Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01140

 

2026           05             18                                       210/МА2026/01140

 

                                                                             “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01074 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,582,798.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024.02.25-ны өдөр “*******” ХК-тай ******* дугаар бүхий дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулан ******* тоот зээлийн данс үүсгэн 19,450,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2025.03.18-ны өдөр 14,170,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмэлтээр авч зээлийн нийт хэмжээ 33,620,000 төгрөг болсон. Зээлийн гэрээний хугацаа 2027.09.10-ны өдөр дуусгавар болох бөгөөд зээлдэгч ******* зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин, зээлээ төлөхгүй 85 хоног хугацаа хэтрүүлсэн тул хариуцагчаас 24,582,798.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******наас зээл авсан. 24,582,798.85 төгрөг төлөх хугацаа шаардлагатай гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч *******ээс 24,582,798.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 280,864 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ...Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангахаас тагалзсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд зээлийг төлөх 1 жилийн хугацаа олгохыг хүсэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүйгээр 8 сарын хугацаа өгч чадна гэж хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэ тохиолдолд нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс банкны дүрэм журам юу байдаг вэ, хүсэлтийг шийдэх боломжтой албан тушаалтан байгаа юу гэх мэтээр талуудын эрх тэгш байдал, хоорондоо мэтгэлцэх зарчим зэргийг хангаж, шүүх хуралдааныг явуулах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудлыг зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлт болох зээлийг төлөх хугацаа дээд тал нь 8 сар гэх байдлаар буюу хэт нэг талыг барьж шийдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Ямар ч гэрээг байгуулахад харилцан тэгш эрхтэй, аль нэг тал нь давуу эрх эдэлдэггүй, мөн гэрээнд оролцогч талуудын эрх ашгийг бүрэн хангасан зэрэг нөхцөл байдлуудыг заавал тусгаж өгөх ёстой. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: “Миний бие 2025.10.03-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойш хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гомдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж дурдсан байдаг. Бидний хувьд эвлэрлийн хугацааны асуудал дээр тохиролцож чадаагүй бөгөөд шийдвэр хууль ёсны дагуу, үнэн зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдааны явцад бид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******той эвлэрэхийг оролдож, тэдэнд төлбөр төлөх хангалттай хугацаа санал болгосон. Тодруулбал, “02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 14,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах” саналыг удаа дараа тавьсан боловч хариуцагч уг хугацааг хүлээн зөвшөөрөөгүй тул эвлэрэх боломжгүй болсон гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,582,798.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “зээлийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулна” гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож,  нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлсэн байна.

3.1. “*******” ХК нь хариуцагч *******тэй 2024.02.25-ны өдөр ******* дугаартай дижитал зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр банк 19,450,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэхээр, 2025.03.18-ны өдөр ******* дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр банк өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 11,954,685.82 төгрөг дээр нэмж 14,170,000 төгрөг, нийт 26,124,685.82 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, ******* зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-9-14/

2025.03.18-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний хугацаа 2027.09.10-ны өдөр төлж дуусгахаар тогтоожээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ нь хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4.1. Зээлдүүлэгч 2024.02.25-ны өдөр 19,450,000 төгрөг, 2025.03.18-ны өдөр 14,170,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч 2024.03.05-ны өдрөөс 2025.07.10-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 10,039,692.79 төгрөг, хүүгийн төлбөрт 4,571,365.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 152.98 төгрөг нийт 14,611,211.69 төгрөг төлсөн, тус хугацаанаас хойш зээлийг төлөөгүй талаар талууд маргаангүй.

4.2. Зээлдэгч үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болсон бөгөөд ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээ цуцалж болно гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зохицуулсан.

Хариуцагч нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг зөрчсөн нь баримтаар тогтоогдож, талууд энэ үйл баримтад маргаагүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

4.3. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс зээлийн үндсэн төлбөрт 23,580,307.21 төгрөг, хүүгийн төлбөрт 993,435.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,055.77 төгрөг, нийт 24,582,798.85 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасантай нийцжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2026.01.19-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг гардан авснаас хойш 55 хоногийн хугацаанд уг хүсэлтийг гаргаж байгаагүй, тус өдрийн шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх агуулгаар хүсэлтийг нь хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

6.   Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ХУЛАН

               ШҮҮГЧИД                                           Ч.БАТЧИМЭГ

                                                                                       Г.НЯМСҮРЭН