Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00360

 

“А” ХХК-ийн Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 149 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн Дархан салбар

          Хариуцагч: Ц.С

          Хариуцагч: С.Б

          Хариуцагч: С.Б нарт холбогдох

           Эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Ц.Сийн гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшин нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012-05-30-ны өдрийн 535 тоот захирамжаар А ХХК / хуучин нэрээр Эрэл банк/-ийн өмчлөлд шилжсэн. 2012-06-25-ны өдрийн 286-р гүйцэтгэх хуудасны дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ажиллагаа явуулж   өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Хуулийн дагуу өмчлөх эрх шилжсэн тул хариуцагч нараас банкны өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

       Хариуцагч нар хариу тайлбартаа: С.Б нь нэхэмжлэгч банкнаас 15 сая төгрөгийн зээл авч Дархан сумын 15-р баг 1-85 тоот байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээл авсны дараа С.Б  зэм тээврийн  осол гаргаж хорих ял авсан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Маргаан бүхий хашаа байшин  бол Л.Батхүү, С.Б, С.Б, Ц.С нарын  дундын хөрөнгө юм.  Хорих ангид очоод С.Бгийн гарын үсэг зуруулаад, хамтран өмчлөгч 3 хүнээс зөвшөөрөл авалгүйгээр эд хөрөнгийг  банкны өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэг өмчлөгч  С.Бгийн  зээлийн барьцаанд бусад 3 өмчлөгчийнх нь эрх ашиг зөрчигдөж, хууль бусаар хураагдсанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшинг  Ц.С, С.Б, С.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 149 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.С, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч Ц.С хяналтын гомдолдоо:  Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй бөгөөд ямар үндэслэлээр татгалзсан тухай захирамж гаргаагүй. Иймд  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          А 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот байшин, газрыг  хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан байна.   

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийг А нь  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь тогтоогдсон байна.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан эсэх талаар зохигчид маргасан үйл баримт хэрэгт байхгүй тул хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 101, 183 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

        Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

        Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь  үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох шаардлага биш байна. Шүүх хариуцагчийн гаргасан “сөрөг нэхэмжлэл”-г хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцсэн байх тул энэ тухай гомдлыг хангах боломжгүй юм.

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 149 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ