| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1635/Э |
| Дугаар | 1700 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч М.Үүрийнтуяа,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Э-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 00720 1863 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Э, 1975 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд ооловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 1, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 13-8-113 тоотод оршин суух хаягтай, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 3 жил тэнсэх, 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 2007 оны 7 дугаар зүйлийн 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 28-1615 тоотод оршин суух иргэн Б.Батнавчийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, эмэгтэй хүний хурган дотортой дээл, бүрх малгай, индүү зэрэг 1.394.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мила” нэртэй гоо сайхны салоноор 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлчлүүлж байсан иргэн Д.Цэвэлсүрэнгийн гутал, цүнх зэрэг 327.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг, мөн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван мөнх” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Б.Цацралын эзэмшлийн Хуавей Вай 6 загварын 393.600 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.114.600 төгрөгийн хохирол учруусан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэв.
Хохирогч И.Батнавч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 30 минутанд гэрээсээ охинтойгоо гараад явсан. Ах Баттулгын гэрээс хүүгээ авч 2 хүүхэдтэйгээ 14.30 минутанд ирсэн. Хашааны хаалгаа онгойлгоод хашаанд байх байшинд орж ирэхэд хаалга үүд цоожтой мөртлөө, хулгай урд вакум цонхны салхивчаар орж шинэ цагийн жижиг 250.000 төгрөгийн мөнгөн аяга, дунд 200.000 төгрөгийн мөнгөн аяга, эмэгтэй хүний хурган дотортой 500.000 төгрөгийн дээл эрэгтэй, эмэгтэй бүрх малгай 50.000 төгрөг, шинэ BSB маркийн 50.000 төгрөгийн эд индүү, хэрэглэж байсан индүү 20.000 төгрөг, шинэ жигнүүр 50.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан байна." гэх мэдүүлэг /хх-ийн 24-28/,
Хохирогч Б.Цацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн түрээслэн ажиллуулдаг лангуу дээрээсээ хуавей ю 6 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би гарч явахдаа лангууныхаа хаалгыг хаагаад явсан. Тэгтэл хаалга түлхэж орж ирээд пүүз үзье гэж хүүхдийн анхаарал сарниулж байгаад л авч явсан байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,
Хохирогч Д.Цэвэлсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоо сайхан массажны газарт үйлчлүүлэхээр орсон ба өөрийн өмсөж явсан гутал болон цүнхээ үүдний гутлын тавиур дээр тавиад орсон. Тэгээд 11 цаг 40 минутын үед цаад өрөөнөөс үйлчлүүлчихээд гараад ирэхэд миний гутал цүнх алга болчихсон байсан. Алга болсон эд зүйл нь колумбиа брэндийн ууланд өмсөх зориулалттай 38 размерийн улбар шар өнгийн гутал, прада брендийн цэнхэр цүнх, мөн гоо сайхны бүтээгдэхүүнүүд байсан ." гэх мэдүүлэг /хх-ийн 136-139/,
Яллагдагч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 онд Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт Содмонгол ХХК-ны колонкийн барилга дээр ажиллаж байхдаа тогооч хийдэг байсан бөгөөд олсон цалингаараа Дарь-Эхийн архичидтай архи хувааж ууцгаасан. Архи уугаад явж байх хугацаандаа хулгай хийчихсэн юм. Би Дарь-Эхэд 7, 8 хоног дараалж архи ууж явсан бөгөөд архи уух мөнгө олдохгүй байсан учраас л хулгай хийсэн. Би согтуу байсан болохоор хэргийн талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,
“...лангуун дээр нь Хуавей маркийн хар бараан өнгийн утас цэнэглээтэй байсан ба хувцас үзэж байгаа юм шиг зогсож байгаад утсыг авч халаасандаа хийгээд гарсан. Тэгээд гарч яваад Дарь-Эхийн хуучин эцэс рүү алхаж яваад тэнд архи уудаг Бадамцэрэн гэгчтэй таарахад гар утсаараа нэг ганц яриулчих гэхээр нь өгсөн юм. Тэгээд Цэрэнбадам миниы хулгайлсан утсыг барьж явж байгаад нэг харсан алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-124/,
“...Би ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар угсармал буюу 29 дүгээр байранд байрлах Алжаал тайлах төвийн хаалгыг онгойлгон орох үед үүдэнд хар өнгийн цүнх өлгөөтэй байсан, доор нь эмэгтэй хүний саарал оруулгатай, улбар шар өнгийн хос гутал /37 эсхүл 36 размер байсан байх/ байсныг авч гарсан. Авч гараад шууд Нарантуул зах руу алхаж явсан бөгөөд мангасын аманд очоод нэг 40 орчим насны эмэгтэйд 10.500 төгрөгөөр л зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 174-176/,
“...Би ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мила гэх алжаал тайлах төвд орж эмэгтэй хүний цүнх, пүүз хулгайлж Нарантуул зах дээр үл таних хүнд 10.500 төгрөгөөр зарсан. Үндсэн хэргийн хувьд 2017 оны 7 дугаар сард миний бие Дарь-Эх орчмоор тэр хавийн залуучуудтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж явдаг байсан бөгөөд явж байх хугацаандаа уг хэргийг үйлдсэн. Гэхдээ яаж нэвтэрч орсон ямар эд зүйл хулгайлсан гэдгээ огт санахгүй байгаа бөгөөд хурууны хээгээр тогтоогдсон учраас үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. би үйлдсэн бүх хэргээ ганцаараа үйлддэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж, мөнгө хэрэгтэй болсны улмаас хулгай хийдэг. Хийсэн бүх хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 181-183/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/833 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэсэн дугаартай 10 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн 1 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа 2603302 бүртгэлийн дугаартай Төмөрбаатар овогтой Эын зүүн гарын дунд хурууны хээтэй, 4 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа 2603302 бүртгэлийн дугаартай Төмөрбаатар овогтой Эын зүүн гарын эрхий хурууны хээтэй тус тус тохирч байна. гэх дүгнэлт /хх-ийн 38-40/,
Дамно ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн БЗД-19-093 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: мөнгөн аяга жижиг 70.000 төгрөг, мөнгөн дунд гарын 120.000 төгрөг, эмэгтэй хурган дотортой дээл 480.000 төгрөг гэх /хх-ийн 50/,
Дамно ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн БЗД-19-094 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: эмэгтэй бүрх малгай 28.800 төгрөг, BSB маркийн шинэ индүү 43.600 төгрөг гэх /хх-ийн 55-56/,
Дамно ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн БЗД-19-559 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: Huawei Y-6 маркийн гар утас 393.600 төгрөг гэх /хх-ийн 103-104/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газрын БЗ2-18-1893 дугаартай үнэлгээний тайлан: уулын гутал 240.000 төгрөг, арьсан цүнх 87.000 төгрөг /хх-ийн 143-145/,
2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл 2019.8.30-ны өдөр: яллагдагч Т.Эаас хохирлын мөнгө 100.000 төгрөг хураан авсан,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2019.9.20-ны өдөр хохирогч И.Батнавчид хохирлын 100.000 төгрөг хураан авсан /хх-ийн 87/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2019.8.30-ны өдөр хохирогч Б.Цацралд Huawei маркийн хар өнгийн гар утсыг хүлээлгэн өгөв. /хх-ийн 114/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл 2019.8.30-ны өдөр: яллагдагч Т.Эаас хохирлын мөнгө 100.000 төгрөг хураан авсан /хх-ийн 177/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2019.8.30-ны өдөр хохирогч Д.Цэвэлсүрэнд хохирлын 100.000 төгрөг хүлээлгэн өгөв. /хх-ийн 178/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 148/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Прокуророос шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 28-1615 тоотод оршин суух иргэн Б.Батнавчийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, эмэгтэй хүний хурган дотортой дээл, бүрх малгай, индүү зэрэг 1.394.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан болох нь
Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мила” нэртэй гоо сайхны салоноор 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлчлүүлж байсан иргэн Д.Цэвэлсүрэнгийн гутал, цүнх зэрэг 327.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан болох нь
Мөн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван мөнх” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Б.Цацралын эзэмшлийн Хуавей Вай 6 загварын 393.600 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.114.600 төгрөгийн хохирол болох нь,
Хохирогч И.Батнавчийн: "...2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ...14.30 минутанд ирсэн. Хашааны хаалгаа онгойлгоод хашаанд байх байшинд орж ирэхэд хаалга үүд цоожтой мөртлөө, хулгай урд вакум цонхны салхивчаар орж шинэ цагийн жижиг 250.000 төгрөгийн мөнгөн аяга, дунд 200.000 төгрөгийн мөнгөн аяга, эмэгтэй хүний хурган дотортой 500.000 төгрөгийн дээл эрэгтэй, эмэгтэй бүрх малгай 50.000 төгрөг, шинэ BSB маркийн 50.000 төгрөгийн эд индүү, хэрэглэж байсан индүү 20.000 төгрөг, шинэ жигнүүр 50.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан байна." гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Цацралын: "...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн түрээслэн ажиллуулдаг лангуу дээрээсээ хуавей ю 6 маркийн гар утсаа хулгайд алдсан." гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Цэвэлсүрэнгийн: "...Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоо сайхан массажны газарт үйлчлүүлэхээр орсон ба өөрийн өмсөж явсан гутал болон цүнхээ үүдний гутлын тавиур дээр тавиад орсон. Тэгээд 11 цаг 40 минутын үед цаад өрөөнөөс үйлчлүүлчихээд гараад ирэхэд миний гутал цүнх алга болчихсон байсан. Алга болсон эд зүйл нь колумбиа брэндийн ууланд өмсөх зориулалттай 38 размерийн улбар шар өнгийн гутал, прада брендийн цэнхэр цүнх, мөн гоо сайхны бүтээгдэхүүнүүд байсан” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 799.470 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч И.Батнавчид 572.470 төгрөг, хохирогч Д.Цэвэлсүрэнд 227.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Эт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Т.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Э-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Т.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-ын урьд цагдан хоригдсон нийт 43 / дөчин гурав / хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Э-аас нийт 799.470 /долоон зуун ерэн есөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч И.Батнавчид 572.470 төгрөг, хохирогч Д.Цэвэлсүрэнд 227.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР