүй зөрчлийг манай компанийн зүгээс татварын улсын байцаагчдын хяналт шалгалтын үеэр тайланд тусгаагүй гэдгийг олж мэдсэн бөгөөд тухайн үед ажиллаж байсан санхүүгийн албаны тайланг хариуцаж гаргасан албан тушаалтнуудтай Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг тусгайлан тооцохоор хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байна.

Гэхдээ улсын байцаагч нарын акт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”-д татвар ногдуулахаар зохицуулсан.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулахдаа 12 дугаар зүйлд заасан хасагдах зардлыг хасч, илүү гарсан буюу “Ашиг”-т татвар ногдуулах ёстой байтал шууд гэрээний үнийн дүнгээр ашиг гэж тооцож татвар ногдуулсан нь үндэслэлгүй. 2013 оны татварын тайланг бид татварын албанд гаргаж, дотоодын болон хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан, хасах бланстай буюу алдагдалтай ажилласан байдаг.

Шүүх тайланг огт нарийн шалгаж шийдвэрлэхгүй зөвхөн татварын байцаагч нарын амаар шийдвэр гаргаж үндэслэл гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчид итгэл үнэмшил төрүүлэхгүй, бид гомдолтой байсаар байгаа.

4, 6 дахь хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй гэх үндэслэлээр татвар ногдуулсан. Манай компанийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д “Борлуулсан алт” нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулсан.

“Ж.А” ХХК болон “Ж.Э.Э.С” ХХК-иудын хооронд байгуулсан 2015 оны “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн зохицуулалт бол төлбөрийг бартераар буюу олборлосон алтаар хийхээр тохиролцсон. “Ж.Э.Э.С” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө алтаар авсан, энэхүү алтаа Монгол банкинд худалдсан байдаг.

Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх заалтыг үндэслэн “Ж.Э.Э.С” ХХК-ийг алт олборлох эрхгүй учир алт тушаах үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

“Ж.Э.Э.С” ХХК-д мэдээж тусгай зөвшөөрөл байхгүй, гэхдээ “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөртөө алт авсан, алтаа Монгол банкинд тушааж орлогоо авсан. Алт нь төлбөрийн хэрэгсэл буюу бартерийн харилцаанд гэрээний зүйл болдог. Аливаа гэрээ зөвхөн “Мөнгө” буюу үнэт цаасыг төлбөрийг хэрэгсэл болгох албагүй бөгөөд Иргэний хуульд гэрээний эрх чөлөөний зарчимд гэрээгээр талууд хуулиар хориглосноос бусад зүйлийг тохиролцох эрхийг олгосон. “Ж.А” ХХК болон “Ж.Э.Э.С” ХХК-ийн байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” нь хууль зөрчсөн ямар нэг зохицуулалт байхгүй тул хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний тохиролцоог нарийвчлан задалж, хяналт шалгалтаа хийхгүй байгаа татварын байцаагчдын үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх заалтыг үндэслэж байгаа ч энэ зохицуулалт 2019 онд хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан бөгөөд эрх зүйн харилцаа өрнөх үед энэ зохицуулалт огт тусгагдаагүй байсан.

“Ж.Э.Э.С” ХХК-ийн 2013, 2014, 2015 онд тус тус татварын хэсэгчилсэн болон нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хийж байсан. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан. Ингэхдээ 2012-2016 оны хоорондох хугацаанд хяналт тавьсан, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөн өдрөөс өмнөх хугацааны хяналт шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэдэг. Төрийн хяналт шалгалт анхнаасаа хууль зөрчиж хяналт шалгалт хийсэн нөхцөлд хийсэн хяналт шалгалтыг бүхлээрээ хүчингүй болгох зарчимтай.

Анхан шатны шүүх танайд ногдуулсан зөрчил, шийтгэл нь хөөн хэлэлцэх хугацааны дотор хамаарч байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй, аливаа хуулийн зөрчил хяналт шалгалтын явцад үүссэн нөхцөлд засаж залруулах ёстой ч энэ үүргээ гүйцэтгээгүй нэхэмжлэгч компанийг заавал шийтгэх байр суурьтай хяналт тавьж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийж, 210201562 дугаартай актаар нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийсэн. Энэ хяналт шалгалтын хүрээнд “Ж.А” ХХК болон “Ж.Э.Э.С” ХХК-иудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн алтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан борлуулсан алт гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх орлогод тооцсон. Гэтэл 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хийсэн хяналт шалгалтад “Ж.А” ХХК болон “Ж.Э.Э.С” ХХК-иудын хооронд хийгдсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хүрээнд шилжүүлсэн алтыг “Борлуулсан алт” гэж үзэхгүйгээр татвар ногдох ёстой гэж үзсэн. Маргаж байгаа үндэслэл бол татварын байцаагч нарыг бид татварын байгууллага, төр гэж ойлгодог. Татварын байцаагч бүр Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг өөр өөрөөр ойлгож, хэрэглэж, тайлбарлаж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж татвар төлөгчид энэхүү ойлголт, хууль хэрэглээний зөрүүтэй байдлаар хохирч байгаа талаар удаа дараа анхан шатны шүүхэд тайлбарласан ч хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Яагаад татварын байцаагч нарын ойлголт, хууль хэрэглээний зөрүүтэй байдлаас үүссэн татварын өр төлбөрийн асуудал дээр татвар төлөгчийг буруутгаж алданги, торгууль ногдуулж байгааг огт ойлгохгүй байна. Анхан шатны шүүх татварын байцаагч нар хуулийг зөрүүтэй тайлбарлах, буруу ойлголт өгч байгаа нь зөв гэж дүгнээд байгаа буюу хуулийг ямар ч байдлаар тайлбарлаж хэрэглэж болно гэдгийг өөхшүүлж, нүд аниж өнгөрүүлсэн шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Шүүх хэргийг бүхэлд нь огт дүгнэхгүй зөвхөн төрийн байгууллагын гаргасан үндэслэлийг үндэслэж шийдвэрээ гаргалаа, нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэл, тайлбарыг огт харгалзаж үзсэнгүй, ядаж нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэл, аргументуудыг няцаасан бол бид мөн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжтой ч бидний үндэслэлийг үндэслэлдээ дурдалгүй өнгөрлөө.

Иймд  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

“Ж.Э.Э.С” ХХК-иас “У.Т.О.Х.Г-ын хяналт шалгалтын улсын байцаагч Т.З, Н.А нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдол гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг   дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа 2 дахь хэсэгт дурдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчлийг манай компанийн зүгээс татварын хяналт шалгалтын үеэр олж мэдсэн, хариуцаж байсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохоор хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байгаа гэсэн нь тухайн зөрчил үйлдэгдсэнийг үгүйсгээгүй гэж ойлгохоор байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсын 2, 4 дэх хэсэгт заасан үйл баримт нь 2006 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудаар зохицуулагдахаар байна.

Шийтгэлийн хуудсын 2 дахь хэсэгт нэхэмжлэгч “Ж.Э.Э.С” ХХК-иас “2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,137.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “Үйл ажиллагааны орлого” гэж заасныг, мөн 4 дэх хэсэгт 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.3-д “Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан"-д хамааруулна”, 7.3.4-д “Өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсын 2, 4 дэх хэсэг үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

211820024 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 6 дахь хэсэгт нэхэмжлэгчээс “Ж.А” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ гэснийг”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж  заасныг тус тус  зөрчсөн байх тул “Ж.Э.Э.С” ХХК болон “Ж.А” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

“Ж.Э.Э.С” ХХК нь 2016 онд “Ж.А” ХХК-ийн лицензийг ашиглах замаар алт олборлож, тус компанийн нэр дээр тушааж, үнийг нь шилжүүлэн авсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 13.1.13-д “Борлуулсан алт”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 13  дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө, 13.1.11-д “Борлуулсан алт” гэж тус тус зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.   

Тодруулбал, татварын улсын байцаагчид “Ж.Э.Э.С” ХХК-д хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулахдаа борлуулсан алтанд бус ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийн оронд нь алт олборлож “Ж.А” ХХК-ийн нэр дээр тушааж үнийг нь шилжүүлэн авсан тул тухайн шилжүүлэн авсан мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрт авсан гэж ойлговол зохино. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр хариуцлага ногдуулсан хариуцагчийн акт, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв боловч маргааны үйл баримтад хамаарах хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн холбогдох зүйл заалтыг шийдвэрт нэмж оруулах нь зүйтэй байна.  

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “...“Ж.Э.Э.С” ХХК-д мэдээж тусгай зөвшөөрөл байхгүй, гэхдээ Ажил гүйцэтгэх гэрээний төлбөртөө алт авсан, алтаа Монгол банкинд тушааж орлогоо авсан” гэж маргах боловч Ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүнгийн аль хэсэгт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийн оронд ямар хэмжээний алтыг тооцож авсан, үлдэх аль хэсгийг   олборлож, борлуулсан алтны орлого гэж үзэж байгаа талаарх тооцооллыг одоо хэлэх боломжгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн бөгөөд анхан шатны шүүхэд уг асуудлаар маргаагүй.       

Хяналт шалгалтыг давхардуулан хийсэн гэх гомдлын тухайд, Татварын ерөнхий газрын харьяа улсын татвар, орлого хяналтын газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 210201509 дугаар актаар гомдол гаргагч “Ж.Э.Э.С” ХХК-ийн өөрийн хүсэлтээр тус компанийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар, илүү төлөлтийг баталгаажуулжээ. Нэхэмжлэгч компанийн хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татвар, илүү төлөлтийг баталгаажуулсныг компанийн татвар төлөлт, ногдуулалтын байдалд удирдамжийн дагуу хийсэн иж бүрэн шалгалтын хэмжээнд тооцож, хяналт шалгалтыг давхардуулсан гэж үзэх боломжгүй.

Энэ нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд зааснаар эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөөг үндэслэн татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн 2 хэлбэрээр татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой үедээ хийж гүйцэтгэхээр зохицуулсантай нийцэж буй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.   

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21170900217 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтоор “Ж.Э.Э.С” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдах хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар зааж, хяналт шалгалтын хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 18 хоногоор олгож, 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 удаа томилолтын хугацааг сунгажээ.

Хэдийгээр эхний удаа томилолтын хугацааг сунгахад 8 хоногийн зөрүү гарсан ч үүнийг томилолтгүйгээр хяналт шалгалт явуулсан гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг хангах боломжгүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт заасантай гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх” гэж зааснаар гомдол гаргагчийн татвар ногдуулалт, төлөлтийн 2012-2016 оны санхүүгийн байдалд хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр гаргасныг хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шалгасан тухайн хугацаанд хамаарахгүй үйл баримтыг зөрчилд тооцсон гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 298 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2015 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж нэмж оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хууль (2006 он)-ийн ... 7.3.4 гэсний дараа  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2015 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасныг баримтлан “Ж.Э.Э.С” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

                            ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

з