Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01058

 

 

    2026           05             11                                        210/МА2026/01058

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/03344 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: алдангийн төлбөрт 40,112,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК-тай 2022.03.28-ны өдөр байрны урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, ******* дүүрэг, ******* хороонд баригдсан *******хотхоны А блок барилгын ******* давхарт ******* тоотын 47,47 мкв байрыг нэг мкв-г 1,690,000 төгрөгөөр захиалж, нийт 80,300,000 төгрөгийг төлсөн. Тус компани байрыг 2022 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар тохирсон боловч 2025.05.19-ний ашиглалтад орж, хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан. Гэрээний 4.11-д зааснаар компани захиалсан байрыг хугацаандаа оруулаагүй тул төлсөн төлбөрийн 0,2 хувиар тооцож 2023.02.01-ний өдрөөс хүлээн авсан 2025.05.19-ний өдрийг хүртэлх хугацаа хэтрүүлсэн алдангид 40,112,150 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч болон нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээ байгуулсан, маргаан байхгүй. Гэрээний зүйлийг 2025.04.09-ний гэрээг дүгнэсэн актаар хүлээлгэн өгөхдөө төлбөр тооцоо хэвийн төлөгдөж дууссан, үлдэгдэл төлбөр тооцоо дууссан, орон сууц ашиглалтын хугацаа хэтрэлт нь цар тахал, бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан болохыг харилцан зөвшөөрсөн. Иргэний хуулийн 41-р зүйлд зааснаар хариуцагч актад гарын үсэг зурсан нь өөрийн хүсэл зоригийн илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК *******-аас алдангийн төлбөрт 12,033,645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******ын *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,078,505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 207,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон хэсэгчилж төлөх ёстой төлбөрөө бүрэн төлсөн. Харин хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүрэг болох Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, *******хотхон, А блок, ******* давхар орон сууцны барилгын 2-р орц, ******* давхрын ******* тоот хаягтай 47.47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 4-р улиралд багтаан нэхэмжлэгч *******т хүлээлгэж өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Улмаар орон сууцыг хугацаа хэтрүүлж ашиглалтад оруулсан ба нөхцөл тавьж байрыг хүлээлгэж өгсөн. Тэр нөхцөл нь гэрээ дүгнэсэн акт дээр гарын үсэг зурж, байраа хүлээж авах байсан. Гэрээ дүгнэсэн актыг уншиж үзэхэд “...алданги тооцохгүй, нэхэмжлэхгүй байхаар тохиролцов” гэх загвар баримт байсан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна", 9.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй.”, 9.4 “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:”, 9.4.9-т “өөртөө туслах” гэж заасны дагуу өөртөө туслах арга хэрэгслийг сонгож байрандаа яаралтай нүүж орох аргыг сонгосон.

4.2. “Алданги тооцохгүй, нэхэмжлэхгүй байхаар тохиролцов” гэх нөхцөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн ******* дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг хязгаарлаж Монгол Улсын Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4, 202.2.8-д заасны дагуу алданги тооцохгүй, нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон нөхцөл нь гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн, нэхэмжлэгч талд шууд хохиролтой байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэн алданги нэхэмжилсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдсан гэрээний стандарт нөхцөл зөрчсөн, стандарт бус нөхцөл тулгасан эсэх талаарх үйл баримтад дүгнэлт өгөөгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй. Хариуцагч тал орон сууц ашиглалтад оруулах хугацааны хэтрэлт нь барилгын материалын үнийн өсөлт, цар тахлын сөрөг нөлөөллөөс шалтгаалж хугацаа хэтэрсэн гэх боловч барилгын яг ямар материалын үнэ өссөн, ямар цар тахлаас болж хэрхэн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаарх тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх тайлбарыг харгалзаж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэв ямар нэгэн цар тахалд нэрвэгдсэн бол Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлүүлэх бүрэн боломжтой байсан. Шинэ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай байсан нь нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй. Гэрээ байгуулах үед буюу 2022.03.28-ны өдрийн байдлаар дэлхий даяар, түүний дотор Монгол Улсад нийтийг хамарсан Ковид-19 вирусийн цар тахал аль хэдийн тархаад, төр, захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор шинэ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарч удаа, дараа сунгасаар хамгийн сүүлд 2021.12.31-ний өдрийг хүртэл сунгаад хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын хугацаа 1 жил 5 cap орчим үргэлжилсэн ба 2022.03.28-ны өдрийн байдлаар дуусгавар болсон буюу Монгол Улсын хэмжээний бүх хориг цуцлагдсан. Мөн гэрээ байгуулагдах үед буюу 2022.03.28-ны өдөр гэрээ байгуулагч тал тухайн нөхцөл байдлыг мэдсээр байж гэрээ байгуулсан бол энэ нь давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж үзэхгүй, хамаарахгүй. Иймд бидний хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж үзэхгүй үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 28,078,505 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.   

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ... Талууд 2025.04.09-ний өдөр 15 дугаартай гэрээ дүгнэсэн акт үйлдэж, үүндээ тооцсон эсхүл нөхөн шаардах аливаа алдангийн төлбөр тооцоогүй болохыг харилцан тохиролцож, гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан хүсэл зоригийн хүчин төгөлдөр илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгч уг актыг зөвшөөрч гарын үсэг зурснаар алданги шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэстэй. Гэтэл шүүх уг актыг “нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн” гэж хязгаарлагдмал байдлаар дүгнэж, алданги тооцсон нь үндэслэлгүй.

6.2. Орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсон нь Ковид-19 цар тахал, хилийн боомтын хаалт, барилгын материалын үнийн огцом өсөлт зэрэг хариуцагчаас үл хамаарах, нийтэд илэрхий нөхцөл байдалтай шууд холбоотой. Шүүх эдгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн атлаа алдангийг бүрэн хэрэгсэхгүй болгохгүйгээр 12,033,645 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан анзыг багасгах зохицуулалтыг хариуцагчид хэт хариуцлага үүрүүлсэн хэлбэрээр хэрэглэсэн.

6.3. Гэрээ дүгнэсэн актад тодорхой дурдсанчлан, орон сууцны зах зээлийн үнэлгээ өссөн нь захиалагчид ашигтай байдал үүсгэсэн. Хариуцагч тал төслийг 200 хувийн алдагдалтайгаар дуусгаж, үүргээ гүйцэтгэж дууссан байхад нэмэлт хариуцлага тооцсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 12,033,645 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга.

7.1. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэл зоригийн илэрхийллийг үнэн зөв дүгнэсэн буюу алданги тооцохгүй байх нөхцөл нь манай талд хэт хохиролтой, мөн гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байх тул хариуцагч талын гаргасан гомдлын энэ хэсэг үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх хариуцагч талд ашигтай буюу хариуцагч талыг Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалд нэрвэгдсэн гэх байдлаар шийдвэртээ тусгасан байсан. Тиймээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын энэ агуулгыг логикийн хувьд алдаатай гэж үзэж байна. Мөн захиалагчид давуу байдал үүссэн гэх агуулгатай гомдол нь талуудын хооронд үүссэн маргаантай хамааралгүй гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан алдангийн төлбөрт 40,112,150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “...гэрээний төлбөр тооцоо дууссан талаар тохирч дүгнэсэн акт үйлдсэн тул алданги шаардах эрхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтын хүрээнд эдгээрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг тогтоожээ.

Нэхэмжлэгч 2022.03.28-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн 11 дүгээр хороо, *******хотхоны А блок ******* давхар орон сууцанд 14 дүгээр давхрын ******* тоот 47,47 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцыг 80,224,300 төгрөгөөр захиалж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагч гэрээ ёсоор барилгыг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах байтал 2025.05.19-ний өдөр хүлээлгэн өгсөн, талууд гэрээнд анзын талаар тохиролцсон бөгөөд 2025.04.09-ний өдөр “...төлбөр тооцооны үлдэгдэл болон тооцсон эсхүл нөхөн шаардах аливаа алдангийн төлбөр тооцоо байхгүй” болохыг дурдсан гэрээ дүгнэсэн акт үйлдсэн зэрэг нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтад маргаагүй. /хх-6-17/

4. Талууд гэрээ дүгнэсэн акт гэрээний стандарт нөхцөл мөн эсэх, уг актаар гэрээний үүрэг дуусгавар болгосон эсэх асуудлаар маргасан бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Анхан шатны шүүх 2025.04.09-ний өдрийн гэрээ дүгнэсэн актыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж ковид цар тахлын нөлөөг харгалзан алдангийг 30 хувиар тооцож 12,033,645 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулах нь зүйтэй.

5.1. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2025.04.09-ний өдрийн гэрээ дүгнэсэн актад “...2022.03.28-нд байгуулсан ******* дугаартай орон сууц захиалагчтай байгуулах гэрээг дүгнэж, гэрээг дуусгавар болгох зорилгоор гэрээний талууд энэхүү гэрээ дүгнэсэн актыг үйлдэв. Гэрээний дагуу арилжааны нөхцөлөөр төлбөр тооцоо хэвийн төлөлт хийгдэж дууссан болно. Талуудын хооронд гэрээний хуваарийн дагуу төлбөр тооцоог төлөлт хийхээс бусад холбоотой төлөгдөөгүй өөр төлбөр тооцооны үлдэгдэл болон тооцсон эсхүл нөхөн шаардах аливаа алдангийн төлбөр тооцоо байхгүй болно. Учир нь орон сууц ашиглалтад оруулах хугацааны хэтрэлт барилгын материалын үнийн өсөлт, цар тахлын сөрөг нөлөөлөл зэргээс шалтгаалсан тул хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн захиалагчийн худалдан авсан орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ, ханшийн өсөлтийн дүн нь ашигтай, илүү үнэ цэнтэй болсон тул ямарваа нэгэн хэлбэрээр алданги тооцохгүй, нэхэмжлэхгүй байхаар тохиролцов. Гүйцэтгэгч тал захиалагчийн өмчлөлд орон сууц захиалагчтай байгуулах гэрээнд заасан *******А блок, 2-р орц ******* орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой бүхий л үндсэн болон нэмэгдэл үүрэг бүрэн дуусгавар болно” гэж тусгажээ.

Уг актын агуулгаас үзвэл талууд зөвхөн орон сууцыг хүлээлцсэн үйл баримтыг баталгаажуулаад зогсохгүй, өмнө байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн болон үүсч болох эрх, үүрэг, төлбөр тооцоо, гэрээний хариуцлагын асуудлыг бүхэлд нь дүгнэж, цаашид харилцан шаардах зүйлгүй болохыг илэрхийлсэн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдлийг хэлцэл гэж үзнэ. Талууд гэрээ дүгнэсэн актыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх тул энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэхүү зарчмын хүрээнд талууд үндсэн гэрээний хэрэгжилт дууссаны дараа харилцан зөвшилцөж, гэрээтэй холбоотой нэмэгдэл үүрэг, хариуцлага, тухайлбал анз, алданги, хохирол нөхөн төлүүлэх зэрэг шаардах эрхийг хэрэгжүүлэх эсэхээ өөрсдөө шийдвэрлэх эрхтэй.

Нэхэмжлэгч нь дээрх актыг зурсан нөхцөлд байрны түлхүүрийг хүлээлгэн өгнө гэсэн тул гарын үсэг зурсан гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, хэрэгт авагдсан гэрээ дүгнэсэн актад “тооцсон эсхүл нөхөн шаардах аливаа алдангийн төлбөр тооцоо байхгүй”, “алданги тооцохгүй, нэхэмжлэхгүй байхаар тохиролцов” гэж талууд хүсэл зоригийн илэрхийллийг тодорхой тусгасан нь талууд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой хариуцлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэж, алданги шаардах эрхээсээ харилцан татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана. 

Тодруулбал, алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үндсэн үүргээс хамааралтай нэмэгдэл үүргийн шинжтэй бөгөөд талууд гэрээний үндсэн үүргийн хэрэгжилтийг бүрэн дүгнэж, дуусгавар болгосныг баталгаажуулсан тохиолдолд нэмэгдэл үүргийн шинжтэй алданги шаардах эрх мөн адил дуусгавар болно.

5.2. Нэхэмжлэгч нь талуудын гэрээ дүгнэсэн актыг стандарт нөхцөл бүхий гэрээ гээд нэг талыг үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхийг татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нь стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарах тул алданги гаргуулна гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.  

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний стандарт нөхцөлийг гэрээний нэг тал нөгөө талдаа санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл гэж тодорхойлжээ.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээ дүгнэсэн акт нь тэдний хооронд 2022.03.28-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах гэрээнээс үүссэн эрх, үүргийн хэрэгжилтийн байдлыг дүгнэж, талуудын хооронд үлдэгдэл төлбөр тооцоо болон хэрэгжээгүй эрх, үүргийн биелэлтийг баталгаажуулах, харилцан шаардах эрх байгаа эсэхийг эцэслэн тодорхойлох зорилгоор үйлдэгдсэн байна. Тодруулбал, уг акт нь арилжаа эрхлэгчээс урьдчилан боловсруулж, тодорхой бус тооны хэрэглэгчидтэй байгуулах зорилгоор байнга хэрэглэдэг гэрээний нөхцөл бус, харин тодорхой гэрээний хэрэгжилтийг дүгнэж, тухайн эрх зүйн харилцааг дуусгавар болгох зорилгоор талуудын хооронд тухайлан байгуулсан хэлцэл гэж үзнэ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ дүгнэсэн акт буюу талуудын тохиролцоог Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улмаар Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4, 202.2.8-д заасан стандарт нөхцөлийн хүчин төгөлдөр байдлыг хязгаарлах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “*******” ХХК-аас алдангид 40,112,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/03344 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдох алдангид 40,112,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,343 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,489 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ХУЛАН

 

 

                                                     ШҮҮГЧИД                                      Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                                          Г.НЯМСҮРЭН