| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0479/Э |
| Дугаар | 507 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
хохирогч Н.Цэрэннадмид, А.Билгүүн,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-ны Аод холбогдох эрүүгийн 201701000062 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Түмэн танан майнинг” ХХК-д менежер ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогтТ-ны А, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Глобал хелл центр” ХХК-ны захирал Т.А нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нэр бүхий 22 иргэний хувийн байдлыг тодруулсан баримт бичиг болох нийгмийн даатгалын дэвтэр, банкны лавлагааг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…“Глобал Хэлл Центр” ХХК-ийг 2016.6.06-ны өдөр би үүсгэн байгуулсан. Би өөрөө Дархан-Уул аймгийн харъяат учир хотын хаяг авахын тулд өөрийн найз Билгүүний найз Улаанбаатар хотын харъяат залуутай хамт үүсгэн байгуулж бүртгүүлсэн юм. ...9 сар гаргаад Нийгмийн даатгалын талаар асуух тодруулга авах гэж явж байгаад Дэлгэрмаатай танилцсан. Дэлгэрмаа танилцахдаа тус газрын архивын ажилтан гэж өөрийгөө хэлж байсан ба Нийгмийн даатгалтай холбоотой асуудал байвал хэлээрэй гэсэн тэгээд би за гээд л өнгөрч байсан. Ингээд би хэд хоногийн дараа Нийгмийн даатгалын ерөнхий газар очоод Дэлгэрмааг дуудан үүдэнд уулзаж шинээр нийгмийн даатгалын дэвтэр хуурамчаар нээлгэж болох уу гэхэд Дэлгэрмаа болно шүү дээ гэсэн тэгээд л би манайд хандаж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь бичиг баримтын бүрдэл дутуу зөрчил байдаг болохоор эдгээрийг засаж өгөөд мөнгө олох санаа төрсөн юм. Ингээд аль нэг байгууллагад ажилладаг гэх тодорхойлолтыг Шүрэн тамга гэх компанийн 96150403 гэсэн утсаар холбогдон гаргуулан авдаг байсан. Тодруулж хэлбэл манайд виз хүссэн иргэний материалд ажил төрөл эрхэлдэггүй бол ажил төрөл эрхэлдэг гэх лавлагааг энэ компаниар нэг лавлагааг 150.000 төгрөгөөр гаргуулдаг байсан юм. Ингээд энэ лавлагааг аваад нийгмийн даатгалын Дэлгэрмаад өгдөг. Дэлгэрмаа нийгмийн даатгалын дэвтэр нээгээд түүд дээр нийгмийн даатгал төлдөг гээд тэмдэглэл лавлагааг хийгээд өгдөг юм...” гэсэн мэдүүлэг /2хх-166-167, 170-171/,
Хохирогч Н.Цэрэннадмид шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр тухайн байгууллага дээр ээжтэйгээ ирж уулзсан. Намайг ирж уулзахад 100 хувь Австрали улс руу гаргана гэж хэлсэн. Би нөхөртэйгөө аяллаар явах гэж 24.840.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед мөнгийг хоёр хувааж өгч байсан. Хохирлоос 12.240.000 төгрөгийг өгсөн. Би үлдэгдэл хохирол болох 12.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...”гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2017 оны 01 сарын 11-ний өдөр Глобал Хелп Центр ХХК-г интернэтээр харсан ба Австрали улс руу найдвартай гаргана гэсэн зар байсан ба уг зарын дагуу уг компанийн ажилтай уулзсан ба намайг захирал А гэх хүнтэй уулзуулсан. А нь манай байгууллага найдвартай 100 хувь гаргаж өгнө ямар асуудалгүй гэж хэлсэн ба тэр өдрөө Золзаяа гэх гүйцэтгэх захиралтай нь хамтран ажиллах гэрээ хийсэн ба 10000 ам долларыг Монгол мөнгөөр шилжүүлсэн ба 24.840.000 төгрөг бэлнээр өгсөн. Манай нөхөр бид хоёр 2 уулаа байсан ба энэ талаараа А нь болно аяллын визээр гарах учраас найдвартай гэж биднийг итгүүлээд гэрээ хийгээд мөнгө авсан …” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 112/,
Хохирогч А.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 12 дугаар сарын сүүлээр Австрали улс руу суралцах зорилгоор гэрээ байгуулсан. Би сургалтын төлбөрийг хэд хэд хувааж төлсөн. Сургалтын төлбөрт нийт 10.200.000 төгрөг өгсөн. Миний хохирлоос шүүгдэгч Т.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.000.000 сая төгрөгийг хоёр хувааж төлсөн. Эхлээд 1.000.000 сая төгрөг, дараа нь 2.000.000 сая төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Би үлдэгдэл 7.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би сургуульдаа явж чадаагүй. Тухайн үед их том байгууллага юм шиг санагдаж байсан...”гэв
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2016 оны 12 сарын 21-ний өдөр гэрээгээ байгуулж, гэрээний урьдчилгаа 3 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. ...7.500.000 төгрөгөө доллар болгож солиулаад тус худалдаа хөгжлийн банкнаас Австралийн сургуулийн данс руу шилжүүлсэн. ...гадаад паспорт, диплом, суурь боловсролын гэрчилгээ зэргийг өгсөн …” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 7/,
Хохирогч А.Баасанжаргалын “...Интернэтээс “Глобал Хэлл Центр” ХХК Солонгос улс руу хурдан хугацаанд зуучилж явуулна гэсэн зарын дагуу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр UBH төвийн 7 давхарт “Глобал Хэлл Центр” ХХК-ийн оффис дээр очиж захирал А гэх залуутай уулзсан. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Бусан хотын шууд нислэгт хамруулах 20 хүний аялал байгаа төлбөр нь 7.000.000 төгрөг гэж хэлсэн. Маргааш нь тус компанийн гүйцэтгэх захирал Золзаяа гэдэг эмэгтэй яриад одоо Бусаны нислэгийн хүмүүс гүйцэж байгаа 2 хүний суудал үлдсэн нэгийг нь авахгүй бол дахин боломж гарахгүй гэж хэлэхээр нь би мөнгөө 2 хувааж өгч болох юм уу гэж асуутал захирлаас асуугаад хэлье гэж хэлээд 10 орчим минутын дараа над руу утасдаад 2017 оны 02 дугаар сарын 13-аас өмнө үлдэгдэл мөнгөө өгвөл 2 хувааж өгч болно гэж ярихаар нь зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4.400.000 төгрөгийг бэлнээр Золзаяад өгч өөрт нь баримт үйлдэж аваад гэрээ байгуулсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл 2.600.000 төгрөгөө Золзаяад бэлнээр өгч баримт үйлдэж гэрээн дээр гарын үсэг зуруулж, аваад маргааш гадаад паспорт, 4 хувь цээж зураг, цагдаагийн газрын тодорхойлолтыг авчирч өг гэхээр нь хэлсэн бүгдийг нь маргааш нь аваачиж өгсөн…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 191-193/,
Хохирогч Ж.Сарангэрэлийн “...2017 оны 02 дугаар сарын 21-нд багшийн дээдийн урд байрлах UBH төвийн 7 давхарт “Глобал Хэлл Центр” ХХК- ийн оффис дээр очиж Солонгос улс руу аяллын журмаар 3 сарын визэнд материал өгөхөөр гүйцэтгэх захирал Золзаяатай уулзсан. Интернэтээс энэ компанийн талаар харж байсан юм. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Бусан хотын шууд нислэг байгаа, хэрэв 7.000.000 төгрөгийг бэлнээр өгвөл уг нислэгийн мөнгөө өгөөгүй байгаа 1 хүний оронд оруулаад өгч болно гэсэн, тэгээд би тэр өдрөө 6.000.000 төгрөг бэлнээр Золзаяад өгч, Золзаяа цаашаа Ганаа гээд нягтландаа өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгөө 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр мөн Золзаяад өгсөн. Мөнгө хүлээлцсэн баримтууд нь байгаа. Золзаяа надад гадаад паспорт, цагдаагийн тодорхойлолтоо аваад ир бусдыг нь манайхаас хийгээд өгчихнө, манай элчин болон төрийн байгууллагуудад таньдаг хүнтэй санаа зоволтгүй, таны өгсөн 7.000.000 төгрөгөөс зохицуулчихна гээд байсан. Надад нийгмийн даатгалын дэвтэр байхгүй гэхэд зүгээр болно гэсэн…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 203-204/,
Хохирогч М.Эрдэнэчимэгийн “...А надад чиний өгөх мөнгөнөөс бараг 7.000.000 төгрөг нь нийгмийн даатгалын дэвтэр гаргахад зарцуулагдана, нийгмийн даатгалын дэвтэр бүрдүүлж өгдөг хүндээ өгдөг гэж байсан. Ер нь материал бүрдүүлж өгдөг хүмүүстээ мөнгөө өгөөд манайх сая гаран төгрөг л авдаг гэж байсан. Надад ажлын газрын тодорхойлолт чинь энэ байна гээд нэг удаа үзүүлж байсан, нэг компанийн нэр дээр ажилладаг, цалин нь 1.200.000 төгрөг гээд бичигдсэн байсан. Бусад нийгмийн даатгалын дэвтэр, дансны хуулга зэргийг үзүүлээгүй. Гэрээн дээрээ виз гараагүй бол 8.000.000 төгрөгөө буцааж өгнө гээд заачихсан байгаа. Надад 8.000.000 төгрөгийн хохирол учирсан…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 213-214/,
Хохирогч П.Цэдэвийн “...Гэрээн дээр хэрэв визний материал өгөөд гараагүй тохиолдолд 1.000.000 төгрөг буцаан олгохгүй гэж байсан боловч бид 2-ын визний материалыг бидэнд ч, элчинд ч өгөөгүй тул гомдолтой байна, тиймээс надад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 222-223/,
Хохирогч П.Ариунболдын “...Гэрээнд уг нь визний материал бүрдүүлж өгөөд гараагүй тохиолдолд буцаан мөнгө олгохгүй гэж байгаа, гэтэл бидний материалыг бүрдүүлэх хугацаа нь өнгөрсөн, бүрдүүлж өгөөгүй байх тул гомдолтой байна, ийм учир надад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 225-226/,
Хохирогч Г.Мөнхтуяагийн “...2017 оны 02 сарын 28-нд БНСУ руу Женко тур-тай хамтарсан аяллын нислэгээр аялах уу гээд Т.А нартай уулзсан. Уулзахад 100 хувийн найдвартай виз гарна яагаад гэвэл сар шинийн нислэг юм. Цагаан сарыг тохиолдуулсан жуулчлалын виз байгаа юм. Чи шинийн 2-нд ниснэ гэж танилцуулж байсан. Тэгээд би нөхөр Э.Энхболдын хамт материал болох гадаад паспортууд, гэрлэлтийн лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, 2,2 хувь цээж зураг зэрэг материалуудыг бүрдүүлээд гүйцэтгэх захирал Д.Золзаяад хүлээлгэж өгсөн. Ингээд шинийн 2-нд нисэх гээд юм аа бэлтгээд Улаанбаатар хотод ирсэн, Т.Атой уулзахад хүмүүс золголт хийгээд нислэг хойшлогдлоо 2017 оны 03 сарын 15-нд шөнийн 03 цагийн нислэгээр БНСУ-руу ниснэ, Солонгос улсад уулзах тосч авах хүнээ бэлдээрэй гэж хэлсэн. Мөн 4 хоногийн аяллын маршрут өгсөн. 03 сарын 15-ны өглөө Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирээд Т.А, Д.Золзаяа нартай утсаар ярихад шөнийн 03 цагт түрээсийн онгоцоор ниснэ гэж хэлсэн. Тэгсэн шөнө 03 цагт би гэр бүлийнхэнтэйгээ Чингис хаан онгоцны буудал дээр очтол ямар ч нислэг байгаагүй. Би бүр гайхаад уур хүрээд маргааш нь ажил дээр нь очоод Т.А, Д.Золзаяа нартай уулзтал Солонгос улс руу аяллаар явуулсан өмнөх ээлжийн хүмүүсээс хэрэг төвөг гаргаад Солонгос тал зөвшөөрөхөө больсон гэж хэлэхээр нь би мөнгөө авъя гэтэл эсвэл би чамайг өөр байдлаар 6.000.000 төгрөгөөр 100 хувь гаргаж өгье, 7 хоног хүлээж бай гээд гуйгаад байхаар нь би итгээд явсан. 14 хоногийн дараа дахиад Т.А, Д.Золзаяа нартай уулзаад мөнгөө авъя гэтэл буцааж өгөх мөнгө байхгүй, мөнгөө авъя гэвэл хугацаа хэрэгтэй хүлээх болно гэсэн. Үүнээс хойш өдөр бүр би ажил дээр нь очиж суудаг ажилтай болсон.А, Золзаяа нарт өгсөн 9.336.000 төгрөгөө нэхэмжилж байна Нийгмийн даатгалын дэвтэр асуугаагүй, нөхөр бид 2-ын хаан банкны дансны хуулгыг авсан. Нөхөр бид 2 нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй.…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 228-229/,
Хохирогч Ж.Бямбацогтын “...Глобал Хэлп Центр ХХК-ний захирал Д.Золзаяа гэх хүнтэй 2017 оны 02 дугаар сарын 15-нд БНСУ-ын виз гаргуулахаар очиж уулзсан. Солонгосын визинд орох материал бүрдүүлж өгөхөд ажлын хөлс нь 1.000.000 сая төгрөг гэж байсан. Тэгээд шууд Хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, надаас бэлнээр 700.000 төгрөг өгсөн. Үлдсэн 300.000 төгрөгийг 2 хувааж ХААН банкны дансаар шилжүүлсэн. Д.Золзаяа нь надад ХААН банкны данс бичиж өгсөн. Тухайн үедээ Д.Золзаяа нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх дэвтэр, банкны дансны хуулга зэргийг асуудалгүй бүрдүүлж өгнөө гэж хэлсэн. Д.Золзаяад өөрийн гадаад паспортоо, өөрийн дансны ХААН банкны дансны хуулга, цагдаагийн байгууллагаас авсан тодорхойлолт зэрэг баримт бүрдүүлээд өгсөн…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 235-236/,
Хохирогч Н.Бүрэнбатын “...2017 оны 01-р сарын дундуур “Глобал хэлп центр” ХХК дээр очоод гүйцэтгэх захирал Золзаяа гэх эмэгтэй хүнтэй уулзахад 3 сарын аяллын визэнд оруулж өгье гээд, намайг цагдаагийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, гадаад паспорт, цээж зургаа 6.000.000 төгрөгийн хамт аваад ир гэсэн ба би өөрөө хөдөө байдаг тул хотод байдаг хадам ах Бумандоржийн Булганбаатарт мөнгөө шилжүүлээд, миний өмнөөс хадам ах гэрээ байгуулсан, уг гэрээг би огт хараагүй ба одоо уг гэрээ олдохгүй алга гээчихсэн гэсэн. Мөн мөнгө өгсөн баримт аваагүй гэж байсан. Тэгээд надад визний материалыг чинь бүрдүүлэхэд 1.000.000 орчим болно, чи хөдөө байдаг юм чинь элчинд материалыг чинь аваачаад өгнө, элчин дээр бас 14 орчим хоног болж хариу нь ирнэ гэж байсан ба би 03-р сард Золзаяатай утсаар яриад уулзъя гэтэл Улаанбаатар хотын банк /шилэн банк/-ны зүүн талд байрлах цагдаагийн газрын гадаа хүрээд ир гээд очоод А, Золзаяа 2-той хамт уулзахад чиний материалыг элчинд өгчихсөн байгаа, чамтай эргээд утсаар чинь холбогдъё гэсэн …” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 241-242/,
Хохирогч Б.Болорцэцэгийн “...надад нийгмийн даатгалын дэвтэр үзүүлж байгаагүй. Би нийгмийн даатгалын дэвтэр өгч байгаагүй. Та нар ямар бичиг баримт бүрдүүлдэг юм үзье гэхээр Золзаяа захирал алга үзүүлэх боломжгүй байна гээд шалтаг хэлээд үзүүлдэггүй байсан…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 244-246/,
Хохирогч С.Мөнхбаярын “...2016 оны 11 сарын 18-нд Автсрали улс руу зуучилна гэсэн зарын дагуу Золзаяатай уулзсан, тэгээд А гэх захиралтайгаа уулзуулсан. А манайх 300 ажилтан Автсрали руу гэрээгээр гаргах гэж байгаа бид өөрсдөө 2017 оны 01 сарын 05-ны өдөр Австралид хуралд суухаар явна тэгэхдээ хамт явцгаана гэсэн. Тэгээд нэг хүний 4000 ам.доллар болно гэсэн, тэр үед би хамаатны дүү Отгончимэгийн хамт очиж уулзсан. Тэгээд Отгончимэгийн данснаас нийлүүлээд 8000 ам долларыг Аын данс руу шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний майл хаягаар Австрали улсын элчингээс хариу ирсэн байсныг би 2017 оны 3 сард мэдсэн. Ямар учиртай хариу болохыг хүнээр харуултал татгалзсан байсан. Тэгээд бүтэхээ байлаа мөнгөө авъя гээд Аод хэлтэл дахин явуулна одоо 100 хувь гаргаж өгнө гээд хойшлуулсаар өдий хүрлээ. Би нийгмийн даатгал төлдөг байсан, найдвартай гэхээр нь ажлаасаа гарсан. Би дүүгийн хамт дансны хуулга, банкны карт зэргийг аваачиж өгсөн …” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 113-114 /,
Хохирогч Д.Туяасайханы “...2017 оны 2 сарын 08-ны өдөр зараас хараад Солонгос улсын Бусан хотын аялал явуулна гэхээр нь Глобал Хэлп төв дээр очиж Төрболд гэдэг залуутай уулзсан. Яагаад ийм үнэтэй байгаа юм гэхэд 5 хоолтой, 5 одтой зочид буудалд бууна Солонгос батлан даагчтай том аялал гэж итгүүлсэн. 2017 оны 02 сарын 14-ны өдөр дахин А, Золзаяа нартай уулзаад хамтран ажиллах гэрээ байгуулж, 7 сая төгрөгөө нягтланд нь тушаасан. 2017 оны 3 сарын 03-нд ниснэ гэж байсан ч хойшлуулсаар байсан…” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 122-123/,
Хохирогч С.Хос-Эрдэнийн “...2017 оны 02 дугаар сард UBH центр төвийн 7 давхарт байрлах виз зуучлалын төв Глобал Хелл центр гэх газартай уулзсан. Автралийн Сидней хотод байх ILS коллежид сурна гэж надад хэлсэн ба би бичиг баримтаа уг компанийн ажилтан Золзаяа гэх эмэгтэйд өгөөд мөн урьдчилгаа 200 ам долларыг өгөөд хамтран ажиллах гэрээ болон зуучлагч зуучлуулагчийн гэрээ зэргийг хийгээд явсан. Тэгээд нийт хөлс нь 2900 австрали доллар гэж хэлсэн. 2017 оны 4 сарын эхээр Золзаяа надад татгалзсан хариу ирснийг хэлээд сургалтын төлбөр, дутуу бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл ELS коллеж болно гэж урилгыг нь харуулсан. Би итгээд 2500 Австрали долларыг бэлнээр өгч баримт авсан. Маргааш өдөр нь үлдэгдэл мөнгөө өгөх гээд очтол хаалгыг нь лацдаад явсан байсан. Монгол мөнгөөр нийт 5.500.000 төгрөг өгсөн …” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 124-125/,
Хохирогч Ч.Амарсанаагийн “...2017 оны 02 дугаар сард интернэтээр Солонгос улс руу гаргана гэсэн зар байсан. Тэгээд зарын дагуу холбогдож Глобал Хелп Центр ХХК-н борлуулалтын ажилтантай нь уулзсан. Би өмнө нь 2017.01 сард Солонгосын элчинд материалаа өгсөн байсан ч зорилго тодорхой бус гээд буцаагдсан байсан. Тэгээд энэ талаараа хэлсэн ч уг компани нь найдвартай гаргана гэсэн ба төлбөр 6.000.000 төгрөг гэхээр нь 2 хуваагаад бэлнээр нягтланд нь тушаасан. Тэгээд хүлээгдэж байгаа материал бэлэн болсон гээд л байдаг байсан ба элчин солигдоод байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд гарах байлгүй гэж бодоод явдаг байж байгаад эргээд иртэл Глобал Хелп Центр ХХК- нь үүдээ лацдуулчихсан үйл ажиллагаа нь зогссон байсан. Гадаад пасспорт л өгсөн. Намайг дансны хуулга авчирч өгөөрэй гэж байсан ч хуулга бол өгөөгүй байсан …” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 127/,
Хохирогч Б.Гантуяагийн “...Манай ах Д.Мөнхбат 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Глобал Хелп Центр ХХК-г интернэтээр харсан ба Солонгос улсын виз гаргаж өгнө гэсний дагуу очиж уулзсан байсан. Тэгээд уг компаниар аяллын виз гаргуулахаар болсон ба захирал Атой нь уулзсан. Тэгээд А нь 3 сарын дотор найдвартай гаргаж өгнө гэсэн ба гэрээг 2017.01.02-ны өдөр гүйцэтгэх захирал Золзаяатай хийсэн. Тэгээд 8.000.000 төгрөг шаардлагатай гэсний дагуу 3 хувааж өгсөн …” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 135-136/,
Хохирогч Б.Түвшинжаргалын “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Глобал Хелп Центр ХХК-тай хамран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний утга нь АНУ руу зуучлуулах зорилгоор гэрээг захирал А гэгчтэй байгуулсан. Тэгээд энэ компанийн мэдээллийг манай эхнэр АНУ-д байхдаа интернэтээс найдвартай зуучилна гэсэн зарын дагуу холбогдож байсан юм. Тэгээд Андболдтой уулзахад тэр үедээ АНУ руу аяллын групп явна бүртгэл нь дуусч байгаа учир яараарай мөнгөө өгөх хэрэгтэй гэсний дагуу 2016 оны 11 сарын 21-ний өдөр 1300 ам доллар, 2017 оны 11 сарын 22-ны өдөр үлдэгдэл 3700 ам долларыг бэлнээр нягтланд тушаасан. Нийгмийн даатгалын дэвтэр өгөөгүй, тус компани өөрсдөө болгоно гэсэн би нийгмийн даатгалыг 2013 оноос хойш тасралтгүй төлж байгаа виз хөөцөлдөхөд чиний нийгмийн даатгал хангалтгүй гэсэн …” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 20-21/,
Хохирогч Ж.Гэрэлт-Одын “...Миний бие Австрали улс явахаар болсон явуулах газраа судалсан. Тэгээд 2017 оны 01 сард Глобал Хелп Центр ХХК-н захирал А гэгчтэй уулзахад найдвартай гаргана гадаад паспорт байхад болно урьдчилгаа 4700 ам.доллар төлнө гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд би хамтран ажиллах гэрээг уг компанийн менежер Золзаяатай гэрээг байгуулсан. Тэгээд мөнгөө тэр өдрөө нягтлан Ганчимэг гэх эмэгтэйд бэлнээр тушаасан. 4700 ам долларыг төгрөгт шилжүүлээд нийтдээ 10.732.000 төгрөг болж байсан. Тэгээд тань руу эргээд ярина гэсэн ба 2017 оны 01 сарын сүүлээр материал бүрдсэн визээ мэдүүлнэ гэсэн би анкет бөглөсөн ба 2017 оны 02 сарын 27-ны өдөр виз гаргахаас татгалзсан гэсэн ба материалын бүрдэл хангалтгүй гэж хэлсэн …” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 25-26/,
Хохирогч Б.Мөнхцэцэгийн “...би 2016 оны 9 сарын 26-ны өдөр би ээжийнхээ хамтаар утсаар ярьж байгаад тус байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо UBH барилгын 7 давхарт байх тус глобал хелп центр ХХК-ны байранд очиж захирал Атой уулзсан. Уулзахад А нь намайг 6.000.000 төгрөг тушаачих, тэгээд гадаад паспортоо аваад ирэхэд болно гэж байсан юм. ...тэр дор нь бэлнээр 6.000.000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Золзаяа гэх эмэгтэйд хүлээлгэн өгч хамтран ажиллах гэрээ байгуулсан. ...гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, цагдаагийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг өгсөн, өөр бичиг баримт өгөөгүй юм. Үлдсэн асуудлыг А шийдсэн байх…” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 92-93/,
Хохирогч Г.Мөнхжаргалын “...2017 оны 2 дугаар сарын эхээр UBH төвийн 7 давхарт “Глобал Хэлл Центр” ХХК-ийн оффис дээр очиж ажилтан гэх эмэгтэйтэй уулзсан. Нэрийг нь мэдэхгүй. Энэ эмэгтэй Солонгос улсын аяллын визэнд оруулж өгнө, үүний тулд банкны дансны хуулга, гэрлэлтийн баталгаа, цээж зураг, гадаад паспорт, 7.000.000 төгрөгийн хамт авч ирээрэй гэсэн. 2017 оны 3 дугаар сарын 04-нд шууд БНСУ руу явуулж өгнө гэж тохирсон. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Золзаяатай уулзаж, хамтран ажиллах гэрээг байгуулаад 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн өөрийн Хаан банкны дансны хуулга, 2% цээж зураг, гадаад паспорт, цахим машинаас гэрлэлтийн лавлагааг аваад өгсөн. Компанийн нягтлан бодогч гэх эмэгтэйд бэлнээр мөнгийг өгсөн. Надад мөнгө хүлээн авсан баримт өгсөн. Би хаан банкны дансандаа уг нь 5.000.000 төгрөгийг байршуулсан байсан юм. Гэтэл А захирал дансандаа байгаа 5.000.000 төгрөг дээрээ 2.000.000 төгрөг нэмээд 7.000.000 төгрөгөөр 2017 оны 3 дугаар сарын 04-ны дотор Солонгос улсын аяллын виз гаргаж өгнө ингэх нь найдвартай байдаг юм гэж хэлэхээр нь би дансандаа байршуулсан 5.000.000 төгрөг дээрээ нэмээд эх Даваасүрэнгээр 2.000.000 төгрөгийн тэтгэврийн зээл авахуулаад нийт 7.000.000 төгрөг болгоод тус компанид өгсөн. Одоо виз гараагүй мөнгө ч байхгүй болчхоод байна. Дансандаа байршуулсан 5 сая төгрөгөө мөн хүнээс хүүтэй зээлээд авсан юм. Би НДШ-ийг 2 жилийн хугацаанд сайн дураараа төлсөн. Надад нийгмийн даатгалын дэвтрээ авч ирээрэй гэж хэлээгүй. 7.000.000 төгрөгөө нэхэмжилж байна …” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 184/,
Хохирогч Т.Одбаярын “...Би 2017 оны 03 дугаар сард нөхөр Угтахбаярын хамт Австрали улс руу виз хүсэх гээл Глобал хелп гэх нэртэй компани захирал А гэх хүнтэй уулзаж бичиг баримт бүрдүүлээд банкны баталгаа гаргаж 10.000.000 төгрөг тухайн компанийн дансанд тушаасан байсан. Тэгтэл маргааш нь уг компани дээр асуудал үүсээд тухайн компани бүх зүйлийг битүүмжилсэн байсан. Тэгээд буцааж мөнгөө авч чадаагүй…” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 53-54/,
Хохирогч Д.Жаргалсайханы “...А гэх залуу Солонгос улс руу найдвартай гаргаж өгнө 1 сарын дараа гаргана гээд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ хийгээд 6.000.000 төгрөг бэлнээр авсан..…” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 51-52/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-214/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-221/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-25-33/, бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-197, 208, 215, 233, 238, 248, 2хх-26, 40, 42, 3хх-133, 4хх-107/, хамтран ажиллах гэрээ /1хх-198, 199, 211-212, 231-232, 239-240, 249-250, 2хх-11-13, 16-17, 19-20, 28-29, 116-117, 3хх-130-131/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /5хх-122-138/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Глобал хелл центр” ХХК-ны захирал Т.А нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нэр бүхий 22 иргэний хувийн байдлыг тодруулсан баримт бичиг болох нийгмийн даатгалын дэвтэр, банкны лавлагааг хуурамчаар үйлдсэн болох нь дээр дурьдсан нэр бүхий 22 хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Аын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Аын нэр бүхий 22 иргэний хувийн байдлыг тодруулсан баримт бичиг болох Нийгмийн даатгалын дэвтэр, банкны лавлагаа зэргийг хуурамчаар үйлдсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч түүний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2017 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаас харахад шүүгдэгч Т.Аод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд шүүгдэгч Т.Аод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А нь нэр бүхий 22 хохирогчид учруулсан хохирлоос нэр бүхий 20 хохирогчид учруулсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд нөхөн төлсөн байна.
Харин хохирогч А.Билгүүнд 7.200.000 төгрөгийн, хохирогч Н.Цэрэннадмидад 12.600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул дээрх 2 хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Ингэхдээ шүүгдэгч Т.Аод холбогдох хэрэгт Прокурорын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор түүнээс 9.471.520 төгрөгийг хураан авсан байх бөгөөд энэхүү хураан авсан 9.471.520 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хохирогч Н.Цэрэннадмид, А.Билгүүн нарт хувь тэнцүүлэн тэдгээрт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж хохирогч А.Билгүүнд 4.735.760 төгрөгийг, хохирогчид Н.Цэрэннадмидад 4.735.760 төгрөгийг тус тус олгож, үлдэх хохирол болох хохирогч А.Билгүүнд 2.464.240 төгрөгийг, хохирогчид Н.Цэрэннадмидад 7.864.240 төгрөгийг шүүгдэгч Т.Аоос гаргуулан олгож шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүгдэгч Т.Аын ажлын өрөөнөөс хураасан 2 ширхэг цэнхэр өнгийн хуванцар гадаргуутай Тод тамга гэсэн бичиглэл бүхий тамга, 2 ширхэг шаргал өнгийн металл гадаргуутай бөөрөнхий тамга, Е1806357, E1509062, E0810562, E1815710, E1828402, E0937658 дугааруудтай 6 ширхэг гадаад паспорт, 8 ширхэг “нэр бүхий хүний” эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 7 ширхэг ямар нэгэн бичиглэлгүй “Нийгмийн даатгалын дэвтэр”, 30 ширхэг “нэр бүхий хүний” бичиглэлтэй “Нийгмийн даатгалын дэвтэр”, 2 ширхэг “нэр бүхий хүний” бичиглэлтэй “ХААН” банкны хадгаламжийн дэвтэр зэргийг зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Т-ны Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т.Аод холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Аыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Аоос хураан авсан 9.471.520 төгрөгийг хувь тэнцүүлэн хохирогч Н.Цэрэннадмид, А.Билгүүн нарт тус бүр 4.732.760 төгрөг олгосугай.
4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Т.Аоос нийт 10.328.480 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Билгүүн (РД: )-д 2.464.240 төгрөг, хохирогч Н.Цэрэннадмид (РД: )-д 7.864.240 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч Т.Аын ажлын өрөөнөөс хураасан 2 ширхэг цэнхэр өнгийн хуванцар гадаргуутай Тод тамга гэсэн бичиглэл бүхий тамга, 2 ширхэг шаргал өнгийн металл гадаргуутай бөөрөнхий тамга,
Е1806357, E1509062, E0810562, E1815710, E1828402, E0937658 дугааруудтай 6 ширхэг гадаад паспорт,
8 ширхэг “нэр бүхий хүний” эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
7 ширхэг ямар нэгэн бичиглэлгүй “Нийгмийн даатгалын дэвтэр”,
30 ширхэг “нэр бүхий хүний” бичиглэлтэй “Нийгмийн даатгалын дэвтэр”,
2 ширхэг “нэр бүхий хүний” бичиглэлтэй “ХААН” банкны хадгаламжийн дэвтэр зэрэг зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР