| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/12230/и |
| Дугаар | 2026.05.18 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2026.05.18
2026 05 18 210/МА2026/01136
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/02851 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХК-д холбогдох,
146,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “*******” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******, ******* гудамж, 3 дугаартай “*******” барилгын В1 давхарт байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс нийт 24.21 кв.м талбайтай ******* тоот болон 12.08 кв.м талбайтай ******* тоот үйлчилгээний талбайг “*******” ХХК-д *******6,100,000 төгрөгөөр худалдахаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г 2025.09.30-ны өдөр байгуулсан. Гэрээний 3.2, 3.3, 3.4-т тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөрт 66,100,000 төгрөг, 130,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр, банкны хурлын шийдвэр гармагц *******ийн *******ны ******* тоот дансанд шилжүүлнэ гэж тохирсон.
1.2. Зээлийг олгох банк болох “*******” ХК-ийн захирлын 2025.09.25-ны өдрийн **************10 дугаартай “Зээлийн шийдвэр гарсан тухай” мэдэгдлийг “*******” ХХК-д ирүүлсэн...Иймээс гэрчилгээ зээлдэгч “*******” ХХК-ийн нэр дээр гарч, барьцаанд бүртгэгдсэн...Гэтэл худалдагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн эзэмшлийн *******ан дахь ******* төгрөгийн дансанд зээлээр худалдан авагч “*******” ХХК-д тухайн зориулалтын дагуу олгогдсон зээлийн санхүүжилт 130,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 16,100,000 төгрөгийг орж ирэхэд битүүмжилсэн. Иргэн *******ийн хамтран зээлдэгчээр оролцсон ******* зээлдэгчийн зээлийг хаахад ашигласан гэх мэдээллийг аман хэлбэрээр илэрхийлж, хуулийн этгээд “*******” ХХК нь хөрөнгийг худалдсан төлбөрөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бүгд зогсолтод орсон. Банкны энэ үйл ажиллагааны улмаас манай байгууллага худалдсан хөрөнгөө бусдад шилжүүлж өгсөн байдалтай, зээлийн санхүүжилт нь олгогдоогүй, банкны барьцаанд баригдсан, шинэ өмчлөгч нь эзэмшилдээ авсан, зориулалтын дагуу зарцуулагдах төлбөрийг хүлээн аваагүй хүнд байдалтай байна.
1.3. ...Уг тохиолдлын хувьд “*******” ХХК-тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлөхөд зориулагдсан зээл болохыг банк мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан атлаа “*******” ХХК нь “*******” ХК-ийн өмнө *******, ******* нарын өөр зээлийн өр төлбөрийг төлөх тухай банктай ямар нэгэн үүргийн харилцаанд ороогүй, тухайн үүргийн харилцаа үүсээгүй төлбөрийг өөрийн үзэмж, шийдвэрээр шууд суутган авч байгаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан үндэслэлээр тус зээлээр олгогдсон 130,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг гүйцээн *******ээс шилжүүлсэн 16,100,000 төгрөг, нийт 146,100,000 төгрөгийг татан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ...“*******” ХХК нь 2025.08.25-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “*******“ ХК-д зээл авахаар хүсэлт гаргаж, банк нь зээлийн холбогдох судалгааг хийж “*******” ХХК-тай 2025.10.07-ны өдөр ******* дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, мөн өдөр ******* дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан зээл олгосон. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3, 3.2-т заасны дагуу банк зээлийн санхүүжилтийг *******ийн дансанд шилжүүлсэн. *******э нь *******гийн хамт “*******” ХК-тай 2014.07.03-ны өдөр ******* тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан бөгөөд *******э, ******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, өнөөдрийг хүртэл уг зээлийн гэрээний өр төлбөрийг барагдуулаагүй байх тул банк нь зээлийн өр төлбөрийг хэсэгчлэн барагдуулах арга хэмжээг авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26.2, *******, *******э нартай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 6.2.3-т заасны дагуу *******ийн данснаас Орон сууцны зээлийн гэрээний өр, төлбөрийг үл маргах журмаар суутган авсан.
2.2. Мөн түүнчлэн, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-62.3-т заасны дагуу “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Гүйцэтгэх захирал ******* нь 2023.08.14-ний өдрийн итгэмжлэлээр *******эд “*******” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээр худалдах, холбогдох гэрээг байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, худалдсаны үнийг өөрийн дансаараа хүлээн авах, төлбөр тооцоо хийх зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгож, итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байх тул энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр. “*******” ХХК болон “*******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тухайлан заасан төлбөр хүлээн авах дансанд зээлийн эх үүсвэрийг зээлдэгчээс гэрээгээр олгосон зөвшөөрлийг үндэслэн шилжүүлсэнд банкийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХК-иас 146.100.000 /нэг зуун дөчин зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 888.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХК- иас 888.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу шилжүүлэг үндэслэлгүй байх, хариуцагч хөрөнгөжсөн байх, шилжүүлэг хийгдсэн байх зэрэг урьдчилсан нөхцөлүүдийг хангаж байж уг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д харилцах дансны талаар заасан бөгөөд харилцах данс нь аливаа этгээд мөнгөн хөрөнгөө бэлэн болон бэлэн бусаар захиран зарцуулах эрх олгож байгаа төлбөрийн хэрэгсэл буюу тухайн этгээдийн хөрөнгө гэж тооцогддог. “*******” ХК нь зээлдэгч *******ийн харилцах дансанд орж ирсэн гүйлгээг тухайн харилцагчийн захиран зарцуулах эрх бүхий хөрөнгө гэж үзнэ. Харин, тухайн хөрөнгийг аливаа гуравдагч этгээдийн хөрөнгө байж болзошгүй гэж таамаглал дэвшүүлэх, гүйлгээний хяналт хэрэгжүүлэхийг Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5-д хориглосон.
4.2. Улмаар “*******” ХК болон *******, *******э нар 2014.07.03-ны өдөр ******* тоот оРон сууцны зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 6.2.3, 7.1.2-т заасны дагуу ******* ХК нь маргаан бүхий шилжүүлгийг зээлийн өр төлбөрт тооцон суутган авсан ба энэхүү үйлдэл нь дээр дурдсан гэрээний шилжүүлгийг зээлийн өр төлбөрт тооцон суутган авсан ба энэхүү үйлдэл нь дээр дурдсан гэрээний зохицуулалтаас гадна хууль тогтоомжийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдэл юм.
4.3. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус зааснаас үзвэл тус хууль тогтоомж болон ******* ХК болон *******, *******э нарын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээний зохицуулалтын хүрээнд *******ийн данснаас зээлийн өр төлбөрт суутган авсан үйл баримт нь нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж буй шилжүүлэг үндэслэлгүй байсан, банкны хөрөнгө нэмэгдсэн, банк үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй болох нь тодорхой. Үндэслэлгүй хөрөнгөжих ойлголт нь хөрөнгө олж авсан этгээдэд тухайн хөрөнгийг олж авах ямар нэгэн шаардах эрх, үндэслэл байхгүй байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу үүссэн зээл, зээлийн хүү зэргийг шаардах эрхтэй болохоо, тухайн үүрэг нь хугацаа хэтэрсэн болохыг, нэхэмжлэгчийн данс дахь хөрөнгө нь мөнгө буюу төрлийн шинжтэй, дээрх үүргийн гүйцэтгэлийн хэлбэртэй нийцсэн хөрөнгө болохыг шүүх харгалзан үзээгүй. Нөгөө талаас *******ийн хувьд бусдад төлөх зээлийн өр төлбөрт тухайн шилжүүлэг нь суутгагдсан, зээлийн өр төлбөрөөс хасагдсан гэж үзэх нөхцөл бодитоор бий болсон тул *******ийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Тодруулбал, “*******” ХХК болон *******э нарын хооронд байгуулагдсан 2025.09.30-ны өдрийн 1118 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-т *******ийн дансанд гэрээний төлбөрийг хүлээн авахаар тусгажээ. Үүнээс дүгнэж үзвэл, *******э нь тухайн гэрээний төлбөрийг бусад арилжааны банкны дансаар хүлээн авах боломжтой байсан, түүнчлэн өөрийнх нь *******ны дансанд мөнгө хөрөнгө орж ирсэн даруйд тухайн мөнгөн хөрөнгөнөөс түүний *******наас авсан зээлд үл маргах журмаар татагдах нөхцөлтэй байсныг мөн мэдэж байсан зэрэг үйл баримтууд нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжих хүсэл зоригтой байсныг хангалттай нотолно. Ийнхүү, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг зохих ёсоор зөв тайлбарлан хэрэглээгүй.
4.4. ...******* ХХК-аас *******эд олгосон итгэмжлэл нь Иргэний хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл бөгөөд хэргийн зохигч нар уг итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй. Уг итгэмжлэлээр *******эд “үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, арилжих, бэлэглэх, түрээслүүлэх, худалдсаны үнийг өөрийн дансаараа авах, төлбөр тооцоо хийх ...” гэх мэт бүрэн эрхийг олгосон. Нэхэмжлэгч нь *******эд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнийг өөрийн дансаар хүлээн авах, төлбөр тооцоо хийх бүрэн эрхийг олгосон, мөн түүнчлэн *******э нь бусдад өр төлбөртэй гэдгээ мэдсээр байж тухайн маргаан бүхий шилжүүлгийг хүлээн авсан эсвэл нэхэмжлэгч мэдсээр байж уг итгэмжлэлийг олгосон эсэх талаар анхан шатны шүүхээс зохих дүгнэлтийг хийгээгүй бөгөөд төлөөлөгч нь төлөөлүүлэгчийг хүчин төгөлдөр төлөөлж хэлцэл хийсэн тохиолдолд үр дагавар нь төлөөлүүлэгчид бий болох талаар хууль зүйн бодит үндэслэлийг авч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болж буй маргаан бүхий шилжүүлгийг хийх боломж олгосон нэхэмжлэгчийн хүсэл зориг, “*******” ХХК -аас *******эд олгосон 2023.08.14-ний өдөр 16 цаг ******* минутад бүртгэлийн 0568 дугаартай итгэмжлэлийн талаар зохих дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитоор авч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн.
4.5. “*******” ХК болон *******, *******э нар нь 2014.07.03-ны өдөр ******* тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд *******э болон ******* нар нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгэдэггүй бөгөөд “*******” ХК нь *******э болон ******* нарт холбогдуулан Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2021.08.12-ны өдрөөр “Зээлдэгч *******, ******* нар нь “*******” ХК-тай 2014.07.03-ны өдөр №******* тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 200,587,103.57 төгрөг гаргуулах” шаардлагатай нэхэмжлэл гаргадаг. Уг хэргийн шүүх хуралдааны явцад *******ийн зүгээс маргаан бүхий 146,100,000 төгрөгийг зээлд суутгасан, нэхэмжлэлийн хэмжээг багасгах талаар маргаж, үүний дагуу “*******” ХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан. Ийнхүү анхан шатны шүүхээс “*******” ХК уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах болсон үндэслэл, шалтгааныг тодруулалгүйгээр хэргийг цааш үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит болон ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн.
Дээрх нөхцөл байдал нь харин нэхэмжлэгч зээлд төлөгдсөн мөнгөө Банкнаас гаргуулж, нөгөө талдаа банканд тухайн мөнгийг төлөх үүргээсээ өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын явцад чөлөөлөгдөх байдлаар үүргээс чөлөөлөгдөж үндэслэлгүй хөрөнгөжиж байгааг шүүхээс анхаараагүй, учир шалтгааны хувьд илэрхий алдаатай шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Миний дансанд орсон мөнгийг хянаж, надад ямар нэгэн байдлаар хэлж анхааруулалгүйгээр шууд татан авсан. Мөн “*******” ХК нь миний хамтран хариуцагчаар оролцсон зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн шаардлагатай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн тооцооллын алдаатай. Өөрөөр хэлбэл, би зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүд хэдэн төгрөг төлөх ёстой нь тодорхойгүй байх тул үүнийг тодруулж өгнө үү гэх хүсэлт гаргадаг боловч энэ талаарх асуудлыг тодруулж өгдөггүй, эхлээд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх нэхэмжлэл гаргасан атлаа хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад миний данснаас компанийн мөнгийг татаж авсан. Тухайн мөнгө компанийнх болох нь гэрээ, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Банкны тайлбарлаж байгаа зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар барьцааны эд хөрөнгийг авна гэдэг нь зээлийн үйл явц үргэлжилж байгаа тохиолдолд хэрэгжих боломжтой. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн, төлөлт хийгдээгүй боловч банк гэрээг цуцлаагүй, шүүхэд маргаан үүсгээгүй тохиолдолд дээрх үйл баримтыг байж болно гэж үзэж байна... Ийнхүү бусдын мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй. Намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дурдсан. Би ямар ч мөнгө аваагүй бөгөөд гүйлгээ хийж тухайн мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй. Харин банк давуу талаа ашиглаж, бусдын мөнгийг татан авч ашигласныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
5.2. “*******” ХХК-ийн захирал н.Оюунбилэг гэрээ байгуулахаас өмнө зээлийг зөвхөн мөнгө хүлээн авагчийн “*******” ХК-ийн данс руу шилжүүлнэ, өөр бусад банкны данс руу шилжүүлэхгүй гэж “*******” ХК-аас ярилаа гэж хэлсэн. Би компаниас олгогдсон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулсан учир өөрийн “*******” ХК дахь дансаа өгсөн бөгөөд энэ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад миний данснаас мөнгө татаж авна гэж мэдээгүй. “*******” ХХК-ийн зүгээс мөнгөө авах байр сууриа илэрхийлж мэдэгдэл, албан тоотуудыг удаа дараа “*******” ХК-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй...Зээл авсан иргэд бүх хөрөнгө мөнгөө банканд завшуулж, ажил хийх эрхээ хүртэл зөрчүүлж байна. Миний дансанд орсон мөнгө миний хувийн мөнгө биш болох нь баримтаар нотлогддог. Бидний хооронд үүссэн асуудал тусдаа бөгөөд анхан шатны шүүх хэн, хэнд, хэдэн төгрөг төлөх ёстой талаарх асуудлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа.
5.3. Тухайн хэрэг маргаан шийдвэрлэгдсэн тохиолдолд энэ хэрэг маргаан шийдвэрлэгдэх боломжтой буюу барьцаа хөрөнгө банкны нэр дээр байгаа. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг харвал “*******” ХХК нь хэдийгээр тухайн хэлцлийг иргэн *******ээр төлөөлүүлж, төлбөрийг *******ийн дансаар дамжуулж авах бүрэн эрхийн итгэмжлэл олгосон байж болох боловч дээрх хуулийн зохицуулалтаар түүний дагуу үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгч буюу “*******” ХХК-д хамааралтай. Мөн Банкны тухай хууль тогтоомжид холбогдох тодорхойлолт буюу харилцах дансны тухай тодорхойлолтыг үндэслэж тухайн хөрөнгийг ******* миний хувийн өмч байсан гэж үзсэн нь учир дутагдалтай. Энэ нь эрх бүхий байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэгт халдсан агуулгатай. “*******” ХХК нь ******* болон ******* нарын авсан зээлийг эргэн төлөх баталгаа гаргаагүй бөгөөд батлан даагч биш, тухайн этгээд хоорондын маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн харилцааны оролцогч биш тул ******* болон ******* нарын авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг “*******” ХХК-аар дамжуулан төлүүлэх шаардах эрх “*******” ХК-д хуульд зааснаар үүсээгүй. Улмаар хуульд зааснаар төлбөр төлөх үүрэг үүсээгүй этгээдээс төлбөр төлүүлэх эрхгүй “*******” ХХК болон банкны хооронд үүрэг үүсээгүй байхад тухайн мөнгийг банк авсан нь баримтаар тогтоогдож байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Анхан шатны маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
2.1. “*******” ХХК-ийг төлөөлж *******э 2025.09.30-ны өдөр “*******” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 үл хөдлөх хөрөнгийг *******6,100,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа 66,100,000 төгрөгийг дансанд бэлэн байршуулж, үлдэх 130,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохирсон.
2.2. “*******” ХХК нь *******эд дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, үнийг өөрийн дансаар авах эрхийг 2023.08.14-ний өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон.
2.3. “*******” ХХК нь дээрх хөрөнгийг худалдан авахдаа *******наас 130,000,000 төгрөг зээлснийг, мөн төлбөрийн үлдэгдэл 16,100,000 төгрөг, нийт 146,100,000 төгрөгийг “*******” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан *******ийн дансанд шилжүүлж, улмаар тус банк *******ийн 2014 онд *******наас зээлсэн зээлийн үүрэгт суутган авчээ.
2.4. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжин ирсэн мөнгөн хөрөнгийг өөр бусад этгээдийн зээлийн гэрээний үүрэгт тооцон авсан нь үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
2.5. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байхад шүүх уг асуудлыг тодруулаагүй нь буруу.
2.6. Хариуцагч “*******” ХК нь *******ээс зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд хандсан бөгөөд *******ийн данснаас суутган авсан 146,100,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэж маргаж байх тул энэ талаар талуудыг мэтгэлцүүлснээр хэргийн нөхцөл байдал тодорхой болно.
3. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг хэргийн оролцогчоос тодруулах, чиглүүлэх, оролцуулах ажиллагаа хийгээгүйн улмаас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх, мөн эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/02851 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “*******” ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Г.НЯМСҮРЭН