| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/08084/и |
| Дугаар | 210/МА2026/01135 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01135
2026 05 18 210/МА2026/01135
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,799,929 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ******* дүүргийн ******* хороо, 4 дүгээр хороолол, ******* байрны ******* тоотод оршин суугч бөгөөд *******ын урд №******* тоот автомашины гаражтай байсан. Энэ гаражийг 19******* онд Дүүргийн Өмч хувьчлалын комиссоос иргэн *******ид ******* дугаартайгаар өмчлүүлсэн бөгөөд нөхөр ******* 1998 онд 1,500,000 төгрөгөөр худалдан авч, өнөөг хүртэл эзэмшиж, өмчилж ирсэн. Гэтэл хариуцагч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, эзгүй байхад мэдэгдэлгүйгээр тухайн гаражийг нураасан нь өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, бодитой хохирол учруулсан, хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан.
1.2. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг “*******” ХХК-аар тогтоолгосон үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэ болох 10,799,929 төгрөг болгон багасгасан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шударга эзэмшигч мөн. ******* нас барсны дараа эхнэр ******* уг гаражийг өвлөн авч, эзэмшиж ирсэн. Хариуцагч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гаражийг нураасан тул хохирлыг хариуцагч ёстой гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Маргаан бүхий гараж нь манай компанийн эзэмшил тул хууль ёсны дагуу тухайн газар дээр барилга барих зөвшөөрөлтэй. Өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлөх үүднээс хэн нэгний өмчлөлийн биш гаражуудыг буулгасан. Харин нэхэмжлэгч нь яаж тухайн гаражийн өмчлөгч болсон нь тодорхойгүй. Гаражийг буулгахдаа бичлэг хийсэн ба тухайн үед гараж нь ямар нэгэн эд хөрөнгөгүй, хоосон байсан. Нэхэмжлэгч тал 20-30 жил ашигласан учраас үнийг нэхэмжлэх ёстой гэдэг... Манай компанид Нийслэлийн засаг даргын 2023.10.25-ны өдрийн ******* дугаар захирамжаар газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон. Хэрэгт баримт байхгүй ч гаражийн хаалган дээр чөлөөлөх тухай бичиг нааж мэдэгдсэн. Газрыг эзэмшиж эхэлснээс хойш тухайн газарт байрлах хууль бус гаражуудыг нурааж чөлөөлүүлэхээр Газрын албанд хандахад манайд хариу өгөхдөө газар эзэмшигч өөрөө газраа хамгаалах, арчлах үүрэгтэй гэх агуулга бүхий хариу өгсөн. Үүнээс хойш бид гараж эзэмшигч хүмүүстэй уулзаж, заримтай нь тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч бидэнтэй уулзаагүй.
2.2. Шударгаар эзэмшиж ашиглаж байгаа гэдгээ нотлох үүрэгтэй. Нотлоогүй байж өөр хүний эзэмшиж байсан хөрөнгийг үнэлүүлсэн. Учир нь “*******” ХХК-ийн үнэлгээ хийлгэх захиалагч нь ******* биш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******. Мөн үнэлгээ хийх үед гараж байгаагүй бөгөөд зураг харж үнэлгээ хийх боломжгүй. Гараж нь үл хөдлөх хөрөнгө учраас улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх тодорхой болох хуулийн заалттай. Нэхэмжлэгч тухайн газрын эзэмшигч биш, харин хариуцагч эзэмшигч гэдэг нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хариуцагч зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаа. Гаражийг буулгах ажиллагаа 2024-2025 онуудыг дамнаж явагдсан. Тиймээс гараж буулгаж байгааг нэхэмжлэгч мэдэгдэх боломжтой, нийтэд илэрхий үйл баримт байсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 10,799,929 /арван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун хорин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 187,749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлохдоо энэхүү гаражийг 19******* онд дүүргийн өмч хувьчлалын комиссоос иргэн *******ид эрхийн бичиг өгсөн бөгөөд нөхөр ******* 1998 онд худалдан авсан. Гэтэл намайг эзгүй байхад гаражийг төрийн ямар байгууллагын шийдвэргүй буулгасан нь өмчлөх эрхэд халдсан гэж эрх зүйн үндэслэлээ тайлбарласан. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн гаражийн эрхийн гэрчилгээ, бусад баримтууд нь зөвхөн хуулбар хувь байсан бөгөөд энэ нь ИХШХШТХ-ийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч ******* нь өөрийн нэр дээр тухайн гаражийг өмчлөх эрхтэй гэдгээ шүүхэд нотолж чадаагүй. Тухайн гараж нь газраас салгаж үл болох хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тухай лавлагаа хэрэгт авагдсан тул өмчлөгч нь хэн болохыг тогтоох боломжгүй. “*******” ХХК нь газар эзэмшигчийн хувьд тухайн газар дээрх гаражуудыг чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан бөгөөд төрийн байгууллагын зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч нь өөрийн эзэмшлийн газраа өөрөө арчилж, хамгаалах үүрэгтэй гэсэн хариуг ирүүлсэн тул бид өөрийн хөрөнгөөр газрыг чөлөөлсөн.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1, 4.4, 6-д дурдсан дүгнэлт үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас гаражийн өмчлөгч гэдгээ нотлохын тулд ******* гэх хүний нэр дээр бүртгэлтэй №499 тоот эрхийн гэрчилгээг (эх хувь биш) шүүхэд гаргаж өгсөн бөгөөд ******* гэх хүнд гаражийн эрх хэрхэн шилжсэн нь тодорхойгүй, нотлогдоогүй зүйлийг анхан шатны шүүх дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40.1-т заасантай нийцэхгүй. Анхан шатны шүүх Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн ******* тоот албан бичгийн агуулгыг буруу байдлаар дутуу дүгнэсэн нь мөн л ИХШХШТХ-ийн 40.1-т заасантай нийцэхгүй. Учир нь уг бичигт Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах явган хүний зам, талбай, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гаражийн газар чөлөөлөх ажил хийгдэж байгааг онцлон дурдсан. Харин “*******” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2-т болон газар эзэмшүүлэх гэрээний 4.10-т заасны дагуу ...төрийн эрх бүхий байгууллагын зүгээс зохих зөвшөөрөлгүй гаражуудыг буулгах эрхтэй талаар “*******” ХХК-д чиглэл өгсөн. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль бусад хуулиудад заасан зохицуулалтыг үл хайхран ийм явцуу, амьдралгүй дүгнэлт гаргасанд маш их гайхаж, харамсаж байна.
4.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3-т тус тус заасны дагуу буюу хариуцагчийн хууль ёсны эзэмшлийн газар дээр бусад этгээд гараж барин, уг газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан учраас хуулийн дээрх зохицуулалтын дагуу газрын чөлөөлсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 8.1.1, 8.1.9-д өмчлөлийн талаар заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гараж өмчлөх эрхийг зөрчлөө гэж шүүхэд шаардлага гаргахдаа хуулийн дээрх заалтуудын дагуу бусдын хууль ёсны эзэмшлийн газрыг эзэмших, ашиглах эрхийг, мөн бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг, эцэст нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны байна. Гэтэл эдгээр эрхүүдийн нэг нь ч байхгүй байтал шүүх хүчээр ******* гэх хүнийг өмчлөгч мөн гэж шийдсэн нь нэхэмжлэгч талтай ашиг сонирхлын хамааралтай гэж үзэхээр байна. Маргаан бүхий тоосгон гаражийн барилга нь газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс буюу үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.1, 84.3, 110.1-д заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.
4.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан дүгнэлт үндэслэлгүй. Хэрэв “*******” ХХК-ийг хууль бус үйлдэл гаргасан гэж тодорхойлж байгаа бол ямар хуулийн ямар зүйлийг зөрчсөн нь тодорхойгүй. Харин нэхэмжлэгч ******* нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1, 5.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.9, Иргэний хуулийн 84.3, 110.1, Газрын тухай хуулийн 27.1, 27.4, 57.3-т тус тус заасныг зөрчиж, бусдын эзэмшлийн газрыг хууль бусаар ашиглаж байсан. “*******” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2, 57.3-т болон газар эзэмшүүлэх гэрээний 4.10-т тус тус заасны дагуу өөрийн газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцахын тулд хуулийн дагуу өөрийн газрыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023.12.28-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. ... Хэргийн 6 дугаар талд авагдсан баримтаар маргаан бүхий гараж *******ийн өмчлөл, эзэмшил мөн гэдгийг тодорхойлсон. ******* нас барах хүртлээ *******тэй гэр бүлийн харилцаатай байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хариуцагч компани хэдийгээр газар эзэмших эрхтэй боловч *******ийн хувьд тухайн газар дээр байгаа гаражийн өмчлөгч, эзэмшигч гэх ойлголтыг бий болгож байгаа юм.
5.2. Хариуцагч компани тухайн гаражийг бусдын эд хөрөнгө гэдгийг анхнаасаа мэдэж байсан атлаа эд хөрөнгийн эзэнд нураах талаар мэдэгдээгүй. Мөн бусдын эд хөрөнгөд хуульд заасны дагуу төрийн болон захиргааны байгууллагын эсвэл шүүхийн шийдвэрээр халдаагүй буюу огт тийм шийдвэргүйгээр халдаж, гаражийг буулгасан байсан. Хариуцагч тал бид тухайн гаражийг бүтэн 1 жилийн хугацаанд буулгасан гэж хэлдэг боловч энэ нь худлаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч энэ талаар асуухад хариуцагч шууд буулгасан гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, хавраас намрын улирал хүртэлх 3 сарын хугацаанд гаражийг буулгасан...
5.3. Бид шүүхэд хандахаас өмнө хариуцагч компанид шаардлага хүргүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд хариуцагч компанийн зүгээс үүнд ямар нэгэн хариу өгөөгүй учир бид шүүхийн байгууллагад хандсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч компани бусдын эд хөрөнгөд эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр халдсан, мөн өмчлөгч *******т мэдэгдээгүй учир бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэж байна гэх талаар тодорхой дурдсан. Энэ утгаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн үндэслэлтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн.
5.4. Нэхэмжлэгч үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ багасгасан үнэлгээ гаргуулж хэрэгт өгсөн. Хариуцагч тал тухайн үед үнэлгээний үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж дахин үнэлгээ хийлгэе гэх хүсэлт гаргаагүй. Тиймээс тухайн үнэлгээний үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,799,929 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...гараж байрлаж байсан газар нь компанийн хууль ёсны эзэмшлийнх бөгөөд нураах тухай мэдэгдлийг гаражийн хаалга дээр наасан...нэхэмжлэгч гаражийн өмчлөгч гэдгээ баримтаар нотлоогүй...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн болон тэдгээрийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд эдгээрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг тогтоожээ.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ийн нөхөр ******* ба 2010.04.26-ны өдөр нас барсан, гаражийг “*******” ХХК нураасан, гараж байрлаж байсан ******* дүүргийн ******* хороо, *******ын урд байрлах, нэгж талбарын ******* дугаартай 1,100 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2023.10.25-ны өдрийн ******* тоот захирамжаар автомашины гаражийн зориулалтаар 15 жилийн хугацаатай “*******” ХХК-д эзэмшүүлсэн нь тогтоогдсон ба эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх-35, 53-59/
4. Нэхэмжлэгч хөрөнгийн өмчлөгч мөн эсэх, хариуцагчийн үйлдэл хууль бус эсэх асуудлаар талууд маргасан ба тэдгээрийн хоорондын эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэл, гэм хорын эрх зүйн бүрэлдэхүүн хангагдсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
4.1. ******* дүүргийн ******* хороо, 4 дүгээр хорооллын хүнсний захын урд байрлах тоосгон ******* тоот гаражийг 1998.06.08-ны өдөр нэхэмжлэгчийн нөхөр ******* бусдаас худалдан авсан, тус хорооны Засаг дарга 1998.07.16-ны өдөр тус гаражийг ******* худалдан авсан болохыг тодорхойлсон баримт, *******ийг нас барснаас хойш нэхэмжлэгч гаражийг эзэмшиж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нэхэмжлэгчийг тухайн гаражийг өмчлөх эрхтэй байсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Хэдийгээр Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар гараж нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд өмчлөх эрх улсын бүртгэлээр үүсдэг ч ийнхүү улсын бүртгэлгүй байх нь хувь хүний өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
4.2. Нэхэмжлэгч ******* тухайн гаражийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй хэдий ч өөрийн мэдэлд байлган эзэмшиж байсан нь хариуцагчийн хувьд өмчлөгч гэж тооцох нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасантай нийцэх бөгөөд хариуцагчийн “нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй болохоо нотолж чадаагүй” гэсэн татгалзал үндэслэлгүй.
4.3. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасан ба Улсын дээд шүүхийн тайлбарласнаар “хөрш залгаа эд хөрөнгө”-д “хил залгаа эзэмшил газар” буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас “бусад үл хөдлөх эд хөрөнгө” хамаарна гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн гараж, хариуцагчийн газар хөрш залгаа эд хөрөнгө байна.
Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч 2023 онд газрын эзэмшигч болохоос өмнө тухайн газар дээр гараж байрлаж байсан ба хариуцагч үүнийг мэдэж байсан тул газар эзэмшигч гаражийг нураахыг шаардах эрхгүй, харин хүлээн зөвшөөрөх байжээ. Газар дээр гараж байгааг мэдсээр байж газрын эрхийг шилжүүлэн авсны дараа гаражийг нураасан нь дээрх хуулийг зөрчсөн байх тул хариуцагчийн үйлдлийг хууль ёсны дагуу гэж үзэхгүй.
4.4. Хариуцагчийн давж заалдах гомдолд үндэслэл болгож буй Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан зохицуулалт бол газрын нэгдмэл санд тавих төрийн хяналт буюу газар эзэмших, ашиглах, хамгаалах болон Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас тавих хяналтын тухай юм. Тодруулбал, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5-д зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасан нь Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээ болохоос газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд эрх хэмжээ олгосон агуулгагүй юм.
4.5. Хариуцагч нураах мэдэгдлийг гараж дээр наасныг нэхэмжлэгчид мэдэгдсэнд тооцно, нураах ажил урт хугацаанд үргэлжилсэн, нэхэмжлэгч ирж уулзаагүй хэмээн тайлбарласан боловч уг татгалзлаа аливаа байдлаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй.
4.6. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаражийг нураасан нь хууль бус тул учирсан хохиролд 10,799,929 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцнэ.
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01928 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.НЯМСҮРЭН