| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0124/Э/ |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 124
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч Д.Ч
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох 1916002830148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ....регистрийн дугаартай, Ц овогт Д-гийн Г гэв.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цагийн орчим .... сумын ... тоот хашаанд байх гэрт төрсөн ах Д.Ч-тай “ээжийн виза картыг авлаа. Байшин барих ажилд тусалсангүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч Д.Ч-ын баруун шуу, баруун бугуйнд 3 удаа хутгаар хатгаж шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл ...цагийн орчим Говь-Алтай аймгийн ... тоот хашаанд байх гэрт төрсөн ах Д.Ч-тай “ээжийн виза картыг авлаа. Байшин барих ажилд тусалсангүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч Д.Ч-ын баруун шуу, баруун бугуйнд 3 удаа хутгаар хатгаж шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Г гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би 2 найзтайгаа мал ачилцаад өг гэхээр нь Дэлгэр сумын дээд талаас мал ачилцаж өгсөн. Тэд нар ачиж байхдаа нэг шил архи задлаад уусан. Олуулаа байсан. Орой гэртээ ирэхдээ жаахан халсан байсан. Чука ахтай амьдралынхаа тухай, байшин барьж байгаа талаар хэлэхэд намайг загнаад маргалдсан. Өөрийг нь ээждээ туслаад архи битгий уугаасай гэсэн үүднээс хэлсэн. Тэгтэл би ахыгаа хутгаар 2, 3 удаа хатгасан байсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна… Ахыгаа ойлгох болов уу гэж 2, 3 үг хэлсэн. Ээжийгээ өмөөрч маргаан үүссэн. 2015 оноос хойш манай ээж 78 настай хэвтэрт байдаг. Хараа муутай, 2 хөл муу хүн байдаг. Ахыгаа хотоос ирэхдээ архи уугаад байна гэж эхнэр нь ярихаар нь ахыгаа тэр үйлдлээ зогсоо гэж хэлээд маргаан үүссэн... Өөрийнхөө хийсэн хэргийг хүлээж байна. Миний буруу гэдгийг хүлээж байна. Надад хөнгөн шийтгэл оноож өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Чын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Д овогтой Ч би ээжийндээ очоод 14 хонож байсан. Нэг орой ээжийн хажуугаар унтаж байхад өдөр нь Гыг мал ачиж байгаа гэж сонсож байсан. Орой манай дүү халамцуу орж ирсэн. Ээжийгээ бодоод миний сэтгэл санааг тайван байлгаад надад тус болооч гэсэн. Картыг нь аваад байдаг нь ямар учиртай юм гэж хэлсэн. Буруу ойлголцож хэрүүл болсны улмаас асуудал эвгүй болж хувирсан. Дүүгээ ойлгох болов уу гээд 2, 3 үг хэлсэн. Жаахан халамцуу байсан учраас миний үгийг тоомжиргүй байдлаар хүлээж авч барьцалдаж авсан. Тэгээд би мөргөсөн чинь намайг түлхэж унагаагаад хутга аваад гарын шууны хэсэгт хутгалсан. Би дүүгээ гэм буруугаа ойлгох байх гэж бодож байна. Манай дүүг хамгийн бага торгуулиар торгож өгнө үү? гэсэн хүсэлт гаргаж байна. Гомдол, санал байхгүй. Тодорхой хэмжээний эмчилгээний зардал буюу 1.170.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө 23 цаг 30 минутын үед Д.Ч гэдэг залуу их хэмжээний цус алдаж, царай нь цонхийсон, бөөлжиж ухаан алдсан байдалтай байсан. Ингээд би сувилагчийн хамт өвчтөний биеийн байдлыг үнэлэхэд хүчилтөрөгчийн ханамж 90%, зүрхний цохилт 95, артерийн даралт 90/60-тай байсан. Ингээд Чад 1 литр хүртэл шингэн сэлбэж өвдөлт намдаагч шулуун гэдсээр хийж, баруун гарын 3 тооны шархыг цэвэрлэж, хэсгийн мэдээ алдуулж анхны цэгцлэлт хийж оёдол тавьж, ариун боолт хийсэн. Баруун гарын шууны дээд 3/1-т зүсэгдсэн 1.5 см орчим шарханд 3 оёдол тавьсан. Дараагийн баруун гарын бугуй орчимд 2 см шархыг 5 оёдол тавьсан. Мөн баруун гарны бугуйн дотор талд 1.5 см орчим гүн шарханд 4 оёдол тавьсан. Тэгээд Чыг аймгийн төвийн эмнэлэг рүү авч явахаар болоод шөнийн 1 цаг өнгөрч байхад сумын хэсгийн төлөөлөгчид зүсэгдсэн шархтай хүн ирсэн талаар мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх14-рт/,
Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь Гын хүү Бгэрт орж ирээд Ч ахын бие нь муудаад байна. Хамт сумын эмнэлэг оръё гээд бид нар эмнэлэг дээр ирсэн чинь эмч нар Чын баруун гаранд оёдол тавих гээд байж байхаар нь юу болсон талаар нь эмч Б-с асуухад Монхдоо буюу Г-од хутгалуулсан байна гэж хэлсэн. Тэгээд Ч-аас юу болсон юм бэ гэж асуухад намайг ээжийн гэрт унтах гэж байхад гаднаас Г согтуу орж ирээд надруу дайраад байхаар нь би Гыг дуугай унт гэсэн чинь хутга барьж над руу дайраад хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх19-рт/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад хөдөө явж ирчихээд шууд эмээгийндээ очсон чинь аав гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Харин Ч ах зуухны урд талд нэг гараараа нөгөө гараа дарсан сууж байхаар нь юу болсон талаар асуухад Чука ах гараа хөрөөнд авсан гэж хэлсэн. Тэгсэн эмээ худлаа ярьж байгаа юм танай аав наад хоёр чинь хоорондоо зодоон хийсэн гэхээр нь би Чука ахыг шууд сумын эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх22-рт/,
Хохирогч Д.Чын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 276 дугаартай акт /хх36-37рт/, Д.Чад яаралтай туслаж үзүүлсэн хуудас /хх48-50рт/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иржгэр иштэй шар өнгийн хутга зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Год холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн
судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардалд 1.170.000 төгрөг авсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Гыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Гыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Ч-д 1.170.000 төгрөгийг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогтой Д-н Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г-д танилцуулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иржгэр бариултай хутгыг утсгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Ч-д 1.170.000 төгрөгийг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА