Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/01185

 

 

 

   2026            05             25                                        210/МА2026/011*******

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 59,708,613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахимаар/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Иргэн ******* нь иргэн *******ын “*******” ХХК-тай 2019.09.10-ны өдөр ******* дугаар “Орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй ******* айлын орон сууцны барилгын дулааны узелийг угсруулж, гүйцэтгүүлсэн. Дээрх гэрээний ажлын хөлсөнд уг орон сууцны Б блокийн ******* давхрын ******* тоот хаягт байрлах 140.92 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн бөгөөд талууд 2022.02.18-ны өдөр ******* дугаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж орон сууцны зөрүү төлбөр 80,708,613 төгрөгийг хариуцагч нь иргэн *******эд төлөхөөр харилцан тохиролцож баталгаажуулсан.

1.2. Дээрх цаг хугацаанаас хойш хариуцагч нь зөрүү төлбөрийг төлөлгүй нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд өр төлбөрийг хурдан хугацаанд төлөхийг удаа дараа шаардсаны үндсэн дээр хариуцагч нь 2023.09.22-ны өдөр хүсэлт гаргаж үлдэгдэл төлбөрийнхөө 21,000,000 төгрөгт тооцуулан Тоёота приус 30 маркийн суудлын автомашиныг шилжүүлж, үлдэгдэл 59,708,613 төгрөгийг 2023.11.01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар ******* дугаар “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл талуудын харилцан тохиролцсон “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан өр төлбөрийг төлж барагдуулах хугацаа өнгөрөөд 5 сар болсон байхад төлбөр төлөгч нь өр төлбөрөө төлөөгүй. Иймд *******аас 59,708,613 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ...*******тэй 2019.09.10-ны өдөр ******* дугаартай “Орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх” гэрээг байгуулсан. Тус гэрээгээр ******* дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны узелийг хийж гүйцэтгэсэн. Гэрээний төлбөртөө ******* дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгаас орон сууц авахаар 2019.11.20-ны өдөр ******* дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, харилцан тохиролцсон. Энэхүү гэрээгээр ******* дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокийн ******* давхрын 147,26 м.кв талбай бүхий 5 өрөө, ******* тоотыг 1 м.кв үнийг 2,400,000 төгрөгөөр тооцож нийт 353,424,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээний төлбөрөөс 245,682,887 төгрөгийг узель угсралтын ажлын хөлснөөс хасуулсан. ******* нь Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй, мөн тус гэрээний дагуу захиалсан орон сууцандаа орох гэхэд гэрээнд заасан ******* тоот нь ******* тоот болж өөрчлөгдөж, хэмжээ 147,26 м.кв талбай байтал 140,92 м.кв талбайтай болж тус тус өөрчлөгдсөн. Орон сууцны хэмжээ, тоот өөрчлөгдсөн тул орон сууцны төлбөр багасаж 338,208,000 төгрөг болсон.

2.2. Улмаар 2023.09.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг *******ын нэр дээр нэг иргэний өмчлөлд гэрчилгээ гарсан. *******тэй 2023.09.22-ны өдөр №******* дугаартай гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 59,708,613 төгрөгийг тухайн өдрөө *******эд бэлнээр өгсөн. ******* нь төлбөр тооцоог дууссан тул ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст “...Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр тооцоо дууссан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ******* нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлт өгсөн. ******* нь төлбөр тооцоо дуусаагүй байхад тус хүсэлтийг бичиж өгөхгүй бөгөөд үлдэгдэл 59,708,613 төгрөгийг бэлнээр авсан атлаа дахин энэхүү мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 59,708,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 6 төгрөгийг, хариуцагч *******аас 456,493.07 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ... 2023.09.22-ны өдрийн “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах” ******* дугаартай гэрээний 2.1-т Үндсэн гэрээний огноо, нэр “2023.09.06, Орон сууц, авто зогсоол худалдах худалдан авах гэрээ” гэж тусгасан. Мөн гэрээний 6.4-д “Энэхүү гэрээ нь 2023.09.06-ны өдрийн Орон сууц, авто зогсоол худалдах худалдан авах гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан. Гэтэл ******* нь нэхэмжлэгч *******тэй дээрх гэрээг байгуулаагүй. Анхан шатны шүүх энэ заалтыг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны, үндэслэл байх шаардлагыг хангаагүй.

Иргэн *******ийн “******* дүүргийн бүртгэлийн хэлтэст” гаргаж өгсөн хүсэлт нь 2019.11.20-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ” нь гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг гэрчилсэн баримт. ******* нь орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоо дууссан тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ******* нэр дээр гаргаж өгөхийг зөвшөөрч энэхүү бичгийг хийж өгсөн байхад шүүх анхаараагүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу өмчлөх эрх шилжсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. ...Хариуцагч давж заалдах гомдлоо орон сууцны төлбөрийг төлсөн гэж тайлбарлаад байдаг. Гэтэл  2023.09.22-ны өдрийн ******* гэрээний дугаартай тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас гадна хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******эд хандан тооцоо нийлж гарсан үлдэгдэл төлбөр болох 59,708,613 төгрөгийг байрны гэрчилгээ гарсны дараа төлж барагдуулах хүсэлтэй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгч гэрээг шинэчлэх агуулгатай хүсэлт өгсөн. 2023.09.22-ны өдөр тус өр төлбөрөөс 21,000,000 төгрөгт тооцуулан Тоёота приус 30 маркийн суудлын автомашин шилжүүлж 59,708,613 төгрөгийн өр төлбөртэй болохыг тодорхойлсон баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

       ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхин, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 59,708,613 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “гэрээний үлдэгдэл төлбөр 59,708,613 төгрөгийг 2023.09.22-ны өдөр бэлнээр өгсөн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******* болон “*******” ХХК-ийн хооронд 2019.09.10-ны өдөр ******* дугаартай ******* дүүргийн 3-р хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр “*******” ХХК үйлчилгээний орон сууцны барилгын ерөнхий узелийг зургийн дагуу халаалт, хэрэглээний халуун усны ялтсан бойлертойгоор угсрах ажлыг 2019.10.20-ны өдрөөс 2019.11.20-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, *******  345,682,887 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-13-18/

3.2. ******* болон ******* нарын хооронд 2019.11.20-ны өдрийн ******* дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр ******* ******* дүүрэг, 3-р хороо Оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокын ******* давхрын ******* тоот хаягт байрлах 140,92 м.кв 5 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,400,000 төгрөгөөр тооцон нийт 338,208,000 төгрөгөөр худалдаж авахаар, ******* нь гэрээний төлбөрөөс 257,499,387 төгрөгийг “*******” ХХК-ийн узель угсралтын ажлын төлбөрт тооцож,  үлдэгдэл 80,708,613 төгрөгийн төлбөрийг ******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэл хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-7-12/

3.3. ******* болон ******* нар 2023.09.22-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ гэх баримт үйлдэж, үүгээр ******* 59,708,613 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар 2023.11.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-5/

3.4. ******* нь 2023.09.22-ны өдөр *******эд бичгээр гаргасан хүсэлтэд “...80,708,613 төгрөгийн өглөгтэй гарсан. Миний бие уг төлбөр тооцоонд 21,000,000 төгрөгт нь Тоёота приус 30 маркийн автомашиныг шилжүүлж өгч үлдэгдэл 59,708,613 төгрөгийг байрны гэрчилгээ гарсны дараа яаралтай төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгч гэрээг шинэчилж өгнө үү. Учир нь өмнөх гэрээ дээр м.кв болон тоот хаяг зөрүүтэй бичигдсэн байгаа” гэжээ. /хх-6/

3.5. ******* нь ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст 2023.09.22-ны өдөр гаргасан хүсэлтэд “******* дүүргийн 3-р хороо, ******* хороолол /*******/, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай Б блокын ******* давхрын ******* тоот хаягт 140,92 м.кв талбай бүхий орон сууцыг ******* овогтой ******* нь иргэн *******тэй байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр тооцоо дууссан тул үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг гэрчилгээг ******* нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн албан бичиг хүргүүлсэн байна. /хх-83/

4. Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

5. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 59,708,613 төгрөгийг төлсөн эсэх нь маргааны зүйл болсон ба анхан шатны шүүх хариуцагч *******аас 59,708,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн.

5.1. Учир нь хариуцагч ******* 2023.09.22-ны өдөр үлдэгдэл 59,708,613 төгрөгийг бэлэн мөнгөөр нэхэмжлэгч *******эд өгсөн гэх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.  Өөрөөр хэлбэл хариуцагч ******* 59,708,613 төгрөгийг бэлнээр төлсөн гэх байдлаа эх үүсвэрийг зааж баримтаар нотлоогүй байна.

5.2. Хэргийн баримтаар 2023.09.22-ны өдөр үйлдсэн гурван баримт бичиг авагдсан ба эдгээрийн хоёр баримтад ******* үлдэгдэл 59,708,613 төгрөгийг хожим төлөх талаар тодорхойлсноос үзвэл тухайн өдөр ******* 59,708,613 төгрөгийг төлж барагдуулсан бол төлбөрийг хожим төлөх талаар баримт үйлдэх шаардлагагүй болно.

5.3. *******аас 2023.09.22-ны өдөр *******эд гаргасан хүсэлтэд “...үлдэгдэл 59,708,613 төгрөгийг байрны гэрчилгээ гарсны дараа яаралтай төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгч гэрээг шинэчилж өгнө үү...” гэснийг тус өдөр *******ээс ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтэд “...******* нь иргэн *******тэй байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр тооцоо дууссан тул үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ******* нэр дээр гаргаж өгнө үү” гэсэнтэй харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн “...орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад уг хүсэлтийг бичиж өгсөн гэх” тайлбар үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, *******ээс ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт нь *******аас *******эд гаргасан хүсэлтийг үгүйсгэх учир хариуцагчийн “гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг өөрөө (нэхэмжлэгч) гэрчилсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.   

6. Түүнчлэн, талуудын хоорондын 2023.09.22-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 2.1, 6.4-т “2023.09.06-ны өдрийн орон сууц, авто зогсоол худалдах худалдан авах гэрээ” гэж тусгасан нь талууд уул гэрээ байгуулаагүй болохыг анхан шатны шүүх үүнийг харгалзан үзээгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, зохигчид 2023.09.22-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг үйлдэхдээ аль гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар тохиролцсон үйл баримтад маргаагүй тул өөр гэрээг нэрлэн заасныг талууд хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн агуулга, шинж байдлын талаар төөрөлдсөн гэж үзэх боломжгүй.  

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                ШҮҮГЧИД                                           Д.ХУЛАН

                                                                                        Г.НЯМСҮРЭН