Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 424

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч “Э Б Э Ж Э ” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч , нэхэмжлэгч “Э Б Э Ж Э ” ХХК-ийн өмгөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , У.С нарыг оролцуулан “Э Б Э Ж Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Э Б Э Ж Э ” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э Б Э Ж Э ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанид Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Оюут манлай нэртэй 64975.04 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0142.. тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгосон байдаг. 

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэг Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл буюу хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", 32.1-д “Тусгай       зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.6, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байна. 

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээсэн үүргийн тухайд: 

Манай компани нь дээр дурдсан хуулийн заалтуудыг бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. Тодруулбал тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт эхний жилд га тутамд 0.1 америк доллараар бодож, 2 дахь жилд 18.566.650 төгрөг, 3 дахь жилд 25.878.167 төгрөг, 4 дэх жилийн төлбөрт 82.755.517 төгрөг, 5 дахь жилийн төлбөрт 90.801.571 төгрөг, 6 дахь жилийн төлбөрт 107.563.869 төгрөгийг тус тус төлсөн. 7 дахь жилийн төлбөрийг өөрийн компанийн санхүүгийн боломжид тулгуурлан хоёр хувааж хийхээр төлөвлөн эхний ээлжид 54 сая 500 мянган төгрөгийг төлсөн. Компанийн санхүүгийн тайлангаас харагдана.

Түүнчлэн жил бүр 1-7 дахь жилд хайгуулын ажлын завсрын төлөвлөгөө, тайланг Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянан баталгаажуулсан ба үйлчилгээний хөлсийг төлж ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ, хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулах журмын дагуу зардлын доод хэмжээгээ баталгаажуулж ирсэн.

Дээр дурдсанаар 7 дахь жилийн хоёр хувааж хийхээр төлөвлөн эхний ээлжид 54 сая 500 мянган төгрөгийг төлсөн. Энэ тухай кадастрын төлбөр хариуцсан мэргэжилтнээс тодруулахад гүйцээгээд нэмж төлж бүртгүүлэх боломжтой тухай хэлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар бүлэг 35 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг буюу 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл энэ хуулийн 66.1.4-т заасан хариуцлага хүлээнэ”, 35.2-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 35.2.2. “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан”, 35.2.3 “төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө” гэсэн заалтыг бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. 

Манай оронд тулгарч буй санхүүгийн хямрал иргэн аж ахуй нэгж болон төрд асар их санхүүгийн дарамт үүсгэж байна. Энэ хямрал нь манай компанид ч нөлөөлсөн. 2015 онд 100 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авсан байдаг.  

Гурав. Ашигт малтмалын тухай хуульд заасан мэдэгдэл ирүүлээгүй тухайд:

Хариуцагч захиргааны байгууллага манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-0142.. тоот тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойг ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Учир нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах тухай огт мэдэгдээгүй. 

Хэрэв мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд бид хуулийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу Кадастрын хэлтэст эргэж хандах боломжийг олгосонгүй.

Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 09 тоот Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26.3, 28.2, 30.2, 39.5, 51.7, 51.8, 56.2, 56.4, 6,26-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан  байхыг  ойлгоно”  гэж  тайлбарласан  байх  ба  дээрх  тайлбар  гаргах 

 

болсон  үндэслэл   бодож   үзэхэд   мэдэгдлийг  тусгай  зөвшөөрөл   эзэмшигч  этгээдэд  

хэрхэн хүргэснийг маргаангүйгээр хийхийг ойлгохоор байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 07 дугаар 03-ны өдөр зөвлөмж гаргасан бөгөөд тус зөвлөмжийн 7-д “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл болдог. Тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцалсан талаарх маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ төрийн захиргааны төв байгууллага хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан эсэхийг тухайлбал тусгай зөвшөөрөл эзэмшигчийн лицензээ хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангасан эсэхийг сайтар шалгаж, нягтлан үзэх нь зүйтэй” гэсэн байна.

Дээрх хуулийн заалт, Улсын Дээд Шүүхийн тогтоол, зөвлөмжид заасан журмыг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас манай компанийн эрх ашиг хөндөгдсөн. Бид 2015 оны 05 дугаар сард төлбөрийн үлдэгдлийг тушааж бүртгүүлэхээр очиход тусгай зөвшөөрлөө цуцлагдсаныг мэдсэн бөгөөд тухайн үед Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Ч тай удаа дараа уулзсан бөгөөд манай хүсэлтэд амаар 54.500 төлбөр төлснийг тодруулалгүйгээр цуцалсан байна. Иймд асуудлыг судлан үзэж нааштайгаар шийдвэрлэж үлдэгдэл төлбөрийг төлүүлж бүртгэж авах тухай хэлсэн. Гэвч хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст ажлаасаа гарч манай асуудал шийдвэрлэгдсэнгүй. Иймд одоогийн удирдлагуудад мөн хүсэлт гаргасан боловч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/228 тоотоороо боломжгүй хариуг өгсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх заалт байхаас бүрэн төлөх гэсэн заалт байхгүй, мөн захиргааны акт гаргахаас өмнө болон дараа нь мэдэгдэл өгөөгүй хуулийг зөрчсөн тул манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч байгууллагаас Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 299 дүгээр гэх шийдвэр, манай компанид хүргүүлсэн гэх мэдэгдлийг гаргуулан авч өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э Б Э Ж Э " ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 299 дүгээр шийдвэрээр хайгуулын ХV-0142.. дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Өмнөговь  аймгийн  Манлай  сумын  нутаг  О   нэртэй  65087  гектар  бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-0124.. тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1336 дугаар шийдвэрээр “Э Б Э Ж Э ” ХХК-д олгогдсон байна.

“Э Б Э Ж Э ” ХХК-иас 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасныг кадастрын өргөдлийн бүртгэлийн ЕХ-0054.. дугаарт бүртгэсэн байна. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон ХV-0124.. хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийж байсан.

Мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр хүчингүй болсон ХV-0124.. хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгасан байна.

Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн 1-6 дахь жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлж байсан бөгөөд 7 дахь жилийн төлбөрийг бүрэн төлөлгүй тавин дөрвөн сая таван зуун мянган төгрөгийг төлж /54.500.000/ үлдэгдэл зөрүүг төлөөгүй бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэг 32, 34 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй болно.

Төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 тоотоор хүргүүлсэн байна.

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ХV-0142.. тоот тусгай зөвшөөрлийг цуцалж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2813 тоотоор мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдэл нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буцалтаар ирж бичиг хэргийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна.

Кадастрын  хэлтсийн  даргын  2015  оны  04  дүгээр  сарын  21-ний өдрийн 299 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн захиргааны акт болно.

Иймд “Э Б Э Ж Э " ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э Б Э Ж Э " ХХК-ийн ХV-0142.. тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан /хуучин нэрээр /Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг О нэртэй 65087 га бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-0124.. тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1336 дугаар шийдвэрээр эзэмших болжээ. Улмаар энэхүү тусгай зөвшөөрөл нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр хүчингүй болсныг 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар сунгасан, мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр хүчингүй болсон ХV-0124.. хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дахин 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар сунгасан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно. 

Хэргийн маргааны үйл баримт нь нэхэмжлэгч “Э Б Э Ж Э " ХХК нь тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг бүрэн төлөлгүй тавин дөрвөн сая таван зуун мянган төгрөгийг төлж /54.500.000/ үлдэгдэл зөрүүг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 тоотоор хүргүүлж, улмаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийнхөө 7 дахь жилийн төлбөрийг бүрэн төлөөгүй учраас Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр ХV-0142.. тоот тусгай зөвш+өөрлийг цуцалсанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэхээр байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Нэхэмжлэгчийн “...санхүүгийн хямралаас болж ХV-0142.. тоот тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг хоёр хувааж хийхээр төлөвлөн эхний ээлжид 54 сая 500 мянган төгрөгийг төлсөн...” гэх тайлбарыг шууд буруутгах боломжгүй бөгөөд ийнхүү төлсөн нь нэхэмжлэгч “Э Б Э Ж Э " ХХК-ийн Ашигт малтмалын газрын мөнгөн хөрөнгийн журналд  тэмдэглэгдсэнээр нотлогдож байна. Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл болдог. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 23-ний өдрийн 6/333 тоот мэдэгдэлд  “...тусгай зөвшөөрлийнхөө ээлжит төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд ... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” гэсэн ба энэхүү RD113294345MN бүртгэлийн дугаартай мэдэгдлийг “Монгол шуудан” ХК 2015 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 12.45 цагт “Э Б Э Ж Э " ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Бат-Амгаланд  гардуулсан нь шуудан хүргэгчийн дэвтэр  болон илгээмжийн цахим мэдээллээр  нотлогдож байна. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан тухайлбал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангажээ гэж шүүх дүгнэв. 

Энэ нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 тоот “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол”-ын 6-д “Хуулийн 56 дугаар зүйлийн ....56.2, 56.4-д ... заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасантай нийцэж байгаа нь нэхэмжлэгчийн “...Кадастрын хэлтэст эргэж хандах боломжийг олгосонгүй..., хуулийн заалт, Улсын Дээд Шүүхийн тогтоол, зөвлөмжид заасан журмыг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас манай компанийн эрх ашиг хөндөгдсөн...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл болж байна. 

Хариуцагч 2015 оны 1 дүгээр сарын 23-ний өдрийн 6/333 тоот мэдэгдлийг 1 дүгээр сарын 27-нд Д.Бат-Амгаланд гардуулснаас хойш 3 сарын дараа Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 тоот шийдвэрээр  “Э Б Э Ж Э " ХХК-ийн ХV-0142.. тоот тусгай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг мөн өдрийн 6/2813 тоотоор нэхэмжлэгчид мэдэгдсэн нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буцалтаар ирсэн ч энэ нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгч 30 хоногийн дотор алданги, төлбөрөө гүйцэд төлж тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй байх боломжоо хэрэгжүүлээгүй тул ХV-0142.. тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны байна.  

Нэхэмжлэгч “... Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Ч тай удаа дараа уулзсан бөгөөд манай хүсэлтэд амаар 54.500.000 төгрөгийн төлбөр төлснийг тодруулалгүйгээр цуцалсан байна, ... асуудлыг судлан үзэж нааштайгаар шийдвэрлэж үлдэгдэл төлбөрийг төлүүлж бүртгэж авах тухай хэлсэн, ... гэвч хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст ажлаасаа гарч манай асуудал шийдвэрлэгдсэнгүй...” гэх тайлбарын тухайд. 

Хэдийгээр “Э Б Э Ж Э " ХХК-ийн захирал Д.Ч ын шүүх хуралдаан дээр хийсэн “...энэ талаар албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж байгаагүй, тухайн үед амаар хүсэлтээ гаргаж байсан...” гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй ч гэсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнаас нэхэмжлэгчид найдлага төрүүлсэн хариуг амаар өгч байсан эсэхийг шууд үгүйсгэх мөн боломжгүй юм. 

Ашигт малтмалын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тусгай зөвшөөрлийн 1-6 жилийн төлбөрийг бүрэн төлж, 7 дахь жилийн төлбөрийн 50 хувийг буюу 54.500.000 төгрөгийг төлсөн “Э Б Э Ж Э " ХХК-ийн хувьд хариуцагч талаас  бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн талбайд зарлах нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчийг оролцох боломжоор хангах, төлбөр тооцооны болон бусад холбогдох асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн харилцан зөвшилцөхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болно. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Б Э Ж Э " ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДОЛГОРСҮРЭН