Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Ц.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ү-ад холбогдох эрүүгийн 1938006200387 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Ү-,

Шүүгдэгч Ц.Ү- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн найз Д.Б-той “ажилдаа явсангүй, архи уулаа” гэж маргалдан архины шил шидэж толгойн тус газарт нь оносны улмаас зулай, зүүн чамархайд зүсэгдсэн шарх, дух, зүүн шанаа, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ү- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-той “ажилдаа явсангүй, архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь архины шил шидэж, эрүүл мэндэд нь зулай, зүүн чамархайд зүсэгдсэн шарх, дух, зүүн шанаа, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006200387 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ц.Ү- бид хоёр захын арын гудамжинд 0.75 литрийн Сэржим нэртэй 2 шил архи хувааж ууж дуусаад, дахин архи авч уух гээд бид хоёр мөнгөн дээрээ маргалдсан юм. Тэгтэл Ц.Ү- надаас 2 алхмын цаана зогсож байснаа архины шил аваад шууд миний толгой руу шидсэн. Тэр шидсэн архины шил нь миний толгойг оноод шил нь хагарч миний нүүр, толгой руу шил нь үсэрч миний толгойноос маш их цус гараад байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний улмаас гарсан зардлаа барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/

Гэрч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний төрсөн ах Ц.Ү- нь Д.Б- гэх хүний хамт Хатгалд хүний барилга дээр ажил хийж байгаад Мөрөнд 2019 оны 8 дугаар сарын 20-ны орчим ирээд тэр хоёр хоёр ирсэн өдрөөсөө хойш дараалан архи уугаад гадуур тэнээд яваад байсан. Өчигдөр орой миний гар утас руу... Д.Б-ын эхнэр нь залгаад “Ц.Ү- Д.Б- хоёр хоорондоо зодолдоод Д.Б- тархи толгойгоо хагалуулаад эмнэлэгт байгаа гэнэ. Ц.Ү- наагуур чинь байна уу” гэхээр нь Ц.Ү- ахыг “байхгүй байгаа” гэж хэлэхэд “чи нэг эмнэлэг ороод Д.Б-той уулзаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиход Д.Б- 103-ын өрөөнд хэвтэж байсан. Түүний толгойноос нь их цус гарч, “оёо тавиулсан” гээд толгойг нь цагаан боолтоор боосон байсан. Д.Б-оос юу болсон талаар асуухад “Ц.Ү- бид хоёр архи уугаад маргалдаж Ц.Ү- над руу архины шил шидээд шил нь миний толгойг онож хагалсан...Миний толгойноос их цус гарч байснаа би ухаан алдаад унасан байсан” гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хүүгээ гэмт хэрэгт холбогдсон талаар бэр Нарангэрэлээсээ сонссон. Нарангэрэл надад утсаар хэлэхдээ “хамт ажилладаг Д.Б- гэдэг хүнтэйгээ маргалдан зодолдоод нөгөө хүн нь эмнэлэгт хэвтсэн байгаа” талаар л хэлж байсан. Би тэр залууг зүс танина. Д.Б- нь хүүтэй хамт барилгын ажил хийдэг залуу байгаа юм...гэх мэдүүлэг /ххийн 21-22-р тал/

Шүүгдэгч Ц.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын сүүлээр Хатгал тосгон дахь ажлаа дуусгачихаад найз Д.Б-ынхоо хамтаар Мөрөн суманд орж ирсэн. Мөрөн суманд орж ирээд найз Д.Б-тойгоо хамт захын хажуу талын буудалд ороод тэндээ 1 шил архи хувааж уусан. Би архи 3 уучихаад шууд унтаж амрахаар хэвтсэн. Намайг хэвтсэн хойгуур Д.Б- миний картнаас мөнгө аваад архи авч уусан байсан. Уг өдрийн маргааш Д.Б- найз маань Хатгал руу ажил руугаа буцахгүй архи уух гээд гараад явчихсан. Тэгээд би түүнийг хайж байгаад захын зүүн талын гудамжинд хүмүүстэй архи ууж байхад нь олж аваад “хоёулаа ажил руугаа явъя” гэхэд “явахгүй” гээд байсан. Үүнээс болж би найз Д.Б-тойгоо маргалдсан. Тэгж маргалдаж байхдаа хажуудаа байсан архины шилийг аваад Д.Б-ыг онох зорилгогүйгээр шидэхэд Д.Б- шилнээс бултах гэж байгаад миний шидсэн шилэнд толгой хэсгээрээ оногдоод толгойноос нь цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 445 дугаартай: ...Д.Б-ын биед зулай, зүүн чамархайнд зүсэгдсэн шарх, дух, зуун шанаа, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь иртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Д.Б-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-44-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Ү- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-той “ажилдаа явсангүй, архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт 4 нь архины шил шидэж, эрүүл мэндэд нь зулай, зүүн чамархайд зүсэгдсэн шарх, дух, зүүн шанаа, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ц.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль эрх зүйн мэдлэг дутуу зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Ү- нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Д.Б- нь эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Ү-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ү-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ү- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Ү-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ц.Ү-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938006200387 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ц.гийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Ү нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938006200387 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Ү-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР