Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 974

 

 

 

 

 

 

 

    2019           11           20                                      2019/ШЦТ/974

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга П.Тулга,

          улсын яллагч Х.Еркебулан,

          шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жамц овогт Б-ийн Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909017841120 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Жамц овогт Б-ийн Г /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Микс" шөнийн цэнгээний газрын урд талын асфальтан замд хохирогч Х.Эрдэнэ-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "найз охин болох Л.Оюунцэцэгийг автомашиндаа суулгасан" хэмээн маргалдаж, улмаар түүний өмчлөлийн 22-54 ЗАН улсын дугаартай Тоёото Приус-10 загварын автомашины урд салхины шил, баруун урд хаалга, урд копут зэргийг гараараа цохиж, өшиглөн гэмтээсний улмаас 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Гийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

          Шүүх шүүгдэгч Б.Гэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Микс" шөнийн цэнгээний газрын урд талын замд хохирогч Х.Эрдэнэ-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "найз охин болох Л.Оюунцэцэгийг автомашиндаа суулгасан" хэмээн маргалдаж, улмаар түүний өмчлөлийн 22-54 ЗАН улсын дугаартай Тоёото Приус-10 загварын автомашины урд салхины шил, баруун урд хаалга, урд копут зэргийг гараараа цохиж, өшиглөн гэмтээсний улмаас 540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Х.Эрдэнэ-Очирын “...2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Микс" гэх нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа үүдэнд нэг эмэгтэй гараа өргөхөөр нь тэр эмэгтэйг машиндаа суулгасан. Гэтэл нэг үл таних эрэгтэй хүн цонхоор орж ирээд миний машины жолооны хүрдийг булаагаад тэгээд би тэр эрэгтэйтэй маргалдсан. Тэгээд би машинаас буугаад машинаа унтраагаад түлхүүрээ аваад зугтаасан. Тэгтэл тэр эрэгтэй машины хаалга руу өшиглөөд цонхыг нь хага цохиод урд копут өшиглөж хонхойлгоод зугтаагаад яваад өгсөн. ...Би Гтэй зодолдсон зүйл огт байхгүй бөгөөд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Б.Г нь миний хохирлыг 30 хоногийн дотор барагдуулна гэж хэлсэн. Бид хоёр эвлэрсэн тул одоо гомдол санал байхгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 43 дугаар хуудас/,

            "Дамно" ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32, 33 дугаар хуудас/,

   яллагдагч Б.Гийн"...Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Миний гэмтээсэн машины эд зүйл дээр хийсэн үнэлгээний “СБ1-19-389” дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би уг хохирлыг нөхөн төлнө..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Гэд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Гэд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Жамц овогт Б-ийн Гийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР