Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 463

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би иргэн Д.*******ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.*******од холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.******* нарын бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Д.******* нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүд болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэгч тал болох Д.*******, хариуцагч тал болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.******* нар нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 

Хариуцагч тал болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэгч Д.*******т ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.555.521 /долоон сая таван зуун тавин таван мянга таван зуун хорин нэг/ төгрөг, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 3.681.540 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга таван зуун дөч/ /1.227.180*3/ төгрөгийг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх,

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах.

Энэхүү эвлэрлийн гэрээг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.******* нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагчтай эвлэрснээ илэрхийлж, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.*******той бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. 

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байх тул тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ хүчинтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан, эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, иргэн Д.*******ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ШҮҮГЧ                  Н.ДОЛГОРСҮРЭН