| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2026/00029/И |
| Дугаар | 208/МА2026/00024 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 208/МА2026/00024
А.С******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч А.С******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгох тухай
Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Миний бие овогтой С******* нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ******* ******* ХХК-нд тооцоологч эдийн засагч, материалын нягтлан бодогч, авлага, борлуулалтын нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, Санхүү бүртгэл тайлагналын хэлтсийн дарга хийж байгаад 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү удирдлагыг газрын даргын үүргийг гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл тасралтгүй 9 жил 6 сар тус компанид ажиллаж байна. Тус компанийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн танхимын зөвлөгөөнөөр Санхүү удирдлагын газрын дарга нь 11 дүгээр сарын мөнгөн урсгал доголдолгүй байна гэж танилцуулсан боловч байгууллагын зарим ажилчдын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй зөрчил гаргасан талаар дурдаж арга хэмжээ тооцно гэж Гүйцэтгэх захирал мэдэгдсэн. Энэхүү асуудлын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүний хувиар эрхээ хамгаалуулахаар хүсэлт өгсөн.
Мөн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09:02 минутад Хүний нөөцийн хэлтэст тайлбар гаргаж хүргүүлсэн. (Тайлбарыг хавсаргав) Гэвч Хүний нөөцийн хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зарим ажилчдын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй, мөнгөн урсгалыг төлөвлөгөөгүй үндсэн чиг үүрэг, АБТ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа тухай мэдэгдэл мэйл ирүүлсэн байна. 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11:45 минут Гүйцэтгэх захирлын ******* тушаалыг гардуулан өгсөн. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Гт 2025 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 2025 оны 11-12 сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөгөө танилцуулсан. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Г нь тухайн төлөвлөгөөтэй танилцуулж, гарын үсэг зурсан. Мөнгөн урсгалын хомсдолд орох талаар Гүйцэтгэх захирал мэдэж байсан. (2025 оны 11-12 сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөгөө хавсаргав) Миний бие ажлын байрны тодорхойлолт болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.9 дэх заалтын дагуу удирдлагыг үнэн зөв мэдээллээр цаг хугацаанд нь хангаж, компанийн өр, авлагыг бууруулах ажлыг зохион байгуулан ажилласан.
Мөн Гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу 2025 оны 11 сарын 28-ны өдөр Ула хотод томилолтоор ажилласан. ....Хаан банкны ************ тоот дансанд 2025 оны 11 сарын 28-ны өдөр 237,375,839.85 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2025 оны 12 сарын 01- ний өдөр зарим ажилчдын үлдэгдэл цалинг олгосон бөгөөд үлдэгдэл цалингийн дүн 236,700,855.27 төгрөг болсон. Энэ нь мөнгөн урсгалыг төлөвлөгөөгүй ажилласан гэдэг үндэслэлгүй гэж үзэж байна. (2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хаан банкны дансны хуулгыг хавсаргав) Мөн байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулж зангиа.мн сайтад ажлын байрыг хөдөлмөрийн дотоод журмын 4.4.10 дэх заалт Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах гэсэн байдаг харилцан зөвшилдөөгүй 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:32 минутад зарласан, мөн хөдөлмөрийн дотоод журмын ...заалтуудыг зөрчиж буй учир гомдлыг өгсөн боловч 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай ******* ******* ХХК-ийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан бөгөөд тус хурлын тэмдэглэлд талууд харилцан тохиролцоогүй гэх шийдвэр гарсан.
Тус тэмдэглэлийг үндэслэн С******* аймгийн ******* сумын ЗДТГазарт хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах хүсэлт гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй тухай албан тоот хариу ирүүлсэн.
Ажилчдын цалин олгох өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч А.С******* миний бие ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Г ын үүрэг даалгавар болон зөвшөөрлийн үндсэн ... Ула хотод үлдсэн бөгөөд Ула хотын оффис дээр очиж 2026 оны бизнес төлөвлөгөөний нэгтгэл хийсэн, ХХК дээр очиж нэгтгэл файлаа хүргүүлж бизнес төлөвлөгөөний ...ажлуудыг томилолттой байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн.
Уг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалд нэхэмжлэгч А.С******* намайг мөнгөн урсгал төлөвлөөгүй нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлийг дурдаж сахилгын шийтгэл оногдуулсан нь илт үндэслэл муутай хууль бус тушаал гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч А.С******* миний бие нь 2025 оны 11 дүгээр сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөг Гүйцэтгэх захиралд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулж баталгаажуулсан. Энэ нь 2025 оны 11 дүгээр сарын компанийн Мөнгөн урсгалын төлөвлөгөөгөөр батлагдах бөгөөд тухайн төлөвлөгөөгөөр компанийн мөнгөн урсгал 2025 оны 11 дүгээр сард доголдох эрсдэлтэй байсныг Гүйцэтгэх захирал Л.Г нь мэдэж байсан. Ямар баримтыг үндэслэн намайг мөнгөн урсгалыг төлөвлөөгүй гэж тушаал гаргасан нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэгч А.С******* би ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэн ажилласан, мөн тухайн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр албан томилолтоор Компанийн удирдлагын зүгээс ажиллуулсан мөртлөө үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар хасаж сахилгын шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байгаа тул ******* ******* ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны Өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр:
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, ...давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одонтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй, өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэл бүхий гэх дүгнэлтийг үйлдэж, ******* ******* ХХК-ны Гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/963 тоот тушаалыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргасанд манай зүгээс шүүх бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна.
Тодруулбал нэхэмжлэгч А.С******* нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба 2025 оны 11 сарын 28-ны өдөр Хаан банкны тоот харилцах дансанд 237,375,839 төгрөг үлдээж зарим ажилчдын цалинг олгоогүй шалтгаанаа мөнгөн урсгалын хомсдолтой холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ алдааг манай зүгээс үүсэж болох эрсдэлээ урьдчилан тооцоолоогүй, төлөвлөлт дутуу хийгдсэн гэж үзэж байгаа тул гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна.
Хариуцагчийн зүгээс энэхүү ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч А. С******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.3- т цалинг сард 2 удаа тогтсон өдөр олгох бөгөөд сар бүрийн 15,30-ны өдрүүдэд олгоно. Урьдчилгаа цалинг үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгоно. Цалин олгох өдөр нь нийтээр амрах баярын болон долоо хоногийн нийтээр амрах амралтын өдөртэй давхацсан бол өмнөх ажлын өдөр олгоно гэж зааснаар нэхэмжлэгч А.С******* нь учирч болох эрсдэлийг урьдчилан мэдэж, төлөвлөх ёстой байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаар тодорхой няцаалт, тайлбарыг гаргасан болно.
Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрийн 5-р тал, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч А.С******* нь Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Г т 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2025 оны 11-12 сарын мөнгөн урсгалын төлөвлөгөөтэй танилцуулсан, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Г нь тухайн төлөвлөгөөтэй танилцаж гарын үсэг зурсан, мөнгөн урсгалын хомсдолд орох талаар гүйцэтгэх захирал мэдэж байсан. Энэ өдөр 5 дахь өдөр байсан, 16:00 цагаас хойш 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээг банк хооронд шилжүүлэхэд Монгол банкаар дамжиж дараагийн ажлын өдрийн 11:00 цагт шилждэг учир Хаан банкны тоот данснаас интернэт банкаар 5,00,000 төгрөгөөр гүйлгээнүүдийг шивж, шилжүүлж ажилчдын цалинг олгосон, тухайн өдөр 999,715,669.79 төгрөгийн гүйлгээг интернэт банкаар хийсэн бөгөөд манай компанийн интернэт банкны лимит 1 тэрбум төгрөг байдаг учир Тус өдөр интернэт банкаар дахин гүйлгээ хийх боломжгүй болсон... энэ нь мөнгөн урсгалыг төлөвлөөгүй, мөн ажилчдын цалинг хугацаандаа тавиагүй хоцроосон гэж үзэх, үндэслэлгүй байна, эдгээр байдлуудыг нотолсон нотлох баримтууд бүгд хэрэгт байгаа гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гүйцэтгэх удирдлагад цалинг тогтоосон хугацаанд олгоогүй, мөнгөн урсгалыг төлөвлөгөөгүй гэх байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл гэж үзэж байна.
Нэхэмжлэгч А.С******* нь банкны гүйлгээний лимитийг 1 тэрбум байдгийг урьдчилан тооцоолж зөвхөн Хаан банкны тоот харилцах дансанд орлого төвлөрүүлэх бус өмнөх өдрүүдэд нь орлогыг бусад арилжааны банкнуудад хуваан төвлөрүүлэлт хийж үүсэж болох эрсдэлийг урьдчилан төлөвлөж Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.3-т заасан хугацаанд ажилчдын цалин хөлсийг олгох үүрэгтэй байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг мөнгөн урсгалын хомсдол үүсээгүй бөгөөд Санхүү, удирдлагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах ажилтны хувьд ажлын байрны тодорхойлолтын дагуу учирч болох эрсдэлээ урьдчилан төлөвлөж, шийдвэр гаргах ёстой байсан боловч зохиомол хомсдол үүсгэж зарим ажилчдын цалинг хоцроосон. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг бодитой дүгнэн хэлэлцээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай байсан.
Иймд С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүхийн шийдвэр дээр шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтдээ шүүгч цалинг тогтоосон хугацаанд олгоогүй, мөнгөн урсгалыг төлөвлөгөөгүй хоёр үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан гэж шүүгч дүгнэнэ. Гэтэл манай тушаал дээр 3 үндэслэлээр нэхэмжлэгчид арга хэмжээ авсан байгаа юм. Үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүй гэсэн шийдвэрийн үндэслэлийг шүүх авч үзээгүй. Энэ үндэслэл хаягдчихаад байгаа юм. Тийм учраас хэргийг бодитой шийдвэрлэж чадаагүй байна. Иймд дахин шийдэх боломж олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...манай ******* ******* ХХК-ийн хаан банкны данс маань л интернэт банктай. Бусад банк интернэт банк байхгүй. Интернэт банктай хаан банкны дансаар хас банк буюу цалингийн түр данс руу тэр мөнгөө шилжүүлээд цалин олгох ажилчид руу цалинг нь олгоод тэр данс тэглэдэг. Би өөр банк руу тараан байршуулах боломжгүй байсан. ...Дотоод журамдаа 30-ны өдрийн дотор ажилчдын цалинг олгох ёстой гэдэг. Гэтэл 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагт би цалинг олгосон. Тухайн цалин олгодог өдөр гүйцэтгэх захирлаас өгсөн чиглэлийн дагуу Ула хотод томилолттой ажиллаж байсан учраас үлдсэн ажилчдын цалинг олгож чадаагүй үлдээсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
..Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. ...Өөрийнхөө боломжит байдлаар хаан банкнаас олгодог лимитийн хэмжээнд цалин олгоод цөөн тооны ажилчдын цалин хоцорсон нөхцөл байдал харагдаж байна. Тэр нь амралтын өдрөө өнгөрөөд 1-ний өдөр цалин тавигдсан нөхцөл байдал харагдаж байна. Энэ хугацаанд ажилчдаас ямар нэгэн гомдол гаргасан, цахим ертөнцөд нийтэлсэн гэх зүйлийг ярьж байна. Ийм нөхцөл байдлыг нотолсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. ...Ерөнхий нягтлан бодогч нь өөрөө Ула хотод томилолтоор явж байгаа үед уг арга хэмжээг авч цалинг тогтоосон хугацаанд олгох, тэр хүндээ томилолт өгч явуулахгүй байх эрх нь гүйцэтгэх удирдлагад байхад үүнийгээ хэрэгжүүлээгүй. Тиймээс ерөнхий нягтлан бодогчид арга хэмжээ тооцоод байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй А.С******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч А.С******* нь хариуцагч С******* аймгийн ******* суманд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг ******* Шохой ТӨХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Нэхэмжлэгч А.С******* ын гаргасан сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.8 болон Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2, 4.2.7, 4.2.9 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй баримтуудыг хүлээн авч, шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, тус компанийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаал, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаар тушаал, цалин хөлсний журам, хөдөлмөрийн дотоод журам, ажиллагсдын цалингийн баримт зэргийг нотлох баримтаар хуулбарлан ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хуулийн этгээд өөрийн гаргавал зохих бичмэл баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй юм.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж, Улсын дээд шүүхийн 2009 оны №30 дугаар тогтоолын 1-д төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж тайлбарласан.
Тодруулбал, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь хэргийн оролцогч бол бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлэхдээ бичиг баримтын эхийг эсхүл нотариатаар баталгаажуулан ирүүлснээр нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.
Гэтэл хариуцагч ******* Шохой ХХК нь өөрийн архиваас гаргаж буй бичмэл баримтыг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн байхад шүүх дээрхи нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хүлээн авч, улмаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Мөн нэхэмжлэгч шүүхэд маргаан бүхий тушаалын хуулбар хувийг ирүүлсэн байхад түүнийг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр авч хэрэгт хавсаргалгүй үнэлж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь дээрх зөрчлийн бас нэг хэлбэр болно.
Шүүх хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг хүлээн авч түүнийг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
4.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт, шийдвэрлэлтийн талаар дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ