Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1738

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар Б.Ц-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02326 2317 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Ц, 1980 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механизмын оператор мэргэжилтэй, “Барилга корпораци” ХХК-ны Оюу толгой салбарт оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 26-1593 тоотод оршин суух, урьд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар хэрүүл маргаан үүсгэн иргэн Ц.Сүхбаатарын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Ц.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын Хаан банкны орчим өөрийн 79-60 УНР улсын дугаартай Тоёота витз маркийн машинтайгаа зүүн эргээд ортол замын голд үл таних 1 эрэгтэй хүн явган явж байсан ба машины урд машины урд талын кирла руу өшиглөсөн. Эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан болохоор би тэр залууг явуулахгүй гээд бариад зогсож байсан чинь миний нүүр рүү гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

Яллагдагч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр машины жолоочтой маргалдаж байгаад машин руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр машины жолооч машинаасаа бууж ирээд хэрэлдэж, маргалдаад хоёулаа барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4518 тоот дүгнэлтэд: 

  1. Ц.Сүхбаатарын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дүгнэлт. /хх-ийн 17/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар хэрүүл маргаан үүсгэн иргэн Ц.Сүхбаатарын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Ц.Сүхбаатарын: “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын Хаан банкны орчим өөрийн 79-60 УНР улсын дугаартай Тоёота витз маркийн машинтайгаа зүүн эргээд ортол замын голд үл таних 1 эрэгтэй хүн явган явж байсан ба машины урд машины урд талын кирла руу өшиглөсөн. Эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан болохоор би тэр залууг явуулахгүй гээд бариад зогсож байсан чинь миний нүүр рүү гараараа олон удаа цохисон...”  гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Сүхбаатар нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Цд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Ц-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ц нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР