| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2025/00619/И |
| Дугаар | 208/ма2026/00027 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 208/ма2026/00027
Б.О******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн М******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.О******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Ц******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: автомашин учирсан гэм хорын хохирол 3,588,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагч Д.Ц*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.О******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Б.О******* нь хариуцагч Д.Ц*******ийг М******* сумаас У******* хотын чиглэлтэй хатуу хучилттай авто зам руу үхэр оруулсны улмаас түүний хар зүсмийн үхрийг мөргөж миний жолоодож явсан Т загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,588,000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаас гаруулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Д.Ц******* нь манайх малаа хариулгатай байлгадаг. Манай хар зүсмийн үхрийг зам дээр мөргөсөн гэж байгаа боловч тухай үхэр нь машинд мөргүүлсэн ямар нэгэн ул мөргүй, автомашинд учирсан хохиролтой нь харьцуулбал үхэрт ямар нэгэн гэмтэл учраагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
4.Анхан шатны шүүх нь хэргийг хэлэлцээд хариуцагч Д.Ц*******ийг Эрх бүхий албан тушаалтын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн малчин Д.Ц******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд ...хатуу хучилттай замд 50 метрээс дотогши хариуллагагүй мал тэжээвэр амьтныг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн тухай магадлагаа гарсныг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зуран уг зөрчлийн улмаас 10,000 төгрөгөөр торгуулсан тогтоогдсон, хариуцагч нь хатуу хучилттай замд 50 метрт мал оруулснаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохиролд 3,588,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
5.Хариуцагч Д.Ц******* анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй, хариуцагчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
6.Нэхэмжлэгч Б.О******* гаргасан нэхэмжлэл нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэргийн үйл баримт болон хариуцагчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.О******* нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо буруутай этгээдээр гаргуулахаар хуульд зааснаар шаардлага гаргах эрхтэй.
Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байх шаардлагатай.
7.Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д.Ц******* ийн гэм бурууг нэхэмжлэгчээс нотлоогүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсны үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч Б.О******* осол гаргасны улмаас түүний тээврийн хэрэгсэлд 3,588,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон боловч анхан шатны шүүхээс тухайн осол гарахад хариуцагчийн буруутай ямар үйлдэл осол гаргах шалтгаан болсон учирсан хохирол хариуцагчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа талаар хэрэгт авагдсан ямар баримтад үндэслэн буруутай гэж үзсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн магадлагааг үндэслэн хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
8.Малчин Д.Ц******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан ...хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариуллагагүй мал тэжээвэр амьтныг оруулахгүй байх гэснийг зөрчсөн буруутай гэж эрх бүхий албан тушаалтнаас дүгнэсэн магадлагаа нь дангаар хариуцагчийг тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэж буруутгах үндэслэл болохгүй.
Учир нь: хариуцагч Д.Ц******* нь малаа хариуллагагүй хатуу хучилттай замд 50 метрээс дотогш байлгасан үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн, осол гарах үед зам дээр байсан гэх үхрүүд нь хариуцагчийн үхрүүд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Мөн осол гарахад жолоочтой хамт байсан гэх гэрч Н.Т Зам дээр 10 гаруй үхэр байсан. Хамгийн түрүүнд хар үхэр мөргүүлсэн ... машин баруун талаараа үхрийн бөгсөн хэсгийг мөргөөд зогссон. ...зам дээр олон үхэр хэвтэх нь хэвтээд зогсох нь зогсоод байж байсан.... бид аль үхрийг нь мөргөчихвөө гээд үхэрнүүдийг тууж хөдөлгөөнд оруулахад нэг хар үхэр хэвтчихээд босохгүй байсан Тэр үхэр тэгж хэвтэж байж байгаад өрөө босоод доголоод явсан гэсэн мэдүүлэг, гэрч Л.Б утсан дээрээ үхрийн зургийг авсан байсан. тэгээд маргааш нь тэр зургаар нь хайж явсан... хайж байгаа мухар үхэр нь доголсон явсан би түүнийг нь харсан гэсэн мэдүүлгүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр томилсон шинжээчийн ... үхэрт гэмтэл бэртэл аваагүй гэсэн дүгнэлт зэргээр няцаагдаж байна.
Түүнчлэн хатуу хучилттай замд тодорхой хэмжээний хурдтай явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн үхэрт ямар нэгэн бэртэл гэмтэл үүсээгүй атлаа тээврийн хэрэгсэлд үлэмж хэмжээний хохирол учирсан нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм бурууг нотолж чадаагүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг баримталж оролцсон эсэх, жолооч зам дээр байгаа саадыг урьдаас харж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан эсэх талаар эрх бүхий албан тушаалтнаас тодорхой дүгнэлт гаргаагүй байхад хатуу хучилттай замын ойролцоо мал нь хариуллагагүй байсан гэсэн үндэслэлээр хариуцагчийг шууд буруутгах нь үндэслэлгүй.
9.Иймд нэхэмжлэгчийн осол гарах шалтгаан нөхцөл болон ослын улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учрахад хариуцагчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн хохиролд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О******* хариуцагч Д.Ц******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн М******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О******* хариуцагч Д.Ц******* ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ