Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2026/00022

 

М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4,421,742.23 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, хариуцагч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Б.С******* т холбогдуулан хэрэглэгч Б.С******* нь Үйлчилгээний гэрээ байгуулан ******* дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ZTE blade V40 төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Гэрээний дагуу хэрэглээний төлбөр нийт 4,4217,42.23 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа тусгай дугаарт илгээсэн 1 мессеж 500 төгрөгөөр тооцогддог. -оос өөрийн илгээсэн мессежний дэлгэрэнгүйг өөрт нь илгээсэн байгаа гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2023 оны 4 дүгээр сарын 07-ны төлбөр 4,260,000 гарсан байсан. М******* 2222 асуутал та үндэсний 141900 мессеж бичсэн байна. 1 секундэд 8 гаруй явах боломжгүй. ******* залгаж асуутал манай дээр ийм их өгөгдөл ирээгүй байна. М******* асуудалтай шалгуул манай дээр 374 ширхэг мессеж ирсэн байна гэсэн. Ийм их мессеж бичээгүй тул төлөх боломжгүй гэжээ.

3.Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан бага үнийн дүнтэй нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээр заасан.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай хуульд тухайлан заасан нэхэмжлэлд нэхэмжлэгч М******* к******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл хамаарч байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 хоногийн дотор иргэний хэргийг үүсгэх байтал 9 хоногийн дотор үүсгэж захирамжийн захирамжлах хэсэгт тусгайлсан журмаар иргэний хэрэг үүсгэх хуулийн зүйл заалтыг баримталсан,

-Мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-д Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан байхад дээрх ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 26 дахь хоногтоо гардуулан, эрх үүргийг тусгайлсан журмаар тайлбарласан,

-Мөн хуулийн 757-д дугаар зүйлийн 757.-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж зааснаар уг хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн нь тодорхойгүй атлаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг ердийн журмаар хэлэлцэхээр гаргаж, шүүхийн шийдвэрт тусгайлсан журмаар хянан хэлэлцэхдээ удирдлага болгох хуулийн заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн мөртлөө гомдол гаргах хугацааг тусгайлсан журмаар 07 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэснээр хариуцагч шийдвэрийг гардан авсан өдөртөө гомдол гаргаж ирүүлсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр өөр журмыг хольж шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гаргасан байна.

4.Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч М******* к******* ХХК-иас хариуцагчийн утасны ярианы билл буюу ярианы жагсаалтыг нотлох баримтаар хуулбарлан ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хуулийн этгээд өөрийн гаргавал зохих бичмэл баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус заасны дагуу хуулийн этгээд нь хэргийн оролцогчийн хувьд өөрийн шүүхэд ирүүлж байгаа бичмэл баримтаа өөрөө баталгаажуулах нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй юм. Тус хуулийн заалтыг нэг мөр ойлгох талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн 2009 оны №30 дугаар тогтоолын 1-д төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээд гэдэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэжээ.

Тодруулбал, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь хэргийн оролцогч бол бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлэхдээ бичиг баримтын эхийг эсхүл нотариатаар баталгаажуулан ирүүлснээр нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.

5.Гэтэл нэхэмжлэгч М******* к******* ХХК нь өөрийн архиваас гаргаж буй бичмэл баримтыг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн байхад шүүхээс дээрхи нотлох баримтын шаардлага хангаагүй талаар тайлбарлахгүйгээр хүлээн авч, улмаар дээрхи баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 316/ШЗ2026/00485 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн дагуу мэдээлэл технологийн үйл ажиллагаа, зар сурталчилгааны шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэл болно.

6.Анхан шатны шүүх зохигчдод тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой тайлбарлаагүй, тусгайлсан болон ердийн журмыг хольж хэрэглэсэн, нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх журам зөрчигдсөн байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Цаашид анхан шатны шүүх нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан болон ердийн журмаар шийдвэрлэх эсэх талаар зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай байгааг анхааруулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 85,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

 

Bottom of Form