Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1834

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00656 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХХ-т холбогдох ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 419 780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2010 оноос ХХХ-ийн захирлаар ажиллаж байсан боловч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 тоот захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Шүүхийн шийдвэрээр ажилдаа тогтоогдсон ч хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, Хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 705 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Б/29 тоот захирамж гарч, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би захирлын үүрэгт ажлаа хүлээн авсан.

Гэтэл ХХХ-аас намайг ажилд авахгүй байх арга саам хийж, 2015 оны 2 дугаар сарын 26-ны 1/225 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, тус хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх  болсон тул ХХ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б/45 тоот тушаалаар тухайн албан тушаалыг сургалтын менежер ХХХХХ хавсран гүйцэтгүүлэх болсон.

Цагдаагийн байгууллага миний асуудлыг шалгаж Эрүүгийн 201525020089 тоот хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлснээр 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 390 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолыг үндэслэн ХХ-ын дарга 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б/45 тоот тушаал гаргаж албан тушаалын эрх сэргэж, ажилдаа орсон. Энэ хугацаанд миний оронд 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан ХХХ нь нэр төрд халдаж, нэр төр гутаасныг сэргээх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган намайг хариуцагчаар татан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан.

Энэ бүхэнд сургуулийн хамт олон намайг буруугаар ойлгон миний эсрэг үйл ажиллагаа явуулж, сэтгэл санааны дарамтанд оруулж байсан. Мөн ажил албан тушаалыг түдгэлзүүлж, ажил хэргийн нэр хүнд болон эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан нь прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа. Иймд миний ажил хэргийн нэр хүндийг сэргээж, цалинд хууль бусаар санаатай гэм хор учруулсан төлбөрт буюу ажилгүй байсан хугацааны олговорт 13 419 870 төгрөг гаргуулахаар шаардсан.

Гэвч би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалинг буруу тооцсон байсан тул зөвтгөж, 12 623 618 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарласан. ХХ нь уг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо аваагүй тул дүнг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 892 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2014 оны 705 дугаар тогтоолоор ХХг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/29 дүгээр захирамжаар ХХг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2,611,220 төгрөгийг олгосон. Харин шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 346 дугаар захирамжийн талаар Нийслэлийн Архивын газрын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2/220 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаа зэргээр уг захирамж нь байхгүй, 2005 онд тус дүүргийн Засаг даргын захирамж 1-301 хүртэл дугаартай байна гэсэн хариу өгсөн учир захирамжийг хуурамчаар үйлдэн, шүүхэд нотлох баримт хуурамчаар гаргасан байж болзошгүй гэж шалгуулах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулах талаар Нийслэлийн Боловсролын газар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/225 дугаар албан бичгийг холбогдох материалын хамт хүргүүлсэн.

Ингээд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэжигтнээр татсан ба 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол гарч 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар дээрх тогтоолыг хэрэгжүүлж, захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийг томилсон. Сүхбаатар дүүргийн прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 262 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах болсон.

Улсын ерөнхий прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/33 дугаар тогтоолоор дээрх 22 дугаар тогтоолыг хүчингүй болгосныг Улсын ерөнхий прокурорын орлогч ХХХХХХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/65 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 5/156 дугаар албан бичгээр ХХ-ийн гомдлоор хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн гэсэн хариу өгсөн. Мөрдөн байцаалт хийгдэж, прокурорт хүргүүлсэн ба 2016 оны 3 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5/211 дүгээр албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан учир үүнийг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасанд тус газраас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5/830 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Үүнийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр авсан.

 ХХХ-ын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/45 дугаар тушаалын дагуу 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ХХ сургуулийн захирлын ажил үүргийг хүлээн авсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргасан нь нэхэмжлэгч ХХд холбогдолгүй, түүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэхгүй байна. Дээрх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй нь ХХ-ын холбогдох албан тушаалтнаас шалтгаалсан бус эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж эрх бүхий албан тушаалтнаас албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ХХХ-аас 9 315 696 төгрөгийг гаргуулж ХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх болон 3 307 922 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 164 001 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2636 дугаар шийдвэрээс үзвэл нэхэмжлэгч анх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа түүнийг ажлаас халах шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татсан байна. Дээрх шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/29 дүгээр захирамжаар ажилд нь томилсон.

Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ХХХ-аас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй болно. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-нд зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн Төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх эрхтэй ба энэ нь ХХг Нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/29 дүгээр захирамжаар ажилд томилсоноор тогтоогдож байгаа. Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь хуульд нийцнэ.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь ХХд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Мичигсүрэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэжигтнээр татсан ба 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол гаргаж Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс олгохыг зогсоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээж, цалинд учирсан хохирол 13 419 780 төгрөгийг гаргуулана гэж нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг буруу тооцсон гэх үндэслэлээр 12 623 618 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, ажил үүргээ гүйцэтгээгүй нь ХХ-ын албан тушаалтнаас шалтгаалсан бус, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж хуульд заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтны тогтоолоор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэнтэй холбоотой гэсэн үндэслэл заан маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч ХХг ХХХ-ийн захирлын ажилд шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаар захирамжаар түүнийг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд нь томилсон боловч хариуцагч 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан, эрүүгийн хэрэг шалгах явцад мөрдөн байцаагчийн тогтоолоор түүнийг албан үүргээ биелүүлэхийг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс түдгэлзүүлсэн, уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгч үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болсон үйл баримтууд тогтоогджээ.

                                                                        /хх-ийн 6-16, 34-36, 53-54, 73 дэх тал/

 

Шүүх, нэхэмжлэгч ХХг дээрх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй буюу хөдөлмөрлөх эрх нь хохирсон нөхцөл байдлыг хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэн, 12 сарын цалинтай тэнцэх олговорыг тооцож 9 315 696 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс “ажил хэргийн нэр хүнд гутаагдсан” үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэлийн талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд давж заалдах гомдлын үндэслэлдээ Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх эрхтэй тул цалин олговорыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь хуульд нийцнэ гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон ХХХ-т холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь зөв. Тодруулбал хариуцагч бус этгээдэд шүүх хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00656 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА