Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ХШТ/50

 

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч С.Чинзориг, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Ч.Б-д холбогдох 2320001350077 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

 

Шүүгдэгч Ч.Б- нь ... байхдаа иргэн Б.Б-ээс ...  бичгээр гаргасан “Монгол улсаас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу гарах явцдаа хилийн боомт дээр 2500 юань, хувцас зэрэг эд зүйлтэй цүнхээ алдсан” гэсэн утгатай ... дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа ... өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Ү-ыг зорилгоор “тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу” гэж мөн баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Батбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батбаярын бичсэн эсэргүүцэлдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” хангалтгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Тодруулбал,

Хавтаст хэрэгт хохирогч Х.Ү-ын “... байна гэдгийг сонсоод би өөрөө очоод яагаад намайг хайгаад байгааг тодруулахаар очиход Б нь “намайг яагаад хайсан, ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа хэлэхгүй, үгийн зөрүүгүй яаснаа мэдэхгүй байна уу” гэж зодсон. Намайг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа хэлэхгүй, андуурч авч явсан цүнхийг намайг хулгайлсан гэж надаар хэлүүлэхийн тулд учир зүггүй зодож миний сэтгэл зүйд нөлөөлөх гэж намайг зодож биед нь гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 47-48 дугаар талд),

гэрч Б.С “... Би тэдний дунд болсон асуудлыг мэдээгүй, гаднаас орж ирэхдээ бол зүгээр байсан биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, буцаад гарах үед нь зүүн нүднийх нь ухархай хэсгээс шалбарсан цус гарсан харагдаж байсан. Үүрцайх нь танай цагдаа чинь намайг зодчихлоо гэж хэлээд гараад явчихсан...” гэж мэдүүлсэн (1 дүгээр хавтас 16-17 дугаар талд),

гэрч Ж.Б “... Х.Ү- цагдаагийн газраас гарч ирэхдээ “зүүн нүднээс нь цус гарчихсан” байдалтай намайг цохичихлоо, өрөөнд нь орсон чинь утсыг минь хурааж аваад учир зүггүй зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр прокурорын газрын гадаа очоод Х.Ү-ыг зодсон прокурорт гомдол гаргаж өгнө гээд очсон юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 57-58 дугаар талд),

гэрч Б.С “... тухайн өдөр нэг иргэн цагдаагийн албан хаагч мэдүүлэг авахдаа надад гар хүрсэн тул гомдол гаргамаар байна гэсэн. Энэ талаараа гомдлоо бичээд цагдаагийн хэлтсийн өргөдөл, гомдол хүлээн авах хэсэгт гомдлоо гаргах талаар тайлбарлаж өгсөн. Нүднийх нь доод хэсэгт бага зэрэг цус болсон харагдсан, аль нүдийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар талд) зэрэг яллах талын хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосон баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүйгээс гадна зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт дурдсан зүйлийг давхар нотолсон баримт байхгүй, ямар ч нотолгооны эх сурвалжгүй мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдлыг хийсвэр төсөөлөлд автан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Учир нь давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг “... хохирогч Х.Ү-ын шүүгдэгч нарын хооронд гар утас хураах гэснээс болж маргаан үүссэн болох нь тогтоогдсон...” гэж дүгнэсэн нь хохирогчийн өгсөн дээрх мэдүүлэгт яригдаагүй асуудлаар хийсвэрлэн дүгнэлт хийжээ. Хохирогч мэдүүлэхдээ “... тус нэгдүгээр давхрын коридорт эхлээд уулзаад намайг гар утсаа өг гэхээр нь би энэ хүний утас байгаа юм, ямар хэргээр дуудсан, яасан юм гэхэд урдаас чи яагаад томроод байгаа юм бэ гэхээр нь би асуух ёстой байхаа гэж хэлсэн, тэгэхэд чи ямар их хууль мэддэг юм бэ гэж хэлээд жижүүрийн хажуугийн өрөө рүү чирч оруулаад ухаан жолоогүй цохиж нүдээд эхэлсэн ...” гэж тухайн өдөр болсон үйл явдлын дарааллыг ярьсан мэдүүлгээс зөвхөн “гар утас хураалгахгүй” гэсэн хэсгийг таслан авч, бусад нотлох баримтаар яригдсан үйл баримтад бүхэлд дүгнэлт хийлгүй, гэмт хэргийн субьектив талын шинжийг явцуу хүрээнд буруу тодорхойлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 1.3-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” буюу цагаатгах тогтоол, магадлал нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага, аргачлалыг зөрчсөн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн практикаас өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн нь хуулийн нэгдмэл бодлого алдагдахад хүрсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж өгнө үү” гэжээ.

 

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хэргийг зүйчлэхдээ тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд бодитой дүгнэлт хийн зөв зүйлчлэл тогтдог. Гэтэл хоёр шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжаас олж авсан мэдээллийг гэрч болон бусад нотлох баримтууд давхар нотолсон байхад тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоог буруу дүгнэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” хангалтгүй бөгөөд хуулийг ноцтой зөрчсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод “эрүүдэн шүүх” талаарх ойлголтыг тодорхойлж, мөн энэ талаар хориглол хязгаарлалт тогтоосон эрүүдэн шүүхийн эсрэг хориглолт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Олон улсын хүний эрхийн талаарх эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн диспозиц шинжийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” тохиолдлыг гэмт хэрэг гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учрах биш хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хүнлэг бус харьцсанаар төгссөн гэмт хэрэг болгон хуульчилсан. Шүүгдэгч Ч.Б- нь хохирогч Х.Ү-ад тухайн үед хулгайлах гэмт хэргийг хүлээлгэх зорилгоор түүний бие махбодод халдаж, гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна. Хэдийгээр шүүгдэгч нь төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж мэдүүлдэг боловч энэ нь хавтас хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн хохирогчийн цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гомдлыг ямар шалтгаанаар дарагдуулан 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгч шалгаж, тухайн үйл явдал болсон өрөөний камерын бичлэг устгагдах нөхцөлийг бүрдүүлсэн нь ойлгомжгүй. Энэ талаар тогтоон шалгасан үйл баримт хавтас хэрэгт байхгүй болно. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Б-ыг гэм буруутайд тооцоход нотлох баримтын хүрэлцээ хангалттай байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай гэж дүгнэж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг хэлсэн саналдаа “... хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын эсэргүүцлээ дэмжиж оролцож буй тайлбарыг сонслоо. Ер нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын ерөнхий прокурор Г.Батбаярын бичсэн эсэргүүцэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадсан юм уу гэдэг нь хамгийн түрүүнд яригдах ёстой. Үүнд нэлээн хэдэн асуудлыг цохон тэмдэглэж ярихыг хүсэж байна. Нөгөө талаар сая прокурорын хэлсэн тайлбар нь эсэргүүцэлд дурдсан агуулгаас өөр байдлаар тайлбарлаж байна. Хэргийг шийдвэрлэсэн асуудлыг өөр байдлаар тайлбарлаж байна. Хууль зүйн дүгнэлтүүдийг ч хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурласан байдалтай биш байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч хэрхэн юу гэж мэдүүлж байсан талаар, хохирогч юу гэж мэдүүлж байсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой авагдсан байгаа. Шүүгч хохирогчоос “таны биед гэмтэл учруулсан үйлдэл гарсан юм уу” гэж асуухад хохирогч “би гар утсаа булаацалдаж маргалдсан, яг мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн гэмтэл учруулаагүй, надад ял тулгасан, хэрэг тулгасан, эрүүдэн шүүсэн үйлдэл гараагүй” гэж хариулсан. Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байсан тул маш сайн сонссон. Хохирогч Х.Ү-ын ингэж мэдүүлснийг үндэслээд хохирогч мэдүүлгийг эх сурвалжаа зөрүүтэй мэдүүлээд байна гэж дүгнэсэн. Прокурорын тайлбарт хэлсэн, эсэргүүцэлд дурдагдсан хохирогч Х.Ү-ын мэдүүлсэн гээд байгаа “маш олон удаа цохиж зодсон, ... тоот өрөө рүү чирч оруулсан” гэх мэдүүлэг нь тухайн цаг хугацаанд өгсөн “ямар нэгэн маргаан болоогүй, гар утсаа хураалгаад ороорой гэхэд хураалгаад рүү орох шиг болсон. Гэтэл буцаж хүрч ирэхэд нүднийх нь доор шалбарсан байсан, ... зодуулчихлаа, гомдолтой байна гэх зүйлийг ярьж байсан” гэж мэдүүлэг өгсөн. Түүнээс биш эрүүдэн шүүх гэмт хэргийн шинж нь ийм байдлаар тогтоогдож, ийм байдлаар нотлогдож байна гэдгийг эсэргүүцэлд, прокурорын тайлбарт гарч ирсэнгүй. Тэгэхээр эсэргүүцлийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэх боломжгүй байна. Эсэргүүцлийн 2-т гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-т гэсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-т гэх зүйл заалтыг би сайн мэдэхгүй байна. 3.1 дүгээр зүйлд “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх” тухай заасан байдаг. Гэтэл үүнд “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ. Би үүнийг нэлээн махчлан байж Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасныг бичсэн гэж ойлгосон. Прокурорын эсэргүүцэлд логикийн алдаа, ойлгомжгүй утгын алдаа, найруулгын алдаа зэргийг их гаргасан байна. Ийм байдалтай хэрэгт ханддаг. Х.Ү-ын гаргаад байсан гомдолтой холбогдуулаад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гомдлыг шат шатны прокурорт гаргаад явуулж байсан. Гэтэл гомдлыг ямар үндэслэлээр хүлээж аваагүйг тодорхой дурддаггүй. Яллах дүгнэлт үйлдсэн байна, тогтоогдсон байна гэж хариуг өгөөд яваад байдаг. Гэтэл тэр хэрэгт хүртэл Дорноговь аймгийн ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудаст “хохирогч н.Б-т эрүүдэн шүүсэн гэх асуудал” гээд шаал өөр хэргийн оролцогчийг холиод хяналт тавьж байна. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, гомдлыг хүлээн авч хянаж прокурор ч тэр, прокуроруудын үйл ажиллагаа нь нэлээн учир дутагдалтай байна. Өнөөдрийн эсэргүүцлээс ч гэсэн тодорхой харагдаж байна. Хууль ёсны бус эсэргүүцэл гаргаад хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхэд төвөгтэй байдал үүсгээд байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Зөвхөн хохирогчийн өөрийнх нь өгөөд байгаа мэдүүлгийн эх сурвалж нь эргэлзээтэй болсон. Гэрч н.С “харсаар байтал миний нүдэнд хохирогчийг зодоод, чирээд оруулсан” гэж мэдүүлэг өгсөн бол хэрэг өөрөөр эргэнэ. Гэтэл “ямар нэгэн байдлаар  цохиж зодоогүй, утсаа хураалгаад ... өрөөнд орсон” гэж мэдүүлсэн. Мөн ... өрөөнд болсон зүйлийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоосон. Гар утсаар бичлэг хийж байгаа байдалтай суугаад байсан. Тэгэхээр нь гар утсаа хураалгах ёстой гэхэд нь би хураалгасан гээд бичлэг хийгээд байгаа гар утсаа гаргаж өгөөгүй. ... тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Тэгэхээр утсыг нь ширээн дээр гаргах гэж хоорондоо булаацалдсан. Яг тэр гэмтлийг хэн учруулсан юм. Шүүгдэгч Ч.Б- хийсэн юм уу, хохирогч өөрөө утсаа өгөхгүй гэж байхдаа хумсаараа нүдний доод талдаа маажсан юм уу. Үүнийг бүрэн гүйцэт тогтоосон зүйл байхгүй. Хавтас хэрэгт авагдсан зурагт нүдний доод талд хумсаараа маажсан байдаг. Үүнд нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Маш олон удаагийн үйлдлээр хүчтэй цохисон, зодуулсан гээд байдаг ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Хөнгөн гэмтлийн зэрэг ч тогтоогдоогүй. Зодож, цохиж, ханатай хавсарсан бол ул мөр үлдэх ёстой. Гэтэл Х.Ү-ын үйлдлийг эсрэгээрээ прокурорын байгууллагаас бүрэн гүйцэд шалгаагүй, ... байгууллагаас дутуу шалгасан. Манай үйлчлүүлэгчийн хувьд тухайн хэргийг шалгаж байх явцдаа осолд ороод түр хугацаагаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болоод шилжүүлж авсан мөрдөгч нь ямар үндэслэлээр Х.Ү-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй болсон. Өнөөдрийн эсэргүүцлийн гол хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийн гол эх сурвалжаа өөрөө үгүйсгээд байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түрүүн хэлсэн. Өөрөө энэ талаар “дарамт, шахалт үзүүлээгүй, гар утас булаацалдсан асуудал үүссэн юм” гэх мэдүүлэг өгсөн. Үүнд ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүх гэмт хэргийн шинж байхгүй байна. Энэ хоёрын хооронд утас булаацалдсан зөрчилдөөн үүссэн байна. Гар утас булаацалдсан маргалдаан үүсэж байна. Цагдаагийн албан хаагч хууль ёсны дагуу шаардлага тавьсан уу, түүнийг хохирогчоос биелүүлсэн юм уу, биелүүлээгүй юм уу гэх зөрчил гарсан юм уу. Түүнээс гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б- хэлсэн саналдаа “... прокурорын эсэргүүцлийн эсрэг байр суурьтай оролцож байгаа. Учир нь эсэргүүцлийн гол агуулгатай танилцахад анхан шатны шүүхийн шүүгч нарын гаргасан шийдвэрийг хийсвэр төсөөлөл, таамаглалд тулгуурласан гэж өөрсдийн ганц хэлдэг цайны үгээрээ гаргасан алдаа, дутагдлаа эрхэм шүүгчид хамааралтай үйлдэл удаа дараа ажиглагдсан. Миний зүгээс прокурорын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрдүүлж өгөөч, мөрдөгч, прокурор нь хэргийн нотлох баримтын бүрэн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байгаа. Хэргийн бүрэн бодит байдлыг тогтоогоод өгөөч, үүний хүрээнд шүүх бүрэлдэхүүн үнэн зөв шийдвэр гаргахад чухал нөлөөтэй байдаг юм. Мөн мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд яллагдагчид хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож өгнө гэж хуульчлаад заагаад өгсөн. Энэ бол маш зөв заалт юм. Энэ заалтыг хэрэгжүүлж өгнө үү гэж тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн албан хаагчид хүсэлтээ гаргаж өгсөн. Эсэргүүцлийн хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын эсэргүүцлийг уншихад 2-т гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх заалтыг бариад анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдлыг хийсвэр төсөөлөлд автан шийдвэрлэсэн гэж үзнэ гэсэн байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад яг л энэ нөхцөл байдлыг бүрдүүлж тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийн талаар зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ч.Б- эрүүдэн шүүсэн нөхцөл байдал байна уу, санаа зорилго агуулсан юм уу, субьектив шинж байдлыг тогтоосон юм. Үүний үндсэн дээр анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Миний зүгээс прокурорын байгууллагын шийдвэрээр маш их сэтгэл зүйн болон бусад байдлаар хохирол амсаад явж байна. Хамгийн сүүлчийн итгэх газар маань шүүх гэдгийг ойлгосон. Удаа дараа хүнийг яллах гэж чичирч байна. Монгол Улсын хэмжээнд байгаа бүх прокурорын байгууллагыг хэлээгүй. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын жижиг газрын, жижиг тогоон дотроо төрийн алба хаагчдыг хийгээд чанадаг, ялладаг. Ганцхан төрийн албан хаагч нар ч биш байж магадгүй. Гэхдээ тухайн Ч.Б- гэдэг хүн яагаад гомдол гаргах болов гэдгийг нөгөө талаас нь харж шалгаагүй. Нөгөө хүн нь 7 удаагийн хулгайн хэрэгт ял шийтгэсэн. Тухайн үед тэр хүний хувийн байдлыг тогтоогоогүй. Зөвхөн Ч.Б- гэдэг хүнийг яллахаар чиглэсэн. Энэ асуудлаар Улсын дээд шүүх хүртэл яллах гээд чичирч байна. Энэ асуудлаас болж удаа дараа олон хууль сахиулагч нар хохирч байна. Тодхон жишээ нь би байна. Улсын дээд шүүхийн хэмжээнд хүрээд явж байна. Энэ  мэтчилэн дараа, дараагийн төрийн албан хаагч нар над шиг битгий хохироосой гэж хүсэж байна. Прокурорын байгууллагыг төлөөлж байгаа эрхэм прокурорт хандаж хэлэхэд хэргийг нөгөө талаас нь харж үзэж байгаасай гэж хүсэж байна. Яагаад нөгөө хүн нь эрхэм хууль сахиулагч нарт гомдол гаргах болов гэдгийг нөгөө талыг хардаг, хянадаг байгаасай гэж хүсэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн эсэхийг тогтоолгохоор гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил мөн бөгөөд энэ нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарч буйг тодотгон дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд хохирогч Х.Ү-ын биед халдсан талаар гэрч Б.С-ын “... гаднаас орж ирэхдээ бол зүгээр биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, буцаад гарах үед нь зүүн нүднийх нь ухархай хэсгээс шалбарсан цус гарсан харагдаж байсан. Ү нь “танай чинь намайг зодчихлоо” гэж хэлээд гараад явчихсан” гэсэн мэдүүлэг;

 

Гэрч Ж.Б- “... Х.Ү- ... газраас гарч ирэхдээ зүүн нүднээс нь цус гарчихсан байдалтай “намайг цохичихлоо, өрөөнд нь орсон чинь утсыг минь хурааж аваад учир зүггүй зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр прокурорын газрын гадаа очоод Х.Ү-ыг зодсон цагдааг прокурорт гомдол гаргаж өгнө гээд очсон юм” гэсэн мэдүүлэг;

 

Гэрч Б.С-н “... нэг иргэн цагдаагийн албан хаагч мэдүүлэг авахдаа надад гар хүрсэн тул гомдол гаргамаар байна гэсэн. Энэ талаар гомдлоо бичээд цагдаагийн хэлтсийн өргөдөл, гомдол хүлээн авах хэсэгт гаргах талаар тайлбарлаж өгсөн. Нүднийх нь доод хэсэгт бага зэрэг цус болсон харагдсан” гэсэн гэмт хэргийн талаар шууд нэрлэн заасан эх сурвалж бүхий яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэж чадаагүйгээс гадна тухайн үйл баримтыг анхан шатны шүүх “... нүдний ухархайгаас цус гарах хэмжээний хохирол учруулж эрүү шүүлт тулгасан талаар огт мэдүүлээгүй, хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон ямар үйлдлийг Ч.Б- гаргасан нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна” хэмээн дүгнэсэн нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийн хүрээнд доод шатны шүүхийн шийдвэрийг хянан магадлахдаа тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах учиртай.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг засч зөвтгүүлэхийн оронд тухайн алдааг хэвээр үлдээсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                         ШҮҮГЧИД                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                Д.БАТБААТАР

 

                                             Ч.ХОСБАЯР

 

                                                                                                         Б.ЦОГТ