| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0309/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/326 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Г.Д-, Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Д-, Н.О- нарт холбогдох эрүүгийн 1938006840399 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Д-,
Монгол улсын иргэн, Н.О-,
Шүүгдэгч Г.Д-, Н.О- нар нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аянчин үйлчилгээний төв дотор иргэн Э.Э-ыг бүлэглэн зодож, хамар ясны хугарал, баруун ухархайн дээд хананд цууралт, тархинд доргилт, баруун зовхи, цээж, зүүн чих, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д-, Н.О- нар нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аянчин үйлчилгээний төв дотор иргэн Э.Э-ыг бүлэглэн зодож, хамар ясны хугарал, баруун ухархайн дээд хананд цууралт, тархинд доргилт, баруун зовхи, цээж, зүүн чих, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүүгийн 1938006840399 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би ажлаа тараад ажлынхаа 3 эгчийн хамт 17:40 цагийн үед Аянчин караоке бааранд орсон юм. Тэгээд цаг дуусаад тооцоо хийх гээд текэн дээр ирээд үл таних 2 залуутай маргалдсан. Тэггэл тэр залуу намайг үсдэж аваад чирээд зодсон. Тэгээд босоод гэрт хариад эхнэртээ болсон асуудлын талаар хэлэхэд эхнэр гараад цагдаад дуудлага өгсөн. Энэ асуудал гарснаас хойш тухайн хоёр залуу надтай уулзаж, байнга утсаар ярьж байсан. Би энэ хоёр залуутай тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон байгаа. Би гомдолгүй байна. Би тухайн залуучуудаас эмчилгээний зардлаа гаргуулж авахаар тохиролцсон учир цаашид нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-18-р тал/,
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Орой 17:30 цаг болсон байсан санагдаад байна. Ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй Аянчин караокед орж “нэг цаг дуулъя” гэж орсон юм...Тэгээд текэн дээр очоод тооцоогоо хийх гээд зогсож байтал текний тушаа өрөөнөөс 2-3 залуу гарч ирээд “хурдан тооцоогоо хий” гэж хэлсэн. Тэгээд тооцоогоо хийх гээд зогсож байтал нэг өрөөнөөс 2 залуу гарч ирээд нэг нь эхлээд манай ахлах тогоочийг багалзуурдаад 3 авсан.Тэгэхээр нь бид нар “хөөш болиоч, бид нар одоо тооцоогоо хийгээд гарах гэж байна шүү дээ” гэж хэлтэл нэг залуу нь “хурдан тооцоогоо хийхэд яадаг юм” гээд манай ахлах тогоочийг бариад авсан.Тэгэхээр нь бид нар салгах гэтэл бид нарыг хана руу түлхэж хаячихаад манай тогоочийг газар унагаагаад гараа атгаж байгаад нүүр рүү нь цохиод хамрын цусыг нь гаргаад, тархи толгой руу нь цохисон.Тэгээд “болиоч” гэтэл нөгөө залуу нь бас дахиж коридорт газар унагааж тархи толгойгүй нүдээд өшиглөсөн.Тэгэхээр нь |бид нар арай гэж салгаад явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өчигдөр орой 18:00 цагийн үед ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй Аянчин караокед орж “нэг цаг дуулъя” гэж орцгоосон юм...Тэгээд тэкен дээр очоод тооцоогоо хийх гээд зогсож байтал бид нарын араар хоёр залуу “хурдлаач, яасан уддаг юм” гэж хэлэхээр нь манай ахлах тогооч Э.Э- “байж бай, бид нар тооцоогоо хийх гэж байна” гэж хэлсэн. Тэгээд тэрэн дээрээс болж манай ахлах тогооч хойно зогсож байсан залуутай “хүлээж чадахгуй байна уу” гээд маргалдсан.Тэгтэл нэг залуу нь шууд заамдаж аваад газар дэгээдэж унагаагаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь бид нар дундуур нь орж болиулах гэтэл бид нарыг түлхээд “хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд бид нарыг үгийг үл тоомсорлосон. Бид нарыг “үг хэлж байна” гэж тоох ч үгүй байсан.Тэгээд манай туслах тогооч Одгэрэл эгч “болиоч, хүн аллаа, наадах чинь хүн шүү дээ” гэж хэлэхэд болиод тэр хоёр залуу гараад яваад өгсөн. Тэгээд тогоочийгоо босгоод угаалгын өрөөнд оруулж Одгэрэл эгч бид хоёр цус нөжийг нь угааж цэвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
Шүүгдэгч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа...Тухайн үйлчилгээний төвийн хяналтын камерын дүрс бичлэгт миний ямар үйлдэл гаргаж байгаа нь тодорхой байгаа учир болсон асуудпыг талаар дахин ярьмааргүй байна. Тухайн үед Э.Э- гэх залуутай тооцоон дээрээс болж маргалдсан Тэгж маргалдаж байхдаа түүнтэй зодолдсон. Найз Н.О- маань намайг өмөөрч тэр залууг надтай хамт зодсон. Н.О- бид хоёр тэр залуугийн эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэн дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч тэр залуугийн эмчилгээнд гарсан зардал болох 4.000.000 төгрөгийг төлж барагдуулан түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Шүүгдэгч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ “хохирогч Э.Э-ыг зодоогүй” гээд мэдүүлж байсан. Үнэндээ би тухайн үед найз Г.Д-ийгоо өмөөрч тэр залуутай зодолдож, цохилцсон нь үнэн. Тэгж зодолдох явцдаа хохирогч Э.Э-ын биед шинжээчийн дүгнэлтэн дээрх гэмтлийг 4 учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж тэр залуугийн эмчилгээнд гарсан зардал болох 4.000.000 төгрөгийг төлж барагдуулан түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 501 дугаартай: Э Э.Э-ын биед хамар ясанд хугарал, баруун ухархайн дээд хананд цууралт, тархинд доргилт, баруун зовхи, цээж, зүүн чих, баруун, зүүн бугалганд цус хуралт бухий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Э.Э-ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд/ нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 30-р тал/
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-р тал/, Хохирогч Э.Э-аас гаргаж өгсөн дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р тал/ Хохирогч Э.Э-ын эрүүл мэндийн байдалд үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 31-р тал/
Хохирогч Э.Э-ын шүүгдэгч Г.Д-, Н.О- нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 64-р тал/,
Шүүгдэгч Г.Д-ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-55-р тал/,
Шүүгдэгч Н.О-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-63-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч Г.Д-, Н.О- нар нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аянчин үйлчилгээний төв дотор хохирогч Э.Э-ыг тооцоогоо хурдан хийгээгүй гэх шалтгаанаар бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун ухархайн дээд хананд цууралт, тархинд доргилт, баруун зовхи, цээж, зүүн чих, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр батлагдсан.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.Д-, Н.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Д-, Н.О- нар нь хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Д-, Н.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Д-, Н.О- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55,63-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Д-, Н.О- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Г.Д-, Н.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Г.Д-, Н.О- нар нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938006840399 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг гарах үеийн Аянчин үйлчилгээний төвийн хяналтын камерын дүрс бичлэгээр 11 ширхэг гэрэл зураг бүхий DVD-R дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1938006840399 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Д, Н. О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Н.О нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Д, Н.О нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг гарах үеийн Аянчин үйлчилгээний төвийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий DVD-R дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай
Эрүүгийн 1938 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР