| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 191/2026/01077/и |
| Дугаар | 210/МА2026/01187 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01187
2026 05 25 210/МА2026/01187
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/04306 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******анд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 318,869,337 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Талууд хооронд 2019.08.05-ны өдөр ******* дугаартай “Сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ (Цэвэр, бохир ус болон дулаан, дулааны эх үүсвэр), (******* сум)-ний ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнийн дүнд 5,618,485,281 төгрөг, үүнээс 2019 онд 1,600,000,000 төгрөгийг санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын нэмэлт ажлын талаар захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөв зохиогчийн хамтарсан 2020.04.08-ны өдрийн 01 дугаартай хурлын шийдвэрийн дагуу нэмэлтээр хийгдсэн 325 метр дулааны шугам, 405 метр цэвэр усны шугам, цэвэр усны нөөц савыг нержин материалаар сэндвичэн барилгатай болгох, шинэчилсэн техникийн нөхцөлийн дагуу 10/04 кв цахилгаан шугамыг КТПН болгох ажлуудын магадлалаар баталгаажуулсан нэмэлт зардлыг “*******” ТӨААТҮГ-ын техникийн зөвлөлийн 2021.12.07-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж гэрээний үнийн дүнг 418,869,337 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг үндэслэн нийт үнийн дүнг 6,037,354,618 төгрөгт багтаан гүйцэтгэх, гэрээний нэмэгдсэн өртөг болох 418,869,337 төгрөгөөс 2022 онд барьцаа дансанд төвлөрүүлсэн 100,000,000 төгрөгийг гүйцэтгэлийн дагуу олгож үлдэх 318,869,337 төгрөгийг тухайн жилийн төсөвт батлагдсан үед гүйцэтгэлийн дагуу олгохоор захиалагч болон гүйцэтгэгч талууд харилцан тохиролцож, 2022.04.11-ний өдөр ******* дугаартай нэмэлт өөрчлөлтийг оруулсан.
1.2. Нэхэмжлэгч нь ******* дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох ажлыг гэрээний хугацаанд хийж дуусган 2022.11.21-ний өдрийн ******* дугаартай комиссын дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэн өгсөн. Гэрээний нийт үнийн дүн болох 6,366,354,618 төгрөгөөс талуудын хооронд байгуулсан 2022.04.11-ний өдрийн ******* дугаартай нэмэлт өөрчлөлтөөр баталсан 318,869,337 төгрөгийг захиалагч тал одоо хүртэл улсын төсөвт суулгах гэрээний үүргээ зөрчиж, гүйцэтгэгч талыг хохироосон. Нэхэмжлэгч нь *******анд гэрээний үүргээ гүйцэтгэх, үлдэгдэл санхүүжилтийг олгуулах талаар 2022-2025 онуудад удаа дараа албан бичгээр хүсэлт гаргаж байсан боловч тодорхой хариу өгөөгүй, үлдэгдэл санхүүжилтийг улсын төсөвт суулгаагүй. Иймд гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 318,869,337 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд талууд харилцан тохиролцож, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн хамтарсан 2020.04.08-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэл, “*******” ТӨААТҮГ-ын техникийн зөвлөлийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн 2022.04.11-ний өдөр *******, ******* дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт”-ийн гэрээг байгуулж өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2-т заасны дагуу улсын төсөвт тусгуулах саналыг *******анд “Төсвийн төсөл хүргүүлэх тухай” 2022 оны *******, 2023 оны *******, 2024 оны ******* дугаартай албан бичгээр тус тус хүргүүлсэн боловч санхүүжилт олгох боломжгүй, хасагдсан гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******наас 318,869,337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч *******наас 1,752,297 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,752,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “*******” ХХК ******* сумын төвийн инженерийн нэгдсэн шугам, сүлжээ (цэвэр, бохир ус болон дулаан, дулааны эх үүсвэр) төсөл арга хэмжээний хүрээнд 5,618,485.281 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр байгуулсан ажлын нэмэлт ажлын талаар захиалагч, гүйцэтгэгч зураг төсөв зохиогчийн хамтарсан 2020.04.08-ны өдрийн 01 тоот хурлын шийдвэрийн дагуу 325 метр дулааны шугам, 405 метр цэвэр усны шугам, цэвэр усны нөөц савыг нержин материалаар хийж сэндвичэн барилгатай болгох, шинэчилсэн техникийн нөхцөлийн дагуу цэвэрлэх байгууламжийн 10/04 кв цахилгаан шугамыг КТПН болгох ажлуудын зардлыг 418,869,337 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг үндэслэн нийт 6,037,354,618 төгрөгт багтаан гүйцэтгэхээр болсон нь 2022.04.11-ний өдрийн ******* дугаартай “Сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ. (Цэвэр, бохир ус болон дулаан, дулааны эх үүсвэр). (******* сум) төслийн ажлын ******* дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт”, 2020.04.08-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл /хх-ийн 11-12. 13 х/-ээр, мөн дээрх ажлыг гүйцэтгэж 2022.11.21-ний өдөр байнгын ашиглалтад оруулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь ******* дугаартай комиссын дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.” гэж зөв дүгнэсэн ч талуудын хооронд байгуулсан 2022.04.11-ний өдөр *******, ******* дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 2-т заасныг харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан талуудын гэрээний чөлөөлт байдлын зарчмыг алдагдуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэлийн агуулга:
5.1. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй, төсөвт суулгах саналаа хүргүүлээгүй, арга хэмжээ авч байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн хариуцагч тайлбараа Иргэний хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Тухайн төсөл хасагдсан нь гүйцэтгэгч талаас шалтгаалаагүй. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 318,869,337 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Барилга хот байгуулалтын яам болон “*******” ХХК-ийн хооронд 2019.08.05-ны өдрийн ******* дугаартай “Сумын төсвийн инженерийн нэгдмэл шугам сүлжээ /Цэвэр, бохир ус дулаан, дулааны эх үүсвэр/, /******* сум/”-ийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр “Сумын төсвийн инженерийн нэгдмэл шугам сүлжээний ажлыг нийт 5,618,485,281 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. /хх-10/
3.2. “Сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ /цэвэр бохир ус болон дулаан, дулааны эс үүсвэр /******* сум/” төслийн 2020.04.08-ны өдрийн 01 дугаартай ажлын хурлын тэмдэглэлээр дулааны шугамыг 325 м сунгаж хийх, цэвэр усны шугам 405 м сунгах, цэвэр усны нөөцийн савыг нержин материалаар хийж сендвичин барилгатай байх, шинэчилсэн техникийн нөхцөлийн дагуу цэвэрлэх байгууламжийн 10/04 кв цахилгааны шугамыг 1400 м сунгаж КТП угсрах, хөшөөтийн нүүрсний илчлэгийг лабораторид шинжлүүлж орон нутгийн нүүрсэнд тохирсон зуух сонгох, цэвэр байгууламжийг сайтар судалж шийдвэрлэх, сургуулиудын дотор шугам сүлжээг шинэчлэх ажлыг *******-д хандан шийдвэрлүүлэх, зураг төсвийг магадлалаар яаралтай оруулах, дээрх ажлуудыг төсөвт өртөгт багтаан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна. /хх-11-12/
3.3. Сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ /Цэвэр бохир ус болон дулаан, дулааны эх үүсвэр /******* сум/ төслийн ажлын ******* дугаартай гэрээний 2022.04.11-ний өдрийн ******* дугаар нэмэлт өөрчлөлтөөр ажлыг хийж гүйцэтгэх явцад захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөв зохиогчийн хамтарсан 2020.04.08-ны өдрийн 01 дугаар хурлын шийдвэрийн дагуу нэмэлтээр хийгдсэн 325 м дулааны шугам, 405 м цэвэр усны шугам, цэвэр усны нөөц савыг нержин материалаар сэндвичэн барилгатай болгох, шинэчилсэн техникийн нөхцөлийн дагуу 10/04 кв цахилгааны шугамыг КТПН болгох ажлуудыг магадлалаар баталгаажуулсан болохыг дурдаж, нэмэгдсэн өртөг 418,869,337 төгрөг, үүнээс 2022 онд барьцаа дансанд төвлөрүүлсэн 100,000,000 төгрөгийг гүйцэтгэлийн дагуу олгож үлдэх 318,869,337 төгрөгийг тухайн жилийн төсөвт батлагдсан үед гүйцэтгэлийн дагуу олгохоор тохиролцжээ. /хх-13/
3.4. Барилгын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022.11.21-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтээр инженерийн нэгдсэн шугам сүлжээ /цэвэр, бохир ус болон дулаан, дулааны эх үүсвэр/ *******/ төслийн 1 дүгээр ээлжийн барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. /хх-15-16/
4. Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Хариуцагч нь “...гэрээнд нэмэгдсэн өртгийг тухайн жилийн төсөвт батлагдсан үед гүйцэтгэлийн дагуу олгоно гэж тохирсон... зардлыг улсын төсөвт тусгуулах саналыг *******анд удаа дараа хүргүүлсэн боловч тусгагдаагүй тул олгохгүй” хэмээн нэхэмжлэлийн татгалзал болоод давж заалдах гомдлоо үндэслэжээ.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт өөрчлөлтийн гэрээний 2-т “...үлдэх 318,869,337 төгрөгийг тухайн жилийн төсөвт батлагдсан үед гүйцэтгэлийн дагуу олгоно” гэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар, агуулгыг бусад нөхцөл, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тайлбарлавал “улсын төсөвт батлагдсан нөхцөлд олгоно” гэх агуулгаар бус харин “улсын төсөвт батлуулан гүйцэтгэлээр олгоно” гэх агуулгаар харилцан тохиролцсон гэж ойлгохоор байна.
Учир нь, талууд ажил гүйцэтгэх гэрээгээр нэмэлт ажил гүйцэтгэх шаардлагатай болсон, ийнхүү зардал нэмэгдэх болсныг захиалагч, гүйцэтгэгч нар хэлэлцсэн, зардлын талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй, эдгээр нь баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд нэмэлт ажлын зардал төсөвт тусгагдаагүй үндэслэлээр хариуцагч гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах нь гэрээ заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй.
5.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба гүйцэтгэгч мэдээлэх үүргээ биелүүлсэн, захиалагч нэмэлт зардлыг зөвшөөрч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тул тус хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/04306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Г.НЯМСҮРЭН