| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/34163/и |
| Дугаар | 210/МА2026/01134 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01134
2026 05 18 210/МА2026/01134
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/07352 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Гуравдагч этгээд: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцсэн гэж маргажээ.
2.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг дэмжин оролцсон.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.06-ны өдрийн 128/ШШ2023/0497 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 1,402,695,652 төгрөгийн төлбөрөөс 1,033,579,100.55 төгрөгийн төлбөрийг төлүүлж, үлдэх хэсэг болох 369,106,551.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.08.24-ний өдрийн 221/******* дугаар магадлалаар 2018.12.28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон буюу “*******” ХХК-аас 1,402,695,652 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн татварын хэлтэст олгохоор өөрчлөн шийдвэрлэсэн. /хх-46-64/
3.2.Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.11-ний өдрийн ******* дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэжээ. /1хх-41-45, 79/
3.3.“*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******/, ******* гудамж, ******* байр, 2 давхар, 1 тоот хаягт байрлах 192,74 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан. /1хх-78-110/
3.4.Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал ирүүлэх, үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийг үнэлүүлэх тухай 2025.10.06-ны өдрийн 3-6/5599 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч “*******” ХХК-д хүргүүлсэн байна. /1хх-115/,
3.5.Баянгол дүүргийн татварын хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч байгууллагын 2025.10.10-ны өдрийн ******* тоот тогтоолоор үнэлгээ хийлгэхээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэшсэн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус нийцсэн байна. /1хх-119/,
3.6.Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэшсэн үнэлгээчин *******ын 2025.10.22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******/, ******* гудамж, ******* байр, 2 давхар, 1 тоот хаягт байрлах 192,74 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 759,599,336 төгрөгөөр үнэлжээ. /1хх-125-150/
3.7.Шинжээч нь дээрх үнэлгээний тайланг 2025.11.24-ний өдөр хариуцагч байгууллагатай хүлээлцсэн баримт үйлдсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт 2025.10.23-ны өдрийн *******, ******* дугаартай албан бичгээр хүргүүлжээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т тус тус заасныг зөрчөөгүй. /1хх-123, 154-155/
4.Үнэлгээний тайланд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргуудаар үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргын үнэлгээг баримталсан байна. Үнэлгээнд үнэгүй.мн /unegui.mn/ сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн, тус бүр гурван хөрөнгийг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байрлал, инженерийн шугам сүлжээ, хийц, газрын болон барилгын хэмжээ, гадна тохижилт гэсэн хүчин зүйлүүдийг тооцжээ.
5.Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй.
6.Нэхэмжлэгчийн гаргасан иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг түдгэлзүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, үнэлгээний тайланд гуравдагч этгээдийн мэдээллийг тусгаагүй, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шүүхийн шийдвэр байхад үл хөдлөх хөрөнгийг хураан авч, битүүмжилж, үнэлгээ хийлгэсэн талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1.Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026.01.30-ны өдрийн 197/ШЗ2026/12675 дугаар захирамжаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаанд *******ын нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 379,780,453 төгрөг гаргуулж, “*******” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******/, ******* гудамж, ******* байр, 2 давхар, 1 тоот хаягт байрлах 192,74 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах маргаан хамааралгүй хэмээн үзэж, нэхэмжлэгчийн хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй байна.
6.2.Жижиг, дунд үйлдвэрийн газар нь захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан гуравдагч этгээдэд хамаарахгүй тул шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээдийн мэдээллийг тусгаагүй гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох боломжгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
6.3.Нэхэмжлэгч үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг шүүх иргэний хэрэг үүсгэн, маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаатай холбоотой давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг ******* болгон залруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/07352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Г.НЯМСҮРЭН