Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2026/00023

 

Н.О******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.сүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.О******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.М******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч С.О******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

Миний бие Н.О******* нь М.Т******* хууль ёсны төлөөлөгч. Миний хүү овогтой Т нь 2010 оны 02 дугаар сарын 26-нд бидний том хүү болон мэндэлсэн. 2017 оны 06 дугаар сарын 07-нд С******* аймаг ******* сумын тосгоны Цагаан худгийн ойролцоо явж байгаад улсын дугаартай М.М гэх залуу зам тээврийн осол гарган миний хүү М.Т******* дээгүүр автомашинаараа гарч амь насыг хохироосон. Хүүгээ алдсан өдрөөс хойш одоог хүртэл сэтгэл санаа тогтворгүй, үргэлж бодож дэргэд байгаа мэт үгүйлдэг. Хэвлийдээ тээсэн өдрөөсөө эхлэн 7-н нас хүртэл өсгөж бойжуулсан эцэг эхийн сэтгэл хямарч нойр хүрэхгүй сэтгэл санааны гүн хямралд орсон. Иймд сэтгэл санааны хохирол болох 50,000,000 төгрөгийг хариуцагч М.Мас гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 30.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

М овогтой М миний бие 2017 оны 06 дугаар сард болсон авто осолд 3 шатны 4 удаагийн шүүх хуралд Н.О******* нэхэмжлэлийн дагуу шүүх хуралд оролцон хуулийн дагуу хохирлыг бүрэн барагдуулж хуулийн хариуцлага хүлээсэн болно. Иймд иргэн Н.О******* нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 50,000,000 төгрөгийг өгөх боломжгүй тул өргөдлийг минь хүлээн авна уу гэжээ.

С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.Мас сэтгэцэд учирсан хор уршигт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.О******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, ...давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие ...энэ хэргийн шүүх хурал анхан, дунд, дээд 3 шатны шүүхээр 10 удаа болсон. Гэвч С******* аймаг, ******* сумын шүүх дан 1 талыг барьж шийдвэрлээд байгаад маш их гомдолтой байна. Одоо ч гэсэн М.М  банкны өр зээлтэй гэхэд миний эсрэг байсан. Анх шүүх хурал болоход ч М.М талд хэрэг шийдвэрлэгдсэн. Гэтэл би эх хүн, үрээ алдаад маш их гомдолтой байна. Хүний амийг мөнгөөр үнэлшгүй. Гэхдээ би хүүгээ алдаад маш их гомдолтой байхад Б.Хэрлэн шүүгч мөнгөтэй талыг барьж шийдвэрлээд байгаад гомдолтой байна. Би хүүгээ алдаад ажил төрөл хийж чадахгүй бие маань өвдөж заримдаа ухаан санаа минь орон гаран болсон. Хүний амь насыг хэдэн төгрөгөөр ч үнэлшгүй. Гэхдээ би М.Мас сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. М.М банкны өр надад огт хамаагүй. Би ч гэсэн хүүгээ алдаад өрөнд орж амьдарч байсан. Хашаагаа зарж өрнөөс гарсан. Одоо ч гэсэн өртэй. ******* сум мөнгөтэй талд үйлчилдэг юм байна лээ. Би М.М ах М баян гэж хэлсний төлөө 1,500,000 төгрөгөөр торгуулсан. Гэтэл бүхэл бүтэн хүүгийн маань амь насыг хөнөөгөөд одоо хүртэл уучлалт ч гуйгаагүйд гомдолтой, маш их гомдолтой байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.О******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүгч шийдвэртээ энэ талаар тодорхой дурдаж нэгэнт Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй, 8 жил 10 сарын дараа гэм хорын хохирлыг гаргах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хувьд нойргүй болсон гэдэг. Гэтэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдаанаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн улмаас хохирогчид зовиур шаналал үүссэний улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хүний зан авир өөрчлөгдөх зэрэг сэтгэцийн гэм хор учирсан байхыг шаарддаг. Гэтэл энэ хүний хувьд өр төлбөр ихтэй, нэг талыг бариад байна гэдэг нь байж болохгүй. Хүүхдээ нас барснаас хойш 8 жилийн дараа сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй. Гэмт хэрэг гарснаас хойш хариуцагч тал хүнд байдалтай байсан. Өөрөө 147,000 төгрөгөөр амьдарсан. Энэ нь шийтгэх тогтоол, магадлалд тодорхой дурдсан байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Н.О******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч С******* аймаг *******д сумын * дүгээр баг гудамжны ** тоотод оршин суугч Н.О******* нь С******* аймаг ******* сумын 4 дүгээр баг, Сүүл толгой гудамжны *-** тоотод оршин суугч М.М д холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд учирсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөг болгож багасгажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Г.О******* эс зөвшөөрч ..Би хүүгээ алдаад ажил төрөл хийж чадахгүй бие маань өвдөж заримдаа ухаан санаа минь орон гаран болсон. Хүний амь насыг хэдэн төгрөгөөр ч үнэлшгүй. Гэхдээ би М.М ас сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Хариуцагч М.М нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С******* аймаг ******* сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв засмал зам дээр пит загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зоригч 7 настай М.Т зам хөндлөн гарах үед нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж мөргөн амь насыг нь хохироосон үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлогдсон байна.

С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, М.М гэм буруугийн талаар маргаангүй байна.

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүрэг-ийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, мөн өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн уг заалттай уялдан Шүүхийн шинжилгээний хууль шинэчлэн батлагдаж сэтгэцэд учирсан хохирол буюу сэтгэл санааны шаналал зовиурын шалгуур үзүүлэлтүүдийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосны эцэст гаргуулан олгох эрх зүйн үйлчлэл эхэлсэн байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.

Хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг нь энэ хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн ойлголт бөгөөд хууль тогтоомж хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ гэж ойлгогдохоор байна.

Маргаж байгаа үйл баримтын хувьд авч үзвэл талуудын хооронд үүссэн гэм хорын харилцаа нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үүссэн, уг хугацаанд хуулийн дээрх зохицуулалт өөрчлөгдөөгүй байсан учраас анхан шатны шүүхийг хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл 2017 онд болсон үйл баримтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх үндэслэлгүй юм.

6.Иймд С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

 

Bottom of Form