| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0320/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/338 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-ид холбогдох эрүүгийн 1938002130421 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Б-,
Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Хядагын ам гэх газарт иргэн П.Б-тэй малын бэлчээрээс болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Хядагын ам гэх газарт хохирогч П.Б-тэй малын бэлчээрээс болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938002130421 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Бүрэнтогтох сумын Туяа багийн Хядагын ам гэх газар 16 цагийн үед Үхрээ эргэх гээд үхэр дээрээ очиж явтал Туяа багийн иргэн А.Б- нь манай үхэрийг чулуугаар шидээд хөөгөөд байсан. Тэгээд намайг очиход надруу бас чулуу шидээд миний баруун талын нүдний доод зовхи, хамарлуу чулуу оносон. Тэгээд би мотоциклоосоо буугаад та яаж байгаа надруу чулуу шидээд үхэр мал хөөгөөд гэсэн чинь. А.Б- нь чи манай гэрийн хаяанд ирж үхрээ хариулдаг малаа байлгадагаг хэн бэ чи гээд намайг заандаад аваад толгойруу цохиод байхаар нь би зөрүүлээд би А.Б-ийн толгойруу 2 цохьсон юм. Тэгээд А.Б- нь хэл амаар зөндөө доромжилсон манай эндээс буцаад нутагруугаа зайл гэж хөөгөөд, чамайг ална шүү гээд байсан, тэгээд бид хоёр тэндээ тэгж хэрэлдэж байгаад хоёр тийшээгээ гэр гэрлүүгээ салаад явсан. Тэгээд орой нь манай гэрт ирж надтай хэрүүл хийгээд нэрээ хэл чамайг цагдаад өгнө гэж хэрэлдэж байгаад гэрлүүгээ явах замдаа Хүргэн ах Баярбаатарын д очиж бас хэрүүл хийж энэ авчирч буулгасан айлаа одоо явуул тэр зауугийн нэрийг хэл цагдаад өгнө гэхээр нь эгч Даваажав нь миний нэрийг хэлсэн чинь чи битгий худлаа яриад буруу нэр хэлээд бай гэж хэл амаар доромжилж хэрүүл хийж байгаад явсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/
Гэрч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Манайх Бүрэнтогтох сумын Их-Уул багийн айл юм. Өнгөрөх өвөл цас ихтэй байсан болохоор 2018 оны 11-р сард Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт хүргэн Баярбаатарын өвөлжөөний хашаанд очиж буусан. Тэгээд бууснаас хойш манай үхэр тууж бзүглүүлсэн бэлчээрээс олдодгүй, алга болчоод болохгүй байсан юм. Тэгсэн харин Туяа багийн иргэн манай доохон талд байдаг А.Б- нь тэр хавийн өвс малын бэлчээрээ харамлаад манай үхрийг урагш нь гол гаргаад туучихдаг, 3 эсвэл хойш нь уул өөд туугаад байсныг нь бид нар мэдэхгүй л хайгаад байдаг байсан. Урд нь 1 удаа манай үхэр олдодгүй 3 хоног хайж байж олж байсан тохиолдол ч бий. Энэ байдлаас малын бэлчээрээс болж хэрүүл маргаан болж зодолдсон байна. А.Б- нь ээжгэйгээ хоёулхнаа байдаг дээрэлхчий ингээд айлгачихвал дахиж үхрээ өөрийнхөө тэр харамлаад байгаа бэлчээрлүү явуулахгүй байх. гэж бодсон юм болвуу гэж бодож байна. А.Б- нь угаасаа Туяа багруу гаднаас ирсэн айлын хүмүүстэй малын бэлчээрээс болж хэрүүл маргаан үүсгэж хэрэлдэж зодолддог хүн гэж туяа багийн хүмүүс нь хүртэл мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би энэ хоёрыг зодолдож байхыг нь хараагүй. Ямар ч хээр малын хажууд зодолдсон гэсэн хаана зодолдосныг нь мэдэхгүй юм, А.Б- нь П.Б-гийн үхрийг чулуугаар шидээд малын бэлчээрээ харамлаад туугаад байдаг байсан тэрнээс болж л энэ хоорондоо муудалцсан байх. А.Б- нь П.Б-гийн үхрийг чулуугаар шидээд, мориор хөөгөөд байдаг байсныг би өөрийн хоёр нүдээрээ харж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/
Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэрт Хядагын ам гэх газраас 2 тугалаа хайгаад явж байхад П.Б- мотоцикльтой хүрч ирээд чи яагаад үхэр хөөгөөд байна гэж хэлснээ намайг заандаад цохиж унагаасан. Тэгж унахдаа морио алдсан. Намайг унасан байхад П.Б- миний дээрээс цохиж байсан, би тухайн үед эсэргүүцэл үзүүлж гараараа цааж түлхэж холдуулж байгаад түүнтэй адилхан барилцаж байсан. Тэгж барилцаж байхдаа П.Б- миний ам руу гараа хийж жавижнаас татахаар нь гарыг нь хазсан. Тэгж байгаад П.Б-гээс арай гэж зугтаагаад алдсан морио барьж аваад тэндээсээ гэрлүүгээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай: П.Б-гийн биед дух, баруун хацарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцралт, баруун сарвууны долоовор хуруунд шарх, 1 ширхэг, үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. П.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/ 4 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгсэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-92-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч А.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Хядагын ам гэх газарт хохирогч П.Б-тэй малын бэлчээрээс болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь хохирогч П.Б-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.Б- нь хохирогч П.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч А.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч А.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч А.Б- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938002130421 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 6 түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт А.гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 193800 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР