| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/00545/И |
| Дугаар | 208/МА2026/00025 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 208/МА2026/00025
Ж.Б******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 316/ШШ2026/00283 дугаар шийдвэртэй
Хариуцагч С******* ******* *******-д холбогдох
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
Ж.Б******* миний бие С******* ******* *******-ийн харуулын албан тушаалд анх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар түр томилогдож, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тоот тушаалаар үндсэн албан тушаалд томилогдож С******* ******* *******-ийн нийт 7 жил 6 сарын хугацаанд ажилсан байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргахгүй ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгэж байсан.
С******* ******* *******-ийн гүйцэтгэх захирал М.Б 03 дугаар сарын 28-нд надтай уулзахдаа манай компанийн 4-н харуулын ажилтны орон тоог цөөрч хасагдсан. Та нар замчны албан тушаалд ажиллах уу гэхэд нь би тухайн үед нас 53 хүрсэн, группийн хүн тул замчин хийж дийлэхгүй болохоор санал болгосон ажилд нь ажиллаж чадахгүй, боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл захирал 04 дүгээр сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлөх тушаал гарна гэж хэлсэн.
Би 2025 оны 04 дүгээр сарын 01-09-ний өдрүүдэд ажилдаа ирэхэд ажлаас халах тушаал гараагүй, ******* замын засвар ******* ******* *******-иас тушаал шийдвэр албан ёсоор ирээгүй байна гэсэн хариу хэлдэг байсан.
Маргааш нь буюу 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа ирээд хамт ажлаас халагдаж байсан харуулын ажилтан болон хуулийн мэргэжилтэн, дотоод аудитын ажилтантай хамт гүйцэтгэх захирал М.Б ын өрөөнд орж уулзахад захирал бүтэц орон тоо баталсан тушаал ******* замын засвар ******* ******* *******-аас ирээгүй байна. Манай компанийн 4-н харуулын ажилтан болон хуулийн мэргэжилтэн, дотоод аудитын албан тушаал хасагдаж байгаа. Тушаал шийдвэрүүд нь 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлж байгаа тул та нар энд ирээд хэрэггүй болов уу. Ажлаас халах тушаалын он, сар өдрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр гарган тиймээс та нарын ажилд ирсэн хугацааны цалинг бодож өгч чадахгүй гэхэд нь хуулийн мэргэжилтэн, дотоод аудитын ажилтан бид нарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахад бид нараас шалтгаалж гарахгүй байгаа асуудал байхгүй биз дээ өнөөдрөөр тушаалаа гаргаад өгчих, бид нар нийгмийн даатгалаас ажлаас халагдсан тэтгэмжээ авах хүсэлт өгөхөд тушаал гарснаас хойш 14 хоногийн дотор өгөх юм байна. Та тушаалыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөр өгөх юм бол бид нарын тэтгэмж авах хугацаа бараг дуусаж байна. Тиймээс өнөөдрөөр тушаал гаргаж өгөө гэхэд гүйцэтгэх захирал М.Б ******* замын засвар ******* ******* *******-ийн бүтэц, орон тоо баталсан тушаал, албан тоотын бланк, тамга тэмдэг ирээгүй болохоор өнөөдөр тушаалыг чинь гаргаж өгч чадахгүй гэсэн.
Маргааш нь 04 дүгээр сарын 11-ний өглөө бичиг хэрэг Г.М миний гар утас руу залгаад гүйцэтгэх захирал ******* замын засвар ******* ******* *******-ийн гүйцэтгэх захиралтай өчигдөр орой холбогдож та нарыг 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг өгөхөөр болсон тул тушаалыг чинь энэ өдрөөрөө гарахаар болсон та тушаалаа 04 дүгээр сарын 15-ны өдөр ирж аваарай гэж утсаар хэлсэн.
Ингээд 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад гүйцэтгэх захирал М.Б ажлаас халах тушаалыг уншиж өгөөд бичиг хэргийн ажилтан Г.М хурлын тэмдэглэл гэсэн хэвлэмэл баримтыг оруулж ирээд танд тушаал уншиж танилцууллаа энэ баримтад гарын үсэг зураад тушаалаа аваарай гэхэд нь хэвлэмэл баримтад гарын үсэг зураад тушаалаа аваад явсан. С******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 6/13 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана.
Гэвч Ж.Б******* намайг ажлаас халахдаа С******* ******* *******-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд 2024 онд байгуулсан хамтын гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө бичгээр мадагдана гэж заасан боловч хамтын гэрээ болон Хөдөлмөрийн хуульд заасан хугацаанд ажлын байр орон тоо цөөрч хасагдсан талаар надад 30 хоногийн өмнө нь бичгээр мэдэгдэлгүй халсан.
Би С сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаж, уг гомдлын хурлыг 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдөр хуралдахад ******* замын засвар ******* ******* *******-ийн С******* аймаг дахь салбарын менежер М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр ******* замын засвар ******* ******* *******-ийн С******* аймаг дахь салбар болж орон тооны бүтцэд өөрчлөлт орсон тул ажилд буцаан авах боломжгүй гэсэн.
С сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж өгсөн ******* замын засвар ******* ******* *******-ийн С******* аймаг дахь салбарын гаргаж өгсөн баримтуудаас харахад Харуул хамгаалалтын ажилтны хоёр орон тоо байсаар байхад үндсэн харуул хамгаалалтын 4-н ажилтанг ажлаас нь халж оронд нь гэрээт гүүр арчлагч болон сахиул нарыг Харуул хамгаалалт-ын албан тушаалд шилжүүлэн томилсон байдаг.
С******* ******* *******-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тушаалыг гаргахад үндэслэл болгож байгаа баримтуудаас харахад ******* замын засвар ******* ******* *******-ийн С******* аймаг дахь салбар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр болж хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, М.Б нь менежерээр томилогдож гэж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Гэтэл хуулийн этгээдийн эрхгүй ******* замын засвар ******* ******* *******-ийн С******* аймаг дахь салбар, түүний менежер М.Б томилогдсон байж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг С******* ******* *******-ийн гүйцэтгэх захирал М.Б гэж намайг ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ба энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэд, хэдэн зүйл заалтыг зөрчиж миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
... Нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй тухайд:
******* замын засвар, ******* ******* *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 25/07 дугаартай Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, ******* замын засвар, ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/35 дугаартай С******* аймаг дахь салбарын бүтэц зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тушаалаар иргэн Ж.Б******* ажиллаж байсан харуул хамгаалалтын ажлын байр хасагдсан болно.
Дээрх шийдвэрүүдийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсгийг баримтлан ******* замын засвар, ******* ******* *******-ийн С******* аймаг дахь салбарын Харуул хамгаалалтын ажилтан Ж.Б******* ыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан бөгөөд одоогоор нэхэмжлэлд дурдсан албан тушаалд Т.Нямаа гэх хүн ажиллаж байгаа тул түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг томилох, эсхүл шинээр харуул хамгаалалтын албан тушаалыг нэмэх эрх зүйн боломж байхгүй тул хэрэгжих боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн зарим шаардлага тодорхойгүй тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах гэжээ. ИХШХШТХ-ийн 62.1-т Нэхэмжлэлд дараахь зүйлсийг тусгасан байна, мөн зүйлийн 62.1.5.-т нэхэмжлэлийн үнэ мөн хуулийн 63 дугаар зүйл нэхэмжлэлийн үнийг тодорхойлох, 63.1. Нэхэмжлэлийн үнийг дараахь байдлаар тодорхойлно, 63.1.1. мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр; гэж заасан ба нэхэмжлэгч санхүүгийн ямар аргачлалаар, хэдэн төгрөг нөхөн олгуулах талаар дурдаагүй байгаа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шаардлага нь үндэслэлгүй, үйл баримтууд нь холбогдох нотлох баримтын шаардлага хангаагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй тайлбар гаргаж оролцох болно гэжээ.
С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 316/ШШ2026/00283 дугаартай шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б******* хариуцагч С******* ******* *******, ******* замын засвар ******* ******* *******-д тус тус холбогдох С******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* замын засвар ******* ******* *******-ний С******* аймаг дахь салбарын харуул хамгаалалтын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Нэг: Тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй үндэслэлийн хувьд:
Маргаан бүхий тушаалыг гаргах цаг хугацаанд С******* ******* ******* нь ******* замын засвар ******* ******* *******-ийн орон нутгийн салбар ******* болсон, захирал М.Б нь менежер албан тушаалтай болсон байсан. ...Үүний дагуу С******* ******* ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* замын засвар ******* ******* *******-ийн С******* аймаг дахь салбар болж улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд салбарын менежерээр М.Б томилогдсон байна. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй гэж заасан.
Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх нь гүйцэтгэх удирдлагад хамаарах талаар заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар ******* замын засвар ******* ******* *******-ийн гүйцэтгэх удирдлага нь Б.Н бөгөөд салбарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн болох нь тогтоогдож байна. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр М.Б нь С******* ******* *******- ийн гүйцэтгэх захирал гэсэн нэр, тамга, албан бланк ашиглан ******* дугаар тушаал гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр бус болсон байгууллагын нэр, эрх хэмжээг ашигласан үйлдэл болж байна. Иймд маргаан бүхий ******* дугаар тушаал нь эрх бүхий этгээдээс гаргагдаагүй, хуульд нийцээгүй акт гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруу дүгнэж шийдвэр гаргасан байна.
Хоёр: Тушаал Хөдөлмөрийн хуулийг зөрчиж тушаал гаргасан үндэслэлийн хувьд:
Маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Б*******т 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тушаалыг танилцуулсан байх бөгөөд өмнө нь хуульд заасан хугацаанд бичгээр мэдэгдсэн баримт байхгүй байна.
Анхан шатны шүүх тушаалтай танилцсан тухай тэмдэглэлийг үндэслэн талууд харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Учир нь нэгэнт гарсан тушаалтай танилцаж гарын үсэг зурсан нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хэрэв талууд харилцан тохиролцсон бол тухайн тохиролцоо нь тушаал гарахаас өмнө хийгдсэн байх ёстой бөгөөд хэрэгт ийм баримт байхгүй байна. ...шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. С******* ******* *******-ийн Б нь Ж.Б*******ыг ажлаас чөлөөлөх эрхтэй юм уу, үгүй юу гэх асуудал байна. Хоёрдугаарт 30 хоногийн өмнө мэдэгдээгүй гэх хэлбэрийн шаардлага байна гэх хоёр үндэслэлээр маргадаг. Нэхэмжлэгч Ж.Б******* ажиллаж байгаа харуул хамгаалалтын ажилтан цөөрсөн талаар тухайн ажлын байрыг цөөрүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* *******-ийн гүйцэтгэх захирлын А/35 дугаартай тушаалаар тухайн харуул хамгаалалтын ажлын байр нь цөөрсөн эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй. Мөн 04 дүгээр сарын 15-ны өдөр тушаал гардуулж уг тушаал дээр харилцан тохиролцсон ямар нэгэн гомдол саналгүй гэдэг баримт дээр гарын үсэг зурсан. Ийнхүү гарын зурж Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Ж.Б******* авсан талаар баримт авагдсан. Уг үйл баримтыг үгүйсгэсэн талаар баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.
Хуулийн этгээдийн эрхгүй гэсэн дээр нэмж тодруулж хэлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн байгууллага татан буугдах тухай хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассанд тооцно гэх нарийвчилсан зохицуулалт байгаа. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үед Компанийн тухай хуулиас гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зайлшгүй хэрэглэдэг. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд Б нь тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх бүрэн эрх нь байгаа. ... Нэхэмжлэгчийн дурдаад байгаа асуудал нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсгийг бариад салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй болчихсон байна. ... Тийм үүднээс компанийн дүрэм, үйл ажиллагааны журам, онцгой нөхцөл бүхий гэрээ энэ заалтуудаар салбарын менежерт эрх хэмжээг нь олгочихсон. ******* дугаар тушаалын маргаан бол ажлын тоо нь цөөрсөн үү, уг тушаалыг үндэслэж гарсан шийдвэр нь үндэслэл бүхий байсан уу гэх маргаан. Тийм учраас нэхэмжлэгчээс тухайн тушаал гардуулсан даруйд хүлээн зөвшөөрөхгүй гэдэгтээ ямар нэгэн тайлбар өгөөгүй. Тухайн тушаалыг гардаж аваад, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авчихаад ямар нэгэн гомдол саналгүй байсан. ... Тийм учраас анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ж.Б******* нэхэмжлэлтэй С******* ******* *******, ******* замын засвар ******* ******* *******-д холбогдох хэргийг хянан үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч Ж.Б******* нь С******* ******* *******, ******* замын засвар ******* ******* *******-д холбогдуулан С******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* замын засвар ******* ******* *******-ний С******* аймаг дахь салбарын харуул хамгаалалтын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ******* замын засвар ******* ******* *******-ийн орон нутаг дахь С******* ******* салбар нь хуулийн эрхтэй этгээд мөн эсэх, салбарын менежерийн эрх хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг буруу тайлбарласан гэжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ийн хүсэлтээр хариуцагч С******* ******* ******* болон ******* замын засвар ******* ******* *******-аас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 316/ШЗ2025/03206 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.
Тус захирамжийн дагуу хариуцагч С******* ******* ******* болон ******* замын засвар ******* ******* *******-аас нотлох баримтаар хуулбарлан ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хуулийн этгээд өөрийн гаргавал зохих бичмэл баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй юм.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус заасны дагуу хуулийн этгээд нь хэргийн оролцогчийн хувьд өөрийн шүүхэд ирүүлж байгаа бичмэл баримтаа өөрөө баталгаажуулах нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй юм. Тус хуулийн заалтыг нэг мөр ойлгох талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн 2009 оны №30 дугаар тогтоолын 1-д төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээд гэдэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэжээ.
Тодруулбал, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь хэргийн оролцогч бол бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлэхдээ бичиг баримтын эхийг эсхүл нотариатаар баталгаажуулан ирүүлснээр нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.
4.Гэтэл хариуцагч С******* ******* ******* болон ******* замын засвар ******* ******* *******-аас өөрийн архиваас гаргаж буй бичмэл баримтыг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн байхад шүүхээс дээрхи нотлох баримтын шаардлага хангаагүй талаар тайлбарлахгүйгээр хүлээн авч, улмаар дээрхи баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэл болох тул давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 316/ШШ2026/00283 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН Bottom of Form