Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

    2019          11           13                                      2019/ШЦТ/962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          хохирогч А.Дэлгэрэх,

          шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Г-ийн Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1909035881012 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хиймэл нуур” ХХК-нд нярав ажилтай, ам бүл-4 эхнэр, хоёр хүүхдийн хамт, тоотод оршин суудаг,

          2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Г-ийн Б /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Г.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн орчим иргэн А.Дэлгэрэхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байрны ах Сүхбатын Сүзүки машинтай явж 2 дугаар сургуулийн урд явж байх үед Сүхбатын хоёр хүүхдийг цэцэрлэгээс нь аваад явж байх үед зам дээр түгжирч зогсож байсан хар өнгийн приус машины жолоочийн хажууд сууж байсан залуу пизда минь яваач гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байгаад машинаасаа буухад тэр залуу ч гэсэн буугаад ирсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр хэсэгт гэмтэл учруулахгүйгээр мөргөсөн. Тэгсэн чинь тэр залуугийн хамраас нь цус гарсан. Тэр үед тэр залуу чи миний хугархай хамар руу мөргөчихлөө, тэгээд тэр залуу намайг зөрүүлээд миний хөмсөг, хамар хэсэг рүү гараараа цохиод намайг миний цамцны захаар боосон. Тэгээд л цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

Хохирогч А.Дэлгэрэх шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед ахтайгаа цуг хүүхдийг нь аваад явж байсан юм. 2 дугаар сургуулийн хажуу талын зам руу эргэх боломжтой харагдсан. Би Г.Быг “жаахан урагшилчих” гэж хэлтэл машин дотроо утсаа оролдоод байхаар нь 1-2 удаа дуут дохиог дуугаргасан юм. Тоохгүй байхаар “хөөе чи урагшаа яваач” гэж хэлсэн. Гэтэл Г.Б “чи юу гээд байгаан бэ” гээд машинаасаа гарч ирэхэд нь би бас машинаас гарсан. Тэгээд миний хамар руу толгойгоороо мөргөсөн. Зодооныг үргэлжлүүлэхгүйн тулд би цагдаа дуудсан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн "...манай ах урд талдаа явж байсан машиныг жаахан урагшилбал гээд сигналдсан. ...урд талын машины жолооч Б энд түгжрээд байгаа юм биш үү гээд машинаасаа буугаад ирсэн. Би өөдөөс нь буухад Б гэх залуу үг дуугүй миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. ...Б намайг хажуу талын улаан тоосгон скиладтай хэсэг рүү чирч аваачиж миний биеэр гарааш руу мөргүүлсэн. Миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж, хуруугаараа нясалсан... гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

 

Гэрч Э.Сүхбатын "...2 дугаар сургуулийн баруун талын уулзвар хэсэг дээр чигээрээ явах гээд түгжрээд зогсож байхад хажуу талаас хар өнгийн приус 20 машины жолоочийн эсрэг талд сууж байсан залуу манай машины жолооч Бт хандаж "хөөе пизда минь, зайлаач гэж хэлсэн. ...Б тэр залуу 2 машинаасаа бууцгаасан. Тэр хоёр манай машины зүүн талд муудалцаж байгаад Б тэр залуугийн нүүр хэсэгт хөнгөхөн мөргөсөн.Б тэр залуугийн хамрыг мөргөхөд тэр залуугийн хамраас нь цус гарч байсан...Цагдаа ирээд Б тэр залуу хоёрыг суулгаад аваад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11414 тоот актын “…А.Дэлгэрэхийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-7/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, хохирлын баримт /хх-56/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-26-28, 31-34, 37-39/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-57-58/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн орчим иргэн А.Дэлгэрэхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч А.Дэлгэрэх, гэрч Э.Сүхбат нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11414 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.   

Шүүгдэгч Г.Б нь хохирогч А.Дэлгэрэхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч А.Дэлгэрэх нь хавтаст хэрэгт өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 163.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг зардлыг шүүгдэгч Г.Б нь төлсөн байх тул түүнийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч А.Дэлгэрэх нь “хамрын таславч тэгшлэх болон гадна хамрын хэлбэр засах хагалгаа хийлгэх шаардлагатай” гэж байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Боржигон овогт Г-ийн Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч А.Дэлгэрэх нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР