| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1693 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 1693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.А т холбогдох эрүүгийн 1906 04499 1961 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дyгaap сарын 20-ны өдрийн 371 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 589 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүгчийн 09 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.А нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт В.Готовжалбыг ээж М.Баялагийг сураар ороолгож зодлоо гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал, зүүн намархай зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр, баруун тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч В.Готовжалбын өгсөн мэдүүлэг /хх-10-13/, гэрч М.Баялагийн өгсөн мэдүүлэг /хх-15/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 8954 дугаартай дүгнэлт /хх-14/, Г.А ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14/, шүүгдэгч Г.А ын ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-27/, шинээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүгчийн 09 дугаартай захирамж 3 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.А нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт В.Готовжалбыг ээж М.Баялагийг сураар ороолгож зодлоо гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал, зүүн намархай зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр, баруун тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Готовжалбын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би Гачууртад байдаг ээжийндээ байж байсан бөгөөд манай ээжийнх манай төрсөн дүү Ганжуурынхтай айл юм. Ганжуур өглөө 08 цагийн үед гаднаа тугал уячихаад 12 цаг болж байхад саахгүй байсан юм. Тэгсэн манай ээж “хэдэн гүүний дэлэн хагалах нээ” гэж яриад байж байтал Ганжуурын эхнэр Баялаг ээжийн гэрт ороод ирэхээр нь би Баялагт хандаж “гүүгээ саагаач” гэж хэлсэн. Тэгсэн Баялаг “саах гэж байна, Анхаа айл руу явчихсан” гэж хэлээд хувин аваад гарахад нь би цуг гэрээс гарахад Анхаа гэр рүүгээ ирж байсан. Баялаг гэрээс гарснаа ээжийг нь “энэ муу юутай байсан болоод үглээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би ээжийг нь өмөөрч “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд барьж явсан сураараа би Баялагийн бөгс рүү ороолгосон. Тэгсэн ухаан алдчихсан хэр удсаныг мэдэхгүй босоод ирэхэд Анхаа гартаа тоосго чулуу барьчихсан “та нарыг бүгдийг нь ална” гээд орилоод байж байсан. Намайг босоод ирэхэд миний зүүн шанаа хэсгээс цус гарчихсан байсан Анхаа намайг тоосгоор цохисон.” /хх-10-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Баялагийн өгсөн: “...Тэр өдөр манайх гүүгээ саах гээд унагаа бариад уячихсан байсан. Манай нөхөр Ганжуур хүү Анхбаяр нар ойролцоо байдаг айлд очиж морь үзэх гээд явчихсан байсан болохоор би гүүгээ саах гээд чадахгүй байсан. Тэгээд байж байхад манай хадам ах Готовжалба намайг “гүүгээ саасангүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Анхбаяр одоо айлаас ирж байгаа, тэгээд гүүгээ саана” гэж хэлсэн чинь намайг сураар ороолгоод гараараа толгой руу 2 удаа цохисон. Тэгээд байж байхад Анхбаяр хүрч ирээд “яахаараа манай ээжийг зоддог юм бэ” гээд Готовжалбын толгой руу тоосгоор нэг удаа цохисон. Тэгсэн Готовжалба газраас чулуу аваад “та нарыг ална” гээд дайраад Анхбаяр зугтаад байсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 8954 дугаартай дүгнэлтэд:
1. В.Готовжалбын биед зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал, зүүн чамархай, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-19/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 988 дугаартай дүгнэлтэд:
1. Г.А нь сэтгэцийн хувьд өөрийн сэтгэцийн түвшинд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Г.А нь хэрэг учрал болсон цаг хугацаанд оюуны хөнгөн хомсдол, цөөн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2. Г.А нь болсон хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Г.А нь оюуны хөнгөн хомсдол, цөөн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна.
4. Г.А нь одоо хэрэг хариуцах чадвартай байна.” /хх-23/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А ын яллагдагчаар өгсөн: “....Би хохирогч В.Готовжалбын биед учирсан хүндэвтэр гэмтлийг 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд Готовжалба ах манай ээж болох Баялагийг газар унагаасан сураар ороолгож байсан. Тэгээд би “та яагаад ээжийг зодоод байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ” гэхэд Готовжалба ах “ээжийгээ аваад зайлаарай, золбин шээс минь” гэж хэлсэн. Тэгэхэд миний уур хүрээд газар байсан тоосго аваад Готовжалба ахын зүүн хацарт нь нэг удаа цохиж гэмтээсэн.” /хх-48/ гэх мэдүүлэг,
Банкны гүйлгээ хийсэн /хохирол төлсөн/ баримт,
Шүүгдэгч Г.А ын ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-27/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.А ын 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт В.Готовжалбыг ээж М.Баялагийг сураар ороолгож зодлоо гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал, зүүн намархай зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр, баруун тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч В.Готовжалбаас 500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.А уг хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч В.Готовжалба нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Г.А ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулах зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-д “...Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэг оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 589 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэнээс эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож уг хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар тогтов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.А т оногдуулсан 1 жил 1 сар 5 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарыг хугацааг нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ял 1 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.А ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Г.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Г.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 589 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэнээс эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.А т оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 589 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэнээс эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцсон 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Г.А т оногдуулсан 1 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Хохирогч В.Готовжалба нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС