Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2026/00021

 

Ч.Б******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Б*******

Хариуцагч Ц.Ш*******, Ш.Ц******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 12,876,000 төгрөгийг гаргуулах тухай

Хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ч.Б******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч Ч.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Ц.Ш******* түүний гэр бүлийн хүн болох Ш.Ц******* нарт холбогдуулан мал маллахад нь туслах зорилго бүхий хэлцэл хийж 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарны 23-ны өдрийн хүртэл ажилласан. Ажлын хөлсөө сарын 700,000 төгрөгөөр тохирсон. Ажиллах хугацаанд 3,000,000 төгрөг ажлын хөлсөнд өгсөн. Ажлын хөлсөө бүрэн өгөөгүй тул шүүхэд хандсан. Одоо 15 сарын цалинг нийт 12,876,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Ч.Б******* ыг ойр зуурын ажилд туслуулахаар авах хугацаанд үхрийн баас цэвэрлэхээр сарын 300,000 /гурван зуун мянган/ төгрөгөөр аман тохиролцоо хийсэн. Бие дааж ажил хийх чадваргүй, архи уудаг элдэв ааш гаргадаг байсан. Ч.Б******* аав Ч 2025 оны 05 дугаар сард нэг хонь өгч, өвөл идэшний үеэр нэг үхэр өгөхөөр тохиролцсон. Мөн Ч 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарлажээ.

3.Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан бага үнийн дүнтэй нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай хуульд тухайлан заасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Ч.Б******* нэхэмжлэл хамаарч байна.

4.Анхан шатны шүүх иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр иргэний хэрэг үүсгэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журамтай хольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр өөр журмыг баримталж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гаргасан гэж үзнэ.

Тухайлбал:

-Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.1. ...нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. гэснийг зөрчин 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хуульд заасан хэрэг үүсгэх хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн,

-Тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод эрх үүргийг нь тайлбарлаагүй, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хуульд заасан хугацаанд хийгээгүй, хариуцагч нарт нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хариу тайлбар гаргах хугацааг ердийн ажиллагааны адил 14 хоногоор тогтоосон,

-Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор шийдвэрлэх, тус хугацааг шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгахаар хуульчилсан байхад дээрхи хугацааг үндэслэлгүйгээр 66 хоногоор хэтрүүлсэн, шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд хэргийн зохигчдод гардуулаагүй зэрэг болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн зохигчдод тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбарлаагүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болох бөгөөд хэрэгт хуульд заасан хоёр өөр ажиллагааг ялгахгүйгээр хольж явуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

5.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

6.Цаашид анхан шатны шүүх нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан болон ердийн журмаар шийдвэрлэх эсэх талаар зохих дүгнэлт хийх, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний зарим төрлийн хэрэг, маргааныг ердийн болон бусад хэргээс богино хугацаанд үр дүнтэй, хялбар, зардал багатай тусгайлсан журмаар шийдвэрлэх зорилготой гэдгийг анхааруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,409 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН