Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1833

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5959 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 31 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, өмгөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ХХХ, ХХХХ болон ХХХ нарт зуучилж 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сар хүртэл хугацаагаар ХХХ-д зээлүүлж, зээлийн гэрээ байгуулсан. ХХХ нь 2012 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл зээлийн хүүг төлсөн ба үндсэн зээлийн 9 000 000 төгрөгийг гэрээний хугацааг дуусах үед төлж, үлдэх 11 000 000 төгрөгийг үргэлжлүүлэн сар бүр 10 хувийн хүүг төлөх нөхцөлөөр гэрээний хугацааг сунгахаар тохирсон. Тэрээр 2013 оны 3 дугаар сар хүртэл зээлийн хүүг төлж байсан боловч үүнээс хойш төлөөгүй. Иймд түүнээс үндсэн зээл 11 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацааны зээлийн хүү 20 900 000 төгрөг, нийт 31 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ХХас 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн ба алданги тооцохгүйгээр тохирсон. 2012 оны 6-11 дүгээр сард нийт 12 000 000 төгрөг, мөн 2012 оны 11 дүгээр сард 9 000 000 төгрөг бэлнээр, 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 3 дугаар сарын хооронд сар бүр 1 100 000 төгрөг буюу нийт 4 400 000 төгрөгийг, мөн 4 000 000 төгрөг бэлнээр тус тус өгч, 2013 оны 3 дугаар сар гэхэд бэлнээр 28 900 000 төгрөг, 6 000 000 төгрөгт Соната 6 загварын автомашин шилжүүлэн өгч нийт 34 900 000 төгрөг төлсөн. Үүнээс би 8 сарын хүү төлсөн. Миний бие зээлийн төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХгаас зээлийн төлбөрт 17 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэлээс 14 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 245 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХд олгож,

Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч нь ХХХгаас 2012 оны 6 дугаар сараас 11 сар хүртэл зээлийн хүүг төлсөн, үндсэн зээлээс 9 000 000 төгрөгийг хугацаа дуусах үед төлсөн. Үндсэн 11 000 000 төгрөгийн хүүг 2013 оны 3 дугаар сар хүртэл төлж байсан. Мөн 3 дугаар сард хүү гэж 1 000 000 төгрөг өгсөн гэжээ. Бас машины зөрүү 4 500 000 төгрөг төлсөн байхад нотлох баримтыг буруу үнэлж надаас 17 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Миний бие Хан-Уул дүүрэгт оршин суудаг байхад уг харъяаллын дагуу хэргийг шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 31 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гэрчээр ХХХХХХ-ыг оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тухайн этгээдийг асуусан тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт баримтаар авагдсан байна.

/хх 26, 38, 39 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт “шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах” талаар зохицуулжээ. Гэтэл дээрх тэмдэглэлд шүүгч гарын үсэг зураагүй нь шүүгчийн эрх хэмжээнд хийгдэх гэрчийн үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулах, асуулт асууж мэдүүлэг авах ажиллагаа зохих ёсоор явагдсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуульд заасан гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүн таслах эрхгүй этгээд болох шүүгчийн туслах хэрэгжүүлж, хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байхад уг мэдүүлгийг шүүх үнэлж, шийдвэрийн үндэслэл болгон дүгнэлт хийжээ.

/хх 17 дугаар хуудас/

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн тохиолдолд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5959 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА