Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 548

 

 

 

 

 

 

 

Н.Ганхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Цэнд-Аюуш,

ялтан Н.Ганхуяг, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хорлоо, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг  оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Ганхуяг, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох 2016 2501 2609 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Нацагдоржийн Ганхуяг, 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 56 дугаар гудамжны 782 /б/ тоотод оршин суудаг,

2001 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД:ЦЗ80102111/;

Н.Ганхуяг нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Гантулгатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Нацагдоржийн Ганхуягийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Н.Ганхуягийг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Ганхуягийн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 304 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Ганхуягаас 4.106.560 /дөрвөн сая нэг зуун зургаан мянга таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Хорлоод /РД:ЦЕ59061061/ олгохоор, хохирогч өөрт учирсан сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн дүгнэлт эргэлзээтэй. Гэрч С.Орхон, Б.Оргилболд, Б.Баянжаргал нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Мөн эдгээр гурван гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан боловч хэрэгсэхгүй болгосон. Тэднийг дуудуулсан боловч хэн ч ирээгүй. Хэрэг прокурорын шатанд шилжих үед хавтаст хэрэгтэй танилцаж чадаагүй, надад танилцуулаагүй. Би өөрийн хүү Г.Мөнх-Эрдэнэтэй хамт ам бүл хоёуулаа амьдардаг байсан. Одоо хүү минь өвөөтэйгээ хамт түр амьдарч байна. Миний болон хүүгийн минь эрх зүйн байдлыг дээрдүүлж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Ялтан Н.Ганхуягийн өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Ганхуяг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлд “хэргийн талаар шалгах асуудлыг бүрэн шалгасан боловч шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зарчмын дагуу Н.Ганхуяг ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар Н.Ганхуягт холбогдох гэмт хэргийн ялын хэмжээ хөнгөрч байгаа тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байгаа тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач хүү дөнгөж 31 настай байсан. Миний хүү амь насаа алдчихаад байхад Н.Ганхуяг давж заалдах гомдол гаргаж байгааг гайхаж байна. Би маш их гомдолтой байна. Би хүүгээ нас барснаас хойш олон удаа эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед миний хүү эрүүл байсан бөгөөд нөгөө хоёр нь өөдөөс нь согтуу ирсэн байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан. Ингээд дахин шинжээчийн дүгнэлтээр “дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, хөхрөл, няцрал зэрэг нь  хөнгөн, цаана авсан уушигны гэмтэл нь хүндэрч өвчлөл үүсгэн уушигны битүү хатгалгаагаар нас барсан” гэж гарсан. Гол гэрч Эрдэнэцэцэгийг шалгаж өгөөч гэсний дагуу түүнийг дахин байцаахад “Надаас Ганхуяг нь Гантулгын толгойг бариад өгөөч гэж гуйж байгаагүй. Гантулга дургүй хүргээд байхаар нь нэг түлхсэн юм” гэж мэдүүлсэн. Зарим гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэж байгаа боловч тухайн цаг хугацаанд хохирогч амьд байхдаа эхнэртээ “Н.Ганхуяг намайг зодсон” гэж хэлсэн байдаг. Ингээд эхнэр нь Н.Ганхуяг дээр очиж “чи яагаад ингэв” гэдэг асуудлыг тавьсан байсан. Талийгаач хэд хоног гэртээ бие нь муу байж байгаад нас барсан. Тухайн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэг гарснаас тодорхой хугацааны дараа нас барсныг шүүгдэгчийн өмгөөлөгч эргэлзээтэй гэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Прокурор М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Ганхуягийн үйлдсэн хэрэг хангалттай нотлогдсон. Н.Ганхуяг өөрөө ч шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачтай барьцалдаж, ноцолдсон гэдгээ хэлсэн. Тэрээр үйлдлээ нарийвчлан хэлэх үүрэггүй. Хэрэг бусад хөндлөнгийн дамжмал нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч хоёрдмол утгатай зүйл ярьж байна. Шүүгдэгч гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн байна. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дэх хэсэгт зааснаар буцаан хэрэглэх үндэслэлтэй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар зөвхөн хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн:

- 1.1-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/. Тухайлбал, талийгаач Х. Гантулгын төрсөн эгч Х.Цэцгээгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Талийгаачийн ажил явдлынх нь үеэр би нөхөр Батсаруулын хамтаар хамт амьдарч байсан хүүхэн /Орхон/-ийх нь гэрт очиход урд айлынх нь нэг архи уудаг бололтой авгай орилоод “Та нар хүний хүүхэд алчихаа биз дээ, гээд байсан“ гэж мэдүүлсний дагуу тухайн эмэгтэй /Г.Эрдэнэцэцэг/-г гэрчээр дахин асууж, нөхцөл байдлыг тогтоох,

- 1.3-д зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, тухайлбал, 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 15 цагийн үеэс 7 дугаар сарын 16-ны өдрийн 21.35 цаг хүртэл талийгаач Х.Гантулга хаана, хэн хэнтэй байсан, хэдийд хаагуур явсан, түүний биеийн байдал, зовиур шанал ямар байсан, цаг тухайд, тухайлбал 7 дугаар сарын 9-нөөс 14-ний хүртэл хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлээгүй шалтгаан нөхцөл юу болох зэргийг нарийвчлан  шалгаагүй байна.

- 1.6-д зааснаар амь хохирогч Х.Гантулга, ялтан Н.Ганхуяг нарын хувийн байдал,  хоорондын харьцаа ямар байсныг нарийвчлан тогтоогоогүй байна.

-1.4-д Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тухайлбал хохирогч буюу талийгаач Х.Гантулгын биед учирсан гэмтлүүд нь түүнийг шууд үхэлд хүргэх гэмтэл мөн эсэх, тухайн үед нь эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авсан тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан, эсэхийг шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах шаардлагатай.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 1.6 дахь хэсгүүдэд заасан нотолбол зохих байдлуудыг нэг мөр шалгаж тогтоосны эцэст ялтан Н.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг зөв зүйлчилж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлүүдээр Н.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Н.Ганхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах, эсэхийг шийдвэрлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд ялтан Н.Ганхуяг болон түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэн шийдвэрлэхгүй орхисон болно.