Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0103/З |
Дугаар | 387 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 387
Дугаар 221/МА2020/0387 | Улаанбаатар хот |
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Ц.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Д.Т.У.Б Д.О, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 250 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хууль /2008/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Ч.Д.Т.У.Б Д.О, Ц.Ц нарын 22,118,120 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 350017791 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шүүхээс “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Д.Т.У.Б Д.О, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч талын төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
1. 250 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...дээрх тогтоолыг тус газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/2386 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хүргүүлж, улмаар Ч.Д.Т.Х.У.Б Д.О, Ц.Ц нараас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн (35/13)0252 дугаар томилолтын дагуу “Г” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, маргаан бүхий 350017791 дугаар актыг үйлдсэн нь татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байна” гэжээ.
Нэхэмжлэгч талаас Ч.Д.Т.У.Б Д.О, Ц.Ц нарын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 350017791 дугаар акт үйлдэхдээ эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж маргаагүй, акт үйлдэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан болно.
2. 250 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Татварын ерөнхий хууль /2008/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах хугацааг 5 жил байхаар заажээ. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-д зааснаар дээрх хугацааны дотор татварын улсын байцаагч нь “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” эрх хэмжээтэй ба мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4-д зааснаар “Тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөсөн” зөрчилд татварыг нөхөн ногдуулах үүрэгтэй тул хуульд заасан хугацааны дотор татварыг нөхөн ногдуулж гаргасан татварын улсын байцаагчийн 350017791 дугаар актыг хууль бус гэж үзэхгүй...” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална” гэж заасан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсныг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн боловч актыг 1 сарын хугацаа өнгөрсний дараа гаргасан нь үндэслэлгүй.
Татварын хуулийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг гэсэн үндэслэлээр дуртай цагтаа акт дүгнэлт гаргаж, торгууль ногдуулах эрхгүй гэж үзэж байна. Хуульд заасан хугацааг иргэн, төрийн захиргааны байгууллага аль аль нь мөрдөх нь зүйн хэрэг болно.
3. 250 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Түүнчлэн хууль тогтоогчоос Татварын ерөнхий хууль /2008/-ийн зорилтыг “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байх тул татварын төлөх тайлагнах, улмаар татварын зөрчилд хариуцлага ногдуулахтай холбогдсон харилцаанд Захиргааны хариуцлагын тухай хуулиар тогтоосон хугацааг мөрдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой байтал энэ хугацааг баримтлаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй...” гэжээ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл татвар төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон захиргааны зөрчилд захиргааны хариуцлагын тухай хууль хамаарахгүй мэтээр хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж заасан байтал хэргийг хэрэгсэхгүй болгосон 1524 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа татварын улсын байцаагчийн акт гарч төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй юм. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Ч.Д.Т.У.Б Д.О, Ц.Ц нарын 22,118,120 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 350017791 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эс зөвшөөрч “...анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хууль буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх гомдлыг гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагч нар нь “Г” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт, шалгалт хийж 350017790 дугаар акт гаргахдаа эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж маргаагүй, харин акт үйлдэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
Тодруулбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 1524 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа татварын улсын байцаагчийн акт гарч, төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй, Татварын хуулийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэсэн үндэслэлээр дуртай цагтаа акт гаргаж, торгууль ногдуулах эрхгүй гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан.
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1524 дугаар тогтоолоор[1] “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р-ийн нэр бүхий компаниас нийт 221,118,800 төгрөгийн хий бичилттэй падааныг ашиглан 22,118,200 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг тогтоолыг тус газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/2386 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хүргүүлснээр хариуцагч татварын улсын байцаагч Д.О, Ц.Ц нар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн (35/13)0252 тоот томилолтын[2] дагуу “Г” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 1524 дугаар тогтоолыг хүлээн авснаас хойш 4 хоногийн дараа 350017791 дугаар актыг гаргасанд татварын улсын байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй.
Учир нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 35130252 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын хүрээнд татварын улсын байцаагч нар “Г” ХХК-д шалгалт хийж 221,118,800 төгрөгийн зөрчил илрүүлэн 350020 тоот дүгнэлт бичиж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хянуулахаар шилжүүлснийг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1524 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Үүнээс дүгнэхэд татварын байгууллагаас “Г” ХХК-ийг 2013 онд шалгаж, 221,118,800 төгрөгийн зөрчил илрүүлэн дүгнэлт бичсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татахад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ... хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ... үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тухайн зөрчилд хариуцагчаас 350017791 дугаар акт тавьсан байна.
Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулахаар заасан тул татварын маргаанд тухайн маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг дагаж мөрдөх нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчимд нийцэх болно.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид “зөрчил” гэх/ гэж үзнэ” гэж зааснаар татвар төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тухайн тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хууль хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Иймд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчиж, акт үйлдэх хугацааг хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй актаар тогтоосон 22,118,120 төгрөгийн төлбөр нь зөвхөн нөхөн татвар бөгөөд үүнд торгууль, алданги хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 27 дахь тал
[2] Хавтаст хэргийн 43 дахь тал